Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 711

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 5 дугаар танхимд  хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Грек улсын иргэн Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Грек улсын иргэн Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бын Э, /РД:НЭ60/, 

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий г, /Хаяг: Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж/

Гуравдагч этгээд: Чүлтэм овогт Аын А, /РД:ХГ66/

Нэхэмжлэлийн шаардлага: 

“....”М*******” ХХК-ийн улсын бүртгэл хууль бус бөгөөд түүний улмаас тус компанид хөрөнгө оруулагч, Грек улсын иргэн Гын уг компанийн 90 хувийн хувьцааг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож, компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, гуравдагч этгээд А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Амарбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Грек улсын иргэн Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 

“...Грек улсын иргэн Г нь анх 2003 онд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай “А” ХХК-ийг Монгол Улсын иргэн Аын Атой хамтран байгуулсан бөгөөд одоогийн байдлаар тус компанийхаа 50 хувийн хувьцааг эзэмшиж байна. 

Тэрээр, 2006 онд зөвхөн өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшлийн жуулчны бааз байгуулах үүднээс Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “М*******” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хэрэв тэрээр уг жуулчны баазаа бусадтай хамтран эзэмших байсан бол шинээр компани байгуулалгүйгээр, өмнө 2003 онд байгуулсан “А*******” ХХК-ийн нэрээр хөрөнгө оруулах байсан бизээ. 

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичигт “хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хуулийн этгээдийн дүрэм”-ийг бүрдүүлэхийг заасан байдаг. Гэтэл 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “М*******” ХХК-ийг үүсгэн байгуулахтай  холбогдуулан бүрдүүлсэн баримт бичигт дараахь хэд хэдэн ноцтой алдаа байсаар байтал тухайн үеийн бүртгэлийн байгууллага асууж, тодруулалгүйгээр улсын бүртгэлд бүртгэж авсан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.  Тухайлбал: 

1. Компанийг үүсгэн байгуулах шийдвэрт үүсгэн байгуулагч, өмчийн эзэн гээд “А*******” ХХК гэж бичсэн боловч хэн гэдэг, ямар албан тушаалтан үйлдсэн нь тодорхой бус, гарын үсэг зурж баталгаажуулаагүй, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус байсан байна. 

2. Компанийн дүрэмд үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчээр К******* хэмээн гадаад хүний нэрийг англиар тодорхой бичсэн байхад гадаадын иргэн гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж байгаа эсэхийг нь тодруулалгүйгээр шууд монгол компани болгож бүртгэж авсан байна. 

3. Компанийг үүсгэн байгуулах шийдвэрт “баталсан” гэх боловч хэрэг дээрээ компанийн дүрмийг эрх бүхий этгээд баталгаажуулаагүй байхад улсын бүртгэлийн г улсын бүртгэлд бүртгэж авсан байна. 

4. “А*******” ХХК-ийн 100 хувийн охин компани хэлбэрээр байгуулсан гэж тооцоход хамтран ажиллах гэрээ гэгчид “хоёр талаас дүрмийн санг цаашид 10 хувь, 90 хувийн харьцаатайгаар эзэмшинэ” гэж заасан зэрэг үүсгэн байгуулах баримт бичиг нь өөр хоорондоо зөрүүтэй, зөрчилтэй байтал үл хайхран бүртгэл хийжээ. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” тохиолдолд хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүрэгтэй байдаг. 

Гэтэл Улсын бүртгэлийн байгууллага хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлэлгүй, “хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл зохих журмын дагуу бүрдүүлбэл зохих баримт бичгийн бүрдэл дутуу” тохиолдолд асууж тодруулахыг оронд шууд бүртгэсэн нь гадаадын хөрөнгө оруулагчийн эрхийг зөрчиж, түүний өмчлөх эрхийн тал хувийг өөр этгээд буюу Монгол Улсын иргэн А.Аын шууд өмчлөлд бүртгэсэн ноцтой алдаа гарахад хүргэсэн байна. 

Өнөөдөр грекийн талын хөрөнгө оруулагчаас уг компанид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр дэх Тамган өндөр ууланд жуулчны бааз байгуулсан байна. Грек улсын иргэн Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М энэ оны 1 дүгээр сард ирээд компанийн бүртгэл, жуулчны баазын байдалтай танилцах явцдаа итгэмжлэл олгосны дагуу “М*******” ХХК-ийн бүртгэлээс 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор лавлагаа авснаар дээрх хууль зөрчсөн зүйлийг анх мэдсэн бөгөөд өмнө нь хамтрагч А.Аын өгсөн “М*******” ХХК-ийн баримт бичгийн хуулбарт итгэж, лавлаж шалгадаггүй байсны улмаас өнөөг хүрчээ. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох байгууллага хариуцан арилгана” гэжээ. Тиймээс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн албаны дарга болон хяналт шалгалт хариуцсан албанд гомдол гаргасан боловч маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр талаар албан ёсоор хариу өглөө. 

“М*******” ХХК-ийг анх талууд үүсгэн байгуулахдаа хоорондоо гэрээ байгуулж, Монголын тал компанийн “дүрмийн сангийн” 10 хувийг, Грекийн тал 90 хувийг тус тус эзэмшихээр харилцан тохиролцсоноо улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхээр хүргүүлсэн  нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. 

Иймд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хариуцсан байгууллага ийнхүү хууль бус бүртгэл хийсний улмаас Грек улсын иргэн Гын “М*******” ХХК-ийн 90 хувийн хувьцааг эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, “М*******” ХХК-ийн одоогийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“...”М*******” ХХК-ийг 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан баримт материалыг гүйцэт бүрдүүлсэн нь тус хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх хуулийн үндэслэлтэй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18-т заасан татгалзах үндэслэлгүй гэж үзсэн байна. 

Тухайн үед бүрдүүлэн өгсөн архивын материалыг үзэхэд өргөдлийн УБ-03 маягт дээр толгой аж ахуйн нэгжийн нэр гэдэг хэсэгт “Э” ХХК гэж нэр бичсэн, үүсгэн байгуулах шийдвэрт “М*******” нэртэй охин компани байгуулахаар тусгаж, толгой “Э” ХХК нь охин компанийн дүрмийн санд 5 сая төгрөг шилжүүлэх тухай захирал А.Аоос тушаал гарсан, “Эмейзинстеппс” ХХК-иас  гарсан Гын гарын үсэгтэй хурлын шийдвэрт “М*******” нэртэй охин компани байгуулах, дүрмийн санг 5 сая төгрөгөөр тогтоох. Охин компанийн гүйцэтгэх захирлаар А.Аыг томилсон байна. Мөн толгой компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “М*******” ХХК-ийн албан ёсны хаягийн нотлох баримтад “Э” ХХК-ийн г ашиглах болон 00131761 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж өгсөн зэрэг нь “Э*******” ХХК нь “М*******” ХХК нэртэй охин компани бүртгүүлэхээр материал бүрдүүлж өгсөн нь дээр дурьдсан холбогдох материалуудаар нотлогдож байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“...Гуравдагч этгээд А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н миний бие нэхэмжлэгч Грек улсын иргэн Г******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Мгийн “М*******” ХХК-ийн улсын бүртгэл илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх, “М*******” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулан, Грек улсын иргэн Г*******ыг уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын иргэн А.Аод Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, бусад хууль тогтоомжоор олгогдсон эрх, ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчсөн, “М*******” ХХК-д А.Аын компанийн эзэмшлийн хувь, эрхийг хүчээр авах, цаашилбал “Э” ХХК-д өмч, эзэмших эрх, хувь хэмжээнд халдах гэсэн хууль бус үйлдэл гэж үзэж, нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Үүнд: 

Грек улсын иргэн Г******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М нар “М*******” ХХК-ийг байгуулах үйл явц, нөхцөл байдлыг маш  сайн мэдэх бөгөөд үүсгэн байгуулагчид бид “М*******” ХХК-ийг “Э” ХХК-ийн охин компани гэж байгуулахыг хүсч, хүлээн зөвшөөрч байгуулсан. 

“М*******” ХХК нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар бидний компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах охин компани /Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно/ мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3-т зааснаар “...компани нэг үүсгэн байгуулагчтай ...” байж болох бөгөөд эрх бүхий байгууллагын гаргаж өгсөн лавлагаа болон Улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн “нэг үүсгэн байгуулагч”-ийг Грек улсын иргэн Г******* болон А.А нарын байгуулсан “Э” ХХК гэж ойлгож, түүнд эзэмших хувь, хэмжээгээрээ “М*******” ХХК-д эзэмшиж, Монгол Улсад хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, эрхийн доголдолгүй Аж ахуй нэгж байгууллага гэж ойлгож, би өдийг хүртэл удирдан ажиллаж ирсэн. Мөн охин компани байгуулах, дүрмийн санг 5 000 000 төгрөг тогтоож, “Э” ХХК-ийн дүрмийн сангаас бүрдүүлэх тухай үүсгэн байгуулагчдын хүсэл зоригоо илэрхийлсэн шийдвэрээр нотлогдоно. 

Тэгвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Компанийн тухай хуулийн хуулинд охин компанийн эрх зүйн байдлыг заахдаа 6 дугаар зүйлийн 6.3-т “...Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ ...” гэж заажээ. 

Үүсгэн байгуулагч, тэдгээрийн хувь, хэмжээ, зорилго, чиглэл тодорхой, эрх бүхий байгууллагад бүртгэлтэй, хэвийн үйл ажиллагаатай компанийн зарим нэг баримт бичгийн үг үсгийн алдаатай холбоотой асуудлыг үүсгэн байгуулагчид өөрсдөө засах, залруулах боломжтой, Иргэний хуулинд заасан эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой асуудал байсан байтал миний эзэмшлийн хувь, хэмжээнд халдаж нэхэмжлэгч тал заавал Захиргааны журмаар шийдвэрлүүлэх гээд байгаа санаа, зорилго нь туйлын ойлгомжгүй бас сэжигтэй байна.

Бидний дунд эд хөрөнгө, санхүү зэрэг асуудлаар үл ойлголцол, маргаан байдаг бөгөөд энэ нь үүсгэн байгуулагчдын хоорондын хүсэл зориг, харилцан ойлголцол зэргээр шийдэгдэнэ. Талууд санхүүгийн болон бусад нотлох баримтаа гаргаж, тооцоо нийлэх, үүссэн нөхцөл байдлыг эерэгээр зохицуулах бүрэн боломжтой. Эс бөгөөс маргааныг иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалттай. Гэтэл компанийг байгуулах үйл явц, нөхцөл байдлыг сайн мэдэж, хүсч хамтарч байгуулчихаад А.А гэдэг хүн хууль бус зүйл хийсэн юм шиг, түүнийг эрх бүхий байгууллага алдаа гаргаад бүртгэж авсан мэтээр илэрхийлж иргэн, байгууллагын нэг хүндэд халдаж ялихгүй шалтаг гаргаж, эрх, ашиг сонирхолд халдаж, миний өмчийг соёлтойгоор дээрэмдэх гэж байгаа нь хууль бус зүйл. 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл агуулга, шаардлага нь “М*******” ХХК дахь иргэний эзэмшил, өмчлөл тэдгээрийн эрхтэй холбоотой асуудал тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Грек улсын иргэн Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э “М*******” ХХК-ийн улсын бүртгэл хууль бус бөгөөд, түүний улмаас тус компанид хөрөнгө оруулагч Грек улсын иргэн Г*******ын уг компанийн 90 хувийн хувьцаа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож,  компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эаас Грек улсын иргэн Г******* 2006 онд Монгол улсад өөрийн 100 хувийн эзэмшлийн жуулчны бааз байгуулахаар “М*******” ХХК-ийг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх явцад гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж байгаа эсэхийг тодруулалгүй Монгол компани болгож бүртгэснээс түүний тухайн компанид хувь эзэмших эрх зөрчигдөж, түүний өмчлөх эрхийн тал хувийг өөр этгээд буюу Монгол улсын иргэн А.Аын өмчлөлд бүртгэснээр улсын бүртгэл хууль бус болсон гэж маргажээ.

Шүүх  дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

“М*******” ХХК-ийг “Э” ХХК-ийн хурлын шийдвэр, гишүүдийн анкет, хамтран ажиллах гэрээ, хөрөнгө шилжүүлэх тухай албан бичиг, “М*******” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулах шийдвэр, дүрмийн санд хоёр талаас оруулах тоног төхөөрөмжийн жагсаалт, “Э” ХХК-тай холбоотой баримт бичгүүд /хх70-133/-ийг үндэслэн тус компанийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх147/ олгожээ.

“М*******” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хавсарган өгсөн үүсгэн байгуулах шийдвэр /хх16, 79/-ийн компанийг үүсгэн байгуулагч, өмчийн эзэн гэсэн хэсэгт “Э” ХХК, харин Компанийн дүрэм /хх17-19, 77-78/-ийн “М*******” ХХК-ийг үүсгэн байгуулагч гэсэн хэсэгт “М*******”  гэж бичсэн бөгөөд эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “..үүсгэн байгуулах шийдвэр, дүрмийг эрх бүхий этгээд баталгаажуулаагүй, үйлдсэн албан тушаалтан тодорхой бус, гарын үсэггүй байгаа нь хуулийн шаардлага хангаагүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Учир  нь “М*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж байх үед буюу 2006 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Компанийн тухай хууль /1999 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.2-т ”Компанийг бүртгүүлэхэд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:”, 15.2.2-т ”компани байгуулах тухай үүсгэн байгуулах хурлын шийдвэр;”, 15.2.3-т ”компанийн дүрэм;”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д ”Бүртгэх байгууллага өргөдлийг хүлээн аваад дараахь зүйлийг хянан үзнэ:”, 15.4.1-т ”энэ хуулийн 15.2-т заасан баримт бичиг бүрэн бүрдсэн эсэх;”, 15.6-д ”Компанийг улсын бүртгэлд бүртгэх тухай энэ хуулийн 15.4.-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд компанийг бүртгэхээс татгалзана” гэсэнтэй тус тус нийцээгүй байна. 

Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 16 дугаар зүйлийн 16.1-т ”Өргөдөл гаргагч хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь баримт бичиг бүрдүүлнэ:”, 16.1.2-т ”хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;”, 16.1.3-т ”хуулийн этгээдийн дүрэм;” зэргийг бүрдүүлэхээр заасан бөгөөд  мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т ”Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараахь үндэслэлээр татгалзана:”, 18.1.1-т ”улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;” гэж заасан бөгөөд дээрх үндэслэлээр бүртгэхээс татгалзах боломжтой байсан гэж үзэхээр байна.

Тодруулбал “М*******” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, дүрмийг эрх бүхий этгээд баталгаажуулаагүй, үйлдсэн албан тушаалтан тодорхой бус, гарын үсэггүй зэрэг нь тус компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичиг хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, бүрдэл дутуу байхад хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нягтлан шалгах үүргээ хангалтгүй хэрэгжүүлснээр тус бүртгэл хууль бус байх нөхцөлийг бүрдүүлжээ. 

Түүнчлэн “М*******” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Грек улсын иргэн Г******* болон Монгол улсын иргэн А.А нар бөгөөд тус компани 2 гишүүнтэй болох нь хэрэгт цугларсан холбогдох бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

Гэтэл Улсын бүртгэлийн байгууллагаас “М*******” ХХК-ийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо гишүүдийн тоог нэг, үүсгэн байгуулагч нэг гэж бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын бүртгэлийн ажиллагаанд дараахь зарчмыг баримтална, 3.4.1-д “үнэн зөв бодитой шинжтэй байх;”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;” гэсэнтэй нийцээгүй байна.

Ийнхүү хариуцагчийн бүртгэлийн үйл ажиллагаа нь  “М*******” ХХК-ийг үүсгэн байгуулагчийн нэг Грек улсын иргэн Г*******ын “Компанийн тухай хууль” (2011 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-д заасан тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрх, компанийн дүрмээр тогтоосон хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.  

Грек улсын иргэн Г*******оос нэхэмжлэгч Мд олгосон 104 дүгээр   итгэмжлэлийг Тайланд улсын Бангкок хотод үйлдэж, Грекийн Тайланд дахь Элчин сайдын яамны консулын газрын захирал Ж******* нотариатын үйлчилгээ үзүүлж баталгаажуулжээ.

Энэхүү итгэмжлэл Грек улсын Иргэний хуулийн 218, 219, 220, 222-д тус тус заасны дагуу хуулийн хугацаа дуусаагүй байгааг Афин хот дахь Хуульчдын холбооны гишүүн А*******гаас гаргасан эрх зүйн дүгнэлтээр нотлогдож байна.

Түүнчлэн Монгол улсын Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.8-д “Итгэмжлэлийн хэлбэр, хугацааг түүний олгосон улсын хуулиар тодорхойлох...” гэж заасны дагуу Мд олгосон 104 дүгээр итгэмжлэлийн хэлбэр, хугацааг Грек улсын Иргэний хуульд зааснаар тодорхойлохоор байна.

Иймээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шатанд “...итгэмжлэлийн эхний хуудсанд тамга байхгүй, Мд олгосон 104 дүгээр итгэмжлэл Монгол улсын Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д зааснаар хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байх заалтыг зөрчсөн, Олон улсын гэрээнд заасныг баримталсан албан ёсны нотлох баримт хэрэгт байхгүй, Иргэний хуулийн 542 дугаар зүйлийн 542.1-т заасан “Хөөн хэлэлцэх хугацааг тухайн харилцааг зохицуулж байгаа Монгол улсын хууль, Монгол улсын Олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.” гэснийг зөрчсөн эргэлзээтэй итгэмжлэл гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

  Иймд “М*******” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл холбогдох хууль тогтоомжуудтай нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус компанийг бүртгэсэн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 901******* дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 106.3.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.8, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3, 18.1, Компанийн тухай хууль /1999 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.2,15.2.2, 15.2.3,15.4, 15.6-т заасныг тус тус баримтлан “М*******” ХХК-ийн улсын бүртгэл тус компанид хөрөнгө оруулагч Грек улсын иргэн Г*******ын уг компанийн 90 хувийн хувьцаа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, тус компанийг бүртгэсэн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 901******* дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              А.НАСАНДЭЛГЭР

ШҮҮГЧИД                          М.БАТЗОРИГ 

                                                   Ц.САЙХАНТУЯА