Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/00712

 

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/00712

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ... ургийн овогтой ...гийн О... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... байрны ... тоотод оршин суух, Х... ургийн овогтой Б... Б... /РД:.../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 47,300,715 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч С.Од холбогдох 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 24,195,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Дулмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О, Б.Б нарын хооронд 2011 он болон түүнээс өмнө зээлийн харилцаа үүсч байсан. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийгдэж, 40,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээнд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг,  2016 оны 11 дүгээр сараас эхлээд 7 хоног бүрийн лхагва гаригт 700,000 төгрөг төлж, 2017 оны 12 дугаар сар хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч Б.Б нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3,015,000 төгрөг, 2018 онд 850,000 төгрөг нийт 3,865,000 төгрөг төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөр 36,135,000 төгрөгийг төлөөгүй байна. Төлбөр барагдуулах гэрээний 2.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор заасан.  Хугацаа хэтрүүлсэн 309 хоногийн алдангийг бодож үзэхэд 11,165,715 төгрөг болно. Иймд үндсэн зээлийн төлбөр 36,135,000 төгрөг, алданги 11,165,715 төгрөг нийт 47,300,715 төгрөгийг хариуцагч Б.Бөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: С.О, Б.Б нарын хооронд 1998 оноос хойш зээлийн харилцаа үүссэн. Б.Б анх Барс зах дээр С.Оийн ногооны лангуун дээр ачигчаар ажилладаг байсан. Сүүлдээ Б.Б бие дааж бизнес хийе гээд энэ хүнээс байнга мөнгө зээлж авч байсан. Б.Б ч өөрөө үүнийгээ хэлж байна. Ингэж явсаар Б.Б 2011 онд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлнэ. Надад ам.доллар, мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу бэлнээр 62,000 ам.долларыг өгсөн байдаг. Энэ мөнгийг Б.Б Хөдөө аж ахуйн сангаас зээл аваад буцааж өгнө гэж байсан. Б.Б нь С.Оээс мөнгө авснаасаа хойш Хөдөө аж ахуйн сангаас 300,000,000 төгрөг, 700,000 төгрөгийн зээл авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдана. Энэ мөнгөө аваад С.Од авсан мөнгөө төлнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй. Б.Б анх 2012 онд 62,000 ам.доллар төлнө гэж бичиг хийж өгсөн хирнээ мөнгөө өгөхгүй байсан тул С.О 2016 онд эрүүгийн журмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулсан. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 2014 оноос 2016 оны хооронд төлсөн гээд байгаа 24,195,000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт аваачиж өгч, Хаан банк болон Төрийн банк руу шилжүүлсэн мөнгөн дээр тооцоо нийлээд, ам.доллар биш 40,000,000 төгрөгт эвлэрч төлбөр барагдуулах гэрээ хийгдсэн. Энэ гэрээний дагуу 2017, 2018 онуудад төлбөрөө төлж явсан. Эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх ёстой байсан хэрэг дээр эвлэрэн тохиролцож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгочихоод, өнөөдөр өдрийн хүү, хүүгийн хүү, хоногийн хүү гэж нэхдэг байсан. Гэрт ирж суудаг байсан, ингэдэг байсан, тэгдэг байсан гэж ярьж байгаа нь харамсалтай санагдаж байна. С.О энэ хүнд маш их дэм тус болж байсан. Ямар ч барьцаагүйг 30,000 ам.доллар, 29,000 ам.доллар, 3,000 ам.доллар, 2,000 ам.доллар зээлж, энэ хүнд итгэл хүлээлгэж мөнгө зээлсэн. Гэтэл энэ хүн ингээд ярьж зогсож байгаад харамсалтай байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.О эгчээс 2007 онд өөрийнх нь хийж өгсөн тооцоогоор 33,300 ам.доллар зээлж авсан. Өөр зээл аваагүй. 40,000,000 төгрөг зээлж авсан гэдэг нь худлаа. 2007, 2008 онд 33,300 ам.долларыг зээлж аваад, тооцоо дууссан байтал С.О нь зээлийн хүү, хүүгийн хүү, ханшийн зөрүү, өдрийн хүү гэх мэт тооцоо гаргаж байнга мөнгө нэхэж авдаг байсан. Бидний хооронд мөнгө зээлсэн, зээлүүлсэн талаар гэрээ хийгдэж байгаагүй. Зээлийн хүүг тухай бүрд нь бодож бэлнээр өгөөд явдаг байсан. С.Од ойролцоогоор 70,000,000, 80,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэж бодож байна. Биднийг янз бүрээр дарамталж мөнгө авдаг байсан. Барс зах дээр ногоо зарж байхад орой бүр ирж тэр өдрийн орлогоос заавал мөнгө авдаг байсан. Өгөхгүй гэвэл орилж, загнаж, доромжилж, тэр хавийн лангууны хүмүүст зээлсэн мөнгө, хүү алданги өгсөнгүй. Дээрэмчин, луйварчин гэх зэргээр зарлаж байсан нь бидний нэр хүнд сэтгэл санаанд асар хүнд дарамт үзүүлдэг байсан учраас хэлсэн мөнгийг нь өгч салдаг байсан.  Зарим үед гэрт ирээд суучихдаг. Гэрт нь очсон үед гэрээсээ гаргахгүй удаан хугацаагаар загнаж суулгадаг. Машинд орж ирчхээд буухгүй, хэдэн ч цагаар хамаагүй суух зэргээр маш олон удаа мөнгө авсан. Ингэж бэлнээр өгсөн мөнгийг бид ерөөсөө тооцохгүй байгаа. Энэ хүнээс зээлж авсан мөнгөө хүү, алдангитай нь хангалттай өгсөн. Би 1998 онд С.О болон түүний нөхөр н.Төмөрсүх нарын ногоо жимсийг Барс зах дээр зарж өгдөг байсан. Сүүлдээ бид түүнээс мөнгө зээлж, тусдаа ажиллаж эхэлсэн. Энэ хүмүүс бид хоёрт маш их тус болсон тул ач тусыг нь бодож зээлсэн доллар, түүний хүү, ханшийн зөрүү, бизнесийн ашгаа энэ хүмүүст харамгүй өгч байсан. н.Төмөрсүх ах бидэнд маш их тус хүргэдэг байсан. Түүнийг нас барсны дараа С.О эгч мөнгө өг, амьдрал хэцүү байна гээд уйлаад загнаад байхаар нь данс руу нь мөнгө шилжүүлж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны хооронд түүний Хаан банк болон Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлж байсан ба энэ мөнгөний тооцоог хийж үзэхэд 27,460,000 төгрөг болсон байдаг. Ингээд тооцоо дууссан гэж бодож байтал 2016 оны 04 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст намайг мөнгө залилан мэхэлж авсан гэж гомдол гаргасан байсан. Тухайн үед С.Оийн танил мөрдөн байцаагч н.Тэмүүжин гэгч эрүүгийн хэрэг үүсгэж намайг мөнгөө төл гэж байнга шаардан, цагдаагийн хэлтэс дээр өдөр бүр дуудан цаг бүртгэж, удаан хугацаагаар цагдаагийн үүдэнд байлгаж, мөнгөө өгөхгүй бол цагдан хорино. Хэрвээ С.Оийн мөнгийг төлөхгүй бол хоёроос таван жилийн хорих ял авна шүү гэж байнга сүрдүүлдэг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр намайг гавлан авч Цагдан хорих 461 дүгээр ангид 72 цаг хорьсон. Үргэлжлүүлэн хорих саналыг прокурорт хүргүүлсэн боловч Дүүргийн прокуророос намайг суллан, батлан даалтад өгч байсан. Н.Тэмүүжин мөрдөн байцаагч анх мэдүүлэг авахдаа чи мөнгө төлнө гэдгээ хүлээ. Та хоёр тохиролцох юм бол хэргийг хаана. Төлөхгүй бол чи хорих ял авна гэж шаардаж байсан тул би цагдаагийн энэ дарамт шахалтаас, мөн эрүүгийн хэргийн хохирогч гэх С.Оийн шаардлагаар төлбөрөө барагдуулах гэрээнд гарын үсэг зурж, хилс хэрэг, хорих ялаас салж байсан. Төлбөр барагдуулах гэрээг С.О өөрөө хийж, таньдаг нотариатч дээрээ очиж батлуулсан байсан. Миний бие С.Оээс дээрх 33,300 ам.доллараас өөр ямар ч мөнгө зээлээр аваагүй. Зээлээр авсан мөнгө, хүү, алдангид хангалттай мөнгө өгсөн. 2011 онд 40,000,000 төгрөг зээлж аваагүй. С.Од төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Цагдаагийн байгууллагаас зээлийн хүү, алданги төлүүлэх гэсэн гомдолд хуулийн үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, хилс хэрэгт холбогдуулан намайг 3 хоног цагдан хорьсон. Мөнгө төлөхгүй бол цаашид дахин цагдан хорино. Мөн хоёроос таван жилийн ял оногдуулна гэсэн мөрдөн байцаагчийн эрүү шүүлт, дарамт шахалтад орж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хийсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. С.О 2007 онд 33,300 ам.доллар надад зээлээр өгсөн. Гэхдээ зээлийн гэрээг бичгээр хийгээгүй. С.Оээс 2007 онд зээлсэн ам.доллар болон хүү, алдангийг төлж дууссан байхад С.О үндсэн зээлийн төгрөг, ам.долларын ханшийн зөрүү, зээлийн хүү, хүүгийн хүү, өдрийн хүү, хоногийн хүү гэж тооцоо гаргаж, надаас байнга мөнгө нэхэх болсон тул би мөнгө бэлнээр өгч байсан. Сүүлдээ би түүний данс руу банкаар мөнгө шилжүүлдэг болсон. Бэлнээр өгсөн мөнгийг тооцоонд оруулаагүй. 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд С.Оийн Хаан банк болон Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлж байсан ба зөвхөн дансаар шилжүүлсэн мөнгөний тооцоог хийж үзэхэд 27,460,000 төгрөг болсон. Мөн 2016 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдаагийн байгууллагад мөнгө залилан мэхэлж авсан гэж үндэслэлгүй гомдол гарган шалгуулж дарамт шахалтад оруулснаас хойш түүний данс руу 3,865,000 төгрөг шилжүүлсэн. Бид зээлийн гэрээ бичгээр хийгээгүй тул хүү, алданги тооцож авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. С.Од зээлийн хүүнд нийт 31,325,000 төгрөг банкаар шилжүүлсэн. Энэ талаар баримт байгаа. 31,325,000 төгрөгөөс С.Оийн өөрийнх тухайн үеийн тооцоогоор үндсэн зээлийн дутуу 7,130,000 төгрөгийг хасаж тооцоход хүүнд гэхэд 24,195,000 төгрөг төлсөн байна. Иймд С.Оээс 24,195,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Бөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,300,715 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 24,195,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

           

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Б.Бөд 2011 онд 30,000 ам.доллар зээлдүүлж өгсөн ч буцааж төлөөгүй учир цагдаад гомдол гаргаж шалгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж 40,000,000 төгрөгийг хуваан төлөхөөр тохиролцсон ч одоог хүртэл зээлээ төлөөгүй гэж, хариуцагч хариу тайлбар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч С.Оээс 2007 онд 30,000 ам.доллар зээлж, хүү, алдангийн хамт бүрэн төлж дууссан. 2011 онд дахин 30,000 ам.доллар зээлж аваагүй. 2016 онд намайг цагдаагийн байгууллагаар шалгуулж, дарамтанд оруулснаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэгч С.О түүний нөхөр нь надад тус болж байсныг нь бодож 2014 оноос 2018 онд нийт 31,325,000 төгрөг өгсөн. Үүний 7,130,000 төгрөгийг 2007 онд зээлж авсан 30,000 ам.долларын зээлийн үлдэгдэлд тооцож, үлдэх 24,195,000 төгрөгийг буцаан гаргуулна хэмээн маргасан.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, хариуцагч Б.Бөөс нэхэмжлэгч С.Оийн Хаан банкин дахь данс руу 2014-2016 онд нийт 27,460,000 төгрөг шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтас, 73-239 дүгээр тал/, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 3,865,000 төгрөг шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтас, 24-39 дүгээр тал/, 2012 оны 09 дүгээр сарын 30-нд 62,000 ам.доллар Хаан банкнаас зээл авахаар өгнө гэсэн бичвэртэй, хариуцагч Б.Бийн гарын үсэг бүхий баримт /2 дугаар хавтас, 18 дугаар тал/ зэргээс үзвэл тэдний хооронд 2011 онд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2011 онд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх хэдий ч бичгээр гэрээ байгуулаагүй, зээлээс төлбөр төлөгдсөн боловч энэ талаар тооцоо хийгдээгүй байна. Гэвч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан нь шинээр үүссэн гэрээний харилцаа бус харин өмнө нь байгуулагдсан хэлцлийг баталгаажуулж зээлийн үлдэгдэл төлбөр, түүнийг төлөх хугацааг тодорхойлж баримт үйлдсэн гэж үзэхээр байна. Үүний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 40,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг үүсчээ. Төлбөр барагдуулах талаар хийсэн хэлцэл нь дүр үзүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. Хариуцагч Б.Бөөс нэхэмжлэгч С.Од 2014-2016 онд нийт 27,460,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 3,865,000 төгрөг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй. Хариуцагчаас 27,460,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлийн дагуу шилжүүлээгүй, нөгөө талаар талууд тооцоо нийлж зээлийн төлбөрөөс хасагдсан гэж үзэн 40,000,000 төгрөг төлөх үүргээс 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд төлсөн нийт 3,865,000 төгрөгийг хасч тооцов.

 

Харин талууд 2011 онд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, алданги тооцох талаар тохиролцоогүй байх тул 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ буюу төлбөрийн талаар баталгаажуулсан баримтын дагуу алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Иймд хариуцагч Б.Бөөс 36,135,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,165,715 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагчийн гаргасан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 24,195,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Бөөс 36,135,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,165,715 төгрөгт холбогдох хэсгийг болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Од холбогдох 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 24,195,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Бийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,500 төгрөг, хариуцагч Б.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,875 төгрөгөөс 349,125 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 60,750 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 338,625 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АЗБАЯР