Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0630/З |
Дугаар | 221/МА2018/0088 |
Огноо | 2018-01-31 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2018/0088
Б.П-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0908 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.П-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0908 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.П Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 5996420 төгрөгийг Монгол Улсын Үндэсний Аудитын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Ерөнхий Аудиторт даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.П Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан журмын дагуу аудиторын албан тушаалд томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “...Тус шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий аудиторын Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 71 дүгээр зүйлийн 71.3, 13 дугаар зүйлийн 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасан бүрэн эрхэд халдсан шийдвэр болсон гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “…Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д ...заасныг баримтлан маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцээгүй бөгөөд бодит нөхцөл байдалд тохироогүй байна” гэжээ.
Хариуцагчийн гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт орон тоо хэтрэлтэй байгаа асуудлаар аудитор Б.П, шинжээч Г.Б нарыг хэлэлцсэн бөгөөд аудитор Б.П-тэй холбоотой зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хэлэлцээд хамт олны гаргасан 100 хувийн санал, өөрийн хүсэлтийг харгалзан Б.П ажлаас чөлөөлж, шинжээч Г.Б-ыг ажилд нь хэвээр үлдээх саналыг Монгол Улсын Ерөнхий аудиторт ирүүлж шийдвэрлүүлсэн байдаг.
Ийнхүү хамт олны хурлын шийдвэр, нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тайлбар, хүсэлт болон шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагыг хангахгүй нь тогтоогдсон тул Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комисс дүнгээ танилцуулж, Б.П-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухайгаа шүүх хуралд хариу тайлбар болон нэмэлт тайлбараар хүргүүлсэн.
Гэтэл шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “…ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн учир хариуцагчаас нэхэмжлэгчийг аудиторын албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллах үүрэгтэй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна.
Мөн “…Б.П-ийн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл өмнө гаргаж байснаар нь ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байгаа гэсэн хариуцагчийн маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй” гэжээ.
Төрийн аудитын тухай хуулиар Төрийн аудитын байгууллагад Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаас бусад байгууллага, албан тушаалтан үүрэг даалгавар өгөх, хянахыг хориглосон зохицуулалттай бөгөөд энэ нь биднээс өндөр ёс зүй, хууль дээдлэх, ил тод байх зарчмыг шаарддаг. Гэтэл шүүх байгууллага ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээр Төрийн хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллагад томилох шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.
Мөн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-ийн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг гэрчлэх нотлох баримтыг гаргаж өгөх саналтай байсан ч шүүх тус хуралдаанд ач холбогдолгүй мэтээр тайлбарлан хуралдааныг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж, мөн нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, шүүхээс гаргасан дүгнэлт нь маргаан бүхий актыг үндэслэлгүй, хууль зөрчсөн байдлыг тогтоогоогүй байхад нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар “Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.П-г Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын мэдлээс чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож шийдвэрлэжээ.
Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.П-г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нар “...Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт огт болоогүй, орон тоо хасагдаагүй, сул орон тоо байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, ажилд эгүүлэн томилохгүй байгаа” гэж, хариуцагчаас “Монгол Улсын Ерөнхий аудитор нь батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц орон тоог баталж, уг газрын хамт олны хурлын тэмдэглэлийг үндэслэн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн тусгай шаардлагыг хангаагүй тул Б.П-г ажлаас чөлөөлсөн” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.П-ийн урьд эрхэлж байсан, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын орон тоо хасагдаагүй, түүний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасантай нийцээгүй байна.
Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.
Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж тодорхойлсон нь урьд эрхэлж байсан албан тушаал гэж аль албаны, аль албан тушаалыг хэлж байгаа болох, чиг үүрэг нь харилцан адилгүй албадын яг алинд нь, ямар албан тушаалд тогтоолгохоор шаардсан нь тодорхойгүй, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч байгууллагынхаа ямар нэгжийн, ямар албан тушаалд томилох нь тодорхойгүй нөхцөл үүссэн байхад шүүх үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/162, Б/203 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газарт ажиллаж байсан 12 албан хаагчийг ажлаас чөлөөлж, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын мэдэлд шилжүүлж, албан тушаалд нь буцаан томилохдоо нийт 10 албан хаагчийг томилсон байх ба үлдсэн 2 орон тоонд аудитор, эсхүл бусад ажилтан томилсон эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Гэтэл хариуцагч бүрэн орон тоогоор ажиллаж байгаа гэж маргасан.
Тодруулбал, тухайн байгууллагад одоо хэдэн аудитор ажиллаж байгааг нэг мөр тогтоохгүйгээр анхан шатны шүүхээс “Дархан-Уул аймаг дахь Төрийн аудиторын газрын орон тоо бодит байдалд 5-6 байсан бөгөөд шинэ бүтцээр аудиторын орон тоо цөөрөөгүй 7 орон тоотой болсон, бодит байдал дээр өмнө нь 4 аудитор ажиллаж байгаад шинэ бүтцийн дагуу 5 аудитор болж нэмэгдсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын шинэ бүтэц, орон тоо батлагдсанаас хойш тус байгууллагад шинээр ямар албан тушаалд хэдэн хүн томилогдсон талаарх нотлох баримтуудыг бүрэн цуглуулах шаардлагатай байна.
Хэдийгээр анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахаар албан бичиг явуулсан байх боловч үүнийхээ дагуу холбогдох нотлох баримтуудыг шаардан гаргуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь “...тус газар бүрэн орон тоогоор ажиллаж байхад гаднаас шинээр дарга томилж, орон тоо илүүдүүлснээр хэн нэгнийг нь чөлөөлөх шаардлага бий болсон” гэж маргасан, мөн Ерөнхий аудиторын Б/162 дугаар тушаалд Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газарт 12 албан хаагч ажиллаж байсан гэж харагдаж байх хэдий ч хэрэгт авагдсан хамт олны хурлын тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газарт нийт 13 хүн ажиллаж байсан гэж үзэж болохоор эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон байх тул Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газарт өмнө нь нийт хэдэн албан хаагч, ямар, ямар албан тушаалд ажиллаж байсныг нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх боломж бүрдэхээр байна.
Тэрчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шинжээчээр ажиллаж байсан албан хаагч аудитороор ажиллах боломжгүй” гэх тайлбараас дүгнэвэл шинжээчийн ажлын байрны тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/87 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан аудиторын ажлын байрны тодорхойлолттой харьцуулан дүгнэж, шинжээчээр ажиллаж байсан албан хаагч, аудитороор ажиллах боломжтой эсэх, албан тушаалын ангилал, зэрэглэл, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хувьд аудитор, шинжээч хоёр нь адил байсан эсэх, ямар учраас шинжээчээр ажиллаж байсан хүмүүсийг шууд аудитороор томилсон болохыг тогтоосны эцэст нэхэмжлэгч Б.П-г ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн маргаан бүхий тушаалын үндэслэлийг хянах боломж бүрдэхээр байна. Гэтэл хэрэгт Төрийн аудитын газрын шинжээчийн ажлын байрны тодорхойлолт авагдаагүйгээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комиссоос 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын албан хаагчдыг шинээр болон шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулалтад оруулж, нэхэмжлэгч Б.П-г ажлын байрны тодорхойлолтод заасан “ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх” гэсэн тусгай шаардлагыг хангаагүй гэж үзсэн, өөрөөр хэлбэл маргаан бүхий актын үндэслэл болсон үйл баримт нь нэхэмжлэгч Б.П-ийн ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчил гаргаж байсан гэх асуудал байхад анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй, энэ талаарх баримтыг цуглуулаагүй байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй зэргээс давж заалдах шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН