Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00005

 

*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00368/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1009 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нар,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг 260,666,666 төгрөг гаргуулах тухай,

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч *******, ******* нараас:

Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан *******, ******* бид хүү *******ы төрсөн эцэг, эх юм. Бидний төрсөн хүү ******* нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барсан. Талийгаач хүүг нас барах эцсийн мөч хүртэл бид хамт байсан. Талийгаачийн эхнэр ******* нь 23 настай *******, 14 настай *******, 4 настай ******* гурван хүүхдийн хамт амьдарч байсан.

Миний хүүгийн 49 хоногийг өнгөрөөгөөд бэр ******* нь эцэг, эх, ах, дүү бид нараас шууд хөндийрч ирж уулзахаа больж, бид хоёрын дугаарыг блоклон харьцахаа больж, хөндийрсөнд гомдолтой байна. Миний хүү амьд байхдаа уул уурхайн тоног төхөөрөмж ихтэй түүгээрээ уул уурхайн лицензтэй хүмүүстэй хамтран ажиллаж тоног төхөөрөмжүүдээ түрээслүүлж, орлого олдог байсан юм. Талийгаач хүүгийн өмчлөлд нас барахаас өмнө байсан эд хөрөнгүүдийг нас барсны дараа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч дараах хөрөнгүүдэд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан.

Үүнд: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байрны 26 тоот 29,0 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц одоогийн зах зээлийн үнийг 60 000 000 төгрөгөөр тооцож оногдох хувь 12 000 000 төгрөгийг,

Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1-р баг, Хайрхан 2 давхар, 45 байр, 15 тоот 27,0 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, зах зээлийн одоогийн үнийг 12 000 000 төгрөгөөр үнэлж байна,

Уул, уурхайн тоног төхөөрөмж болох хөдлөх хөрөнгө Эксковатор LC-7-520 hyundai маркийн шар өнгөтэй газар ухах зориулалт бүхий техник, зах зээлийн үнийн шинэвтэр учраас 500 000 000 төгрөгөөр,

Уул, уурхайн тоног төхөөрөмж болох хөдлөх хөрөнгө Эксковатор 3000 LC-7 hyundai маркийн шар өнгөтэй газар ухах зориулалт бүхий техник, зах зээлийн одоогийн үнийг он хуучин учраас 80 000 000 төгрөгөөр үнэлж байна,

Уул, уурхайн тоног төхөөрөмж Эксгрүпер 80 маркийн техник /алт угаах зориулалттай усан буу/ зах зээлийн одоогийн үнийг 30 000 000 төгрөгөөр үнэлж байна,

Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 8-р хэсэг, 5-р гудамж, 5, 6 тоотод байх гэр бүлийн хэрэгцээний газар /одоогийн үнийг 12 000 000 төгрөгөөр үнэлж байна, Toyota pickup маркийн 53-77 ДАР улсын дугаартай автомашин /одоогийн зах зээлийн үнийг 40 000 000 төгрөгөөр үнэлж байна/,

Уул, уурхайн тоног төхөөрөмж Ковш-ZL 50 маркийн 2011 онд худалдаж авч байсан шар өнгийн техник /зах зээлийн одоогийн үнийг 50 000 000 төгрөгөөр үнэлж байна.

Дээрх эд хөрөнгүүдийн нийт үнэ 784 000 000 төгрөгт үнэлэгдэж байгаа бөгөөд үүнээс талийгаачийн эхнэр *******, хүү Б.*******, охин Б.*******, охин Б.*******, төрсөн эцэг *******, төрсөн эх ******* бид 6 хүнд адил хувааж тооцоход нэг хүнд ногдох нь 130 666 666 төгрөг болно.

Иймд нэхэмжлэгч *******, ******* бид талийгаач хүү *******ы төрсөн эцэг, эх хууль ёсны өвлөгч мөн тул талийгаач хүүгийн өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгөөс ногдох хувь 261 133 332 төгрөгийг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******, Б.Пүрэвсүрэн нарын төрсөн хүү гийн нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барсан байдаг. Тэгээд түүний эцэг, эх *******, Б.Пүрэвсүрэн нар нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасан өвлөгчид гэж үзээд тухайн үед ажиллуулж байсан уурхайд ажиллуулж байсан 8 эд хөрөнгө бий. Бид нар 260,666,666 төгрөгийг өөрсдөө үнэлж нэхэмжлэл гаргасан. Тэгэхдээ Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 06 дугаар хороолол, 15 дугаар байр, 26 тоотод байдаг 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр үнэлээд түүнээс оногдох хувийг 12,000,000 төгрөг, Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шинжээчийн дүгнэлтээр 483,500,000 төгрөг болж буурсан. Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байрны 26 тоот 2 өрөө байр 60,000,000 төгрөг гэснийг үнэлгээний газраас 45,000,000 төгрөгөөр үнэлсэн, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 45 дугаар байр, 2 давхрын, 15 тоот 2 өрөө байрыг анх 15,000,000 төгрөг гэснийг шинжээч 10,000,000 төгрөгөөр үнэлж буурсан. Мөн hyundai 520 LC-7-S9 маркийн 78-89 УН улсын дугаартай шар өнгийн эксковаторыг 400,000,000 төгрөг гэж үнэлснийг 280,000,000 төгрөг гэж тогтоосон, hyundai 3000 LC-7 маркийн шар өнгийн эксковаторыг 80,000,000 төгрөг гэснийг шинжээчийн дүгнэлтээр 80,000,000 төгрөг гэж хэвээр үнэлсэн, Toyota pickup маркийн 53-77 ДАР дугаартай хагас ачааны суудлын автомашин 25,000,000 төгрөг болж буурсан. Мөн ZL 50 маркийн шар өнгийн ковш 25,000,000 төгрөг болон буурч ирсэн. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, 5 дугаар гудамж, 810 тоотод байрлалтай 1208 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг 3,500,000 төгрөг болж үнэлэгдсэн, Эксгрүпер 80 маркийн алт угаах зориулалттай усан бууг 30,000,000 төгрөг гэснийг 15,000,000 төгрөг болж буурч ирсэн. Нийт бүх эд хөрөнгө 483,500,000 төгрөг болон буурч ирсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Тэгээд Хууль ёсны өвлөгч 6 хүн буюу 3 хүүхэд, эхнэр, төрсөн аав, ээж гэх хүмүүс байдаг. Эхнэр *******, хүүхдүүд болох Б.*******, Б.*******, Б.*******, Аав *******, Б.Пүрэвсүрэн нарт адил тэнцүү хуваагаад 80,583,333 төгрөг болсон. Нэхэмжлэгч нарт 161,166,333 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ын эзэмшилд, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, 5 дугаар гудамж, 810 тоотод байрлалтай 1208 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар *******ын өмчлөлд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн газарт худалдах, худалдан авах гэрээгээр бүртгэгдсэн хөрөнгө байгаа.

Бусад эд хөрөнгө ******* дээр өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзээд 520.1.1-т зааснаар бид өвлөх ёстой, яагаад гэхээр тэр хоёрын хамтран амьдарч байх хугацаанд бий болсон эд хөрөнгө гэж үзээд байдаг. Өнөөдөр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг үндэслэх боломжгүй. Яагаад гэхээр хэрвээ талийгаач, ******* нар хууль ёсны гэр бүл байгаад, амьд сэрүүн байхдаа гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан үүссэн бол Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах боломжтой гэж үзэж байна. 520.1.1 дэх өвлөгч яах вэ? гэхээр 515.1-т зааснаар талийгаачийн хөрөнгө дээр нас барсан өдрөөс хойш бүртгэлтэй эд хөрөнгө хуваах хууль зүйн зохицуулалт бий. Тэгэхээр бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр 520.1.1-т заасан өвлөгч мөн боловч Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т зааснаар талийгаачийн нэр дээр нас барснаас хойш хөрөнгө болон эрх ямар нэг байдлаар байхгүй учраас талийгаачийн хуулийн ёсны эхнэр *******ын нэр дээрх хөрөнгийг 520.1.1 дэх зохицуулалтаар хуваах үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Өмгөөлөгч бол дундын хөрөнгө байсан учраас, гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж ногдох хувийг шаардах эрхтэй гэж байгаа боловч талийгаач 2015 оноос хойш өөрийн бүртгэлтэй эд хөрөнгөө Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар гэрээ хэлцлийн үндсэн дээр өөрийн өмчлөлөөсөө эхнэр *******ын өмчлөлд шилжүүлсэн учраас талийгаач *******ы өмчлөл дуусгавар болоод шинэ өмчлөгч *******ын өмчлөлд шилжсэн. Ийм учраас Иргэний хуулийн 520.1.1-т заасан өв хөрөнгө бол байхгүй учраас, нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн өвлөх эрхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан журмаар өвлөх эрх байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байна. Хууль зүйн зохицуулалт нь бол миний сая хэлсэн Иргэний хуулийн энэ зохицуулалтаар өвлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1009 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс ногдох хэсэг 161,166,666 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 966 784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 294 495 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдах гомдолдоо:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн бүрэн дүүрэн үнэлж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан өвлөгдсөн буюу өвлөгдвөл зохих үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдийн эзэмшил, өмчлөлийн асуудал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлийн нэг болсон талийгаач ...******* нас барах үед өвлөгдвөл зохих ямар ямар эд хөрөнгө байсан, хэн аль хөрөнгийг эзэмшиж байгааг бүрэн тодруулаагүй, ...нэхэмжлэлд дурдсанаас өөр эд хөрөнгө байсан эсэхийг тодруулах нь нийт өвийн хэмжээг тогтооход ач холбогдолтой гэх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, үүнтэй холбогдох нотлох баримтыг цуглаалгүй буюу ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг хэрэглээгүй, ИХ-ийн 520 дугаар зүйлийн 520.1, 518 дугаар зүйлийн 518.1 дэх заалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн

1. Нэхэмжлэлд дурдагдсан 53-77 дар улсын дугаартай машины өмчлөгч гэх хүнийг Ланд 70 маркын машин эсвэл Соната маркын машины өмчлөгчийн аль болохыг тодруулаагүй, гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тайлбар, хүсэлтээр цуглуулсан нотлох баримтаар хариуцагч *******ын нэр дээр 3 үл хөдлөх хөрөнгө буюу 2 орон сууц, 1 газар, 7879 УН улсын дугаартай Hyundai К5201 С95 маркын шар өнгийн эксковатор зэрэг хөрөнгүүд байдаг болох нь тогтоогдсон. Шүүх эдгээр маргаан бүхий эд хөрөнгүүдийг хариуцагч *******ын нэр дээр шилжсэн огноо нь дээр ач холбогдол өгч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосноос бус ямар үндэслэл шалтгаанаар талийгаач *******ы нэр дээр байсан эд хөрөнгүүд худалдах, худалдан авах, бэлэглэх зэрэг хэлцлүүдээр эхнэр нөхрүүд хоорондоо ямар учир шалтгаанаар шилжүүлэх болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ойлгоогүй гэж үзэхээр байна.

2. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Hyundai 3000 LC7 маркын экисковатор, Ковш-ZL 50 маркын техник, Эксгрүпер 80 марк бүхий алт угаах төхөөрөмж, Тоёота ланд крузер-70 маркын 53-77 дар улсын дугаартай машин зэрэг эд хөрөнгүүдийн эзэмшигч, өмчлөгчийн мэдээллийг анхан шатны шүүх тодруулаагүй, лавлагаа гараагүй, нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алиныхан ч нэр дээр бүртгэлгүй гэх өнгөц дүгнэлтийг хийж өвлөгдөх эд хөрөнгө мөн эсвэл биш байсан эсэх дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй

3. Тус хэрэг өмнө нь 3 шатны шүүхээр хянагдсан бөгөөд тус анхан шатны шүүх хуралдаанаас өмнө буюу 2021.04.13-ны өдрийн 001/ХТ2021/00371 дугаартай Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаагдах гол үндэслэл болсон талийгаач ******* нас барах үед өвлөгдвөл зохих ямар ямар эд хөрөнгө байсан, хэн аль хөрөнгийг эзэмшиж байгааг, мөн нэхэмжлэлд дурдсанаас өөр эд хөрөнгө байсан эсэхийг тодруулах ажиллагааг анхан шатны шүүх огт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд зогсохгүй нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүх хэргийг бодитой, үндэслэлтэй шийдвэрлэхэд шарлагатай нотлох баримтыг гаргуулах боломжийг олгосон ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9 заалтыг анхан шатны шүүх хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

4. Анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хэрэглэгдэх Иргэний хуулийн холбогдох заалт болох 518.1, 520.1 дэх заалтуудыг тус тус тайлбарлан хэрэглэхдээ хэт нэг талын барьсан буюу хариуцагч талд ашигтай тайлбарыг хийсэн. Иргэний хуулийн 520.1 дэх хэсэгт нэхэмжлэгч нар нь хууль ёсны өвлөгч болохыг тогтоосон заалт бөгөөд, 518.1 дэх заалт нь өв нээгдэх хугацааг тогтоож өгсөн заалт юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий 8 эд хөрөнгөөс хариуцагч *******ын нэр дээр 3 үл хөдлөх хөрөнгө буюу 2 орон сууц. 1 газар 78-89 УН улсын дугаартай Hyundai R5201 C9S маркын шар өнгийн экскаватор зэрэг хөрөнгүүд хэзээ шилжсэн болох дээр анхаарлаа хандуулж өв нээгдэхээс өмнө шилжсэн гэх үндэслэл дээр хөрөнгүүдийг өвлөгдөх эд хөрөнгө биш гэж дүгнэсэн атлаа яг үүний эсрэг нөхцөл байдалд буюу Hyundai 3000 LC7 маркын экисковатор, Ковш-ZL 50 маркын техник, Эксгрүпер 80 марк бүхий алт угаах төхөөрөмж, зэрэг эд хөрөнгүүдийг өв нээгдэх үе буюу 2018.02.08 өдөр хэний эзэмшилд байсан тухай үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүх хуралдаан болох өдөр дээрх хөрөнгүүд нь хариуцагч *******ын эзэмшилдээ байгаа эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

5. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан түүнд хамаарах Тоёота ланд крузер-70 маркын 53-77 дар улсын дугаартай машин гэх машины марк, эзэмшигчийн мэдээлэл зөрүүтэй нотлох баримт гарч ирсэн боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл, тайлбарт удаа дараа дурдагдаж, нэхэмжлэлийн шаардлагын үнийг тогтоох шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан дээрх хөрөнгийн зөрүүтэй мэдээллийн талаар түүнийг зөвтгөх, зөрүүг арилгаж хэргийг шийдвэрлээгүй төдийгүй холбогдох байгууллагаас авсан лавлагаанд дурдагдсан гэх хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн байр сууринаас оролцуулахгүйгээр эд хөрөнгөтэй нь холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн явдал нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

6. Нэхэмжлэгчийн зүгээс өвлөгдөх эд хөрөнгөнөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг 260,666,666 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг шинжээчийн дүгнэлтийн дагуу бууруулж 161,166,666 төгрөг гаргуулахаар шаардсан. Анх шаардсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцвол 1,491,284 төгрөг болж байсан ба нэхэмжлэгчийн зүгээс УТХ төлөх хугацааг хойшлуулах хүсэлт өгч, үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан. Өөрөөр хэлбэл бууруулсан үнийн дүн болох 161,166,666 төгрөгөөр УТХ-ыг тооцож 966,784 төгрөгийг шүүхэд тушаасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2-т УТХ-д урьдчилан төлсөн 966,784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, УТХ-д дутуу төлсөн 294,495 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулсугай" гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь шүүх ямар үнийн дүнгээс тооцож нийт 1,261,279 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж тооцож байгаа эсэх, нэхэмжлэгч талаас илүү 294,495 төгрөгийг нөхөн гаргуулах шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байх шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2-т "УТХ-д дутуу төлсөн 294,495 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулсугай" гэсэн хэсгийг эс зөвшөөрч байна.

Иймд шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1009 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******д холбогдуулан өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс өөрсдөд ногдох хэсэг 266.666.666 төрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 161.166.666 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч ******* маргаж буй өвлөгдвөл зохих нэхэмжлэлээр шаардсан 8 төрлийн эд хөрөнгөөс 4 төрлийн эд хөрөнгө нь зөвхөн миний нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй тул гэр бүлийн хуваарьт эд хөрөнгө гэж үзэх бөгөөд үлдэх 4 төрлийн эд хөрөнгө миний эзэмшил, ашиглалтад байдаггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нар Дархан сум дахь 2 өрөө орон сууц, Шарын гол сум дахь 2 өрөө орон сууц, Хонгор сум дахь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, уул уурхайн зориулалттай экскаватор 2 ширхэг, алт угаах зориулалттай усан буу /эксгрупер/ 1 ширхэг, уул уурхайн зориулалттай ковш 1 ширхэг, Тоёота пикап машин 1 ширхэг зэрэг 8 төрлийн эд хөрөнгөөс өөрсдөд ногдох хэсгийг өвлөх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримтаар өвлүүлэгч, талийгаач ******* нь нэхэмжлэгч *******, ******* нарын төрсөн хүү мөн бөгөөд хариуцагч *******тай 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, хамтран амьдрах хугацаанд 1995 онд хүү Б.*******, 2005 онд охин Б.*******, 2014 онд охин Б.Эмүүжин нар төрсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоно.

Эдгээр 6 хүн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх гэж зааснаар хууль ёсны өвлөгч мөн, адил хэмжээгээр өвлөх эрхтэй бөгөөд тэдэнд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгч *******ы эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын хүсэлтээр маргаж буй 8 төрлийн эд хөрөнгийн өнөөгийн ханшийг тогтоолгохоор шинжээчээр Капитал зууч ХХК-ийг томилж үнэлүүлсэн ба 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайлангаар нийт үнэлгээг 483.500.000 төгрөгөөр үнэлсэнтэй талууд танилцаж, үнэлгээг хүлээн зөвшөөрч, хэн аль нь ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.

Өвлүүлэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өвчний учир нас барсан байх бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгджээ.

Өвлөх эрх бүхий этгээдүүдээс хэн аль нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өв хүлээн авахаас татгалзаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тойргийн нотариатчид хандан өв хүлээн авах тухай хүсэлт гаргажээ.

Хавтаст хэргийн 55-58 дугаар талд авагдсан баримтаас үзвэл Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол 15 дугаар байр, 26 тоотын 2 өрөө орон сууц, Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрханы 45 дугаар байр 15 тоот 2 өрөө орон сууц, Хонгор сумын 1 дүгээр баг, Цогт хэсэг, 5 дугаар гудамж, 81Б тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг нь *******ын өмчлөлд бүртгэгдэж, газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус олгогджээ.

Түүнчлэн Hyundai R5201 C-9S маркийн 78-89 улсын дугаартай шар өнгийн экскаваторын өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн байна.

Эдгээр үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх өвлүүлэгч *******ыг нас барахаас 1-3 жилийн өмнө хэлцлийн үндсэн дээр *******ын нэр дээр шилжсэн байх бөгөөд хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эдгээр хөрөнгө нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө биш зөвхөн *******ын нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдсэн гэр бүлийн хуваарьт эд хөрөнгө гэж маргажээ.

Анхан шатны шүүх талийгаач ******* нь өөрийн нэр дээрх өмчлөлийн бүртгэлтэй эд хөрөнгүүдээ эхнэр *******ын нэр дээр хэлцлийн үндсэн дээр шилжүүлснээр түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар дуусгавар болсон, маргааны зүйл болж буй *******ын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй 4 төрлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд нь өвлөгдвөл зохих өвлүүлэгчийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй, үлдэх 4 төрлийн эд хөрөнгө нь *******ын эзэмшил, ашиглалтад байгаа эсэх нь тогтоогдоогүй тул гэр бүлийн дундын хөрөнгө гэж тооцох, ногдох хэсэг гаргуулах асуудал нь зөвхөн гэр бүлийн гишүүдэд хамааралтай гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх шинжээчээр үнэлгээ тогтоогдсон 8 төрлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдээс хариуцагч *******ын нэр дээр өмчлөх эрх нь шилжсэн 4 төрлийн эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж зааснаар өвлүүлэгч *******, хариуцагч ******* нарын хамтран амьдарсан хугацаанд бий болсон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэж дүгнэж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч *******ын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй дээрх эд хөрөнгө нь өвлөгдвөл зохих эд хөрөнгө мөн байх тул нэхэмжлэгч *******, ******* нар дээрх эд хөрөнгүүдээс өөрсдөд ногдох хэсгийг өвлөхөөр шаардах эрхтэй байна.

Хариуцагч *******ын нэр дээр бүртгэлтэй байгаагаас бусад 4 төрлийн эд хөрөнгө хэний өмчлөл, эзэмшил, ашиглалтад буй нь тодорхой биш байх тул эдгээр хөрөнгүүдээс ногдох хэсгийг өвлөхөөр шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хангагдээгүй.

Давж заалдах шатны шүүх дараах байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Хариуцагч *******ын нэр дээр бүртгэлтэй өвлөгдвөл зохих 4 төрлийн эд хөрөнгө нь 338.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба гэр бүлийн 5 гишүүнд адил тэнцүү хуваахад нэг гишүүнд 67,700,000 төгрөгийн хөрөнгө ногдож байгаа бөгөөд өвлүүлэгч *******д ногдох эд хөрөнгөөс өвлөх эрх бүхий 6 хүнд адил тэнцүү хуваахад нэг хүнд 11,283,333 төгрөгийн хөрөнгө ногдож байна. Нэхэмжлэгч нар нийлээд 22,566,666 төгрөгийн эд хөрөнгө өвлөх эрхтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хуульд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн давж заалдсан гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1009 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар *******, ******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс ногдох хэсэг 161,166,666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг,

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т тус тус зааснаар хариуцагч *******аас 22,566,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138,599,999 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 966,784 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 294,495 төгрөг нэхэмжлэгч нараас гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 966.784 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 270.783 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963.784 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                                     ШҮҮГЧ                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                     ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА