Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/01448

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00907 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1013 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Т” ХХК-д холбогдох

Гэрээний улмаас учирсан хохирол болон өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд нийт 246,833,588 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, тээврийн хөлс болон сул зогсолтын төлбөрт нийт 32,170,693 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, П.А нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, П.А, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

1. “М” ХХК нь “Т” ХХК-д холбогдуулан 246,833,588 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч 32,170,693 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч, нэхэмжлэгч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00907 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-иас 246,833,588 төгрөг гаргуулахыг хүссэн “М” ХХК-ний үндсэн нэхэмжлэл, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-иас 32,170,693 төгрөг гаргуулахыг хүссэн “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1013 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 117,671,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож нэхэмжлэлээс 129,162,188 төгрөгт холбогдох хэсэг болон тээврийн хөлс, сул зогсолтын төлбөрт нийт 32,170,693 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтын ... 56.1, ... гэсний дараа 56.2, гэж нэмж, ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 746 307 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, П.А нар хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тухайн маргааныг хянан хэлэлцээд “Анхан шатны шүүх ИХШХШТухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон” гэж дүгнээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шаты шүүхийн 2021.03.31-ний өдрийн №102/ШШ2021/00907 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх өөрөө ИХШХШТухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад заасан зарчмыг баримтлаагүй бөгөөд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу зүйлчилж, Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан Илгээмжийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж тодорхойлоод, илгээгч болох “Т” ХХК нь мөн хуулийн 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт заасны дагуу ачааг тээвэрлэж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй буруутай тул мөн зүйлийн 408.9 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ” хэмээн дүгнэж, хуулийг зөрүүтэй хэрэглэн шийдвэр гаргалаа.

Нэг. Хэрэв шүүх тухайн гэрээний эрх зүйн маргааныг Илгээмжийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэж байгаа бол хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлэн хуулийн зохицуулалтыг бүхэлд нь хэрэглэж шийдвэр гаргах ёстой байсан болов уу. Иргэний хуулийн 38 дугаар бүлэгт Илгээмжийн гэрээтэй холбоотой эрх зүйн харилцааг зохицуулсан ба энэхүү гэрээний харилцаанд Захиалагч, Илгээгч, Илгээмж хүлээн авагч гэсэн 3 тал оролцдог. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ гэрээний харилцаанд оролцогч талууд болох “М” ХХК-ийг нь “З гэж”, “Т” ХХК-ийг “И” нэрлэжээ. Шүүхийн тодорхойлсноор энэ тохиолдолд Илгээмж хүлээн авагч, Захиалагч нь нэг этгээд болж байгаа тул захиалагч “М” ХХК нь Иргэний хуулийн 309 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт хийсэнгүй. Захиалагч нь дээр дурьдсан заалтын дагуу илгээмжийн талаархи болон бусад шаардлагатай мэдээлэл, түүний тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж илгээгчид өгөх, энэхүү мэдээллийн үнэн зөвийг нотлох баримтыг илгээгчид шилжүүлж өгөх, тээвэрлүүлэхээр шилжүүлсэн илгээмжийн онцлог шинж чанар, учруулж болзошгүй аюул, аюулгүй ажиллагааны талаар илгээгчид мэдээлэх, илгээмжийг тээвэрлэлтийн шаардлагад нийцүүлэн баглах, илгээмжийг бусдаас ялгах шаардлагатай бол захиалагч илгээмжийг эрх бүхий этгээдэд хүргэхээс өмнө таних тэмдэг тавих гэсэн үүрэгтэй байна. Хэрэв захиалагч нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол хуульд заасан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан гэм хорыг захиалагч өөрөө хариуцахаар хуулиар зохицуулжээ.

Хоёр.Тухайн гэрээний эрх зүйн маргаан нь олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор үүссэн маргаан.

2.1. Манай компани нь Зам тээврийн яамнаас тодорхой хугацаагаар олгодог олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг. “М” ХХК нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ Герман улсын Малашевиче станцаас Дохлер компанийн өөрийн контейнерт тээвэрлэн Улаанбаатар хот, “Техник импорт” гаалийн хяналтын бүс хүртэл тээвэрлүүлэхэд тээвэр зуучийн үйлчилгээ авахаар 2020.03.03-ны өдөр санал ирүүлсэн. Захиалгад “FCA, Өстерхаут /Инкотермс 2010/ Европын холбооны татвар төлөгдөөгүй. 20 тн чингэлэг, Бүтээгдэхүүн: олон жимсний концентраци охь, тоо хэмжээ 18,480 кг *77 торх 240 кг, 1 торхны хэмжээ Диаметр-58-59,5 см, өндөр 84-87,5 см, 4 градусаас доош хэмд хадгална, НЗ код 210690004, Хүлээн авах хугацаа 2020.03 сар” гэсэн мэдээллийг өгсөн. /2-р хавтаст хэрэг Зх/. Энэхүү саналын дагуу бид Герман Улсын тээвэр зуучийн “RTSB” компанид хандаж үнийн санал аваад М ХХК-д 2020.03.06-ны өдөр 3118 евро Экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй гэсэн тайлбарын хамт үнийн саналаа хүргүүлсэн /2-р хавтаст хэрэг 19х/.

2.2.“М” ХХК болон “Д” компани нь хооронд олон жимсний охь худалдан авах гэрээ байгуулахдаа олон улсын худалдааны нөхцөл болох Инкотермс 2010-ийн “FCA” нөхцөлөөр бараа нийлүүлэлтийн нөхцөлийг тохирсон байдаг. Худалдагч, худалдан авагч нар өөрсдөө Үйлдвэрлэлийн зориулалтаар түүхий эд худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа тухайн барааг тээвэрлэн дамжин өнгөрөх улсын буюу ОХУ-ын холбогдох дүрэм журмын шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй гэдгийг энэхүү Инкотермс 2010 “FCA” нөхцөлд тодорхой зааж өгсөн байна. Инкотермс 2010 “FCA” нөхцөл /Тээвэрлэх хүртэл чөлөөтэй /нэрлэсэн газар/-ийн дагуу худалдагч, худалдан авагчийн үүрэг хариуцлагын заагийг тодорхойлохдоо: Худалдагчийн үүрэг хариуцлага гэсэн 1-р зүйлийн 1.2.Лиценз, зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд: Худалдагч нь ачаа барааг экспортлоход шаардагдах гаалийн бүх баримт бичгүүд буюу экспортын гаалийн бүрдүүлэлтийн баримтууд аливаа зөвшөөрөл лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг өөрийн зардал эрсдэлээр хариуцна, 1.6. Зардал хуваарилалт b.Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж төлөх үүрэгтэй, 1.10.Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд: Худалдагч нь худалдан авагчийн хүсэлтээр түүний зардал эрсдэлээр импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй Худалдан авагчийн үүрэг хариуцлага гэсэн 2-р зүйлийн 2.2.Лиценз, зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд: Худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын зардал, эрсдэлийг өөрөө хариуцна 2.10.Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд: Ачаа барааны аюулгүй байдалтай холбоотой аливаа мэдээллийг худалдагчаас авах гэж тус тус заасан.

2.3. Худалдах, худалдах авах гэрээний талууд анхнаасаа тээвэрлэлтийн захиалга өгөхдөө барааны кодыг зөрүүтэй, буруу ташаа өгсөн учраас зуучийн байгууллага болон тээвэрлэгч нь ачааг тээвэрлэлтэд хүлээн авахдаа чингэлэгт ачигдсан бараа нь хориотой бараа гэдгийг мэдэх боломжгүй байсан. Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.7 дах хэсэгт “Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй”, 388.9 дэх хэсэгт “Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна” гэж заажээ. Тээвэр зуучлалын үйл ажиллагааг явуулж буй үед Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.2-т “Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно” гэж заасан бөгөөд олон улсын тээвэрт Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр /ОАХХ/-ээр зохицуулагддаг билээ. ОАХХ-ийн 16 дугаар зүйлд заасны дагуу “Илгээгч бичиг баримтанд заасан мэдээлэл ба өгөгдлийн үнэн зөвийг хариуцна. Илгээгч бичиг баримт дахь мэдээллийг буруу ташаа, дутуу, бүрэн бус бичсэн тохиолдолд гарах бүх хариуцлагыг хүлээнэ” гэж заасан байдаг Монгол Улсын Иргэний хуулийн 2-ийн 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж заасны дагуу худалдагч буюу ачаа илгээгч компани дээр дурьдсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас зуучийн байгууллага, тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй. Голланд улсын “Дохлер” компани нь өөрсдөө тээврийн баримт бичиг, гаалийн бүрдүүлэлтээ хариуцан гүйцэтгэсэн бөгөөд контейнерийг “DOHLER 0014573” гэсэн лацаар лацдаж, тээврийн бичиг баримтыг үйлдэж, дагалдах бичиг баримтыг хавсарган тээвэрлэлтэд хүлээлгэн өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “М” ХХК нь захиалга өгөхдөө барааны кодыг НS код 210690004 гэж, Илгээгч буюу худалдагчийн Сав баглаа боодлын жагсаалтад /1-р хх24-25х/ нь барааны нэр Асептик Витамин-7 Фруит баяжмал, Европын холбооны гаалийн тариф 210690, Агуулахын баримтад барааны код тодорхойлолт 801227021/1-р хх30х/, ачаа илгээгч тээврийн бичиг баримтад ГНГ2106909800 ЕТСНГ 516408 гэж зөрүүтэй бичсэнтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн 2014.08.06-ны өдрийн № 560 дугаар “Оросын холбооны улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлэх эдийн засгийн тусгай арга хэмжээний тухай” Зарлиг, ОХУ-ын Засгийн газрын 2014.08.07-ны өдрийн №778 дугаар Тогтоолоор “АНУ, Европын холбоо зэрэг хоригт орсон зарим улсуудаас гарал үүсэлтэй ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхийг хориглосон ХАА-н бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад ... барааны код 2106 90 920 0**-с, 2106 90 980 4**-с, 2106 90 980 5**-с, 2106 90 980 9**-с код бүхий Хүнсний болон бэлэн бүтээгдэхүүн /биологийн идэвхт нэмэлт, тамирчдын хоол тэжээлд зориулсан төрөлжсөн хүнсний бүтээгдэхүүн, витамин эрсдийн иж бүрдэл, амт оруулагч нэмэлт, уургийн баяжмал/ ...зэрэг хүнсний болон нэмэлт бүтээгдэхүүнүүд багтсан байдаг. /2-р хх108-109х/ Энэхүү хориглосон барааны жагсаалтад худалдагч, худалдан авагч талын тодорхойлж ирүүлсэн код бүхий бараа бүтээгдэхүүн багтаагүй тул тухайн чингэлэгтэй ачааг ОХУ-ын Засгийн газрын 2019.12.17-ны өдрийн 1877 дугаар Тогтоолоор батлагдсан “Глонасс хиймэл дагуулын байршил тогтоох системд суурилан ажилладаг таних тэмдэг, лац суурилуулах, салгаж авах болон ашиглах тухай журам”-ыг хангаж тээвэрлэлтэд хүлээн аваагүй тээвэрлэгч үүргээ биелүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Манай компанийн үйлчилгээний хөлсөнд Глонасс лацны үнэ ороогүй, олон улсын хэмжээнд төмөр замаар заавал харуул хамгаалалтанд авах шаардлагатай ачаануудын тээвэрлэхэд хамгаалалтын зардал тооцогддог. Энэ журам манай улсад ч мөрдөгддөг ба энэ нь Зам, тээврийн хөгжпийн сайдын 2020.08.17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын тавдугаар хавсралтаар батлагдсан “Төмөр замаар ачаа тээвэрлэрх журам”-ын 19 дүгээр бүлэг /Ачаа хамгаалах/-ээр зохицуулагддаг. “М” ХХК-ийн захиалгат ачаа нь Герман улсаас Монгол улс хүртэл ОХУ-ын төмөр замаар дамжуулан тээвэрлэгдэн ирэхэд зуучийн үйлчилгээний хөлсөнд Ачааны хамгаалалтын зардал 180 евро тооцогдож байжээ гэдэг нь 2019.03.13-ны өдрийн иргэн Н-ийн цахим шуудан TILogisticEurope  гэсэн хаягнаас Хэн рүү: Boloroo Dorj Монжүүс ХХК гүйцэтгэх захирал гэсэн хаяг руу илгээгээд Сс: RTSB Gmbll Mongolia Servise /гэсэн хаяг руу давхар илгээсэн шууданд “Н М-ийн гүйцэтгэх захирал Б-д “Өнөөдөр утсаар ярьсны дагуу Өөстерхаут-Наушк-Улаанбаатар 1*20 түрээсийн чингэлэг <24 тн нийт брутто евро 2798,00 Оросын төмөр замын хамгаалалтын зардал Төмөр замаас барааны кодыг дамжуулж хамгаалалтын зардал гарах үгүйг шалгуулах болно...” /1-р хх120х/ гэснээр нотлогдох юм.

2.4.Уг чингэлэгтэй ачаа 2020.04.06-ны өдөр ОХУ-ын хилийн гарах өртөө буюу ОХУ-ын төмөр Замын Наушк өртөөн дээр ирсэн. Төмөр замын хилийн өртөө Наушкийн гаалийн шалган нэвтрүүлэх постоос хилээр гарах ачаануудад түүвэрчилсэн гэнэтийн шалгалт хийхэд ТКRU-3016854 чингэлэгт ачааг гаалийн үзлэг шалгалтад орсон байдаг. Гаалийн шалгалтаар хоригт орсон барааг илрүүлсэн тул Гаалийн байгууллагаас “...ОХУ-ын Засгийн газрын тогтоолоор батлагдсан жагсаалтад багтсан бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосонтой холбогдуулан тээвэрлэгч, экспедитор эдгээр барааг анх илгээсэн улс орон руу буцааж татах эсвэл устгалд оруулах шийдвэрийг гаргадаг. Хэрэв ачааг буцаан татах боломжгүй болсон тохиолдолд устгалд оруулах тул уг ачааг хэрхэх тухай шийдвэрээ яаралтай мэдэгдэнэ үү” гэсэн тоотыг тээвэрлэгчид хүргүүлснийг манай гадаад агент “RTSB” компани бидэнд мэдэгдсэн. Иргэний хуулийн 413-р зүйлийн 413.7-д “Гэрээний нэг талыг ердийн боломжит буюу үүргийн шинж чанарт тохирсон хугацаанд нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу манай компани “М” ХХК-д энэ талаар нэн даруй мэдэгдэж, бүх боломжит арга хэмжээгээ авсан. /1-р хх77-92х, 2-р хх236-238х/ Тухайн ачаа гаалийн шалгалтад хамрагдаж саатуулагдаж байгаа тухай бүх мэдээлэл, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан тоотуудын хуулбар, тэр ч байтугай “RTSB” компаниас ирүүлсэн ачааг буцаан татах хүсэлтийн загварыг хүртэл “М” ХХК-д цаг хугацаанд нь хүргүүлж, холбогдох арга хэмжээ авах талаар удаа дараа сануулж байсан боловч тус компани нь ачааг буцаан татах талаар ямар нэгэн заавар, зөвшөөрөл өгөөгүй. НХНН “РЖД”-ийн Наушк өртөө нь тухайн ачааг Монгол Улсын хилийн орох өртөө хүртэл бүрэн бүтэн тээвэрлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байсан “RTSB” компанитай харьцаж байсан тул бид “RTSB” компаниар дамжуулан “ТТН№2151-051029 контейнерт тээвэрлэгдэж байгаа ачаа хүлээн авагч “М”-ийн ачааг “Dohler Holland руу буцаан илгээнэ үү” гэсэн хүсэлтийг 2020.05.29-ний өдрийн 177/20 албан тоотоор НХНН “РЖД”-ийн нэр дээр хүргүүлсэн боловч ачааг буцаагаагүй устгалд оруулсан байсан. ОХУ-ын гаалийн байгууллага нь саатуулагдсан ачааг илгээгч орон руу буцаах зөвшөөрлийг зөвхөн ачаа илгээгч болон хүлээн авагчаас өгсөн нөхцөлд ачааг буцаах журамтай гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Гэвч олон улсын транзит тээврийн ачааны тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой асуудал нь олон улсын гэрээ болох Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр /ОАХХ/-ээр зохицуулагддаг ба /ОАХХ/-ийн дагуу тээвэрлэлттэй холбоотой гомдол, санал хүсэлтийг зөвхөн ачаа илгээгч гаргах эрхтэй тул манай компанийн тавьсан хүсэлт үр дүнд хүрээгүй. Манай компанийн зүгээс ОХУ-ын хилийн орох, гарах гаалийн хяналтын цэгүүд болох Смолинскийн гаалийн Краснинскийн гаалийн хэсэг, Наушкийн төмөр замын хяналтын цэгийн Гаалийн хэсэг болон НХНН “РЖД”-ийн ерөнхий хорооны дарга-Ерөнхий захирал Белозеровын нэр дээр албан захидлууд илгээж, “Хоригт орсон барааг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулах, тээвэрлэхийг хориглосон байхад ОХУ-ын хилийн орох өртөөн дээр ачааг шалгаад “РЖД” компанийн хилийн боомт дээр саатуулах ба ачаа хүлээн авагчид буцааж явуулах, боломжтой байсан байхад яагаад ийм арга хэмжээг аваагүй, түүнчлэн ОХУ-ын нутаг дээгүүр төмөр замын өртөөдөөр дамжуулан тээвэрлэсэний дараа хилийн гарах өртөөн дээр ачааг зогсоож шалгасан тайлбар ирүүлэхийг хүссэн юм. Бидэнд зөвхөн НХНН РЖД-ийн салбар Компаний тээврийн үйлчилгээний төвөөс /2-р хх120-122х/ хариу албан бичгээр ирүүлсэн. Уг хариунд “ОУТЗАХХ-ийн №051029 тоот тээврийн дагалдах бичгийн дагуу №54391248 дугаартай вагон дээрх TRKU3016854 дугаартай чингэлэг УБТЗ /Монгол улс/ чиглэлээр Ти Ай Ложистик ХХК хаягаар “бусад газар заагаагүй хүнсний бүтээгдэхүүн болон бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүн” /ачааны код ЕТСНГ 516408, ГНГ код 2106909800/ кодтой ачаа явсан. ...Хилийн боомт дээр ачилтын баримт бичигт заасан ачааны нэр, кодын талаарх мэдээллийг шалгаж үзсэний үндсэн дээр Глонасс дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийн технологид суурилсан битүүмжлэл суурилуулах үндэслэл тогтоогдоогүй. ...Тийм учраас үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу ачааг илгээгч улс руу буцаах асуудлаар тээвэрлэгч болон гаалийн байгууллагаас авсан арга хэмжээг харгалзан үзэж ачаа хүлээн авагчид учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг тухайн ачааны талаарх мэдээллийг гажуудуулж өгсөн, мөн ачааг цаг тухайд нь буцаан татах арга хэмжээ аваагүй илгээгчтэй шийдвэрлэх ёстой” гэсэн хариу ирүүлсэн.

Гурав.Иргэний хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйл /Хүнс экспортлох, импортлоход тавих шаардлага/-ийн 11.2.3.импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйл /Хүнсний тухай хууль зөрчих/-ийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг-ийн арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуулиар гадаад улсаас импортоор оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд тусгайлсан шаардлага тавьсан байна. Хүнсний бүтээгдэхүүн импортлогч, үйлдвэрлэгч компаниуд нийгмийн хариуцлагын үүднээс хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангахтай холбоотой хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах үүрэгтэй. Нидерланд улсын худалдааны танхимаас гаргасан /Код x2f13q15j/ 2020.03.16-ны өдрийн № ........................ дугаартай барааны шинжилгээний гэрчилгээгээр “М”ХХК-ийн худалдан авсан Асептик Vitamin-7-Fruit баяжмалын үйлдвэрлэсэн огноо 2019.10.08, дуусах хугацаа 2020.07.04-ний өдөр гэж, худалдагчийн № 91998431 тоот Худалдааны нэхэмжлэлд “Монгол Улсын хуульд заасны дагуу ачааны машин хилийн пост дээр ирэх үед бүх бүтээгдэхүүний хадгалах хугацаа 3/2 байна” гэж заасан байна. Барааны шинжилгээний гэрчилгээ, худалдааны нэхэмжлэлд дурьдсан мэдээллүүдээс үзэхэд тухайн баяжмал нь үйлдвэрлэгдснээсээ хойш 9 сарын хугацаанд үйлдвэрлэлд ашиглагдахаар хадгалагдаж болох ба Монгол улсын хилээр дор хаяж 2020.2 дугаар сарын эхээр орж ирсэн байх ёстой байжээ. Гэтэл “М” ХХК нь тухайн бараа бүтээгдэхүүн хилээр орж ирсэн байх ёстой баталгаат хугацаа нэг сар шахам хугацаагаар хэтэрсэн байхад 2020.03 дугаар сард барааг тээвэрлүүлж авчрах захиалгыг манай компанид өгсөн. Ачаа илгээгч ч гэсэн өөрсдөө бараа бүтээгдэхүүний бичиг баримтад баталгаат хугацааг заасан мөртлөө хугацаа нь өнгөрсөн байхад барааг тээвэрлэлтэд хүлээлгэн өгч байгаа нь өөрсдийнх нь буруутай үйлдэл байна. Манай компани тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцаанд орохдоо барааны үйлдвэрлэсэн огноо, дуусах хугацаа, хадгалах хугацаа зэрэг мэдээллийг мэдэх боломжгүй байсан болно. Тэгээд ч тээвэрлэгч болон зуучлагч нь ачааг тээвэрлэлтэд авахдаа тээврийн бичиг баримт болон түүнд хавсаргасан дагалдах бичиг баримтын үнэн зөвийг шалгах, бараа нь бичиг баримттайгаа тохирч байгаа эсэхийг шалгах үүргийг хүлээдэггүй. Анхан шатны шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Барааны хадгалалтын хугацаа дуусаж байсныг мэдэж байсан уу” гэсэн асуултад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н хэрвээ Монгол улсын гааль дээр бараа ирсэн бол бид гаалийн байгууллагатай ярилцах боломжтой гэж, мөн хариуцагчийн өмгөөлөгч “Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заасан хориотой бараа оруулж ирсэн байвал гаальтай яриад авчихна гэсэн үү” гэсэн асуултад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц “Манай компани барааг хэзээ үйлдвэрлэсэн, хэзээ хугацаа нь дуусах вэ гэдгийг шалгадаг. Хэрвээ Улаанбаатар хотод ирээд ямар нэгэн асуудал үүссэн бол мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөмжийн дагуу л ажиллагаа явуулна. Бараа маань ирээд хугацаа нь дууссан байвал устгалд оруулаад худалдагч байгууллага руу нэхэмжлэх явуулж дахин авна” гэж хариулсан. Гэтэл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “М” ХХК нь хууль ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж, Монгол улсад ашиглах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхэд тавигддаг хуулийн шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнийг гадаад улсаас худалдан авч, тээвэрлүүлэх захиалга өгсөн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй ээ. Дээр дурьдсан үндэслэлээр “М” ХХК-ийн захиалгын дагуу Голландаас TKRU-3016854 чингэлэгт ачигдаж явсан ачаа нь “ОХУ-ын хилийн гарах өртөөн дээр гаалийн үзлэг шалгалтад хамрагдаж, 1-д нь хориотой бараа гэсэн үндэслэл, 2-т нь Ачаа буцаах зөвшөөрлийг ачааны илгээгч болон хүлээн авагч өгөөгүйн улмаас устгалд орсон тул ямар нэгэн төлбөр, хохирлыг “Т” ХХК төлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагатай нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” заасантай нийцээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон байна. Иймд дээр дурьдсан үндэслэл, шаардлагыг харгалзан үзэж Магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, П.А нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хяналтын гомдолдоо: ...Шийдвэрийн сөрөг нэхэмжлэлд хамаарах хэсэг, магадлалыг эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТХ-ийн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг баримтлаагүйгээс мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагатай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Анхан шатны шүүх “...TKRU-3016854 чингэлэгт ачаа ОХУ-ын Наушк өртөөнд тухайн улсын эрх бүхий байгууллагын шалгалтын улмаас саатуулагдсантай холбоотой сул зогсолт, хадгалалтын зардал гарсанд “М” ХХК буруугүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан нэхэмжлэлийн татгалзал үндэслэлтэй” гэж; Давж заалдах шатны шүүх “Т” ХХК нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн ачаа, илгээмжийг саадгүй тээвэрлэж хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй, улмаар захиалагчийн бараа ОХУ-ын төмөр замын шалган өнгөрүүлэх хэсгийн гаалийн үзлэгт орж, устсанд нэхэмжлэгч компани буруутай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэж тус тус үнэлсэн байдаг. Манай компани захиалагч “М” ХХК-ийн ачааг Герман улсаас Монгол улсад тээвэрлэн авч ирэх хэлцэл байгуулахдаа тээвэр зуучийн үйлчилгээний төлбөрийг ачаа бүрэн бүтэн ирсэн нөхцөлд төлнө гэж тохиролцоогүй, талуудын хооронд ямар нэгэн болзол тавигдаагүй. “М” ХХК- иас 2020.03.03-ны өдөр “Т” ХХК-д ирүүлсэн асуулгын дагуу бид гадаад агент болох Герман Улсын “RTSB” тээвэр зуучийн компанид хандаж үнийн санал аваад захиалагчид 2020.03.06-ны өдөр Экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй гэсэн тайлбарын хамт тээвэр зуучийн үйлчилгээний хөлсийг 3,118 еврогоор тохиролцохоор үнийн саналаа өгсөн. Энэ үнэд барааг хүлээн авсан газраасаа хүлээлгэн өгөх газар хүртэл тээвэрлэхэд гарах экспортын гаалийн бүрдүүлэлтээс бусад зардал багтсан. Захиалагч энэ хөлсийг хүлээн зөвшөөрч гадаад агент болох “RTSB” компани нь “М” ХХК-ийн захиалгат ачааг Нидерланд улсын Өөстерхаут хотод гаалийн бүрдүүлэлт хийж тээвэрлэлтийн дагалдах бичиг баримт үйлдэгдсэний дараа хүлээн авч ОХУ-ын төмөр замаар транзит чингэлэгт ачаагаар “Оросын төмөр зам”-ын хилийн Наушк өртөө хүртэл тээвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэсэн. TKRU-3016854 чингэлэгт ачаа нь ОХУ-ын хилийн гарах өртөө буюу ОТЗ-ын Наушк өртөөн дээр 2020.04.08-ны өдөр бүрэн бүтэн тээвэрлэгдэн ирсэн ба Наушкийн гаалийн шалган нэвтрүүлэх постын түүвэрчилсэн гэнэтийн шалгалтанд хамрагдаж, гаалийн шалгалтаар тухайн ачаа нь хоригт орсон бараа болох нь илэрч, улмаар устгалд орсон нь зуучийн байгууллага болон тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. TKRU-3016854 чингэлэгт ачаа ОХУ-ын Наушк өртөөнд тухайн улсын эрх бүхий байгууллагын шалгалтын улмаас саатуулагдсантай холбоотой сул зогсолт, хадгалалтын зардал гарсанд “М” ХХК буруутай эсэхээс үл хамаарч нэгэнт манай компанид захиалга өгч ажил үүрэг зохих хэмжээнд гүйцэтгүүлсэн учраас гэрээнийхээ үүргийн дагуу гарсан зардлыг төлөх үүрэгтэй. Худалдагч болон худалдан авагч нарын хооронд Инкотермс 2010-ийн “FCA” нөхцөлөөр бараа нийлүүлэлтийн нөхцөлийг тохирсон тул “М” ХХК нь ачааг тээвэрлэлтэд хүлээн авснаас хойш гарсан тээвэрлэлт, ачаа хадгалалт, сул зогсолттой холбоотой төлбөрийг төлөх үүргийг хүлээх ба харин ачааны бичиг баримтыг буруу гажуудуулж өгсөн, импортлох хүнсний хадгалах хугацаанд тавигддаг хуулийн шаардлагыг хангаагүй бүтээгдэхүүнийг илгээсэн худалдагч тал болох Голланд улсын Дохлер компаниас өөрт учирсан хохирол, төлбөрөө нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу тээвэр зуучийн үйлчилгээний хүрээнд ачааг ОХУ-ын хилийн Наушк өртөө хүртэл тээвэрлэсэн тээврийн хөлс 2688 евро, TKRU-3016854 чингэлэгт ачаа Наушк өртөөн дээр саатуулагдсантай холбоотой сул зогсолт, хадгалалтын зардал 6,553 евро нийт 9,241 евро буюу 32,170,693 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Дээр дурьдсан үндэслэл шаардлагын дагуу гомдлыг хянан үзэж шийдвэрийн сөрөг нэхэмжлэлд хамаарах хэсэг, магадлалын сөрөг нэхэмжлэлд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

2.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохиролд устгагдсан түүхий эдийн үнэ 117,671,400 төгрөг, олох байсан ашиг 118,798,538 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 10,363,650 төгрөг, нийт 246,833,588 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тээврийн хөлс болон сул зогсолтын төлбөрт нийт 32,170,693 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч компани нь ачаа тээврийг саадгүй авч ирэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компани түүхий эдийн үнэ болон олох ёстой байсан орлогоороо хохирсон, үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч зардал гаргасан” гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч компанийн бараа ОХУ-ын хил дээр устсанд манай компани буруугүй, худалдагч болон худалдан авагч нарын үл ойлголцлоос үүссэн асуудлыг манай компани хариуцахгүй тул тээврийн хөлс болон сул зогсолтын төлбөрийг гаргуулна гэх үндэслэлийг тус тус заасан байна.

3. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хангалттай нотлогдоогүй үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь алдаатай болжээ. Талууд шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй боловч маргааны ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаараагүй, орхисон тохиолдолд шүүх тухайн маргааны үйл баримтын талаар эрх зүйн үүднээс бүрэн дүгнэлт хийхийн тулд талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай. Хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. “М” ХХК нь 2020 оны 2 сард ХБНГУ-ын Дохлер компанийн Нидерланд Улсын Өөстерхаут хотын үйлдвэртэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 41,580 ам.долларын өтгөрүүлсэн шүүс буюу Асептик Vitamin-7-Friut баяжмалыг худалдан авсан, уг барааг Нидерланд Улсаас Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн ажлыг хариуцах үйлчилгээг авахаар “Т” ХХК-д хандсан, хариуцагч нь гадаад агент болох RTSB компаниас үнийн санал авч, 2020.03.06-ны өдөр нэхэмжлэгч компанид 3,118 еврогийн үнийн саналыг хүргүүлсэн, нэхэмжлэгч зөвшөөрснөөр талуудын хооронд хэлцэл байгуулагдсан байна. “Т” ХХК нь “М" ХХК-ийн ачааг тээвэрлүүлэх явцад буюу ОХУ-аар дамжин өнгөрөх үед гаалийн үзлэгт хамрагдаж, ОХУ-ын Засгийн газрын 2014.08.07-ны өдрийн 778 дугаар тогтоолоор баталсан хориотой барааны жагсаалтад орсон бараа гэж үзсэн, ОХУ-ын Наушк төмөр замын хилийн боомтын даргын 2020.05.18-ны өдрийн 17-02-6А/02410 дугаар албан бичгээр “тээвэрлэсэн барааг яаралтай илгээсэн улс руу буцаан татах, эсхүл ОХУ-ын нутаг дэвсгэрт барааг устгалд оруулах болох”-ыг мэдэгдсэн, 2020.07.17-ны өдөр барааг устгалд оруулсан үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

5. Хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх залруулах боломжгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдааны зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг давхар баримталсан нь зөрчилтэй болсон, давж заалдах шатны шүүх эрх зүйн харилцааг илгээмжийн гэрээ гэж тодорхойлсон нь эрх зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

Илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийх, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүрэг бүхий харилцаа нь илгээмжийн гэрээ бөгөөд илгээгч нь захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээд болох “Т” ХХК-д хандаж барааны тээвэрлэлтийг хариуцахыг хүссэн, ямар нэгэн заавар, даалгавар өгөөгүй нь илгээмжийн  гэрээ бус худалдааны зуучлалын гэрээний шинжийг агуулсан байхад давж заалдах шатны шүүх гэрээг оновчтой дүгнэж чадаагүй, Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт нийцсэнгүй.

Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д “Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.” гэж заасан. “М” ХХК-ийн өмнө зуучлагч “Т” ХХК-ийн хүлээсэн эрх, үүргийг тодорхой болгосноор үүргийн зөрчлийг дүгнэх урьдчилсан нөхцөлийг шүүх анхаараагүй байна.

6. Шүүх зохигчийн хоорондох маргааны зүйл, уг асуудлаар талууд хэрхэн мэтгэлцсэн байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, энэ нь мэтгэлцэх зарчим хангагдаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна гэж үзнэ. Үүнд:

6.1. “ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч орон руу авто болон төмөр замын тээвэр хийхдээ ОХУ-ын Засгийн газраас баталсан дүрэм, журмын дагуу дэлхийн хиймэл дагуулын Глонасс технологи дээр суурилсан таних тэмдгийг (лац, ломбо) ашигласан тохиолдолд зарим төрлийн хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг зөвшөөрдөг байх ба “............” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнд  глонасс системийн лацыг бус энгийн таних тэмдэг (лац, ломбо)-ийг ашигласны улмаас ачаа хураагдсан” гэж шүүх дүгнэжээ.

Дээрх маргааны зүйлийн талаар талууд дараах байдлаар тайлбар гаргасан боловч бүрэн мэтгэлцэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь “Т” ХХК ачаанд глонасс лац байршуулах үүргээ биелүүлээгүйгээс ачааг хураагдсан гэж үзэхдээ ОХУ-ын Засгийн газрын 2019.12.17-ны өдрийн 1877 дугаар тогтоолоор батлагдсан “Глонасс хиймэл дагуулын байршил тогтоох системд суурилан ажилладаг таних тэмдэг лац суурилуулах, салгаж авах болон ашиглах тухай журам-ын 7-д “ОХУ-ын нутаг дэвсгэрт төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн орж ирэхэд төмөр замын тээвэрлэгчийн ажилтан электрон байршилтай лац ашиглах шаардлагатай тухайгаа ОХУ-ын хилийн нэвтрэх боомт дахь гаалийн байгууллагын албан тушаалтнууд, төмөр замын өртөөнд байрлах хяналтын цэгүүд дэх холбооны тээврийн хяналтын албаны албан тушаалтнуудад мэдэгдэх үүрэгтэй” гэж, мөн журмын 10-д “Төмөр замын тээвэрлэгч нь ОХУ-ын хилээр нэвтрэхээс хоёроос доошгүй цагийн өмнө тээвэрлэж байгаа барааны мэдээллийг лац суурилуулах операторт илгээх үүрэгтэй гэж заасан” журмыг тус тус зөрчсөн гэж эрх зүйн үндэслэлээ тодорхойлсон. /2хх-ийн 4-5-р тал/ Харин хариуцагч маргаж, тээвэрлэгч нь Дохлер ХХК, зуучлагч нь манайх гэж татгалзсан.

Гэвч дээрх журамд заасан “төмөр замын тээвэрлэгч” хэн болохыг дүгнэх боломжгүй, журамд энэ талаар заасан хэсгийг орчуулаагүйн улмаас дүгнэлт хийх боломжгүй болохыг шүүх анхаараагүй байна.

6.2.Хариуцагч нь нэхэмжлэгчийг барааны кодыг зөрүүтэй өгснөөс уг барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд хориотой бараа гэдгийг мэдэх боломжгүй байсан гэжээ.

“М” ХХК хариуцагчид захиалга өгөхдөө барааны кодыг 21069004 гэсэн дугаар өгсөн, Нидерланд улсаас барааг ачуулахдаа 210690 гэсэн кодыг, харин Польш улсад ирэхэд накладан дээр 2009909800 гэсэн код байгаа нь ямар шалтгаантай болохыг тодруулах нь зүйтэй байна. Хэргийн 53 дугаар хуудсанд байгаа уг баримтыг хэн үйлдсэн, хэн шүүхэд гаргаж өгсөн нь ач холбогдолтой ба уг баримт нь тээвэр хийх үндсэн баримт бичиг болсон, нэхэмжлэгч нь баримтыг “Т” ХХК үйлдсэн гэсэн бол хариуцагч нь Дохлер компанийн үйлдсэн баримт гэж маргасан, шүүх маргааны зүйлийг анхаараагүй, энэ талаар тодруулах шаардлагатай байжээ. Дохлер компани өөрийн барааг ачсанаа баталгаажуулж лацийг тавьж, тээвэрлэгчид ачааг хүлээлгэн өгснөөр Дохлер компанийн үүрэг дууссан эсэхээс гадна “Т” ХХК-ийн тээвэрлэлт хариуцах үүрэг аль үеэс үүссэн үйл баримтыг тодорхой болгож дүгнэснээр глонасс лацыг хэн хариуцах нь тодорхой болох боломжтой юм.

Түүнчлэн код нь ямар төрлийн бараа гэдгийг шууд таних хэрэгсэл учраас тээвэрлэлтийн үед зөвхөн кодоор шалгадаг эсвэл ачааны нэр төрлийг давхар шалгах журам байдаг эсэхийг тодруулах, нэхэмжлэгчийн тодорхойлсон 21069004 код нь өтгөрүүлсэн шүүсний код мөн эсэх, анхнаасаа хориотой бараа гэдгийг тодорхойлох зөв код мөн эсэхийг талуудаас тодруулах нь ач холбогдолтой.

Дээрх үндэслэлээр маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй, хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00907 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1013 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 746,307 төгрөг, 318,804 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД