Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 226/МА2021/00009

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хын

 нэхэмжлэлтэй,С-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/0009

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болортуяа,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н- нарыг оролцуулан,

 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 156/ШШ2021/00129 дугаар шийдвэртэй Хын нэхэмжлэлтэй, С-д холбогдох “зээлийн төлбөр 13140240.06 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барьцааны хөрөнгөөр хангуулах, 2018 оны 11 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Н-гийн давж заалдах гомдлоор 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х-  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Ц-, Ч.С- нар нь Х-ын тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  14500000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн  18 хувийн хүүтэйгээр  зээлийн барьцаанд  зурагт, хөргөгч болон ирээдүйд орж ирэх  цалингийн орлогыг  барьцаалан хэрэглээний зээлийг авсан юм.  2020 оны  09 дүгээр сарын 01-ний  өдрийн  байдлаар  үндсэн зээлд 2345765.91 төгрөг, зээлийн хүүд 2780631.06 төгрөг төлжээ. Үндсэн  зээлдэгч Ж.Ц-  нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр  нас барсан тул С-гаас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12154234.09 төгрөг, зээлийн хүүд 986005.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0.00 төгрөг  нийт 13140240.06 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн  төлбөрийг  мөнгөн төлбөрөөр  барагдуулахгүй тохиолдолд   барьцааны  гэрээгээр барьцаалуулсан  үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, зээлдэгчийн  банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 2021 оны 02 сарын 23 ны өдрийн  ЗГ201844070132 дугаартай хэрэглээний зээлийг хугацаанаас өмнө цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна  гэжээ.

Хариуцагч С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААН банкны нэхэмжлэлийн шаардлага  болон нэмэгдүүлсэн шаардлагыг ч хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед би жирэмсэн  байсан,  аавыгаа  хамтран зээлдэгчээр  гарын үсэг  зураад өг  гэж хэлэхээр нь  гарын  үсэг зурсан. Одоо би хүүхэд хараад гэртээ байдаг тул энэ зээлийн төлөх ямар ч боломжгүй гэжээ.             

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-д зааснаар  Х-ын  нэхэмжлэлтэй  хариуцагч С-д  холбогдох “13140240.06 төгрөгийг гаргуулах”  зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр  барагдуулаагүй  тохиолдолд зээлийн барьцааны  хөрөнгөөр гаргуулж, зээлийн гэрээг хугацаанаас  нь өмнө  цуцлуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр   шийдвэрлэжээ. 

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн   төлөөлөгч Н-  давж заалдах гомдолдоо:  1. Ж.Ц- нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14500000 төгрөгийг  Хэнтий салбарын тооцооны  төвөөс  60 сарын  хугацаатайгаар, жилийн 18 хувийн  хүүтэй,   зээлийг авахад С- нь хамтран  үүрэг гүйцэтгэгчээр  орохыг хүлээн  зөвшөөрч цаашид уг зээлийг  төлөгдөж  дуусах хүртэл хугацаанд  гарсан  аливаа  эрсдлийг бүрэн  хариуцаж  дуусгах  үүрэг хүлээсэн бөгөөд  зээлийн гэрээнд гарын үсэг  зурснаар  зээлийн гэрээний хамтран  үүрэг гүйцэтгэгч болсон тул зээлийн гэрээний  үүргийг  зөрчсөнөөс  үүсэх  хариуцлагаас  чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хамтран үүрэг  гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн  адил  эрхийг  эдэлж, үүрэг хүлээнэ”  гэж  заасан  байдаг бөгөөд С-гийн хувьд  хамтран үүрэг  гүйцэтгэгчээр  оролцохгүй, гарын үсэг зурахгүй эрх нь  байсан тэгэхээр  өөрөө үр  дагаврыг нь  ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний  үндсэн дээр  гэрээ байгуулсан. Иймд  С- нь  зээлийн гэрээний  үүргийг  хамтран хариуцах хууль  зүйн  үндэслэл байна. Мөн уг зээлийг банк Ж.Ц-, С-  нарт  олгосон бөгөөд  хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, зээл  буцаан  төлөх  хуваарь, барьцааны гэрээ, зээлдэгч нарын  банкнаас  зээл авах тухай  хүсэлт, зээл  хусэгчийн анкет, дансны хуулга, банкинд  гаргасан  С-гийн  хүсэлт, зээлдэг нарын иргэний  үнэмлэхийн хуулга, хаягын тодорхойлолт, С-гийн  цалингийн  тооцоолол, “В” ББСБ-тай 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ, Зээлийн  барьцааны гэрээг үндсэн  эх хувиар нь гаргаж  өгсөн баримт, талуудын тайлбар зэргээр хангалттай нотлогддог. Түүнчлэн  зээлдэгч Ж.Ц-  нас барснаар  зээлийн  гэрээний  үүрэг  зөрчигдөж эхэлсэн тул гэрээний  үүрэг зөрчсөнөөс  хамтран  үүрэг гүйцэтгэгчээс  үүргийн гүйцэтгэлийг ХААН банк нь Иргэний хуулийн 242 дугаар  зүйлийн  242.1-д “Үүрэг гүйцэтгэгчийн хэн хэн нь  үүргийн гүйцэтгэлийг  үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу  хэсэгчлэн хүлээлгэн  өгөх, үүрэг  гүйцэтгүүлэгч  нь  үүргийн  гүйцэтгэлийг   бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг  гүйцэтгэгч тус  бүрээс шаардах эрх бүхий  байвал  хамтран үүрэг  гүйцэтгэгч гэнэ” гэж  заасны дагуу  хамтран зээлдэгч  С-гаас  шаардах эрхтэй юм. Зээлдэгч  нас барснаар  зээлийн гэрээний үүрэг  дуусгавар  болох тухай  тохиролцоо  зээлийн гэрээнд байхгүй.

Зээлдэгч Ж.Ц- нь Хэнтий салбарын Төв тооцооны  төвөөс  зээлийг  авахад нь  хариуцагч С- нь өөрийн хүсэл зоригийн дагуу  гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр  оролцож, гэрээнд заасан  нөхцөлийг зөвшөөрч  гарын үсэг зурсан, цалингийн зээлийн гэрээний  4 дүгээр зүйлд зээлдэгч, хамтран  үүрэг гүйцэтгэгчийн эрх  үүргийг  зааж  өгсөн, мөн  С-  нь хавтаст хэрэгт  авагдсан баримтаас  харахад зээл авах  тухай хүсэлтийг зээлдэгчийн нэгэн  адил  бөглөж гарын үсгээ  зурж  өөрийн  хүсэл зоригийг илэрхийлснээс  гадна С- нь Хэнтий аймаг дахь Юнител ХХК-ийн салбарт ажиллаж байсан бөгөөд тухайн  үеийн  цалингийн тооцоолол, зээлийг  судлуулах үед “В” ББСБ-тай  2018 оны 05 дугаар сарын 24-ний  өдөр  байгуулсан Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээг үндсэн  эх хувиар нь банкинд гаргаж  өгсөн зэрэг  баримтуудыг үндсэн зээлдэгчийн  нэгэн адил  бүрдүүлж өгч, уг зээлд хамтран  үүрэг  гүйцэтгэгчээр зээлийг  судлуулан,  түүний орлогыг  зээлд хамруулан судалж, зээлийг авсан байсан зэрэг нь тэрээр  цалингийн зээлийн нөхцөлийг  ойлгон  ухамсарлаж байсан бөгөөд ажил  төрөл  эрхэлдэг өөрийн гэсэн  орлоготойг нотолж  уг зээлд идэвхтэй  оролцсон болох нь  хэрэгт авагдсан  нотлох  баримтуудаар нотлогддог. Мөн С- нь банкинд гаргасан  хүсэлтдээ “ Би аавынхаа авсан  зээлийн гэрээнд  хамтран зээлдэгчээр  гарын үсэг зурсан. Миний  бие уг  зээлийг сардаа 100000 төгрөгөөр төлөх  хүсэлтэй байна. Иймд  хүсэлтийг маань хүлээн авна уу” гэснээс үзэхэд хамтран үүрэг  гүйцэтгэгч  гэдгээ  тэрээр өөрөө хүлээн зөвшөөрсөн, мөн тэрээр  зээлийг авсан, хамтран зээлдэгчээр  оролцсон талаараа огт маргаагүй болохыг  баталж байна. Хэрэв Ц.Санирмаа нь энэ зээлд хамтран  үүрэг гүйцэтгэгчээр  оролцоогүй, түүний орлогыг  нь зээлд давхар судлаагүй  тохиолдолд банкнаас  Ж.Ц-т дангаар,  ганцхан түүний орлогоор  14500000 төгрөгийн зээл банкаар судлагдаж, зээлдэгч  нарт энэхүү  зээл эхнээсээ олгогдохгүй байсан болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Иргэний хуулийн 240 дүгээр  зүйлд заасан харилцаа нь хамтран зээлдэгчгүй  харилцаанд  зохицуулагдах хуулийн  зохицуулалттай  бөгөөд  харин Иргэний  хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа нь хамтран  үүрэг гүйцэтгэгчтэй хамтран үүрэг  гүйцэтгэгчээс  үүрэг  гүйцэтгүүлэгч шаардах эрхийг  зохицуулсан зээлийн  гэрээний  харилцааг  зохицуулах хуулийн  зохицуулалтай  болохыг давж заалдах шатны  шүүхээс  мөн анхаарч  үзэхийг хүсэж байна.

2. Шүүхийн  шийдвэрийн үндэслэх хэсэгт “...үүргийн гүйцэтгэлийг  хангах  аргаар  зээлдэгчийн цалинг барьцаалсан  атлаа зээлийн гэрээнд зээлдэгчийн  амралт, чөлөө авах, өөр  албан тушаалд шилжих, хөдөлмөрийн  гэрээ  дуусгавар  болох, ажлаас  халагдах  нөхцөлд  зээлдүүлэгчид хэрхэн  мэдэгдэх, зээлийн үлдэгдлийг  хэрхэн  төлөх талаар  заагаагүй байна.Мөн  хамтран үүрэг гүйцэтгэгч  С-гийн хаана ямар  ажил эрхэлдэг, хэдий хэмжээний  цалин хөлс авдаг  болох нь Зээлийн гэрээ  болон хавсралтад дурьдагдаагүй байна...өөрийн  цалинг  барьцаалаагүй, хөдөлмөрлөх  эрхийн  талаар ямар нэгэн  үүрэг хүлээгээгүй С-д  хамааруулж болохгүй” гэж дурьджээ.

Гэтэл Монголын бүх арилжааны  банкуудын  стандарт зээлийн  гэрээнд тухайн зээлийн  бүтээгдэхүүний  нөхцөл, шаардлага, талуудын  эдлэх эрх, хүлээх үүрэг, гэрээг цуцлах, дуусгавар  болгох гэх мэт банкнаас  олгох, хүлээн авах зээлийн  харилцаатай холбоотой заалтыг нарийвчлан тусгагдагаас бус  тухайн зээлдэгчийн  хөдөлмөрийн  харилцаа, хөдөлмөрлөх эрх, үүрэг, түүнтэй  холбоотой  бусад хувийн  эрх, харилцааг нь  банкны  гэрээгээр  зохицуулдаггүй болохыг  шүүхээс анхаарч  үзэхийг хүсье. Мөн анхан шатны  шүүх Иргэний  хуулийн 240 дүгээр  зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг  гүйцэтгэгчийн хувийн байдалтай  салшгүй холбоотой  тохиолдолд үүрэг  гүйцэтгэгч  нас барсан бол түүний үүрэг  дуусгавар  болох тухай  хуулийн  заалтыг тухайн маргаантай  харилцаанд буруу  тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд  шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х нь хариуцагч С-д холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүүд нийт 13140240.06 төгрөгийг гаргуулах,зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг битүүмжлүүлэх арга хэмжээ авахуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг битүүмжлүүлэх арга хэмжээ авахуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Х- нь 2018 оны 11 сарын 15 ны өдөр зээлдэгч Ж.Ц-т 14500000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэйгээр, зээлийн барьцаанд зурагт, хөргөгч, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр С- гарын үсэг зурж хэрэглээний зээлийн гэрээг байгуулсан  болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ. /хх-8х-16х/

Зээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.2-д “..зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглана.Энэ нь банкны цалингийн зээл MNT төрлийн бүтээгдэхүүн болно. Цалингийн зээлийн хувьд банк гэрээний 2.4.1-т заасан хуваарыг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгана. Мөн “зээл эргэн төлөлтийн хуваар”-т заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр төлбөрийг суутган авах”-аар тус тус зааж тохиролцжээ.

Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаараа барьцаалж зээл авсан Ж.Ц-т хамааралтай болохоос бус хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээнд зааагдсан боловч өөрийн цалин орлогыг барьцаалаагүй С-д хамаарах боломжгүй байна.

Зээлдэгч Ж.Ц- нь 2019 оны 5 сарын 29 ны өдөр өдөр нас баржээ. Иргэний хуулийн 240 дүгээр зүйийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой  цалингийн зээлийн үүрэг зээлдэгчийг нас барснаар дуусгавар болно гэж дүгнэж  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 Зээлдэгч Ж.Ц-ын цалинг барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой тул цалингийн зээл авах хүсэлгүй С-г зээлийн гэрээ болон зээл хүсэгчийн анкет, эргэн төлөлтийн хуваарь зэрэгт хамтран үүрэг гүйцэтгэгчээр   гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсгэх үндэслэлгүй байна.

Иймд  “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэсний дагуу хариуцагч С-гаар зээлийн төлбөрийг төлүүлэхээр гаргасан” нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Х-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 223651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 сарын 10 ны өдрийн 156/ШШ2021/00129 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.БОЛОРМАА

 

                          ШҮҮГЧИД                                          Б.ДЭНСМАА

                           

                                                                                          Я.АЛТАННАВЧ