| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0122/Э |
| Дугаар | 559 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 559
Д.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар магадлалтай, Д.Д-ид холбогдох 1919000170027 дугаартай эрүүгийн иргэний нэхэмлэгч Ө.У- болон түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 171 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Б овогт Д-н Д.
Д.Д- 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар 83-26 УБЛ дугаартай цагаан өнгийн “Тоёота Ноах” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин иргэн Ө.У-ын жолоодож явсан 17-32 УНМ дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч С.Б-, У.Н- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Д-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргасны улмаас Ө.У-ын тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч С.Б, У.Н- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.У-ын эд хөрөнгөнд 6,757,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт газарт буцааж, шүүгдэгч Д.Д-оос гаргасан давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч Ө.У- болон түүний өмгөөлөгч Л.Баттогтох нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны, хуулийн заалтыг чанд сахисан 27.8 дугаар зүйлийн 1, 2 мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй шинэ нөхцөл бий болоогүй, эргэлзээгүй тогтоосон байхад заавал тусгах зүйл болох шинжилгээний аргачлал, явц, үр дүнгийн талаар огт тусгаагүй байх гэсэн нь энэ хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2-т заасан шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон байна.
Нэгэнт шинжээчийн дүгнэлт гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан шинжээч нь өөрийн мэдпэгийн хүрээнд дүгнэлтээ гаргаж, өөрийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээнэ, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх уг хэргийг хамтад нь шийдвэрлэх эрх үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогчдод танилцуулах үед өөрсдөө болон түүний өмгөөлөгч ямар нэгэн тайлбар хийгдээгүй байгаа нь хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүйд болгож өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Жолооч Ө.У-ыг ямар ч гэм буруугүй мэтээр дүгнэсэн. Хэргийг мөрдсөн мөрдөгчид нөлөөнд автаж хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Жишээ нь хавтаст хэргээс харахад жолооч Ө.У- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачаа, замын онцлог нөхцөл байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж явах үүргийн биелүүлээгүй. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан хөдөлгөөнд аюул осол тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авах заалтыг зөрчсөн байдал нь илэрхий харагдаж байгаа. Фото зургаас харахад эргээд эсрэг урсгалд орсон байхад гэнэт хажуунаас дайрсан байдаг. Миний бие мөрдөн байцаалтын шатнаас эхэлж ажиллагаанд оролцсон. Мөрдөн байцаалтын шатанд машины эвдрэлийн байдлаар нөгөө машины хурдыг тодорхойлуулах /кодикийн арга/ талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй, үүнийг ойлгодоггүй. Ө.У-ын хувьд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байх ба эд хөрөнгийн хохирол учирсан нь нотлогдоогүй байхад иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх мөн эсэх талаар ажиллагааг явуулаагүй, эргэлзээтэй байдаг. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ө.У-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл түүнийх мөн эсэх нь тодорхойгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт байхгүй байхад түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн анх хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгч ажилдаа хариуцлагагүй хандаж, А цэгийг тодорхойлж тэмдэг, үсэг тавьж, фото зургаар бэхжүүлээгүйгээс хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй болж шинжээчийн дүгнэлт удаа дараа гаргахад хүргэсэн, 2 сарын дараа нөхөн үзлэг хийгдсэн.
Шийтгэх тогтоолд Д.Д-ийн гэм буруутай болох нь шинжээчийн дүгнэлтүүд, тэдгээрийн мэдүүлгүүд зэргээр нотлогдож тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нэмэлт бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гараагүй, тус дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх болмжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй бөгөөд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Иргэний нэхэмжлэгч Ө.У- болон түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Д- нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар 83-26 УБЛ дугаартай цагаан өнгийн “Тоёота Ноах” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин иргэн Ө.У-ын жолоодож явсан 17-32 УНМ дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч С.Б-, У.Н- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн талаар талаар нотловол зохих асуудлыг бүрэн гүйцэд шалгаагүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй байхад шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай болсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж хэргийг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, хугацаа, түүний үйлдлийн шинж чанар, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоогоогүй, шүүгдэгчийн үйлдлийн шинжид хамаарч болох өөр хууль зүйн үр дагавар бүхий хэм хэмжээ бий эсэхийг бүрэн гүйцэт шалгаж эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээдтэй холбогдох ажиллагааг дутуу шалгасан, мөн шинжээчийн дүгнэлтүүд, тэдгээрийн мэдүүлгүүд хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан эсэх, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, дүгнэлтийг танилцуулах үед оролцогч нар ямар нэгэн тайлбар хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар магадлалыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Ө.У- болон түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН