Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00050

 

 

 

 

 

 

 

 

Л.Ламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2021/02149 дугаар шийдвэртэй,

Л.Ламын нэхэмжлэлтэй “В” ХХК-д холбогдох

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 2 А хэсэг, Баатархайрханы 954а хаягт байрлах газар ба хувийн сууц, 954б тоот хаягт байрлах газар ба хувийн сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгах, гэм хорын хохиролд 45,036,100 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Лам, түүний өмгөөлөгч Б.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Лам би “В” ХХК /ЭКорпорэйшн/-аас өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 2а хэсэг Баатархайрханы 954а, 954б тоотод байрлах хоёр үл хөдлөх хөрөнгийг газрын хамтаар барьцаалж хоёр удаагийн зээл авсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7433, 7448 тоот захирамжуудаар талууд эвлэрч зээлийг төлөхөөр болсон. Уг хоёр захирамжинд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт оруулж, зээлийн төлбөрт тухайн үл хөдлөх хөрөнгийг тооцож гаргуулах хэсгийг хассан. Иймд Л.Лам нь хууль ёсны өмчлөгч юм.

Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 2а хэсэг Баатархайрханы 954б тоотод үл хөдлөх эд хөрөнгийг нураасан үйлдэл нь хууль бус бөгөөд Л.Лам надад гэм хор учруулсан болно.

Энэ хоёр газар дээр миний барьсан хоёр байшин байсан бөгөөд бидний гэр бүл амьдралынхаа тодорхой хэсгийг өнгөрүүлсэн. Хүний орон гэр гэдэг бол Үндсэн хуульд зааснаар халдашгүй байх ёстой. Гэтэл зөвхөн мөнгө төлөх ёстой асуудал дээр иргэн намайг дарамт шахалтанд оруулж төөрөгдүүлэн эвлэрч эд хөрөнгийг минь үрэн таран хийсэнд гомдолтой байна. Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “В” ХХК-д газрыг шилжүүлэн өгсөн нь хууль бус үйлдэл юм.

Иймд Баянзүрх дүүрэг 23-р хороо 2 А хэсэг Баатархайрханы 954А болон 954Б тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх, гэм хорын  байшинг нураасан учир байшингийн үнэ 14,800,000 төгрөгийг, байшин дахин барихад гарах зардалд 30,236,100 төгрөг болсон тул хохиролд 45,036,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Л.Лам нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ2014/01/02 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000 ам.долларын зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баатархайрхан гудамж 954 тоот хувийн сууцыг 700 м.кв газрын хамт барьцаалсан.

Зээлээ төлөхгүй байсан тул ББСБ нь Л.Ламаас нийт 11,050,841 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд эвлэрэн хэлэлцэж төлбөрийн дүндээ барьцааны зүйл болох хувийн сууцыг газрын хамт нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр тохиролцсоныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 7448 тоот захирамжаар баталсан.

Уг захирамжийн дагуу дээрх хөрөнгө ББСБ-д шилжүүлсэн. Талууд эвлэрэн хэлэлцэх үед тухайн хөрөнгийг үнэлэх болон зөрүү төлбөр төлөхөөр хэлцэл хийгээгүй болно. Уг хөрөнгийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан. Иймд манай байгууллага Л.Ламд аливаа төлбөр төлөх үндэслэлгүй.

2. Л.Лам нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5000 ам.доллар зээлэхдээ мөн барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баатархайрхан гудамж 954 тоот 35 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв газрын хамт барьцаалуулсан. Зээлээ төлөхгүй байсан тул Л.Ламаас 10,481,866 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж улмаар талууд шүүхийн шатанд эвлэрэн хэлэлцэж Л.Лам нь дээрх төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулах, сайн дураараа төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр тохиролцсоныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн 7433 тоот захирамжаар баталсан.

Төлбөрөө сайн дураараа төлөөгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай зардал, урамшууллын гэрээ байгуулан ажиллагаа хийлгэсэн боловч төлбөр төлөгч олдохгүй байна гэсэн шалтгаанаар ажиллагаа зогсонги байсан. Энэ хооронд Л.Лам нь ББСБ-ийн зээлийн мэргэжилтэнтэй холбоо барьж, сонинд зар тавьж тус сууцыг худалдахаар тохирсон боловч тус хэлцэл амжилтгүй болсон.

Энэхүү хөрөнгийг худалдан борлуулахаар 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч зарагдаагүй тул санал болгох хурлаар хэлэлцэн ББСБ төлбөртөө тооцон авахаар санал өгсөн. Тус хөрөнгийн түлхүүрийг Л.Лам одоо эзэмшиж байгаа хүмүүст өгсөн гэдэг бөгөөд тэрхүү хүмүүс нь ББСБ-ийн ажилтнууд бус хөндлөнгийн хүмүүс юм. Тиймээс үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлт нь мөн үндэслэлгүй юм.

Үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд өнөөдөр тус ББСБ-ын өмчлөлд байхгүй. Бүгд гуравдагч этгээд н.Цээлхамын өмчлөлд бий. 954Б тоот хаягт байх хувийн сууцыг ББСБ нураагаагүй. Иймд энэ сууцыг барих зардал, хохирол гэх төлбөрийг “В” ХХК хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн байшинг нураасан байх тул Л.Ламд газрыг өгөх нь зүйтэй. Учир нь Л.Лам өнөөдөр орох оронгүй явж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч “В” ХХК-нд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг 23-р хороо 2а хэсэг Баатархайрханы 954а болон 954б тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020595 дугаартай хувийн сууцыг нураасан гэм хорын хохиролд 45,036,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Лам нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хуульд заасан 60 хоногоос хэтрүүлж шийдвэрлэсэн. Хятад-Гонконгийн хөрөнгө оруулалттай “В” ХХК нь иргэний газрыг авч, зарж борлуулан ашиг олох эрхгүй юм. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Газрын тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль, Иргэний хуулийн ипотекийн талаарх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

 “В” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн гэж маргаж байхад шүүх энэ талаар талууд маргаагүй гэж буруу дүгнэсэн. Үл хөдлөх эд хөрөнгө Ж.Цээлхамд хэрхэн шилжсэн талаар маргаж, “В” ХХК-ийг хариуцагчаар татсан.  Нэхэмжлэгч би өөрөө хариуцагчийг сонгож, татах эрхтэй болохоос шүүх миний өмнөөс хариуцагчийг сонгож, татах эрхгүй байтал Ж.Цээлхамыг хариуцагчаар татаагүй гэж буруу дүгнэсэн. Устгагдсан бас сүйтгэгдсэн эд хөрөнгийн үнэлгээгээ 45,036,100 төгрөг гэж тооцоолсон. Ж.Цээлхамын өмчлөлд эд хөрөнгө очсоноос хойш “В” ХХК хөрөнгийг нураагаагүй гэж анхан шатны шүүх ямар баримтыг үндэслэн тогтоосон нь ойлгомжгүй. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн саналыг ч харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө буцааж авна гэсэн агуулгатай гомдол гаргадаг. Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодруулсан. Нэхэмжлэлдээ бид 2 захирамж гаргуулан эвлэрч байсан, гэхдээ үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох захирамжид өөрчлөлт орж байсан учраас үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Эвлэрсэн захирамжид өөрчлөлт орсон хэдий ч тухайн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах заалт хүчинтэй хэвээр үлдэж байсан. Хэрэв тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөлдөө авахаар маргаж байгаа бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг хариуцагчаар татах ёстой байсан. Гэтэл “Виланд капитал” ББСБ ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч биш гэдэг нь лавлагаагаар тогтоогдсон. Үүнийг нэхэмжлэгч нь гуравдагч этгээд болох Ж.Цээлхамын өмчлөлд байгаа гэдгийг мэдэж байсан. Шүүгч нэхэмжлэгчээс “түүнийг хариуцагчаар татах уу” гэж асуухад “бид хариуцагчаа өөрсдөө тодорхойлно” гэдэг. Өмчлөх эрх бидэнд байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Мөн гэм хорын хохиролд 45,000,000 төгрөг нэхэмжилдэг. Гэм хорын хохирлын үндэслэл нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан. Цааш нь өндөр үнээр худалдсан учраас гэсэн нэг үндэслэл хэлж байснаа үл хөдлөх эд хөрөнгийг “Виланд капитал ББСБ” ХХК нураасан учраас гэм хорын хохиролд 45,000,000 төгрөг гаргуулна гэж шаардсан. Хэрэгт авагдсан баримтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг “Виланд капитал ББСБ” ХХК нураасан гэдэг гэм буруутай үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдол  ижил агуулгатай учраас гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.Лам нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 2 А хэсэг, Баатархайрханы 954а хаягт байрлах газар өмчлөх эрх ба хувийн сууц, 954б тоот хаягт байрлах газар өмчлөх эрх ба хувийн сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгах, гэм хорын хохиролд 45,036,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 845 дугаар магадлалаар маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баатархайрханы гудамж, 954а тоотод байрлах 40 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлалтай 700 м.кв талбай бүхий газрыг  гуравдагч этгээд Ж.Цээлхамд хэрхэн шилжсэн талаар тодорхойгүй байна гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаар тогтоолоор дээрх 845 тоот магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.   /2хх 186-192, 215-219/

 

Гэтэл уг магадлал, тогтоолд заасан тодорхой бус байдлыг анхан шатны шүүх тодруулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/1351 тоот албан бичигт “...954а тоот хувийн сууцны өмчлөгчөөр Ж.Цээлхам бүртгэлтэй байх бөгөөд, өмчлөх эрхээ 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Н.Даваажаргалаас шилжүүлэн авсан байна” гэж дурдсан боловч Ж.Цээлхамд уг эд хөрөнгө хэрхэн шилжиж ирсэн талаар мэдээлэл огт байхгүй байна.

 

Мөн “В” ХХК болон Ж.Цээлхам нарын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр 954б тоот хаяг байрлах 35 м.кв хувийн сууц өмчлөх эрхийг “В” ХХК-аас Ж.Цээлхамд,

мөн Н.Даваажаргал, Ж.Цээлхам нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр дээрх 954б тоот хаяг байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг Ж.Цээлхамд тус тус шилжүүлсэн байх боловч уг 2 гэрээ нь маргааны зүйл болсон 954а тоот хаягт байрлах хувийн сууц, газар өмчлөх эрхэд хамаарахгүй байна. /4хх148/

 Иймд 954а тоот хаягт байрлах хувийн сууц, газар өмчлөх эрх Л.Ламаас Н.Даваажаргалд хэзээ, хэрхэн шилжсэн нөхцөл байдал тодорхой бус, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШТ2018/00224 дугаар тогтоол /2хх29-30/ нотлох баримтаар авагдсан байх боловч уг тогтоолын дагуу өөрчлөлт орсон гэх 7448 тоот захирамж хэрэгт баримтаар аваагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байгааг дурдах нь зүйтэй байна.  

 

Харин нэхэмжлэгчийн гаргасан гомдлоос шүүх хэргийг хуульд заасан 60 хоногоос хэтрүүлж шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нэхэмжлэгч талын гаргасан 5 удаагийн хүсэлтийг хүлээн авч шинжээч томилох, үзлэг хийх, нотлох баримт гаргуулах, гэрчийн мэдүүлэг авах, гуравдагч этгээдийг хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна.     

 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж буй тул материаллаг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг давж заалдах шатны шүүх хэлэлцэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

 

Давж заалдах шатны шүүх маргааны зүйл болсон 954а тоот хаягт орших эд хөрөнгийн өмчлөх эрх хэрхэн шилжүүлэгдэж байгаа нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2021/02149 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,331 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА