Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01353

 

 

 

 

 

 

 

Д.А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08ы өдрийн 101/ШШ2021/01745 дугаар шийдвэртэй, Д.А ХХК-ийн нэхэмжлэлтэй К.А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жүгдэрдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жүгдэрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь К.А ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр КFС 574 дугаартай, 24 000 000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хариуцагчаар КFС брэндийн 3D animation зар сурталчилгааг буюу рекламыг HD форматаар 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хийлгэхээр тохиролцон урьдчилгаа төлбөрт 9 600 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Талууд мөн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр КFС 662 дугаартай, 4 400 000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг мөн байгуулж, КFС брэндийн 3D jingle зар сурталчтлгааг буюу рекламыг HD форматаар 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийлгэхээр тохиролцон урьдчилгаа төлбөрт 2 200 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь дээрх 2 гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс талуудын байгуулсан гэрээний 8.2.1-т зааснаар захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлахаар, мөн гэрээний 6.3 2 дахь хэсэгт зааснаар үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг шаардаж байна. Талуудын байгуулсан КFС 574 дугаар гэрээний хүрээнд урьдчилгаанд шилжүүлсэн 9 600 000 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуульд 12 000 000 төгрөг, талуудын байгуулсан КFС 662 дугаар гэрээний хүрээнд урьдчилгаанд шилжүүлсэн 2 200 000 төгрөг, гэрээний дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуульд 2 200 000 төгрөг, нийт 26 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч К.А ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчэй реклам, видео, шторк хийц хийх ажил гүйцэтгэх 2 гэрээг байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус шүүхээр гэрээг цуцлуулах агуулга бүхий шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлгүйгээр гэрээний урьдчилгаа төлбөр болон торгууль шаарджээ. Хариуцагчийн зүгээс гэрээт ажлыг нэхэмжлэгч талд хийж гүйцэтгэсэн ба ажлын явцад хийсэн ажил таалагдахгүй байна гэж хэд хэдэн удаа өөрчлөлт оруулж, харилцан ярилцаж байсан. Сүүлдээ хийсэн ажлыг таалагдахгүй байна гэх үндэслэлээр хүлээн аваагүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардсаны дагуу урьдчилгаа хөлсийг буцаан өгөх тухай асуудал дээр харилцан тохиролцоо хийхээр ярилцаж байсан ба цар тахлын улмаас хугацаа хойшилж, хөл хорио тогтоосны улмаас ажил зогссон зэргээс уулзалт хийж чадаагүй байх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэрээний дагуу юу ч хийгээгүй, нэмэлт хугацаа тогтоосон мэт агуулгаар нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Гэрээт ажлыг хүч хөдөлмөр, цаг хугацаа, зардал хөрөнгө гаргаж хийсэн ба нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан. Харин ч бидний зүгээс үлдэгдэл хөлсөө шаардах эрх үүссэн. Гэтэл гэрээний дагуу торгууль гэж, гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа хөлснөөс ч илүү торгуулийг гаргуулахаар шаардсаныг үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өнөөдрийн нөхцөл байдал, эдийн засаг, ажлын байрны нөхцөл хэр байгаа мөн бидний зүгээс ажил үйлчилгээгээ үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Одоо ч хийсэн ажлаа нэхэмжлэгчид өгөхөд бэлэн ба энэхүү ажлыг ашиглах бүрэн боломжтой. Энэхүү ажлын ноу хау дээр үндэслэж илүү хямд үнээр бусад байгууллагаас үйлчилгээ нэмж авах боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К.А ХХК-иас 11 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 14 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.А ХХК-иас 203 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манайх хариуцагч талтай харилцан тохиролцоод, эвлэрлээ шүүхийн журмаар баталгаажуулахаар нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч компанийн захирал шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн буюу хэргийн 4-6 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үед хэргийн 6 дугаар талд авагдсан нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр маргаан үүсгэсэн. Нэхэмжлэгч тал тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гарган өгч, гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн болохыг нотлох боломжтой гэдгийг тайлбарласан. Уг тайлбарын хүрээнд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, шаардлагатай нотлох баримтыг гаргуулах бүрэн боломжтой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 11 800 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хүрээнд 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэх үндэслэлээр татгалзаж нотолж байсан. Шүүх хуралдаан эхлэх үед шүүгчээс ...та нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах уу... гэж асуухад ...тодруулахгүй, энэ шаардлагаараа хэргийг шийдвэрлүүлнэ... гэж хэлж хуралдаан эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Шүүх гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэж, урьдчилгаанд төлсөн 11 800 000 төгрөгийг буцааж гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл гэрээг цуцлах хүртэлх хугацаанд гэрээний эрх, үүрэг хүчин төгөлдөр үйлчилж, нэхэмжлэгч тал гэрээг цуцалсантай холбоотойгоор үр дагаврыг шаардах ёстой. Гэрээг цуцалсан гэж үзсэн атлаа өгсөн, авснаа буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Гэрээг цуцлах хүртэлх гэрээний эрх зүйн харилцаа хүчин төгөлдөр байх бөгөөд энэхүү хүчин төгөлдөр харилцааны хүрээнд шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг гэрээ цуцалсантай холбоотойгоор буцаан гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрээг цуцлах хууль зүйн болон гэрээний үндэслэл бүрдээгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс ...хавтаст хэргийн 77 дугаар тал, 17-19 дэх мөрөнд тусгагдсан зохиолын дагуу реклам, шторкоо хийж өгсөн, гол нь шаардлага хангаагүй... гэж шүүх хуралдааны өмнө тодорхой хэлсэн. Тухайн гэрээний 6.5-д талуудын маргаагүй нэг зүйл тусгагдсан бөгөөд манайх ажлаа хүлээлгэж өгсөн гэдэг байр сууриа анхнаасаа илэрхийлсэн, талууд ч үүнд санал нэдсэн. Харин шаардлага хангаагүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсан. Гэтэл гэрээний 6.5-д ...захиалагч нь ажлыг хүлээж аваад, 1-100 хүртэлх хувиар үнэлнэ, хэрэв 100-аас бага хувь байх тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс хасч тооцно... гэдэг агуулга зохицуулагдсан. Хавтаст хэргийн 80 дугаар тал, 20 дах мөрнөөс доош хэсэгт тусгагдсанаар шүүх хуралдаан даргалагчийн зүгээс ...шаардлага хангаагүй гэж байгаа бол танайх ажлыг хүлээж аваад, үнэлэх ажиллагаа хийсэн юм уу... гэж нэхэмжлэгчээс асуухад ...хийгээгүй... гэж хариулсан байгаа. Гэрээний 6.5-д заасан ажиллагааг өөрсдөө хийгээгүй атлаа хариуцагчийг ...шаардлага хангаагүй ажил шилжүүлсэн... гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн гэрээг цуцлах журам огт хэрэгжээгүй. Бид үнэхээр шаардлага хангаагүй ажил нийлүүлсэн бол тус ажлыг дахин хийлгүүлэхтэй холбоотой гэрээ болон хуульд заасан зохицуулалт, нэмэлт хугацаа олгох зэрэг ажиллагаанууд байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс манай ажлыг хүлээж авсан гэдэгт маргаагүй байхад ямар байдлаар шаардлага хангаагүй болох нь тодорхой бус, гэрээ цуцлах журам хэрэгжээгүй, хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад гэрээг цуцалсан гэж үзээд, урьдчилгаа мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ажлаа хийгээд, хүлээлгэж өгсөн тул үлдэгдэл төлбөрөө шаардах эрх үүсээд байгаа. Иймд гомдлыг хүлээн авна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, мөн хуулийн 168.1.3 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.А ХХК нь хариуцагч К.А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаанд шилжүүлсэн 11 800 000 төгрөгийг торгууль 14 200 000 төгрөгийн хамт нийт 26 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1-2, 33/

Зохигч 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр КFС 574 дугаартай, 24 000 000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагчаар КFС брэндийн 3D animation зар сурталчилгааг буюу рекламыг HD форматаар 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хийлгэхээр тохиролцсон үйл баримт гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон./хх9-17/

 

Уг гэрээний урьдчилгаа төлбөрт 9 600 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчийн дансанд шилжүүлсэнд талууд маргаангүй.

 

Мөн зохигч 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр КFС 662 дугаартай 4 400 000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, хариуцагчаар КFС брэндийн 3D jingle зар сурталчилгааг буюу рекламыг HD форматаар 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийлгэхээр тохиролцсон нь гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон./хх17-23/

 

Дээрх гэрээний урьдчилгаа төлбөрт 2 200 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд шилжүүлсэнд талууд маргаангүй.

 

Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, ажлын үр дүн доголдолтой эсэх, гэрээний 8.2.1, 6.3.2-т тус тус заасан торгуулийг хариуцагч төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна./хх33/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буюу ажлын үр дүн доголдолтой байсан гэж тайлбарласан бол хариуцагч нь ажлын үр дүнг ашиглах боломжтой талаар тайлбарлан маргажээ. Өөрөөр хэлвэл талууд гэрээ хэний буруугаас цуцлагдсан, мөн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх, хэрэв гэрээ цуцлагдаж байгаа бол цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажилд захиалагч ашиг сонирхолтой эсэх, ажил гүйцэтгэгч тодорхой хэмжээний хөлсийг суутган тооцох үндэслэлтэй эсэхэд маргаантай байна.

 

Гэрээнээс татгалзах нь өгсөн авснаа харилцан буцаах эрх зүйн үр дагавартай байдаг бол Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсэгт зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.5-д гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч гэрээнд заасан шаардлагад үндэслэн ажил хүлээлцэх актаар 1-100 хүртэл хувиар үнэлэх бөгөөд 100 хувиас багаар үнэлэгдсэн тохиолдолд хувьчилж үнийг тооцох бөгөөд гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс хасаж тооцохоор байна. Ажлын үр дүн доголдолтой гэж маргаж байгаа тохиолдолд нотлох үүрэг захиалагчид ногдох бөгөөд 1-100 хүртэл хувиар үнэлсэн талаар баримтгүй, энэ үйл баримт тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэргийн 77 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгч ажлыг гүйцэд хийж хүлээлгэж өгсөн талаарх бичлэгт үзлэг хийлгэх боломжтой талаар тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу бичлэгт агуулагдаж буй мэдээлэлд анхан шатны шүүхээс үзлэг хийх замаар доторх агуулгыг тодруулах нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбоотой захиалагч, ажил гүйцэтгэгч нарын тайлбар үндэслэлтэй эсэх, талуудын маргааны зүйл болж буй гэрээ цуцлах болсон шалтгаан нөхцөл зэргийг тогтооход хамааралтай, ач холбогдолтой баримт байж болохоор байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.А ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 20/70 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хуулбар хувиар хэрэгт авагдсан бөгөөд талууд уг баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр маргаж, нэхэмжлэгч тал шаардлага хангасан байдлаар гарган өгөх хүсэлтээ илэрхийлсэн ч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй талаар зохицуулсан ч энэ ажиллагаа хийгдээгүй байна. Гэрээ цуцлах болон урьдчилгаа төлбөр, хугацаа хэтрүүлсэн торгууль буцаан гаргуулахтай холбоотой маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08ы өдрийн 101/ШШ2021/01745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 203 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД