Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 663

 

А.С- т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 542 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 930 дугаар магадлалтай, А.С- т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, .... овогт А.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны прокуророос А.С- т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.С- ыг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, А.С- т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалд гомдол гаргаж байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Энэ хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд 2 удаа прокурорт буцааж байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх... нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах... аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх зөвхөн ...01/132 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн ба бусад нотлох баримтууд болох гэрч Э.Б /1хх-34/, С.Б /1хх-130/, Б.Э /1хх-132/ гэрч Ш.Ц /1хх-195/, А.С- ын яллагдагчаар дахин өгсөн /1хх-196/ мэдүүлгүүдээр, цаашлаад дээрх нотлох баримтуудаар А.С-  нь “А” уламжлалт эмчилгээ явуулдаг газарт нэвтэрсэн нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй, цаг хугацааны хувьд уялдаа холбоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байдаг. Энэ хэргийг А.С-  үйлдсэн гэдгийг нотолсон нотлох баримт шинжээчийн дүгнэлтээс өөрөөр хэрэгт байхгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах... аргаар нотлох баримтыг шалгахгүйгээр зөвхөн шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгч хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокуророос шүүгдэгч А.С- ыг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр А.С- ын хурууны хээ илэрсэн байхад тухайн өдөр хэргийн газар А.С-  байсан эсэх нь эргэлзээтэй байна гэж дүгнээд анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэж заасныг цагаатгах тогтоолд дурдаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн А.С- т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос А.С- ыг 2018 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хоро....ны нутаг дэвсгэрт байрлах .... уламжлалт эмчилгээний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч алкопрост нэртэй эм 36 ширхэг, натуроник нэртэй эм 10 ширхэгийг хууль бусаар авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх  хянан хэлэлцээд хэргийн нөхцөл байдлыг нотолж буй баримтуудад  үндэслэл бүхий няцаалт хийлгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж, шийдвэрийг нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад үгүйсгэгдэж, яллаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалт ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж...” гэсэн хуулийн заалтыг иш татан илтэд тодорхойгүй дүгнэлт хийж, цагаатгах тогтоол гаргажээ.

Шүүхээс цагаатгах тогтоол гарсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан агуулга, үндэслэлүүдийг тодорхой илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд үүнийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу ноцтой зөрчилд тооцогддог тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх аливаа этгээдийн холбогдсон гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, эсхүл гэм буруутайд тооцож, шийтгэх аль ч шийдвэрийг гаргахад мэтгэлцэгч аль нэг талын үндэслэл болж буй нотлох баримт болон хууль зүйн үндэслэлд няцаалт хийсэн үндэслэл, агуулга, хууль зүйн дүгнэлтийг зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, хууль ёсны байх хуулийн шалгуур болдогийг үйл ажиллагаандаа хэвшүүлэх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан “...магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 930 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                            ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН