Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 64

 

“Талын гал” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагч “Талын гал” ХК-ийн захирал С.Цэрэндондов, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 584 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 569 дүгээр магадлалтай, “Талын гал” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Талын гал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тал булаг нэртэй газрын 35 га талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх 14563 А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг юм. Ер нь манай компани дээрх талбайд 1975  оноос нүүрс олборлож ирсэн.

“Энгүй тал” ХХК-д Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Кадастрын албанаас 2003 онд хайгуулын, 2008 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо “Талын гал” ХК-ийн хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээ бүхий эзэмшил газраас ажилчдын тосгон, авто зам, шатахуун түгээх станц, аж ахуйн болон конторын барилгууд, тэсрэх материалын агуулах зэрэг олон обьект байрлаж буй 56 га газрыг “Энгүй тал” ХХК-ийн дээрх 14209А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд оруулан олгож манай компанийн хэвийн үйл ажиллагааг ноцтой алдагдуулахад хүргэсэн. Бидний зүгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яамд удаа дараа хандаж ирсэн.

Анх бид 56 га газрын давхцлыг арилгуулахаар хандаж байхад “Энгүй тал” ХХК нь анхнаасаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бүрдүүлсэн гэсэн маш ноцтой зүйл илэрсэн тухай төрийн захиргааны байгууллага бидэнд мэдэгдсэн тул бид нэгэнт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон” гэж заасан ба мөн хуулийн 14.1-д тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж хуульчилсан байдаг.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны 6-3464  тоот албан бичгээр “...Кадастрын хэлтсийн зүгээс 6/2795 тоот мэдэгдлийн дагуу арга хэмжээ авахыг түр түдгэлзүүлсэн хэвээр байна” гэсэн ойлгомжгүй хариу бидэнд өгсөн. Гэтэл “Энгүй тал” ХХК-ийн хууль бусаар авсан 14209А дугаартай тусгай зөвшөөрлийн хуурамчаар үйлдсэн нөөцийн тайлангаа дахин шинээр бичиж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх гэж байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана” гэж заажээ. Ашигт малтмалын газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохын хувьд дээрх зарчмыг хэлбэрэлтгүй баримтлах учиртай.

Гэвч агентлаг өөрөө хуурамч баримт бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсан гэдгийг нь нотолж, тогтоочихоод зохих ёсны шийдвэрийг гаргахгүй хууль зөрчиж тусгай зөвшөөрөл авсан этгээдэд боломж олгон, хууль бус нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх гэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “Энгүй тал” ХХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, “Энгүй тал” ХХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даагаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Талын гал” ХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2000 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан ба Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 9 тоот шийдвэрээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Талбулаг нэртэй 35 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын 2060А тоот тусгай зөвшөөрөл олгожээ. Тус компани нь ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдсаны дагуу 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлсэн байна. Ашигт малтмалын ашиглалтын 2060А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн тул Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2012 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг нөхөн олгосноор 14563А тоот тусгай зөвшөөрөл үүсчээ.

“Энгүй тал” ХХК-д Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Талбулаг 1 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 5743Х тоот тусгай зөвшөөрлийг 2003 оны 05 дугаар сарын 11-ний өдөр анх олгосон байна. Тус тусгай зөвшөөрлийн талбай дээрээ бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл гаргасан ба Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 14209А тоот тусгай зөвшөөрөл олгосон байна.

Дээрх тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08/01/561 тоот дүгнэлтээр “Энгүй тал” ХХК-д олгогдсон ашигт малтмалын ашиглалтын 14209А тоот тусгай зөвшөөрлийн талбайд “Талын гал” ХК-ийн уурхайн эдэлбэрээс 56 га газар давхардаж олгогдсон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт зааснаар сүүлд олгогдсон “Энгүй тал” ХХК-ийн 14209А тоот тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулж давхцлыг арилгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарч байсан байна. Тус дүгнэлтийн дагуу талбайн давхцлыг арилгаагүй байна. Геологийн мэдээллийн сангаас шүүлт хийж үзэхэд Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын талбайтай бүхэлдээ давхцалтай байна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Тал булаг 1 нэртэй нүүрсний ордын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж 13-02 дугаар бүхий дүгнэлт гарган, тус дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 515 дугаар тушаал гарсан байна. “Энгүй тал” ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх /хуучин нэрээр/ газартай Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн Улсын төсвийн хөрөнгөөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Тал булаг 1 нүүрсний ордын хайгуулын ажлын зардлыг Улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх үе шат, төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд Талбулагийн нүүрсний ордын хайгуулыг хийж нөөцийг нь батлахад улсын төсвөөс нийт 240361 төгрөгийн зардал гарсан бөгөөд энэ хэмжээг үндэслэн Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцоход 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 60437 /жаран мянга дөрвөн зуун гучин долоон/ америк доллар болж байгааг 2 тал зөвшөөрч гэрээ үйлдсэн байна. Энэхүү гэрээнд заасан зардлыг 5 жилийн хугацаанд 2009 онд 10.437  доллар, 2010 онд 10.250 доллар, 2011 онд 10.250 доллар, 2012 онд 10.250 доллар, 2013  онд 10.250 доллар гэж хуваан төлөхөөр гэрээ байгуулсан байна. 2009-2013 онд графикийн дагуу төлбөрөө төлж байгаа болно.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичгийг хавсаргахаар хуульчилсан байна. “Энгүй Тал” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 14209А тоот тусгай зөвшөөрлийг анх авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт заагдсан “Хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”-ийг ирүүлсэн байдаг.

Дээрх баримтууд нь хуурамч болохыг Ашигт малтмалын газрын ажлын хэсгийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын удирдлагуудтай хийсэн хурлын тэмдэглэл, тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн газрын даргын 2009 оны 01  дүгээр сарын 07-ны өдрийн 5/39 дүгээр албан тоотоор тогтоогдож байгаа гэж хэдийгээр бид дүгнэж байгаа хэдий боловч баримт бичиг хуурамч гэдгийг төрийн захиргааны байгууллага тогтоохгүй хууль хяналтын байгууллага тогтоох юм. Иймд “Талын гал” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Энгүй тал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна. “Энгүй тал” ХХК-д 2008 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. “Талын гал” ХК-д Ашигт малтмалын газраас 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6-2799 тоот албан бичиг, 2014  оны 05 сарын 03-ны өдрийн 6-3464 дугаар албан тоотуудаар тус тус хариу явуулсан байдаг. Гэтэл “Талын гал” ХК нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. “Энгүй тал” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт байрлах Тал булаг гэх нэртэй газарт 1391  гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Эрх бүхий байгууллагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш өнөөдрийг хүртэл “Энгүй тал” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулан нүүрс олборлож зүүн аймгууд, нутгийн ард иргэд, улсын болон хувийн аж ахуй нэгжүүдийг хямд үнэтэй нүүрсээр хангасаар ирсэн юм. Нэхэмжлэгч “Талын гал” ХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд Ашигт малтмалын газраас “Энгүй тал” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл бүхий талбай нь нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрлийн талбайтай 56 га газартай давхцуулан олгосон хэмээн тайлбарласан байдаг.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримт болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгснийг бүртгэх тухай” 289 дүгээр шийдвэрээр “Энгүй тал” ХХК-ийн эзэмшиж байсан 1390.59 гектар ашиглалтын талбайгаас 689.17 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж шийдвэрлэсэн байдаг.

Мөн Ашигт малтмалын газрын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/3960 дугаар албан тоотоор ирүүлсэн тойм зургаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбай болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй талбай нь хоорондоо давхцалгүй болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан шиг “Энгүй Тал” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөлтэй талбай нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Энгүй тал” ХХК нь хуурамч нотлох баримт бүрдүүлэн 2008 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан тул 14209А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь “Энгүй тал” ХХК-д 14209А дугаар тусгай зөвшөөрлийг авахдаа Үйлдвэр худалдааны яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн С-2-2 дүгнэлт, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13-02 дүгнэлт, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн С-01 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар салбар хуралдааны гишүүдийн саналыг үндэслэн 14209А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж “Талын гал” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 584 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Талын гал” ХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “Энгүй тал” ХХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, “Энгүй тал” ХХК-ийн 14209 А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 569 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 584 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын тусгай зөвшөөрлийн талбай хоорондоо давхцалгүй болох нь Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн "Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсгийн тодорхой хэсгийг буцаан өгснийг бүртгэх тухай" 289 дүгээр шийдвэр, ашигт малмалын кадастрын тойм зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч зэргээс "Талын гал" ХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын кадастрын хэлтэст холбогдох маргаан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д "Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг" заасан маргаан болох нь тодорхой байна.

Газар ашиглах эрхтэй холбоотой буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан маргаан бол Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүх шийдвэрлэх биш харин Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх ёстой. Нэгэнт газар ашиглах эрхтэй холбоотой маргаан биш болох нь нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч "Талын гал" ХК-ийн захирал С.Цэрэндондов нарын анхан шатны шүүх хурал дээр хэлсэн тайлбар зэргээр тогтоогдож байхад газар ашиглах эрхтэй холбогдуулан давхцал байгаа эсэх талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх цуглуулах бүрдүүлэх шаардлагагүй юм.

Мөн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 88 дугаар зүйлийн 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн заалтуудыг буруу тайлбараж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бүрдүүлсэн түүнээс нэхэмжлэлд хамааралгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүрэг хүлээдэггүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралгүй баримтыг шаардаж хэргийг дахин хянуулахаар буцааж байгаа нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Гуравдагч этгээд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн, хариуцагч хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаагүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бол шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Гагцхүү шүүх хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх асуудлыг шийдвэрлэдэг байгууллага нэгэнт хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байхад дахин хэрэгт хамааралгүй нотлох баримтуудыг цуглуулах шаардлагагүй юм.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлэлгүй, бүрдэл дутуу нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар эзэмших, ашиглах эрх, тусгай зөвшөөрөлтэй холбоотой доорх баримтууд хэрэгт авагдсан байна. 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамжаар “Талын гал” ХК-д уурхайн ашиглалтад зориулж 89 га, хот тосгонд зориулж 2 га, зам шугам сүлжээнд зориулж 10 км газрыг 20 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, энэ захирамжийн үндсэн дээр олгосон газар ашиглах эрхийн 0002716 дугаар гэрчилгээнд нийт 91 га газар гэж тэмдэглэгджээ.  

Мөн нэхэмжлэгч “Талын гал” ХК нь Сүхбаатар аймгийн “Тал булаг” гэдэг газарт 35 га газрыг 2000 оноос эхлэн 2060А болон 14563А дугаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшигч байна. 

Харин гуравдагч этгээд “Энгүй тал” ХХК нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Талбулаг 1 нэртэй газарт 2003 оноос ашигт малтмалын хайгуулын 5743Х, 2008 оноос 14209А /MV-014209/ тусгай зөвшөөрлөөр 1391 га газрыг ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшигч болно.

Дээрх тусгай зөвшөөрлийг үндэслэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 33 дугаар захирамжаар тус сумын 5 дугаар багийн нутаг “Тал булаг” хэмээх газарт нүүрс олборлох зориулалтаар 1391 га газрыг “Энгүй тал” ХХК-д ашиглуулахаар болжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2009 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 08/01/561 дүгээр дүгнэлтэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын уурхайн эдэлбэр, тусгай зөвшөөрлийн талбай 56 га-гаар давхардаж байгааг тэмдэглэж, Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т заасныг үндэслэн сүүлд авсан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд зохих өөрчлөлт оруулж, давхцалыг арилгахыг заасан байна.

Мөн дүгнэлтэд 94 дүгээр захирамжаар /огноо бичигдээгүй/ нэхэмжлэгч “Талын гал” ХК-Д 35 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэснийг болон уг захирамжаар 2007 оны 77 дугаар захирамж буюу “Талын гал” ХК-д 91 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгосон талаар дурдсан байх бөгөөд тухайн 94 дүгээр захирамж хэрэгт авагдаагүйгээс нэхэмжлэгч нь хичнээн  хэмжээний газрыг хууль ёсоор ашиглаж байгаа нь ойлгомжгүй болжээ. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайгаас хэсэгчлэн буцаах тухай “Энгүй тал” ХХК-иас гаргасан хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр тухайн компанийн ашиглалтын талбайгаас 698.17 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 692.42 гектар талбайг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэснээс үзвэл, улсын байцаагчийн дүгнэлтэд заагдсан зөрчил арилсан гэж дүгнэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс “... бодит байдал дээр давхцалтай гэх 56 га газар хасагдаагүй ...” гэж, гуравдагч этгээд нь “газрын давхцалын маргааныг шийдвэрлэх зорилготой талбайг хэсэгчлэн буцааж өгсөн, үүгээр давхцал арилсан ...” гэж  маргажээ.

Хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн хууль ёсоор ашиглаж буй газрын хэмжээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын ашиглаж буй газрын хил хязгаарыг тогтоох, нэхэмжлэлд дурдагдсан нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа гэх 56 га газрын байршил нь гуравдагч этгээдийн хэсэгчлэн буцааж өгсөн талбайд хамрагдаж буй эсэх зэрэг зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг хуульд заасан журмаар бүрдүүлж,  дүгнэх зайлшгүй шаардлагатай болно. 

Эдгээрийг тодруулах нь ““Энгүй тал” ХХК-д 14209А тусгай зөвшөөрөл олгосон бичиг баримт хуурамч байхад шийдвэр гаргахгүй байгаа хариуцагч захиргааны байгууллагын “эс үйлдэхүй” нь хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой байгааг шүүх анхаарвал зохино.

Иймд, “... хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байхад дахин хэрэгт хамааралгүй нотлох баримтыг цуглуулах шаардлагагүй ...” гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай түүний гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 569 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      М.БАТСУУРЬ             

ШҮҮГЧ                                                               Л.АТАРЦЭЦЭГ