Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 01

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багийн******* тоотод оршин суух, ******* овогт *******ын Баатаржав *******,

 Хариуцагч: ******* аймгийн /-т холбогдох,

Илүү цагийн нэмэгдэл цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал /онлайнаар/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн агуулга:Амралтын өдрүүдэд илүү цагаар ажилласан хугацааны цалин хөлс гаргуулах.

  1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* сумын газраас 2016 оноос 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 /есөн сая арван таван мянга таван зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай.

  1.2 Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие ******* аймгийн газрын аж ахуйн складын сахиулаар 2013 оны 02дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон. Тасралтгүй 6 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

******* аймгийн ******* сумын газрын Нийтлэг үйлчилгээний дарга Д.тай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 1.6-д Төрийн албаны хууль тогтоомж, хамтын гэрээнд заагдсан нэмэгдэл хөлс, ТҮ-1-1-ийн шатлалаар Монгол улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар 371,016 төгрөгөөр цалинжуулсан. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 264 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар ТҮ-1-1 шатлалаар цалин хөлс 418,120 төгрөг болсон. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар ТҮ-1-1 шатлалаар цалин хөлс 432,754 төгрөг болж нэмэгдсэн. ******* аймгийн ******* сумын газрын сахиул *******ын 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэлх олгогдоогүй дундаж цалин хөлсний зөрүү 8,553,843.642 төгрөгийг гаргуулж, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан ...цалин хөлс авах... эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.1 Хариуцагчийн татгалзлал: нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон цалингийн карт зэргээс харахад томилогдсон өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх хүртэлх хугацааны турш ТҮ-1-3 дахь шатлалаар цалинжуулсан. Ажил олгогчийн зүгээс ажилтныхаа хууль ёсны эрх ашиг, цалин хөлсний асуудлыг хууль, журмаас дээгүүр тавин заагдсан цалингийн сүлжээнээс илүү нөхцөлөөр 6 жилийн хугацаанд цалин хөлсийг олгосон.

2.2 Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: Иргэн ******* нь ******* аймгийн дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар аймгийн газрын нөөцийн складын сахиулаар томилогдон ажилласан. ******* нь тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан ТҮ-1-ийн 1 дэх шатлал 322,623 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар томилсон тушаалд заагдсан байдаг.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон цалингийн карт зэргээс харахад томилогдсон өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх хүртэлх хугацааны турш ТҮ-1-3 дахь шатлалаар цалинжуулсан. Ажил олгогчийн зүгээс ажилтныхаа хууль ёсны эрх ашиг, цалин хөлсний асуудлыг хууль, журмаас дээгүүр тавин заагдсан цалингийн сүлжээнээс илүү нөхцөлөөр 6 жилийн хугацаанд цалин хөлсийг олгож ирсэн байна.

Хуулийн дагуу цалин, нэмэгдэл цалин, илүү цагаар ажилласан хөлс, урамшуулал, хоолны мөнгө зэргийг тухай бүр авч байсан нь дээрх баримтуудаар нотлогддог.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэж заасан. Тухайн сахиулын ажил нь өдөр бүр цаг бүртгүүлдэггүй онцлогтой ажил байдаг.

Иймд илүү цагаар ажиллуулсан гэх үндэслэл бүрдэхгүй юм. Ажил олгогч ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ч энэ талаар тусгаагүй тул илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй, илүү цагийн цалин нэхэмжлэх эрхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтын дагуу *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

3.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр:” Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* аймгийн газраас 2016 оноос 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ******* аймгийн газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1, ТҮ-1-4 дэх шатлалаар цалинжуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2 Хууль хэрэглээний талаарх : Нэхэмжлэгч ******* нь 2013 оны 02 дугаар сарын 01-ны өдөр ажилд орсон ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т илүү цагаар долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгохоор хуульчилсан. Нэхэмжлэгч ******* нь 2016-2019 оны нэмэгдэл хөлсний тооцоо нь 2016 оны 03 дугаар сараас 12 сар хүртэл тооцож үзэхэд 2,067,235 төгрөг, 2017 оны 01 сараас 12 сар хүртэл тооцож үзэхэд 2,863,394 төгрөг, 2018 оны 01 сараас 12 сар хүртэл тооцож үзэхэд 2,724,733 төгрөг, 2019 оны 1 сараас 5 сар хүртэл тооцож үзэхэд 1,360,216 төгрөг нийт 9,015,575 төгрөгийн илүү цагийн нэмэгдэл хөлс аваагүй байна. ******* аймгийн тамгын нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан цалин хөлс олгох, ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй, Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т цалин хөлс авах эрх, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан ажилтны цалин хөлс авах эрхийг ноцтойгоор зөрчсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* сумын газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1 шатлалаар цалинжуулахыг даалгах, 2016 оны 03 дугаар сараас 2019 оны 03 дугаар сар хүртэлх дундаж цалингийн зөрүү 8,553,843 төгрөг гаргуулах тухай шаардлагыг ******* аймгийн ******* сумын т холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг ******* аймгийн газраар сольж,  “******* аймгийн газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-4 шатлалаар цалинжуулахыг даалгах, 2016 оны 03 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх дундаж цалингийн зөрүү 9,687,813 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

Мөн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөгийг хариуцагч аймгийн газраас гаргуулахаар   шаардлагаа өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч аймгийн газраас 2016 оноос 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулж,   ******* аймгийн газрын аж ахуйн складын сахиулын цалин олговрыг ТҮ-1-1, ТҮ-1-4 шатлалаар цалинжуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. 

Нэхэмжлэгч  ******* нь “******* аймгийн газрын аж ахуйн складын сахиулын ажил үүргийг 2016 оноос 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд гүйцэтгэж байх үед илүү цагийн нэмэгдэл хөлс  9,015,575 төгрөгийг авах ёстой, уг илүү цагийн нэмэгдэл хөлсийг одоог хүртэл аваагүй, хуульд заасан миний эрхийг ноцтой зөрчсөн” гэж тайлбарлан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,хөдөлмөрийн гэрээ,ХААН банкны харилцах дансны хуулбар,цэргийн батлахын хуулбар зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байхаас гадна   2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд Засгийн газрын  тогтоолын дагуу төрийн үйлчилгээний хэдээр цалинжих эсэх, энэ хугацаанд нэмэгдэл цалин олгогдож байсан эсэх,цалингийн шатлалаас шалтгаалан хэдэн төгрөгийн цалин авах ёстой байсан, авч чадаагүй цалингийн зөрүүг тооцуулах,илүү цагийн болон амралтын өдрүүдийн нэмэгдэл цалин авч байсан эсэх  ******* аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналт хариуцсан улсын байцаагчаар дүгнэлт гаргуулах  зэрэг нотлох баримтыг цуглуулж ирүүлэхээр хүсэлт гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “...нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж шүүхэд гаргаж өгсөн   нотлох баримт, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

2. Хариуцагч ******* аймгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон цалингийн карт зэргээс харахад томилогдсон өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх хүртэлх хугацааны турш ТҮ-1-3 дахь шатлалаар цалинжуулсан, цалингийн сүлжээнээс илүү нөхцөлөөр 6 жилийн хугацаанд цалин хөлсийг олгосон.

Мөн сахиулын ажил нь өдөр бүр цаг бүртгүүлдэггүй онцлогтой ажил тул илүү цагаар ажиллуулсан гэх үндэслэл бүрдэхгүй. Ажил олгогч ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ч энэ талаар тусгаагүй учраас илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй.” тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж  тайлбарлан “*******ын 2017,2018,2019 онуудын цалингийн картын хуулбар /ЗДТГ-ын санхүүгийн тэмдэгтэй/ болон 2013 оноос 2019 он хүртэлх цалингийн цэс,аймгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаал, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 9-ны өдрийн А/05 дугаар тушаал, 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалуудад ******* аймгийн хуулбар үнэн дардастай, ******* аймгийн дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангуулан шүүх бүрдүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдол гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул нэхэмжлэгч ******* нь хуульд заасан хугацааны дотор буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргаагүй байх тул хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэх үндэслэлээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж хуульчилжээ.

Ажилтан ******* нь шүүхэд анх 2016 оны 03 сараас 2019 оны 03 сар хүртэлх хугацааны дундаж цалингийн зөрүү 8.553.843 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай шаардлагыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеийг анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр   ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, харин 2019 оны 01 дүгээр сарын 29-нээс өмнөх хугацаа нь энэ хуульд заасан гурван сарын хугацаа өнгөрсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ажилтан эрхээ зөрчигдсөн өдрөө мэдсэнээс хойш амралтын өдрүүдэд илүү цагаар ажиллаж байсан хугацааны нэмэгдэл хөлсийг авах эрхтэй байх боловч түүний шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иймд ажилтанд 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл амралтын өдрүүдэд ажиллаж байсан хугацааны илүү цагийн хөлсийг ажил олгогчоос гаргуулан түүнд олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр *******ын 2016-2019 оны нэмэгдэл хөлсийг бодсон тооцоогоор 2019 оны 2 дугаар сард 312903 төгрөг,3 дугаар сард 332459 төгрөг,4 дүгээр сард 241789 төгрөг,5 дугаар сард 231276 төгрөг нийт 1118426 төгрөгийг түүний энэ хугацаанд амралтын өдрүүдэд ажиллаж байсны нэмэгдэл хөлсөнд гаргуулж олгох нь зүйтэй байна.

   Иймд нэхэмжлэгчийн 9,015,575 төгрөгийн шаардлагаас 1118426 төгрөгийн шаардлагыг хангаж, 7897149 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү”гэх  гомдлын зарим хэсгийг хангаж , зарим хэсгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан”   гурван сарын хугацаа өнгөрсөн  гэх үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан   ******* аймгийн ЗДТГ-аас 1.118.426 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.897.149 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай”. Гэж,

3 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар хариуцагч ******* аймгийн ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамж  31392 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.” Гэж тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР

                                   

                                             ШҮҮГЧ                                           Д.КӨБЕШ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА