Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 82

 

Д.Сү-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

                                                          Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                          Г.Яндаг

Хохирогч                                           Г.Да-

Хохирогчийн өмгөөлөгч                   Н.Төгсбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 44А дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн До-ийн Сү-ад холбогдох эрүүгийн 201509000606 дугаартай, 171/2016/0036/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Г Г П” ХХК-д туслах ажилтан  байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Зүүн сувагийн 3 дугаар гудамж, 7 тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 120 мянгатын 18 дугаар байрны 36 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х Х овогт До-ийн Сү /РД: ********** /

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой 18:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Цайдамын хөндий” хэмээх газарт 47-81 УБО улсын дугаартай “HIJET” маркийн бага оврын ачааны машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, түүний машинд сууж явсан зорчигч Д.Цо-ын амь насыг  хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 44А дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Х Х овгийн До-ийн Сү-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сү-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Сү-ад оногдуулсан 03 жил 02 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.Сү-ад оногдуулсан 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Г Г П ХХК-с 902.400 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Да-т олгож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.1, 499.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 509 дүгээр зүйлийн 509.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Даваажав нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол гэх 36 сарын цалинтай тэнцэх 16.200.000 төгрөг, 8 нас хүрээгүй дүү Б.Энх-Энэрэлд олгогдох тэтгэврийн 15.300.000 төгрөг, илүү цаг ажиллуулсны төлбөр гэх 541.925 төгрөг, зайлшгүй зардал гэж 2.953.400 төгрөг тус тус нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Г Г П ХХК-иас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

-Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Да- нь талийгаач хүүгээ 3 нас хүртэл асарч ажил хөдөлмөр эрхлээгүйн цалин гэж 1.081.740 төгрөг талийгаач хүүгээ сард 860.000-940.000 төгрөгийн цалин авах, олох байсан орлогыг 30 жил 02 сар авна гэж тооцож 162.900.000 төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохоор... тус тус зааж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Да- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...А.О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т заасан зүйлчлэлээр яллагдагчаар татуулах талаар сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч 2016.04.21-ний шүүх хуралдаанд дээрх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж байгаад мөн Иргэний хуулийн 230.1 болон 229.1-д заасны дагуу нэхэмжилсэн нэхэмжлэл болох 162.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа учир тус шүүх хуралдааны шийдвэрт гомдол гаргаж байна. Иимд энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, А.О-г дээрх зүйл ангийн эрүүгийн яллагдагчаар татаж өгнө үү.

...“Г Г П” ХХК болон А.О-гаас шүүхийн байгууллагаар дамжуулан нэхэмжлэх нь:

-Хөдөлмөрийн хуулийн 97.1.1, 97.1.2-г үндэслэн 36 сартай тэнцэх цалингийн хэмжээ- 16.200.000 төгрөг,

-Иргэний хуулийн 508.4.4-д заасны дагуу 8 нас хүрээгүй дүү нь 8 нас хүртэл 2 жил 10 сар буюу 34 сар*450.000=15.300.000 төгрөг

-Баяр наадам болон амралтын өдрөөр амруулалгүй ажиллуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 52, 53-р зүйлд заасны дагуу баярын олон нийтийн амралтын өдөр-450000 (сард) /22 хоног=20450(өдөрт)*2=40900*5=204.500 төгрөг 7 хоногийн амралтын өдрүүд-20450(өдөрт)*1.5=30675*11=337.425 төгрөг нийт=541.925 төгрөг

-Зайлшгүй зардлын 2.453.400 төгрөг

-Иргэний хуулийн 230.1, 229.1-д “хохирол барагдуулах үүрэг бүхий этгээд бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлнө" гэж заасны дагуу

-Тус мэргэжлийн цалингийн хамгийн доод хэмжээгээр цалинжиж байсан тус компанийн цалингийн хэмжээгээр хүүгийнхээ тэтгэвэрт гарах хүртэл ажиллаж олох байсан орлогыг хуульд заагдсан нөхөн олговоруудын нийлбэр хугацаа 5 жил 10 сарыг хасаад 30 жил 2 сар*450’000=162.900.000 төгрөг

-Хүүгээ алдсанаас болж сэтгэл санааны гүн хямралд орон Улаанбаатар хотын Шархадны сэтгэцийн эмнэлэгт 2015 оны 11 сарын 16-наас 12 сарын 11 хүртэл 25 хоног хэвтэн эмчлүүлсэн ба цаашид тус эмнэлэгийн эмчийн хяналтанд байх шаардлагатай болсон /эмчийн тодорхойлолт хавтаст хэрэгт хавсрагдсан/. Мөн том ахыгаа алдсан 3 дүү нь сэтгэл шаналалын зовлон амсаж эрүүл мэндийн хувьд дархлаа муудаж өвчинд өртөмтгий болж хичээл сурлага нь хоцрогдсон. Энэ мэтээр маш их хохирлыг амсаж байна. Иргэний хуулийн 511.2-т заасны дагуу сэтгэл санааны хохирлыг сэтгэл шаналалын үр дагаварыг харгалзан үзэж гэм хорын хохирлыг нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтооно гэж заасан байдаг. Миний бие одоо 49 настай. Монгол эмэгтэй хүний дундаж наслалт 75 нас гэж үзэхэд 26 жилийн хугацаанд миний болон дүү нарынх нь амсах сэтгэл санааны хохирлыг байж болох хамгийн бага утга буюу 20.000.000 төгрөгийг/26 жил=769.000/365 хоног=2100 төгрөг байна. Хүн сэтгэл санааны хямралаас болж өдөрт 2100 төгрөгөөр эмчлэгдхээргүй олон өвчинд нэрвэгдэж хохирдог. Нийт 217.395.325 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хохирогч Г.Да- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй. Машины бүрэн бүтэн байдлыг байгууллагын захирал хангах үүрэгтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэг, 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар А.О-г шалгах ёстой. Хохирогч оршуулгын зардлыг л авсан. Хүний амь насыг зөвхөн оршуулгын зардлаар тооцож болохгүй. Хохирогчийн хувийн байдлыг харгалзан үзнэ үү.

16.000.000 төгрөгийн хохирол байгаа. Байгууллага актаа бүрдүүлдэг байтал байгууллага ослын талаар дүгнэлт гаргахгүй байгаа. Тухайн ажилтанд тушаал гаргаж байгууллагаас хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн тухайн байгууллагын үндсэн ажилтан гэж үзэх үндэслэлтэй. Хохирол, дүүгээ 8 нас хүртэл асарсны мөнгө 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зайлшгүй зардал 2.500.000 төгрөг байгаа. Ирээдүйд нэхэмжлэх зардлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Улсын яллагч Г.Яндаг давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар, дүгнэлтэндээ:

...Компанийн захирал А.О-г шалгах явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу субъект болохгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2, мөн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд заасан гэмт хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах үндэслэлгүй. Анхан шатны шүүхээ нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг шийдвэрлэж, үлдсэн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үлдээсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ялтан Д.Сү-ыг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой 18:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Цайдамын хөндий” хэмээх газарт 4781 УБО улсын дугаартай “HIJET” маркийн бага оврын ачааны машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, түүний машинд сууж явсан зорчигч Д.Цо-ын амь насыг  хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.Сү-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.Сү-ад оногдуулсан 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Г Г П ХХК-с 902.400 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Да-т олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.1, 499.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 509 дүгээр зүйлийн 509.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Да- нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол гэх 36 сарын цалинтай тэнцэх 16.200.000 төгрөг, 8 нас хүрээгүй дүү Б.Энх-Энэрэлд олгогдох тэтгэврийн 15.300.000 төгрөг, илүү цаг ажиллуулсны төлбөр гэх 541.925 төгрөг, зайлшгүй зардал гэж 2.953.400 төгрөг тус тус нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Г Г П ХХК-иас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Да- нь талийгаач хүүгээ 3 нас хүртэл асарч ажил хөдөлмөр эрхлээгүйн цалин гэж 1.081.740 төгрөг талийгаач хүүгээ сард 860.000-940.000 төгрөгийн цалин авах, олох байсан орлогыг 30 жил 02 сар авна гэж тооцож 162.900.000 төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн 44А дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Ялтан Д.Сү- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, түүний машинд сууж явсан зорчигч Д.Цо-ын амь насыг  хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурган үзүүлэлтүүд шинжээчийн дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хохирогч Г.Да-ын “...хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, А.О-г яллагдагчаар татаж өгнө үү..., Нийт 217.395.325 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж, хэргийг бүхэлд нь хянахад иргэний хариуцагч А.О-д холбогдох хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 127 дугаар тогтоолоор Эрүүгийн 201509000606 тоот хэргээс “4781 УНО улсын дугаартай  HIJET маркийн тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бус шаардлага хангаагүй байхад ажилд гаргасны улмаас зам тээврийн осол гарч иргэн Д.Цо-ын амь нас хохирсон” гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн дээд шатны прокурорт гомдол гаргаж Дархан-Уул аймгийн прокурор П.Мөнхзул 283 дугаар тогтоолоороо түүний гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.  

Анхан шатны шүүх 20150900606 тоот хэргийг шийдвэрлэхдээ иргэн А.О-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна гэж үзжээ.

“Г Г П ХХК ажлын хэрэгцээндээ зориулан “HIJET” маркийн бага оврын ачааны машин худалдаж авч 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт оруулж “4781 УНО улсын дугаартай “HIJET” маркийн бага оврын ачааны автомашин зам тээврийн хөдөлгөөнд оролцож болно.” гэсэн №39579 тоот дүгнэлт гарчээ.

Тээврийн хэрэгслийг үзлэгт оруулах үед уг автомашины тормосны ялтас /наклад/ хэвийн, дөрвөн дугуй ижил хээтэй, запас буюу нөөц дугуйтай байсан нь №39579 тоот дүгнэлт, “Г Г П ХХК-ний захирал А.О-, гэрч З.Санчир нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

“HIJET” маркийн автомашиныг компаний ажлын хэрэгцээнд талийгаач Д.Ц ашиглаж байсан ба автомашин тээврийн үзлэгт орсноос хойш сарын дараа зам тээврийн осолд орсон байна. Осолд орох үед автомашины дугуй солигдсон, тормосны ялтас /наклад/ -ны ашиглалтын хугацаа дууссан байдалтай байсанд “Г Г П ХХК-ны захирал А.О- гэм буруутай  гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх тооцоог нотлох баримтуудад үндэслэн зөв тооцож дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаар хохирогчийн амь настай холбоотой гэм хорыг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирогчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1,  325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 44А дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Да-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                                            Я.ТУУЛ

                                   ШҮҮГЧИД                                                                Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                    Б.МАНЛАЙБААТАР