Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2022/00450

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг *******-ын төв байранд байрлах, “Эрдэнэт үйлдвэр” ******* /РД:*******/-т холбогдох,  

 

Нэхэмжлэлийн шаардлага: "Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай” иргэний хэргийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Гэрч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Бат-Эрдэнэ овогтой ******* нь *******-ын Авто тээврийн цехэд 2004 оны 01 сарын 27-ны өдөр хүнд даацын машины жолоочоор ажилд орж байсан билээ. Эхнэр бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний сарын дундаж цалин 3 511 963 /гурван сая таван зуун арван нэгэн мянга есөн зуун жаран гурван/ төгрөг байсан ба үүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан. 2020 оны 12 сарын 31-ний өглөө ажилдаа очоод эмчийн ээлжит үзлэгээр орж Алкотестер багажаар үлээлгэхэд 0.32 % хэмжээ гарсан. Миний хувьд архи дарсны зүйлс огт хэрэглээгүй. Урьд өдөр нь дархлаагаа дэмжих зорилгоор Ковид-19-тэй холбоотойгоор эмчийн зөвлөснөөр аарц, сармис ихтэй хоол, дархлааны бэлдмэл сальмон, нимбэгтэй ус цай, витамин-С ихтэй шингэн зүйлс хэрэглэсэн байсан. Тухайн өглөө ажилд очихдоо ходоод хоосон тамхи татсан учир эвгүй үнэр үнэртсэнийг үгүйсгэхгүй. Эмчид би энэ учраа тайлбарлан амаа угаачихаад дахин үлээе гэхэд эмч ундуйцан энд гарын үсгээ зураад ажилдаа гар гэсэн. Уг нь би тухайн үед уг багажаар гарсан хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй болно. Согтолтын зэргийг хүний судсанд буюу цусанд байгаа алкоголийн хэмжээгээр тогтоодог юм байна лээ. Иймд судасны цуснаас шинжилгээ авч үзээгүй тул 0,32 % гэсэн хэмжээг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн үед би эрүүл байсан, миний хувьд хэл ам орооцолдож гуйвж дайвсан зүйл байгаагүй. Иймд би ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн дугаар Б/28 тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан өдрийн цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулж өгнө үү. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа сальмон гээд дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг үйлдвэрчний эвлэлээс тарааж өгсөн байсныг зааврын дагуу уусан. Хувийн ариун цэврээ сахиагүй, гадаа тамхи татчихаад эмчийн үзлэгт орсон. Тухайн өдөр эмч үзлэг хийсэн. Би 14 хоног ажилдаа яваагүй, яагаад гэвэл нуруу өвдсөн байсан. Хэрвээ бие нь өвдсөн бол мэдэгдэх ёстой байдаг. Байгууллагын албан хаагчид руу залгаж хэлсэн боловч бүгд цайндаа гарч явсан чи эмч рүү залга гэж хэлсэн. Тухайн үед надад эмч рүү залгах нэгж байхгүй байсан. Грашид байсан Г.Дөлгөөн гэж жолоочийг гуйж намайг хэлээд өгөөч гэж хэлсэн. Г.Дөлгөөн хэлсэн байсан. Харин 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эмчийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж арга хэмжээ авсан. Намайг эмчтэй орж уулз гэж хэлсэн. Н.Батаа эмчтэй уулзаж байтал , хоёрыг цохолдуулж хуурамч бичиг баримт авсан нь нотлогдож гарч ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед журмынхаа дагуу хийсэн гэж ярьсан. Удалгүй эмч орж ирж үлээлгэсэн. Надад тайлбарлаж өгөөгүй, 2 цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед архи нь хэдэн хувь гарсан, архины согтууралтай байна гэж тайлбарлаж өгөөгүй. эмчтэй яриад байж байхад орж ирж үүнд гарын үсэг зурж өг гэж хэлж зуруулсан. Гарын үсэг зуруулсан цаасыг эмчид өгсөн. эмч цаасыг авч харснаа чи согтуу ирсэн байна. Одоо чамайг ажлаас хална гэж дарга нарын хажууд хэлсэн. Үүнийг өмнөх анхан шатны шүүх хуралд хэлж байсан. Ажилчдыг гаднаас орж ирэхэд Б.******* согтуу байна гэж хэлсэн. Өмнө нь багаж руу 2-3 удаа үлээлгэж байсан. Манайх шүлсээр нэг хэсэг авч байгаад больсон. Би 3-4 удаа шалгуулж байсан. Би ажилдаа согтуу очиж хэрэг төвөг тарьж байсан зүйл байхгүй, үйлдвэрт 17 жил ажиллах хугацаанд ямар ч зөрчилгүй, асуудалгүй ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ямар ч асуудал байдаггүй. Миний хөдөлмөрийн гэрээг буцаан сэргээж ажилд эгүүлэн оруулж өгнө үү, амарч байх хугацаанд авч байсан цалинг хавсаргасан байгаа. Миний дундаж цалин 3.400.000 төгрөг байсан. 2021 оны 1 дүгээр сарын 20-ноос одоог хүртэл ажлаас чөлөөлсөн. Тухайн үед ээлжийн амралтыг аваагүй байсан. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү гэв.  

2.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Б.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын авто тээврийн цехийн уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын машины жолоочийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байгаа. Чөлөөлсөн үндэслэл нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын байрандаа 0.32 хувийн согтолтын зэрэгтэй ирсэн. Энэ нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байна гэсэн тушаал гарч ажлаас халагдсан байгаа. Б.******* нь энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэл гаргасан үндэслэл нь тухайн өдөр архи уугаагүй байсан, намайг яаралтай тусламж үйлчилгээний эмч драгер үлээлгэсэн, согтолтын зэрэг гарлаа гэж хэлээгүй. Үлээлгэсэн баримтанд гарын үсэг зур гэж хэлсэн. Дараа нь хоосон актад гарын үсэг зурсан. Шүүхэд ирүүлэхдээ тесктийг нөхөж бичсэн байна. Драгер үлээлгэсэн эмч ажлаасаа буух гэж байна гэж хэлж гарын үсэг зуруулчихаад явсан. Тухайн үед би дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэсэн байсан. Тэр нь сальмон гэх спиртийн найрлагатай зүйлийг хэрэглэсэн байсан. Миний архи уусан, согтуу байсан шинж байдлыг нотолсон үзлэг хийх, үүнийг баримтжуулсан баримт байхгүй байхад драгер багажаар согтолттой гэж гарсан нь үндэслэлтэй байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, ажилд эгүүлэн томилж өгнө үү гэсэн шаардлага гаргасан байдаг. Энэ маргааны гол зүйл нь юу байсан бэ гэхээр үйлдвэрт мөрдөж байгаа журмын дагуу энэ ажиллагааг хийгээгүй, согтолт нь ямар согтолтын зэрэгтэй байсан юм, энэ асуудлыг 2010 онд үйлчилж байсан журмын дагуу шалгаж бүрэн дүүрэн тогтоогоогүй. Сая байгууллагын төлөөлөгчөөс асуухад тухайн үеийн баримт байхгүй учраас сайтаас татаж авсан хэмжигдэхүүний талаар тайлбарлаж ярьж байна. Тиймээс баримт байдаггүй. Хэрэгт гаргаж өгсөн тушаал буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхий захирлын баталсан журмаар эмнэл зүйн шинж, согтолтын зэргийг тодорхойлох нарийн байдлыг журамласан байна. Тухайн үед Б.*******ын эмнэлзүйн шинжийг тодорхойлсон ямар нэгэн баримт үйлдээгүй. Драгер гэх хэмжигдэхүүн нь миллграмм гэх хэмжигдэхүүнээр гардаг юм байна. Энэ хэмжигдэхүүнийг согтолтын ямар зэрэгт багтаж байгаа гэдгийг цусны шинжилгээгээр баталгаажуулах ёстой гэж журмынхаа 5.3 дах заалтад зааж өгсөн байдаг. Гарын үсэг зурсан балнууд өөр өөр өнгийн бал байдаг. Энэ ажиллагааг хийхэд гэрчээр байсан ээлжийн мастер н.Мөнхсайхан дарга нь тухайн цаг үед байгаагүй, үүнийг шүүх хуралдаанд оролцсон эмч хэлсэн. 0.32 миллграмм нь согтолтын ямар зэрэгт багтах юм, үүнийг тогтоосон баримт байхгүй байдаг. Энэ ажиллагааг хийгээгүй. Шууд драгерийн баримтыг үндэслэж согтуу ирсэн гэж ажлаас халж байгаа асуудлыг Б.******* хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед мөрдөж байсан дүрэм, журмаа зөрчсөн байна. Эмнэлзүйн талаар тодорхойлох баримтаа баталгаажуулж хэрэгт хийх ёстой байсан. Анагаахын шинжлэх ухаанд согтолтын зэргийг вид маркийн онолоор тогтоож гаргадаг юм байна. Үүнийг гэрчээс асуухаар мэдэхгүй гэж байна. Ингэж хэлж байгаа тайлбарыг үндэслэж шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. Үүнд согтолтыг тодорхойлж байгаа ойлголтын зөрүү хуульд заасан үндэслэл журмын дагуу энэ хэрэгт тогтоогдож орж ирсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0.32 хувийн согтолтын зэрэгтэй гэх үндэслэл хангалттай бүрэн дүүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна. Согтолтын зэрэг нь хүнд, хөнгөн, хүндэвтэр гэсэн 3 төрлийн зэрэгтэй байдаг юм байна. Энэ 0.32 мg/L хувь нь согтолтын ямар зэрэгт орж байгааг тухайн үед тогтоосон нотлох баримт байхгүй байгаа учраас Б/28 дугаартай тушаал үндэслэл бүхий гараагүй байна. Б.*******ын согтолтын зэргийг бүрэн дүүрэн хангалттай тодорхойлоогүй байна. Б.*******ын согтолтын зэргийг нь тодорхойлохгүйгээр Б.*******ыг согтуу ирсэн гэж дүгнэх боломжгүй байдал үүсэж байна. Тиймээс Б/28 дугаартай тушаал хангалттай үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байгаа учраас Б.*******ыг согтуу очсон гэж ажлаас халсан тушаал үндэслэл муутай байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 2021 оны 01 дүгээр сарын 18-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цалин хөлсийг гаргуулж өгөөч гэсэн шаардлага гаргасан байгаа. Ажлаас халсан үндэслэл үйл баримт хангалттай бүрэн дүүрэн тогтоогдоогүй учраас ажилд нь эгүүлэн тогтоох шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Үндэслэлгүй ажлаас халсан үүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалинг дундаж цалин хөлсөөр тооцож гаргуулах нь үндэслэлтэй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг авсан. Энэ лавлагаагаар Б.*******ын сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцоход 3.136.920 төгрөг болж байгаа. Үүнийг 2021 оны 01 дүгээр сарын 18-наас 2022 оны 03 дугаар сарын 22 нь хүртэлх хугацаагаар тооцож цалинг гаргуулахаар зааж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д: "Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” гэж заасан. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам -ын 1.3,1.4-д: Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж /Драгер 6810, 7510/ ашиглаж хувь хэмжээг тодорхойлно гэж, 1.6-д: Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно, 2.4-д: Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ, 2.5-д: Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ гэж тус тус тодорхой заасан.  Дээр дурдсан хууль, журмын дагуу Б.*******ыг үйлдвэрийн бүсэд ажилдаа ирэхэд нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын Драгер 6810 багажаар 2020.12.31-ний өдрийн 07:33 цагт амьсгалд нь шалгахад спиртийн хэмжээ 0.32 mg илэрсэн бөгөөд Б.******* нь энэ шинжилгээг тухайн үед нь хүлээн зөвшөөрч сорил хийсэн 2020.12.31-ний өдрийн 21 тоот актад гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3.11, хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.11-д заасан ноцтой зөрчил гаргасан нь Drager Alcotest 6810 багажаар хийсэн шинжилгээгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч шинжилгээний актад гарын үсэг зурсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан 20/19/130 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/,  “Эрдэнэт-үйлдвэр” *******-ын ажилчинтай байгуулах 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/19/130 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх 3-6/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 8-11/, цалингийн тодорхойлолт /хх-12/, ажлын байрны тодорхойлолт /хх 13-14/, шүүх хуралдаан дээр Б.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас:  Drager Alcotest 6810 багажаар хийсэн сорилын баримт /хх-34/,  “Эрдэнэт-үйлдвэр” *******-ын ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн акт /хх-35/, *******-ын ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/294 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай” тушаал  /хх-60/, *******-ын хөдөлмөрийн дотоод журам /хх 61-71/, *******-ын Автотээврийн цехийн 2021 оны 01 сарын 05-ны өдрийн 20/01 дугаартай албан бичиг /хх-86/, *******-ын Ерөнхий захирлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаартай Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хх-87/, Б.*******ын цалингийн тодорхойлолт, Википедиа-үнэгүй нэвтэрхий толь бичгээс Промилле-хэмжээсийн нэгжийн хэсэгчилсэн орчуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх зохигчийн хүсэлтээр Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилж, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас 2022 оны 01 сарын 19-ний өдрийн 13л/33 тоот албан бичгээр хариу ирүүлсэн, мөн зохигчийн хүсэлтээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2010 оны 12 сарын 10-ны өдрийн А/737 дугаартай тушаал,  уг тушаалаар батлагдсан Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 дугаартай тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаартай тушаал, уг тушаалын хавсралтаар батлагдсан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд  нөлөөт бодисыг ажлын байр, ахуйн байр, үйлдвэрлэлийн орчинд хэрэглэж ирэх, хэрэглэхийг хориглох тухай журмыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            1. Нэхэмжлэгч Б.******* нь  хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” *******-т холбогдуулан Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонбаяр нь “Б.*******ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

            3. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Ажил олгогч “Эрдэнэт үйлдвэр” ******* нь  Б.*******тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20/19/130 дугаартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн Ахуйн тээврийн хэсэг хүнд даацын машины жолоочоор ажиллуулж байгаад “Эрдэнэт үйлдвэр” *******-ын ерөнхий захирлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.11, Хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3.11 дэх заалтуудыг баримтлан “Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдвэрийн бүс, ажлын байранд 0.32 хувийн согтолтын зэрэгтэй ирж, хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээг цуцалж, хүнд даацын машины жолоочийн ажлаас чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.-т “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”, 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т “...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах”-аар,

 

“Эрдэнэт үйлдвэр” *******-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.-т “Хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцож ноцтой зөрчилд тооцохоор нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан /2 буюу түүнээс дээш/ гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна”, 8.9.11-д “Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, үйлдвэрийн газрын бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-аар,

 

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.-т “Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална”, 6.3.11-д “үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон ажлаас халах”-аар тус тус заажээ.

 

4. Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Б.******* архи дарсны зүйлс огт хэрэглээгүй, урьд өдөр нь дархлаагаа дэмжих зорилгоор Ковид-19-тэй холбоотойгоор эмчийн зөвлөснөөр дархлааны бэлдмэл сальмон хэрэглэсэн байсан. ... тухайн үед уг багажаар гарсан хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй, согтолтын зэргийг хүний судсанд буюу цусанд байгаа алкоголийн хэмжээгээр тогтоодог, миний судасны цуснаас шинжилгээ авч үзээгүй тул 0,32 mg/L гэсэн хэмжээг зөвшөөрөхгүй, согтолтын зэргийг промиль /%0/ гэх хэмжээсээр тогтоодог, иймд Б.*******ын архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоогоогүй, согтолтын зэрэг хэд байсан гэдгийг журамд заасан промиль хэмжээгээр тогтоогоогүй...”гэж тайлбарладаг.

 

            5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар, татгалзлын үндэслэлийг “...  Драгер 6810 багажаар 2020.12.31-ний өдрийн 07:33 цагт Б.*******ын амьсгалд нь шалгахад спиртийн хэмжээ 0.32 mg/L илэрсэн бөгөөд Б.******* нь энэ шинжилгээг тухайн үед нь хүлээн зөвшөөрч сорил хийсэн 2020.12.31-ний өдрийн 21 тоот актад гарын үсэг зурсан...”гэж тайлбарладаг.

 

 

6. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 дугаартай тушаалаар батлагдсан “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д “Шинжлүүлэгчийн амьсгалаар согтолтыг илрүүлэх сорилыг Герман улсад үйлдвэрлэсэн, Монгол улсын Стандартчилал хэмжил зүйн газраас ашиглах зөвшөөрөл авсан Alcotest 6810 багажаар хийнэ, хэвийн хэмжээ 0.0-0.19 %, амьсгалд 0.20 % ба түүнээс дээш промиль байвал согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ”,  6 дугаар зүйлийн 6.1-д “Өдөр тутмын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хэвийн бус байдалтай байгаа ажилтан, согтолтын зэрэг тогтоолгохоор ажил олгогчийн гаргасан хүсэлт, гэрээт харуул хамгаалалтын байгууллагын ажилтнуудын шаардлага, дуудлагаар согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтан, хувь хүмүүсийн согтолтын зэргийг тогтоох зорилгоор “амьсгалын Алкотестер 6810” илрүүлэгчийг ашиглана” гэж заасан бөгөөд тухайн үед уг журам хүчинтэй үйлчилж байсан байна.

 

Уг журмын дагуу нэхэмжлэгч Б.*******ын согтолтын зэрэг буюу согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг илрүүлэгч амьсгалын Alcotest 6810 багажаар шалгаж 0,32 (mg/L) хэмжээ гарсан бөгөөд Б.******* сорилын дүнг хүлээн зөвшөөрч “Эрдэнэт-үйлдвэр” *******-ын ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн актад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурсан байна.

 

Хэрэв тухайн үед Б.******* нь амьсгалаас Alcotest 6810 багажаар авсан сорилын дүн болох 0,32 (mg/L) хэмжээг  зөвшөөрөхгүй байсан бол дээрх журмын 8.1-д “амьсгалын Алкотестер 6810 ” илрүүлэгч заалт 0,2 % буюу түүнээс дээш, шүлсний  алкотестерийн заалт 0,02 % буюу түүнээс их гарсан ба тухайн сорил өгсөн ажилтан актанд гарын үсэг зурахаас татгалзсан нөхцөлд цагдаагийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг үндэслэн цусан дахь этанолын концентрацийг тодорхойлох зорилгоор цусыг шинжилгээнд авна” зааснаар нэхэмжлэгчийн цуснаас шинжилгээ авах боломжтой байсан байна.

 

7. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны  10 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай магадлалд “Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм,  сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “...шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж нь 0.20 промиль (%O) ...илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба хэрэгт авагдсан “...согтолтын зэрэг тогтоосон сорилын акт 0.32 (mg/L) хэмжээ нь дээрх хэмжээтэй хэрхэн харьцуулагдах, промиль (%O) нь ( mg/L) гэх хэмжээнээс хэрхэн ялгагдах, хэдэн (mg/L)-тай тэнцэх эсэхийг тогтооход мэргэжлийн тусгай мэдлэг шаардлагатай байгааг шүүх анхаарч үзээгүй” гэж заасан.

 

Шүүх магадлалд заасан асуудлыг тодруулахаар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилсон боловч Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас “...шалгуулагчийн амьсгал дахь согтууруулах ундааны агууламжийг Драгер-6810 багажаар тогтооход mg гэх хэмжээгээр хэмждэг. Харин цусан дахь спиртийн агууламжийг промилл процент гэх хэмжээгээр хэмждэг ба одоогоор mg хэмжээг промилл процентод шилжүүлсэн аргачлал, заавар байхгүй тул хариулт өгөх боломжгүй” гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн бөгөөд амьсгалын Alcotest 6810 илрүүлэгч багажаар сорил авахад (mg/L) хэмжээс гардаг ба (mg/L) хэмжээг промиль (%O) хэмжээст шилжүүлэн тооцдог аргачлал, журам Монгол улсад байхгүй болох нь тогтоогдож байна.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Олон улсын Википедиа-үнэгүй нэвтэрхий толь бичгийн вебсайтаас татаж авсан Промилле-хэмжээсийн нэгжийн хэсэгчилсэн орчуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг баримтаар ( mg/L) -ийн хэмжээсийг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй промиль (%O) хэмжээ тэнцдэг ба шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн уг баримтыг албан ёсны баримт биш учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

9. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 дугаартай “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалаар 1. Ерөнхий захирлын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 тоот тушаалаар батлагдсан  “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын  согтолтын зэргийг тодорхойлох журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1-ийн “Амьсгалын алкотестер 6810 илрүүлэгчийн заалт ...0.2 % буюу түүнээс дээш ...” гэснийг “...0.01 мг/л буюу түүнээс дээш...” гэж өөрчилсүгэй, 2. Мөн журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Амьсгалын алкотестер 6810 илрүүлэгчийн заалт 0.01 мг/л буюу түүнээс дээш гарсан нөхцөлд ажил олгогчийн санаачлагаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэсэн өгүүлбэр нэмсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсан байна.

 

10. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 тоот тушаалаар батлагдсан журам, уг журамд нэмэлт өөрчлөлт оруулсан Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 дугаартай тушаал болон Drager Alcotest 6810 багажаар хийсэн сорилын баримт, “Эрдэнэт-үйлдвэр” *******-ын ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн актаар нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдвэрийн бүс, ажлын байранд 0.32 ( mg/L) согтолтын зэрэгтэй ирж, хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан  болох нь тогтоогдож байна.

 

11. Иймд ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг  ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаартай тушаал үндэслэлтэй гарсан байх тул нэхэмжлэгчийн хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” *******-т холбогдуулан гаргасан Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /2011 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын *******-т холбогдуулан гаргасан Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ