Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00120

 

 

Д.С, Д.Ц- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/03003 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.С, Д.Ц- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Н-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн шаардлагатай, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, Д.Ц-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлийн агуулга:

          Баянгол дүүргийн 8-р хороо, 16-р байрны 05 тоот орон сууцны өмчлөгч Ц.Энхтуяад 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. Зээлдэгч Ц.Энхтуяа нь авсан зээлээ бүрэн төлж чадахгүй байсаар 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас нөхөцсөн юм. Одоо энэ байрны өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 08 дугаар сард С.Н- авсан байдаг.

          Иймд уг байрны өмчлөгч С.Н-ээс 42,982,500 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэ мөнгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 8-р хороо, 16-р байрны 5 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.

 

  1. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

          Миний бие 1973 онд Б.Сумъяагийн ууган охин болж төрсөн. Гэтэл миний эцэг болох Б.Сумъяа нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр насан өөд болсон. Миний эцгийн өв хөрөнгө болох Баянгол дүүргийн Баянгол дүүргийн 8-р хороо, 16-р байрны 05 тоот орон сууцыг бидний эзгүйд хуулийн хугацаанаас өмнө С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл нар болон С.Н-ийг оролцуулахгүйгээр Ц.Энхтуяа нь Д.С, Д.Ц- нарт барьцаанд тавиад нас барсан. Гэвч өдийг хүртэл Ц.Энхтуяагийн үр хүүхдүүдээс Ц.Энхтуяагийн өвийг ч авахгүй, өрийг ч авахгүйгээр татгалзсан болно. Гэтэл Б.Сумъяагийн хуваарьт хөрөнгө болох орон сууцыг Д.С, Д.Ц- нар яагаад өөрсдийн өмч хөрөнгө шиг үзэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг гаргуулж авах болон захиран зарцуулахад хориг тавих эрх мэдэлтэй болсныг ойлгохгүй байна. Дээрх нэхэмжлэлтэй холбогдуулан 2014 оноос хойш тасралтгүй жил бүр хэд хэдэн шийдвэр, захирамж, магадлалыг удаа дараа гаргуулж байсан боловч жинхэнэ хариуцагч биш огт хамааралгүй гэсэн утгаар нэхэмжлэлийг ихэнх тохиолдолд хүлээн авахаас татгалзах, хүчингүй болгох зэргээр шийдвэрлэгдсэн билээ.

          Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Сөрөг нэхэмжлэлийн агуулга:

          Д.С, Д.Ц- нар нь Ц.Энхтуяатай харилцан тохиролцож өмчлөх өв залгамжлах эрхгүй болохыг мэдсээр байж шунахайн сэдлээр Баянгол дүүргийн 8-р хороо, 16-р байрны 05 тоот орон сууцыг 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг зээлж, барьцааны болон зээлийн гэрээг бүртгүүлсэн байдаг. Уг гэрээг сунгах хэлбэрээр Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт таван удаагийн үйлдлээр хуурамч нотлох баримт бүрдүүлж барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэжээ. Д.С, Д.Ц- нар нь дээрх орон сууцны жинхэнэ өмчлөгч Б.Сумъяатай Ц.Энхтуяа нь 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлээ батлуулж 8 сар болж байсан, мөн Б.Сумъяагийн хууль ёсны өмчлөх эрхтэй өв залгамжлагч нарыг байсаар мөн мэдсээр байж хууль ёсны өв залгамжлагч С.Н-, С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл нарын эзгүйд гэр бүлийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, шунахайн сэдлээр удаа дараа барьцаалбар бүртгүүлсэн байдаг.

Иймд дээрх таван удаагийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

 

  1. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч нарын хариу тайлбарын агуулга:

          Зээлдүүлэгч Д.С, Д.Ц- нар Ц.Энхтуяад түүний хүсэлтээр 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай 3.5%-ийн хүүтэй, зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох нөхцөлөөр гэрээ хийж нотариатаар батлуулж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлийн гэрээг хоёр удаа сунгасан. Мөн Ц.Энхтуяагийн хүсэлтээр зээлдүүлэгч бид 2011 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох нөхцөлөөр, Ц.Энхтуяагийн өмчлөлийн Ү-2205016463 улсын бүртгэлтэй байрыг нэмэлт гэрээ хийж зээлдүүлсэн. Дээрх зээлийн гэрээний хугацаа дуусахад талууд сунгасан байдаг. Гурван удаагийн сунгалтын гэрээг шинээр Ц.Энхтуяад олгосон мэтээр худал мэдүүлгийг шүүхэд өгсөн байна. Д.С, Д.Ц- нарын зээл өгсөн 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнөх гэр бүлийн хэрэгцээний асуудал бидэнд хамаагүй болно.    Хариуцагч С.Н- нь Д.С, Д.Ц- болон Ц.Энхтуяа нарын харилцан тохиролцож хийсэн барьцааны гэрээг гэрээний ямар нөхцөлийг хангаагүй, яагаад хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаагаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

          Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

          Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 153 дугаар зүйлийн 153.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Н-ээс 42,982,500 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Д.С, Д.Ц- нарын нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.С, Д.Ц- нарт холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч С.Н-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С, Д.Ц- нар болон хариуцагч С.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,063 төгрөг болон 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 212,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсан.

 

  1. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

а. Баянгол дүүргийн 8-р хороо, 16-р байрны 05 тоот орон сууцны өмчлөгч байсан Ц.Энхтуяагийн хүсэлтээр Д.С, Д.Ц- нар Ү-2205016463 улсын бүртгэлтэй байрыг барьцаалан 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг зээлдүүлсэн. Үүний дараа барьцаанд байгаа байрыг үндэслэн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан дахин 10,000,000 төгрөгийг зээлдүүлэн, зээл болон барьцааны гэрээг нотариатаар батлуулж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн. Ц.Энхтуяа нь Б.Сумъяатай 1995 онд гэр бүл болсон бөгөөд гэр бүлээ 2008 онд батлуулсан. Ц.Энхтуяа, Б.Сумъяа нар 2004 онд С.Сарангэрэлийг үрчилж авсан. Ц.Энхтуяа нь Б.Сумъяатай гэр бүл болохоос өмнө 1970 онд н.Цэрэнбат гэдэг хүнтэй сууж байгаад Ц.Энхцэцэг, Ц.Энхбаатар, Ц.Отгонцэцэг нарыг төрүүлсэн байдаг. Дээр дурдсан нэр бүхий хүмүүсээс Ц.Энхтуяагийн өвийг нэг нь ч аваагүй, авах талаар албан ёсны өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй юм.

б. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02012 дугаар шийдвэрт “Хэдийгээр өвлөх эрхийн гэрчилгээг шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцсон боловч тэрээр өвлөх эрхтэй, энэ эрхийнхээ дагуу Д.С, Д.Ц- нартай орон сууцыг барьцаалан зээл авсан. Уг зээлийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр” гэж дүгнэсэн байдаг. Мөн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/00380 дугаар шийдвэрт “Баянгол дүүргийн 8-р хороо, 16-р байрны 05 тоот орон сууцны өмчлөгч бүртгэгдсэнээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх тодорхойлогдоно” гэж тусгасан байна. Улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00621 дугаар тогтоолд “...харин эд хөрөнгийн барьцаа нь эд хөрөнгийн эрх ба тухайн эд хөрөнгө хэний өмчлөлд шилжсэнээс үл хамааран хүчинтэй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх ба өвийн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэнээс үл хамааран хөндөгдөхгүй” гэж тусгагдсан байдаг.

в. Зээл болон барьцааны гэрээ байгуулагдах үед Ү-2205016463 улсын бүртгэлтэй орон сууц нь Ц.Энхтуяагийн буюу нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байсан. Гэтэл Б.Сумъяагийн хүүхдүүд болох С.Н-, С.Сарангэрэл, М.Мягмарсүрэн, С.Мөнхтулга нараас зөвшөөрөл авах нь хууль зүйн үндэслэлгүй. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд өмчлөгчөөр тогтоогдсон, насанд хүрсэн хүмүүсийн зөвшөөрлийг авна гэсэн байдаг.

г. Хариуцагч С.Н- нь Монголд ирсэн өдрөөсөө эхлэн Баянгол дүүргийн 8-р хороо, 16-р байрны 05 тоот буюу Ц.Энхтуяагийн өмчлөлийн орон сууцыг өв залгамжлалаар бодит байдлаар эзэмдэн авч, хүлээн авсан ба өдийг хүртэл 7 жил тус байранд оршин сууж байна. С.Н- нь Ц.Энхтуяагийн өмчлөлийн орон сууцыг ямар нэгэн гэрээ хэлцэл, нөхцөл болзолгүйгээр хүлээн авч 2014 оноос хойш амьдарч байгаа.

Иймд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар С.Н-ийг шинэ үүрэг гүйцэтгэгч учраас түүний нэр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргадаг. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Б.Сумъяагийн нэр дээр байсан ба тэрээр нас барсан. Өнгөрсөн хугацаанд талийгаачийн үр хүүхдүүд өөрт оногдох хэсгээ авъя, өвийн гэрчилгээг хүчингүй болгуулах асуудлаар шүүхэд хандсанаар Ц.Энхтуяагийн нэр дээр байсан өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болж, С.Н-, С.Сарангэрэл, С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч, тухайн хөрөнгө тэдний өмч болох нь тогтоогдсон. Гэтэл хариуцагч С.Н- нь өөрийн эцэг болох Б.Сумъяад оногдох хэсгийг өв залгамжлалын үндсэн дээр шилжүүлж авсан болохоос Ц.Энхтуяад оногдох хэсгийг аваагүй. Ц.Энхтуяад оногдох хэсэг нь түүний үр хүүхдүүдэд хамааралтай. Иймд нэхэмжлэгч нар болон Ц.Энхтуяа нарын байгуулсан зээлийн гэрээний зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх этгээд нь С.Н- биш. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
  2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч Д.С, Д.Ц- нар зээлийн гэрээний үүрэгт нийт 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Н- бүхэлд нь эс зөвшөөрч, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага гаргаж, зохигчид харилцан маргажээ. /1хх 1-5, 31-34, 40-41, 186-190/

 

  1. Нэхэмжлэгч Д.С, Д.Ц- нар “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр барьцаа хөрөнгө болох орон сууцны өмчлөгчөөр С.Н- улсын бүртгэлд бүртгэгдсэн учир хариуцагчаар С.Н-ийг тодорхойлж, түүнд холбогдуулан шаардлага гаргаж байна...” гэсэн агуулгатай тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ дурдсан. /1хх 1/

 

Гэтэл хэрэгт авагдсан 000782297 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд Баянгол дүүргийн 8-р хороо, 16-р байрны 05 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч С.Н-ээс гадна С.Сарангэрэл, С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн нар бүртгэлтэй болох нь тогтоогдсон. /1хх 164/ Энэ тохиолдолд Д.С, Д.Ц- нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг тэдгээр этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

  1. Анхан шатны шүүх Д.С, Д.Ц- болон Ц.Энхтуяа нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ /хх 12, 14, 16, 18, 20/-г хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн атлаа барьцаа хөрөнгийн өмчлөгч болох С.Н-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь логикийн хувьд алдаатай болжээ.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэж, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзэхэд барьцааны гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэг талаас барьцаалагч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй, нөгөө талаас өмчлөгч барьцаа хөрөнгөөр үүргийг хангах агуулгыг хуулиар тодорхойлсон гэж дүгнэхээр байна. Энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар нэхэмжлэгч нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой ямар шаардлага гаргах болон үүрэг хүлээх талаар шүүхийн зүгээс тодруулах, энэ талаар зохигчдын байр суурийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

Тухайлбал, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь хэсэгт “Барьцаагаар хангагдах шаардлагад барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч биш бол үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчид гаргаж болох хариу шаардлагыг барьцаалуулагч гаргах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч буюу өмчлөгчийн зүгээс нэхэмжлэгч буюу барьцаалагчид холбогдуулан хариу шаардлагыг гаргах боломжтой.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарын шаардаж буй зээлийн гэрээний үүргийн үнийн дүнгийн талаар маргах эрхтэй байхад шүүх энэ талаар тодруулаагүй, зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй учир тус шүүхийн зүгээс ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

  1. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/03003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч Д.С-ийг давж заалдах журмаар гаргах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

                           ШҮҮГЧИД                                                     Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР