Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0386

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0386

Улаанбаатар хот

Ш.Е, Н.М, Д.А нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээд М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0023 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдлоор, Ш.Е, Н.М, Д.А нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0023 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Е нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Е, Н.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын Н.М, Д.А нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Ш.Е, Н.М, Д.А нарыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,514,162 /хоёр сая таван зуу арван дөрвөн мянга зуун жаран хоёр/ төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгч тус бүрт олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэгч Д.А-гийн үлдсэн шаардлага болох ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 480.604 /дөрвөн зуун наян мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний болон хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний орон тоонуудын нэр нь сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдөж мөн уг хоёр мэргэжилтний гүйцэтгэх чиг үүргийг нэмж нэгтгэсэн нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаар тодорхойлогдож байгаа тул хуулийн дээрх заалтын дагуу урьд нь Өлгий сум, Баяннуур сум хариуцсан Нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Е Д.А Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтэн Н.М нарын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзлээ гэж шүүх хэргийн бодит байдалд буруу дүгнэлт захиргааны хэргийн шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан байна.

Нэхэмжлэгч Н.Мгын хувьд: Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар гэсэн хэрэгжүүлэгч агентлаг байгуулахаас өмнө нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс. Нийгмийн халамжинн үйлчилгээний хэлтэс гэж тус тусдаа биеэ даасан үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үед Улаанхус сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн /Н.К, М.Е/, Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Н.М байсан бөгөөд нийт гурван мэргэжилтний орон тоо байсан.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсанаар Хөдөлмөрийн хэлтэс Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нэгдэж нэг байгууллага болсон. Иймээс Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлт хариуцан ажиллаж байсан Н.М, Улаанхус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Н.К, М.Е нарын орон тоо буюу гурван мэргэжилтний гүйцэтгэх чиг үүргийг нэгтгэж аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөнөөр орон тоо нь бүтцээр нэг болж батлагдаж ирснээр уг нэг орон тоонд бага насны хүүхэдтэй, удаан жил ажилласан гэсэн шалтгаанаар нь К-ийг үлдээж Н.М-г халж, М.Е-ыг Өлгий сумын Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл дээрх орон тоо Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдөөгүй. Иймд Н.М миний хашиж буй албан тушаалд биш харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу Улаанхус сумыг хариуцсан хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд Ш.Е-ыг сонгож ажиллуулсантай маргах нь хууль зүйн үндэслэлтэй болох байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.А-ийн хувьд: Баяннуур сумыг хариуцсан халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хоёр бөгөөд үүнд нэхэмжлэгч Д.А Н.Н нар хийж байсан. Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй байсан бөгөөд Н.Н-ыг олон жил ажилласан халамжийн асуудал хариуцсан гэдгээр хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнээр томилсон. Иймд нэхэмжлэгч Д.А нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу Баяннуур сумыг хариуцсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд маргах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ш.Е-ын хувьд: Хамламжийн хэлтэст Өлгий сум хариуцсан нийгмийн хамалжийн мэргэжилтнээр 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Тус суманд хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэж байхгүй зөвхөн нийгмийн халамжийн мэргэжилтэн / М.С, Ш.Л/ байснаас нэхэмжлэгч Ш.Е-ыг халаад М.С, Ш.Л нарыг авч үлдсэн. Энэ үед тус суманд Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо гэж байгаагүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд Б давж заалдах гомдолдоо: Гуравдагч этгээд миний ажлын байр болохоор 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шинээр бий болсон Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Өлгий сумыг хариуцсан хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтнээр ажиллах болсон. Намайг ажиллаж байхад нэхэмжлэгч нар урд эрхэлж байсан ажил үүргээ хэвийн цуг гүйцэтгэж байсан. Тухайн үед гуравдагч этгээд миний бие төрийн албанд буюу аймгийн хөдөлмөрийн хэлтэст удаан ажилласан.

 Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг болон тусгай болзол шалгуурыг бүрэн хангаад ажиллахаар болсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гуравдагч этгээд миний эрхэлж байсан ажил албан тушаалын орон тоо хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 27.2 4-т “... өөрөөс ул хамаарах шалтгаанаар орон тоо хасагдсан тохиолдолд өөр албан тушаалд шилжих” гэж заасан Төрийн албан хаагчийн баталгаагаар адилхан хангагдах ёстой атал анхан шатны шүүх нэг талыг баримталсан шийдвэр гаргаж гуравдагч этгээд миний хуульд заасан эрхийг минь ноцтой зөрчлөө.

Иймд миний өмнө ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр. төсөл хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 2.4-д заасны дагуу ажлын байраар хангуулах баталгаагаар хангагдан шинээр бий болсон Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд хууль зүйн үндэслэлтэй ажиллаж байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дутуу шалгаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг нэхэмжлэгч нарт үндэслэлгүй ашигтай байдлаар тайлбарлан хууль бус шийдвэр гарсан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргахыг хүсье” гэжээ.

Хариуцагч Б.Сн давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 3-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож. Аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдсан билээ. Энэ тогтоолын 6 дугаар заалтад аймгуудад Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийг байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоол, тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор дээрх хоёр хэлтсийг татан буулгасан нь тодорхой байна. Энэ тогтоолыг үндэслэн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 6/08 тоот тушаал, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б/32 дугаар тушаал гаргаж ажилтан, ажилчдыг чөлөөлсөн байна. Энэ тушаалыг тухайн дарга ажилтан ажилчдад мэдэгдсэн байна. 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын А/05 тоот тушаал гарч Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын үйл ажиллагааны зардал олгох эрхийг Халамжийн хэлтсийн дарга Б.Ц, нягтлан бодогч Ж.М нарт шилжүүлсэн байна. Үүний дараа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн А/18 тоот тушаал гарч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр. Халамжийн үйлчилгээний газрын даргын үүргүйг түр орлон гүйцэтгэгчээр X.Н-ийг томилж тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга томилогдох хүртэл зөвхөн цалин болон тэтгэмжийг тараах уг тушаалд зааж өгсөн байна.

Иймд татан буугдсан Хөдөлмөрийн хэлтэс болон атан буугдсан Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнуудад 8, 9, 10 дугаар сарын цалинг олгосон байна. Мөн Хөдөлмөр. халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6/21 тоот тушаал гарч тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан байна. Миний бие Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6/179 тоот тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний даргаар томилогдож ирээд 10 дугаар сарын 20-нд ажил авч 21-нд хоёр хэлтэст урьд нь ажиллаж байсан бүх хүмүүсийг цуглуулж тэтгэмжээ авахыг хэлэхэд Д.А, Ш.Е. Н.М нар хүлээн зөвшөөрсөн юм. Би аль болохоор хоёр хэлтэст ажиллаж байсан хүмүүсээс ажлын туршлага, ар гэр, амьдралын байдал жирэмсэн хөхүүл хүүхэдтэй хүмүүүсийг харгалзан ажилд томилохыг хичээсэн билээ. Тухайлбал шинээр байгуулагдсан газар нь дотроо гурван хэлтэстэй нэг хэлтэс нь Хөдөлмөрийн хэлтэс биш Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс болж батлагдаж ирсэн зөвхөн хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг хариуцахаар зааж өгсөн байсан.

Би Д.А, Ш.Е, Н.М нарыг ажлаас халах тушаал цалин олгох шийдвэрийг огт би гаргаагүй Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын батлагдсан орон тоонд аль болохоор татан буугдсан хоёр хэлтсээс амьдрал ахуй, ажлын туршлага. ажилласан жилийг нь харгалзан хүмүүсийг ажилтай болгох арга хэмжээ авсан.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Д.А, Ш.Е, Н.М нарт 3 сарын тэтгэмж авах тушаал гаргасан 3 сарын нэг удаагийн тэтгэмж нь цалингийн дансанд орж олгогдсон байгаа.

Монгол Улсын Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 3-н өдрийн 09 дүгээр тогтоолд мөн Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас урьд ажиллаж байсан хоёр хэлтсийг нэгтгэх тухай тушаал шийдвэр эрхийн акт удирдамж гаргаагүй байна. Харин ерөнхий газрын 1/2 гэсэн албан бичиг хоёр хэлтсийг нэгтгэх гэсэн өгүүлбэр байдаг. Энэ нь эрхийн акт биш. Бүхэл бүтэн хоёр хэлтсийн эрх зүйн байдал хөндөгдөж гэж байгаа. Хоёр хэлтэс нь урьд өмнө нийт 60 гаруй ажилтантай байсан. Мөн орон байр, эд хөрөнгө, баримт бичигтэй бие даасан үйл ажиллагааг явуулж ирсэн. Эднийх яах талаар. яаж зохицуулах тухай эрхийн акт журам, заавар зөвлөмж чиглэл дээрээс ирээгүй. Одоогийн баталж өгсөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийт орон тоо 45 хүн байгаа, урьд 2 хэлтэст 60 гаруй хүнтэй байсан гэж анхан шатны шүүх нь бүгдийг нь энэ газарт ажилд оруулаад байх янзтай бөгөөд ингэлээ гээд төрийн залгамж үйл ажиллагааны хэм хэмжээ алдагдах байх.

Яам, Ерөнхий газар нь энэ байдлын талаар: “ ...урьд өмнөх хоёр хэлтэс татан буугдсан. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 -д зааснаар татан буугдсан байгууллагын урьд ажиллаж байсан ажилтнууд нь урьдах авч байсан цалинг 8, 9, 10 дугаар сараар урьдчилан авсан. Тэд хөдөлмөр хийлгүй байж 3 сарын цалинг сул авч дээр нь 3 сарын тэтгэмжийг улсаас хувийн дансандаа хийлгүүлж авлаа. Одоогийн ХХҮГазрын ажлын чиг үүрэг зохион байгуулалт, бүтэц орон тоо нь урьд он хоёр хэлтсээс өөр болохоор ажилтнуудаа нийлж ав. Тэгээд хяналт тавьж ажилла" гэсэн чиглэл, зөвлөмжийг хэлдэг Ерөнхийдөө би энэ байдлыг мөрдлөгөө болгон ажиллаж байна. Анхан шатны шүүх нь:  Хоёр хэлтэс татан буугдаагүй ажлын байр, ажлын чиг үүрэг нь ХХҮГазарт байгаа тул тэд орох ёстой гэж тус байгууллагад хэдэн хүнийг бүгдийг нь оруулахаар шийдвэр гаргаж байна. 2016 оны 8 дугаар сард ажлаас чөлөгдсөнөө мэдсэн Д.А. Ш.Е, Н.М нар нь чөлөөлөгдсөнөө мэдсэнээс хойш 3-4 сарын дараа "дөнгөж мэдээд" гэж худал хэлж хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсний дараа   шүүхэд гомдол гаргасныг шүүх үнэлж дүгнээгүй.

Цаашид Д.А, Ш.Е, Н.М нарын нэхэмжлэлийг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн 110/ШШ2017/0023 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд болох Х.С, Х.С нар давж заалдах гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.20-ны өдрийн 110/ШШ2017/0023 дугаар шийдвэрээр Өлгий сумын хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр бид нарыг түр томилогдсон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалыг хүчингүй болгон уг орон тоонд Ш.Е, Н.М, Д.А нарыг Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан хууль зүйн үндэслэлгүй, нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн хуульд нийцээгүй шийдвэр гарсныг зөвшөөрөхгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар 70.2.9-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байсан боловч хуулийн дагуу шударга шийдвэр гаргаагүй. Миний эрх ашиг сонирхлыг илт зөрчсөн буруу шийдвэр гаргасанд маш их гомдолтой Захиргааны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй Үүнд:

 Бид ч гэсэн Монгол улсын иргэн Монгол улсын үндсэн хуульд заасан эрхийн дагуу төрийн албанд орох. ажиллах цалин хөлс авах хөдөлмөрөөр хангуулах эрхтэй Мөн Төрийн албаны тухай хуулийн 18.1, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн болох төрийн албан тушаал эрхлэх болзол, төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан энэ албан тушаалыг эрхлэх бүрэн мэдлэг боловсролтой ажлын дадлага туршлага, ур чадвартай мэргэшсэн залуу боловсон хүчин болно.

 Бид Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29, 30  дүгээр тушаалын дагуу Өлгий сумын хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон юм. Энэ тушаал нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасны дагуу төрийн албанд мэргэжлийн дагуу анх орсон ба түр тушаалтай орсон болно.

Мөн Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролтой, ур чадвартай, мэргэшсэн байх талаар заасан байдаг. Энэ нь мэдлэг боловсролтой гэдэг нь дээд боловролыг, мэргэшсэн гэдэг нь энэ ажлыг эрхлэх мэргэжлийн дагуу ажиллах талаар бичигдсэн байна. Энэ хуулийн дагуу Өнөөдөр бид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажилд нийгмийн ажил мэргэжлийн дагуу орсон хүн. Иймд уг албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг бүрэн хангаж байна. Хууль бус замаар ажилд ороогүй болно.

Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д төрийн албан тушаалд буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажилд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг, үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ншаиарлиж үл болно гэж заасан байдаг. Гэтэл намайг шинээр төгсөж ирсэн юу ч мэдэхгүй залуу хүн гэх утгаар нь ажлаас нь чөлөөлөх зэргээр хандаж болохгүй.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.2, 16.2.3, 16.2.3, 16.2.4, 16.2.5, 16.2.6-д Төрийн албанд авч ажиллуулахыг хориглосон заалт байдаг. Эдгээр заалтад бид нарт хамааралгүй юм байна. Иймд төрийн албаны хуулийн 18.1-д заасны дагуу төрийн албанд мэргэжлийн дагуу төрийн албанд анх түр туршилтын хугацаатай томилох талаар заасан гэж ойлгож байна. Энэ талаар хуульд хориглоогүй байна.

 Бид Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажилд өндөр хариуцлагатай ажиллаж байгаа. Бид залуу боловсон хүчин, сурах юм их байгаа боловч  мэргэжлийн дагуу надад таарсан тохирсон албан тушаал. Бид ажиллах хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Бид хэн нэгний ажлыг хууль бус замаар булааж аваагүй. Монгол улсын засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хэрэглүүлэгч агентлаг газрын бүтцийг шинэчлэн тогтоосон 9 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж шинээр байгуулан тогтоосон байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 дугаартай тушаалаар Аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог баталсан бөгөөд үүнд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц нь захиргаа, хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн гэх шинээр батлагдсан орон тоотой шинэ бүтэцтэй болсон юм.

Нөгөө талаар нэхэмжлэгч нар нь бидний ажил албан тушаалд булаалцах ямар ч үндэслэл байхгүй. М Улаанхус сумын мэргэжилтэн байсан байжээ. М нь Нягтлан бодогч мэргэжилтэй юм байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэргэжлийн дагуу хүн биш. Ш.Е, Н.М, Д.А нарын ажлын орон тоог би аваагүй Шинээр батлагдсан шинэ орон тоонд орсон. 2016 онд Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан А.Галиягийн тушаалаар Н.Мг үүрэгт ажлаас нь татан буугдсан, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр чөлөөлсөн байна. Шинээр батлагдсан шинэ ажлын орон тоонд мэргэжлийн дагуу орсон болно. Түүнээс биш хэн нэгэн иргэний ажиллаж байсан хууль ёсны ажлын байрыг хууль бус замаар аваагүй. 

Аль аль нь чөлөөлөгдсөн мөртлөө тухайн үед  хуулийн дагуу ажлаас гаргасан субъектэд шүүхэд гомдол гаргаагүй байна Шүүхэд гомдол гаргах хугацаа нь өнгөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн  нь зөрчих юм. Ажлаас халагдсаны тэтгэмжийг авсан байна. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд    нөхцөл байдлыг Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 21 дугаар зүйлийг 2 дугаар зүйлийн 4-т болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 т заасан Байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо, хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр халагдаж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу нэхэмжлэгч нар нь зөвшөөрсөн ажлаас халагдсаны тэтгэмж авсан байна. Нөхцөл байдал ийм байхад Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр намайг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалыг хүчингүй болгон уг орон тоонд Ш.Е, Н.М, Д.А нарыг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан хууль зүйн үндэслэлгүй, нэг талыг барьсан хуулийг буруу хэрэглэсэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С-ыг буруу тушаал гаргасан гэх үндэслэлээр хамгийн түрүүнд Монголын Төрийн албаны зөвлөлд хандсан ба төрийн албаны зөвлөл нь харьяаллын дагуу Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн байсан Уг маргаан хянан шийдвэрлэх байгууллагад ирүүлсэн иргэдийн гомдлыг маргаан хянан шийдвэрлэх ажлын хэсэг 2017.02.03-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан Үүнд: Гомдол гаргасан иргэдийн гомдлыг судлаад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 95, 98дугаар зүйл, УИХ-ын 2008 оны 14 дүгээр тогтоол, баталсан төрийн байгууллага болон төрийн албан хаагч уг албанд нэр дэвшигчийн хоорондох төрийн албатай холбогдон гарсан маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журмыг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын тайлбар үндэслэлтэй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг.Энэ дүгнэлт хавтаст хэрэгт байгаа боловч шүүх уг нотлох баримтыг  үнэлээгүй, боловч шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй бөгөөд шударга бус шийдвэр юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүх нөхцөл байдал хуулийн дагуу байхад Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалыг хууль бус Ш.Е, Н.М, Д.А нарын төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн нь миний хуульд заасан эдлэх ёстой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хүнийг эрхийг зөрчих ёсгүй. Мөн шүүхийн шийдвэр нь нотлох баримтын үндэслэлтэй бөгөөд хуулийн дагуу байх ёстой. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалыг хүчингүй болгон миний ажиллаж орон тоо болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн шинээр батлагдсан ажлын орон тоонд Ш.Е, Н.М, Д.А нарыг Өлгий сумын хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан нь учир дутагдалтай хууль бус, хууль зүйн үндэслэлгүй, нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан.

Захиргааны хэргийн хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримтгүй шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д  заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл, хэргийг хэрэгсэхгүй болгон бидний хөндөгдөж буй хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалсан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шударга шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар гэсэн хэрэгжүүлэгч агентлагийг байгуулж, өмнө байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг нэгтгэн хэрэгжүүлэхээр болжээ.

Үүнтэй холбоотой аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст  нэхэмжлэгч Ш.Е, Н.М нарын ажиллаж байсан Сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний орон тоо 21, Хөдөлмөрийн хэлтэст нэхэмжлэгч сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 7 байсныг нэгтгэн шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог 19, үүнээс 13 суманд тус бүр нэг, Өлгий суманд 6 мэргэжилтэн байхаар тогтоожээ.

Анхан шатны шүүх дээрх 2 хэлтэст сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан  мэргэжилтний чиг үүргийг нийгмийн халамжийн мэргэжилтний чиг үүрэг дээр нэмж нэгтгэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолт баталсан байх тул “чиг үүрэг хэвээр хадгалагдсан” гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар нэхэмжлэгч нарыг үргэлжлүүлэн ажиллах нэмэгдэл баталгаагаар хангагдана гэж үзсэн нь буруу байна.

Учир нь шинэ орон тоонд нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтний чиг үүрэг аль аль нь байгаа боловч хоорондоо нэмэгдэж нэгтгэгдсэнээр нийгмийн халамж хариуцсан мэргэжилтний гүйцэтгэж байгаагүй хөдөлмөр эрхлэлтийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтний гүйцэтгэж байгаагүй нийгмийн халамжийн чиг үүрэг нэмэгдсэн байхад чиг үүрэг “хэвээр хадгалагдсан” гэж үзэх үндэслэлгүй.

Харин чиг үүрэг нэмэгдэж өөрчлөгдсөн боловч тавигдах шаардлагыг нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний хэн аль нь хангаж байгаа бол нэг талаас төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах, нөгөө талаас  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцүүлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн”-тэй адилтган тэдгээрээс үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах боломжтой байна.

Хариуцагч нь дээрх зарчмыг хангаж ажилласан гэх боловч хэрэгт нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт авагдаагүй, ямар шалгуураар, хэрхэн сонгон шалгаруулж 28 мэргэжилтнээс 19 орон тоонд томилсон, нэхэмжлэгч нар болон бусад мэргэжилтнүүд  ямар шалтгаанаар уг шалгаруулалтад тэнцээгүй, төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй Х.С, Х.С нарыг, өөр ажил эрхэлж байсан М.Б нарыг ямар шалтгаанаар томилсон талаар баримт байхгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

Мөн бодит байдалд 28 орон тоо байснаас 19 болж цөөрсөн байхад шүүх хуучин орон тоонд ажиллаж байсан мэргэжилтнүүдийг бүгдийг томилох агуулгатай шийдсэн нь үндэслэлгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх дээрх баримтуудыг цуглуулж, маргаан бүхий актад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар гуравдагч этгээд М.Б, Х.С нарын давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ