Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 88

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй хариуцагч

“ЭҮ” ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/00563 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох,

 

 “АТЦийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагч Б.Бын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.  

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Б овогтой Б нь “ЭҮ” ТӨҮГ-ын АТЦэд 2004 оны 01 сарын 27-ны өдөр хүнд даацын машины жолоочоор ажилд орж байсан билээ. Эхнэр бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний сарын дундаж цалин 3.511.963 /гурван сая таван зуун арван нэгэн мянга есөн зуун жаран гурван/ төгрөг байсан ба үүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан. 2020 оны 12 сарын 31-ний өглөө ажилдаа очоод эмчийн ээлжит үзлэгээр орж Алкотестер багажаар үлээлгэхэд 0.32% хэмжээ гарсан. Миний хувьд архи дарсны зүйлс огт хэрэглээгүй ээ. Урьд өдөр нь дархлаагаа дэмжих зорилгоор Ковид-19-тэй холбоотойгоор эмчийн зөвлөснөөр аарц, саримс ихтэй хоол, дархлааны бэлдмэл салимон, нимбэгтэй ус цай, витамин-С ихтэй шингэн зүйлс хэрэглэсэн байсан. Тухайн өглөө ажилд очихдоо ходоод хоосон тамхи татсан учир эвгүй үнэр үнэртсэнийг үгүйсгэхгүй. Эмчид би энэ учраа тайлбарлан амаа угаачхаад дахин үлээе гэхэд эмч ундууцан энд гарын үсгээ зураад ажилдаа гар гэсэн. Уг нь би тухайн үед уг багажаар гарсан хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй болно. Согтолтын зэргийг хүний судсанд буюу цусанд байгаа алкоголийн хэмжээгээр тогтоодог юм байна лээ. Иймд судасны цуснаас шинжилгээ авч үзээгүй тул 0,32% гэсэн хэмжээг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн үед би эрүүл байсан миний хувьд хэл ам орооцолдож гуйвж дайвсан зүйл байгаагүй ээ. Иймд би ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн дугаар Б/28 тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс АТЦийн хүнд даацын машины жолоочийн ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан өдрийн цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч “ЭҮ” ТӨҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д: "Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна гэж заасан. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам -ын 1.3,1.4-д: Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж /Драгер 6810, 7510/ ашиглаж хувь хэмжээг тодорхойлно гэж, 1.6-д: Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно, 2.4-д: Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ, 2.5-д: Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ гэж тус тус тодорхой заасан. Дээр дурдсан хууль, журмын дагуу Б.Быг үйлдвэрийн бүсэд ажилдаа ирэхэд нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын Драгер 6810 багажаар 2020.12.31-ний өдрийн 07:33 цагт амьсгалд нь шалгахад спиртийн хэмжээ 0.32 mg илэрсэн бөгөөд Б.Б нь энэ шинжилгээг тухайн үед нь хүлээн зөвшөөрч сорил хийсэн 2020.12.31-ний өдрийн 21 тоот Актад гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3.11, хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.11-д заасан ноцтой зөрчил гаргасан нь Drager Alcotest 6810 багажаар хийсэн шинжилгээгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч шинжилгээний актад гарын үсэг зурсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан 20/19/130 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/00563 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг тус тус баримтлан ЭҮ ТӨҮГ-т холбогдох АТЦийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 17 889 815 төгрөг гаргуулах Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б заалдсан гомдолдоо:

Миний бие Б овогтой Б нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/00563 тоот шийдвэрийг үл зөвшөөрч байна. ...Уг шийдвэрийг бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байгаа тул давж заалдах шүүх хуралд өөрийн биеэр оролцож гомдлоо тайлбарлана гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.17-ны өдрийн 142/ШШ2021/00563 тоот шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж буй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.17-ны өдрийн 142/ШШ2021/00563 тоот шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд “АТЦийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О  “...нэхэмжлэгч Б.Б нь шинжилгээний хариуг өөрөө хүлээн зөвшөөрч шинжилгээний актад гарын үсэг зурсан учир ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна”  гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ:1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Бын  гаргасан “...амьсгал дахь спиртийн 0.32 mg/L/ хэмжээ нь согтолтын зэргийг тодорхойлох хэмжээ мөн үү, 0.32 mg /L/  хэмжээ нь цусанд байх хамгийн бага 0.5 промиль (%O) хэмжээтэй дүйцэх үү гэдгийг тогтоолгох” тухай хүсэлтийг шүүх хангаж, шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэснийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №48 дугаар тогтоолоор  “... шинжээч томилсон асуудалд тусгай мэдлэг шаардагдахгүй”  гэсэн  дүгнэлт хийж,  №142/ШЗ2021/00996 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасныг зөрчжээ. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 он А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “...шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж нь 0.20 промиль (%О) ...илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан ба хэрэгт авагдсан “...согтолтын зэрэг тогтоосон сорилын акт 0.32 mg /L/ хэмжээ нь дээрх хэмжээтэй хэрхэн харьцуулагдах /промиль нь mg/L/ гэх хэмжээнээс хэрхэн ялгагдах, хэдэн mg/L-тай тэнцэх эсэхийг тогтооход мэргэжлийн тусгай мэдлэг шаардлагатай байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

2. Хэрэгт авагдсан ажилтанд согтолтын зэрэг тогтоож, сорил  хийх үед хөндлөнгийн гэрчээр оролцсон Ц.Батааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх  зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэх үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгч Б.Бын гаргасан давж заалдах  гомдлын хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/00563 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭг