Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/01216

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/01216

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, *******-ийн хашаанд байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,

******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй, Орхон аймгийн ******* 8 061 201.80 төгрөг гаргуулах, дампуурлын хэргийг хааж дахин хөрөнгөжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгч Орхон аймгийн ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хэрэг гүйцэтгэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* ******* ХХК нь 2006 оноос эхлэн тасралтгүй зүсмэл материал болон төрөл бүрийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаад ажил тасалдаж улмаар цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, хөгжүүлэх чадамжгүй болсон тул энэхүү ******* ******* ХХК-ийн үйл ажиллагааг шалган дампуурсанд тооцон үзэж татан буулгаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...******* тоот регистрийн дугаартай ******* ******* ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийт 4 117 981 төгрөгийн албан татвар төлсөн байна. Тус хэлтсээс 2014 оны байдлаарх 8 453 800 төгрөгийн хугацаа хэтэрсэн өрийг нэхэмжлэн Сум дундын 14 дүгээр шүүхээс 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1164 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд 530 тоот гүйцэтгэх хуудастайгаар шилжүүлснээр албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа юм.

Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулж орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг эс биелүүлж байгаа тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд ******* ******* ХХК-иас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй 8 061 201.80 төгрөгийг гаргуулах, тус компанийг дахин хөрөнгөжүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ТАЛААРХИ ДҮГНЭЛТ: 1. Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан ******* ******* ХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. 2. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2012-2018 оны санхүүгийн тайланд шинжилгээ хийж үзэхэд ******* ******* ХХК нь 88,18% - 71,33%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт оржээ. 3. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү ******* ******* ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна...

...Дүгнэлт. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд зарим илтгэгч коэфициентүүд сөрөг утгатай гарч байгаа нь, Беликовын 4 хувьсагчтай загварын шинжилгээнээс бусад шинжилгээгээр дампуурах магадлал их гарч байгаа нь ******* ******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал маш өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

НАЙМ. ХХК-ИЙГ ДАХИН ХӨРӨНГӨЖҮҮЛЭХ, ЭСХҮЛ ДАМПУУРСАНД ТООЦОЖ ТАТАН БУУЛГАХ ТАЛААР САНАЛ. Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, Хариуцагч болон Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ******* ******* ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс '******* бүлаг ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ируулээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК нь тус шүүхэд хандан үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурсанд тооцуулж, татан буулгах хүсэлтийг гаргажээ.

******* ******* ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь зүсмэл материал үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдан 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн 2011004072 дугаар, ******* тоот регистерт бүртгүүлж, 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Булган аймгийн Хялганат тосгонд салбар нэгж байгуулсан, 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ эрхлэх туслах үйл ажиллагаа болон талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх, автомашины засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа шинээр бүртгүүлжээ. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Данжингийн Ганхуяг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Шүүхээс ******* ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар дампуурлын хэрэг үүсгэн, мөн хуулийн 5.3-т зааснаар хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоохоор түр хэрэг гүйцэтгэгчийг томилсон.

Дампуурлын түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн Шүүх ******* ******* ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШЗ2019/00847 тоот шүүгчийн захирамжаар ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, улмаар нэхэмжлэгчид нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, үүний дагуу хэлтэсээс өр 8,061,201.80 төгрөгийг төлүүлэх дахин хөрөнгөжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2018/04448 дугаартай шүүгчийн захирамжаар *******ыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон ба хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж шүүхэд ирүүлсэн. Дүгнэлтээр ******* ******* ХХК-н 2012-2018 оны санхүүгийн тайланд шинжилгээ хийхэд 88,18%-71,33%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон, 2019 оны хагас жилээр буюу 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаар эзний өмчийн дүн -2,699,300 төгрөг буюу хасах баланстай болсоныг байгуулагад мэдүүлсэн, 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэсэн байна.

******* ******* ХХК нь Орхон аймгийн хэлтэст 8,061,201.80 төгрөгийн өртэй, энэ талаар шүүх өмнө нь шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны албан бичиг, 530 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1169 дугаартай шийдвэр, зохигчийн тайлбаруудаар нотлогдож байна.

Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг Орхон аймгийн хэлтэс гаргасан боловч дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй, хэрэг гүйцэтгэгч дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаагүй болно.

Хэрэг гүйцэтгэгч ******* нь Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах хүсэлт оруулсан.

******* ******* ХХК-ийн дампуурах болсон шалтгааныг хэрэг гүйцэтгэгч: ...зөвхөн модон зүсмэл материал үйлдвэрлэлийн болон өөрийн 1 ширхэг болон бусдын тээврийн хэрэгслэлээр нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилт, зорилго эдийн засгийн тооцоолол төлөвлөлт байгаагүй, нүүрсний тээвэрлэлт зогссон, барилгын салбарт үүссэн зогсонги байдлын улмаас тус компаний үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон. Мөн татварын улсын байцаагчийн актаар нөхөн татвар, хүү, торгуульд нийт 8 061 201,80 төгрөг төлөх болсон.

Түүнчлэн компаний хувьцаа ээзмшигч нь компаний үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж 2014 оноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогссон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болсон гэж дүгнэсэн байна.

Мөн ******* ******* ХХК-ийн бусдад төлөх төлбөр нь дан ганц татварын хэлстийн өр байх ба, уг компанийг төлбөрийн чадваргүйд тооцсон шүүгчийн захирамж гарч нийтэд мэдээлснээс хойш Орхон аймгийн хэлтсээс өөр нэхэмжлэгч гарч ирээгүй, татвар төлөгч татвараа төлөөгүй нь хүсэлт гаргагч компанийн өөрийн удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой, өөрөөр хэлбэл компаний үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөл алдагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Иймд ******* ******* ХХК-нийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэстэй байна.

Харин Орхон аймгийн татварын ******* 8 061 201,80 төгрөг гаргуулах шаардлага нь өмнө нь шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн хэлтэс нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлээгүй болохыг дурьдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Орхон аймгийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* ******* ХХК-нийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан Орхон аймгийн ******* ******* ******* ХХК-аас 8 061 201.80 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн хэлтэс нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлээгүй болохыг дурьдсугай.

3.2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг заасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

5.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН