Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/01021

 

                                                 ****ын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2022/00450 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2022/00061 дүгээр магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

“ **** ****” ****-т холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь “ **** ****” ****-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2022/00450 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****ын “ **** ****” ****-т холбогдуулан гаргасан Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2022/00061 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2022/00450 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****ын **** **** ****-т холбогдуулан гаргасан Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч ****ыг **** **** ****-ын Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 51,066,139 төгрөгийг хариуцагч **** **** ****-аас гаргуулж нэхэмжлэгч ****т олгосугай... гэж шийдвэрийн 2 дах заалтад ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч **** **** ****-аас 413.281 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ****ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ****тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2021.01.18-ны өдрийн Б/28 тоот тушаалын хуулийн үндэслэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, түүнчлэн 2020.12.31-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан “ **** ****” ХХК-ийн 2010.12.10-ны өдрийн А/737 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журамд нийцсэн” гэж үнэлж, хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ илэрхий, ноцтой алдаануудыг гаргасан.

4.1. Хөдөлмөрийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам” болон ****тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, “ **** ****” ****-ын хөдөлмөрийн дотоод журам, “ **** ****” ХХК-ийн 2010.12.10-ны өдрийн А/737 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох” журам зэрэг хууль, эрх зүйн актуудыг хэрэглээгүй.

4.2. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргах үед буюу 2020.12.31-ний өдөр хүчин төгөлдөр болоогүй, батлагдаагүй байсан “ **** ****” ****-ын 2021.01.18-ны өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ажлын байр, ахуйн байр, ****лэлийн орчинд хэрэглэж ирэх, хэрэглэхийг хориглох тухай” журмыг хэрэглэж, ажил олгогчийг болон анхан шатны шүүхийг үндэслэлгүйгээр буруутган дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлгүй өөрчлөлт оруулсан.

4.3. Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт буюу “Drager Alcotest 6810 багажаар хийсэн шалгалтаар 0.32 mg/1 хувь хэмжээтэй согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон, уг багажаас хэвлэгдсэн мэдээлэл бүхий 2020.12.31-ний өдрийн баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, “Уг багажийн мэдээллийн дагуу үйлдсэн 2020.12.31-ний өдрийн 21 тоот актад тухайн үед хажууд байсан Ц.Батааг хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зурсан нөхцөл байдлыг “ **** ****” ****-ын 2021.01.18-ны өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ажлын байр, ахуйн байр, ****лэлийн орчинд хэрэглэж ирэх, хэрэглэхийг хориглох тухай” журмыг “зөрчсөн акт” гэж үнэлж, “шүүх сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна” гэж” хуульд нийцээгүй магадлал гаргасан.

4.4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүнсний зориулалтын түүхий эдээр ****лэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна”, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.3-т “Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандагч багаж ашиглан тандалт хийж болно”, 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дах спиртийн агууламж 0,20 промиль (%0), эсхүл цусан дах спиртийн агууламж промиль (%0) илэрвэл согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасны дагуу зориулалтын тандагч багажаар ****ын амьсгалд шалгахад согтууруулах ундаа 0,32 хувь хэмжээгээр илэрсэн билээ. Давж заалдах шатны шүүх нь “Ажил олгогчийн 2021.01.18-ны өдрийн Б/28 тушаалд “ **** нь 2020.12.31-ний өдөр ****ийн бүс, ажлын байранд 0.32 хувийн согтолтын зэрэгтэй ирсэн гэж бичсэн нь үндэслэлгүй юм” гэж дүгнэж Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрүүтэй, буруу хэрэглэсэн” гэж үзэж байна.

4.5. Нэхэмжлэгч **** нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн ба 413,281 төгрөг төлөөгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дүгээр заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дах заалтад өөрчлөлт оруулахдаа “Хариуцагч “ **** ****” ****-аас 413,281 төгрөг гаргуулж, ****т олгохоор шийдвэрлэсэн” ба уг магадлалын 2 дах заалтаар “Нэхэмжлэгч ****ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгохоор” үндэслэлгүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ****ын улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй 413,281 төгрөгийг “ **** ****” ****-аас гаргуулж, ****т олгохоор шийдвэрлэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4.6. Шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Ажил олгогч нь 2021.01.18-ны өдрийн Б/28 тоот тушаалыг гаргахдаа хэрэглэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т дэх заалт нь Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15, 15.1, 15.4.2-т заасантай нийцсэн ба анхан шатны шүүхийн шийдвэр нь дээр дурдсан тогтоол болон Улсын Дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн зөвлөмжийн 2.4, 3.1, 3.3 дах заалтуудтай нийцэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хуульд нийцсэн эсэх талаас нь үнэлээгүй, дүгнээгүй ба “Ажил олгогчийн баталсан журмуудыг зөрчсөн учир 2021.01.18-ны өдрийн Б/28 тоот тушаал үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15, 15.1 дэх заалтыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

5. Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч О.Сарантуул нар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ. 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.09.26-ны өдрийн 001/ШХТ2022/00886 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ: 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыгхангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ****ын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулжээ. 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоосны улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

9. **** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажлын байран дээр архи дарсны зүйлс огт хэрэглээгүй, урьд өдөр нь дархлаагаа дэмжих зорилгоор Ковид-19-тэй холбоотойгоор эмчийн зөвлөснөөр аарц, сармис ихтэй хоол, дархлааны бэлдмэл салимон, нимбэгтэй ус цай, витамин-С ихтэй шингэн зүйлс хэрэглэсэн байсан. ...би тухайн үед уг багажаар гарсан хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй, согтолтын зэргийг хүний судсанд буюу цусанд байгаа алкоголийн хэмжээгээр тогтоодог, миний судасны цуснаас шинжилгээ авч үзээгүй тул 0.32 mg/L гэсэн хэмжээг зөвшөөрөхгүй, согтолтын зэргийг промиль гэх хэмжээсээр тогтоодог, ...согтолтын зэрэг хэд байсан гэдгийг журамд заасан промиль хэмжээгээр тогтоогоогүй. ... ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах...” гэж тодорхойлжээ. 

10. Хариуцагч “ **** ****” **** “...хууль, журмын дагуу ****ыг ****ийн бүсэд ажилдаа ирэхэд нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын Драгер 6810 багажаар 2020.12.31-ний өдрийн 07:33 цагт амьсгалд нь шалгахад спиртийн хэмжээ 0.32 mg илэрсэн бөгөөд **** нь энэ шинжилгээг тухайн үед нь хүлээн зөвшөөрч сорил хийсэн 2020.12.31-ний өдрийн 21 тоот актад гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3.11, хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.11-д заасан ноцтой зөрчил гаргасан, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан 20/19/130 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэж мэтгэлцсэн байна. 

11. Зохигчийн хооронд ажилтан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.  

12. **** ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд шүүхэд гаргасан байна. 

13. Нэхэмжлэгч ****  **** ****” ****-ын ерөнхий захирлын 2004.01.29-ний өдрийн 27 дугаартай тушаалаар “ ****” ****ийн Автотээврийн байгууллагад белазын жолоочоор ажилд орж, улмаар мөн захирлын 2019.10.14-ний өдрийн Б/4074 дугаартай тушаалаар Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн Ахуйн тээврийн хэсэгт хүнд даацын машины /40-75 тонн/ жолоочийн ажилд томилогдож, талууд 2019.10.14-ний өдөр 20/19/130 дугаартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. 

14. “ **** **** ****-ын ерөнхий захирлын 2021.01.18-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.11, Хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3.11, Автотээврийн цех /АТЦ/-ийн даргын 2021.01.05-ны өдрийн 20/01 тоот албан бичиг, ажилтан ****т сорилт хийж, согтолтын зэрэг тогтоосон 2020.12.31-ний өдрийн 21 тоот акт, согтолтын зэрэг тогтоох Drager Alcotest 6810 багажаар амьсгалд сорил хийсэн хуудас зэргийг үндэслэн Б.Батбаяр 2020.12.31-ний өдөр ****ийн бүс, ажлын байранд 0.32 хувийн согтолтын зэрэгтэй ирж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хүнд даацын машины жолоочийн ажлаас чөлөөлсөн байна. 

15. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, ажлын байр, гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажил гүйцэтгэх байдал, гэрээ цуцлагдах журам зэрэг тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой. 

Зохигчийн хооронд байгуулсан 2019.10.14-ний өдөр 20/19/130 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээний агуулгыг тодорхойлсон гэж үзнэ. 

16. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилжээ. 

“ **** ****” ****-ын 2019.04.26-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т “Хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцож ноцтой зөрчилд тооцохоор нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан /2 буюу түүнээс дээш/ гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна” мөн журмын 8.9.11-д “Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, ****ийн газрын бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан байна. 

17. Үүнээс гадна талуудын хооронд байгуулсан 2019.10.14-ний өдрийн 20/19/130 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.3.11-д “ ****ийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор тусгагджээ. 

**** 2020.12.31-ний өдөр ****ийн бүс, ажлын байранд 0.32 хувийн согтолтын зэрэгтэй ирсэн нь дээрх хөдөлмөрийн дотоод журам, гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарна. 

18. “ **** ****” ХХК-ийн ерөнхий захирлын 2010.12.10-ны өдрийн А/737 дугаартай тушаалаар батлагдсан Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын 5 дугаар зүйлийн 5.1-д “Шинжлүүлэгчийн амьсгалаар согтолтыг илрүүлэх сорилыг Герман Улсад ****лэсэн, Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраас ашиглах зөвшөөрөл авсан Alcotest 6810 багажаар хийнэ, хэвийн хэмжээ 0.0-0.19 %, амьсгалд 0.20 % ба түүнээс дээш промиль байвал согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ”, 6.1-д “Өдөр тутмын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хэвийн бус байдалтай байгаа ажилтан, согтолтын зэрэг тогтоолгохоор ажил олгогчийн гаргасан хүсэлт, гэрээт харуул хамгаалалтын байгууллагын ажилтнуудын шаардлага, дуудлагаар согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтан, хувь хүмүүсийн согтолтын зэргийг тогтоох зорилгоор амьсгалын Алкотестер 6810 илрүүлэгчийг ашиглана” гэж заасан. 

Дээрх журамд хариуцагч байгууллагын ерөнхий захирлын 2012.01.27-ны өдрийн А/43 дугаартай  Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалаар журмын 8.1-ийн Амьсгалын алкотестер 6810 илрүүлэгчийн заалт ...0.2 % буюу түүнээс дээш ... гэснийг ...0.01 мг/л буюу түүнээс дээш... гэж, 9.1-д Амьсгалын алкотестер 6810 илрүүлэгчийн заалт 0.01 мг/л буюу түүнээс дээш гарсан нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэсэн өгүүлбэр нэмсэн өөрчлөлт оруулсан байна. 

Нэхэмжлэгч ****ыг  гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргах үед уг журам хүчинтэй байжээ. 

19. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.4-т “Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж /Драгер 6810, 7510 цаашид “согтуурал шалгах багаж” гэх/ ашиглана”, 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дах спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан. 

20. Ажил олгогчоос ****ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоохдоо Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраас ашиглахыг зөвшөөрсөн, дээрх журамд заасан Alcotest 6810 багажаар шалгасныг буруутгах боломжгүй. 

  ****ын амьсгал дах спиртийн агууламж0,32 (mg/L) хэмжээтэй байсан нь Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ. 

21. “ **** **** ****-ын ажилтанд согтолтын зэрэг тогтоож сорил хийсэн 2020.12.31-ний өдрийн 21 тоот актад **** сорилын дүн 0,32 (mg/L) хэмжээтэй болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. 

22. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын 8.1-д сорил өгсөн ажилтан актад гарын үсэг зурахаас татгалзсан нөхцөлд цагдаагийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг үндэслэн цусан дах этанолын концентрацийг тодорхойлох зорилгоор цусыг шинжилгээнд авахаар заасны дагуу **** 21 тоот актад гарын үсэг зурахаас татгалзах, цусны шинжилгээ хийлгэх эрхтэй байсан, нэхэмжлэгч нь сорилын дүнг зөвшөөрч гарын үсэг зуржээ. 

23. Нэхэмжлэгч **** архи дарсны зүйлс огт хэрэглээгүй гэж хариуцагчтай маргасан хэдий ч хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ нотлоогүй байна. 

Энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

24. “ **** **** ****-ын ерөнхий захирлын 2021.01.18-ны өдрийн Б/28 дугаартай тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.11, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3.11-д тус тус заасныг зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

25.  Иймд анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 207/МА2022/00061 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2022/00450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гомдлыгхангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                       Н.БАЯРМАА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД