Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 188/2016/0079/э |
Дугаар | 554 |
Огноо | 2016-08-30 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | А.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 554
У.Отгонбатад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор А.Ганзориг,
Ялтан У.Отгонбат, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан У.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201626011040 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигин овогт Угтахбаярын Отгонбат, 1995 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43 дугаар гудамжны 18 тоотод оршин суух,
2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, /РД:НШ95101410/,
У.Отгонбат нь 2016 оны 4 дүгээр сарын 6-ны шөнө согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” худалдааны төвийн гадна иргэн А.Мөнх-Эрдэнийг гар утас өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар нь гараар цохиж “хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинхайрхан дүүргийн прокурорын газраас: У.Отгонбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Отгонбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Мөнх-Эрдэнэд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 4 дүгээр сарын 7-оос 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэл цалин хөлс, цаашид гарах хамрын муруй засуулах хагалгааны зардлаа хууль ёсны шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, түүнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан У.Отгонбат гаргасан давж заалдах гомдолдоо: “…Өөрийн үйлдсэн хэргээ мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж байсан ба хохирогчоос уучлалт гуйж, хийсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байна. Би 20 настай бөгөөд ид хөдөлмөрлөж, ажлын гараагаа эхлүүлэх насандаа энэ торны цаана сууж залуу насаа өнгөрөөх болсондоо харамсаж байна. Миний аав Угтахбаяр нь эдгэрэшгүй хүнд өвчний улмаас анхан шатны шүүх хуралдааны өмнө нас барсан. Би ийм хэрэгт холбогдож, ял шийтгүүлэн сууж байгаадаа харамсаж байна. Иймд миний хувийн байдал болон хохирогч гомдол саналгүй болон нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү…” гэжээ.
Ялтан У.Отгонбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие мөрдөн байцаалтын шатанд буюу анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоос уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна, давж заалдах гомдлоо дэмжиж байна…” гэв.
Ялтны өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. У.Отгонбат хийсэн хэргээ мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэн зөвөөр мэдүүлдэг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хохирогч А.Мөнх-Эрдэнэд мөрдөн байцаалтын шатанд 600.000 төгрөг, дараа нь 300.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан учраас хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж өөрөө бичиж өгсөн байдаг. Үүнээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. У.Отгонбатын хувийн байдлын хувьд 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан. Сүүлд 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр танхайн гэмт хэрэг үйлдсэн. Үүнээс авч үзэхэд тэнсэж, хянан харгалзсан 1 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй. Гэхдээ “Өршөөл үзүүлэх тухай” хууль 2015 оны 8 дугаар сард гараад үүнтэй холбогдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар У.Отгонбатын ялтай байдлыг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамааруулж шийдвэрлэсэн. У.Отгонбатыг 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр шийтгүүлсэн гэж үзвэл 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ялтай байх хугацаа нь дууссаны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг. Энэ нь дахин гэмт хэрэг үйлдэх, ялтай байдлын нь хугацаа дууссан гэж үзсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх боломжтой. Мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасны дагуу хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хувийн нөхцөл байдлууд нь тогтоогдсон. У.Отгонбатын эцэг Угтахбаяр нь анхан шатны шүүх хуралдааны өмнө нас барсан. Одоо хөгшин эхийн хамт хоёулханаа үлдсэн. Ялтан У.Отгонбат нь одоо 20 настай, ажил хөдөлмөр эрхлэх насандаа ял шийтгүүлсэн. Дээрх үндэслэлээр нэгэнт гэм хорыг арилгасан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хувьд бага хэмжээний аюул учирсан гэж үзэж байна. Тийм учраас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон түүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.
Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх ялтан У.Отгонбатын хувийн байдлыг харгалзан үзэж 3 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Танхайн хэрэгт холбогдохоос өмнө хулгайн гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар ял шийтгүүлээд 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан. Хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь үндэслэлтэй байх боловч өмнө хийсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй гэдэг үндэслэлээр хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэж, зөрчсөн асуудал байхгүй учраас ялтан У.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааны хэмжээ хязгаарыг прокурорын яллах дүгнэлттэй нийцүүлэн тогтоодог. Иймээс яллах дүгнэлт нь хэргийн талаарх прокурорын байр суурь буюу шүүгдэгчид холбогдуулан яллах гэж буй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн, ойлгомжтой тусгасан байх хуулийн шаардлага буй. Шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтэд тусгаагүй нөхцөл байдлыг тодруулах, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд түүнийг засуулах ёстой. Гэтэл У.Отгонбатад холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулснаас хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсний улмаас шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангагдаагүй байна. Тухайлбал:
1. Хохирогч А.Мөнх-Эрдэнийн “...У.Отгонбат “чи миний 400.000 төгрөгийг авсан” гэж хэлээд миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа цохисон. Отгонбат намайг эхлээд нэг удаа цохисны дараа газар унасан, дараа нь босоод ирсэн чинь дахиад нэг удаа нүүрэн тус газар цохисон...” /хх-ийн 8/, “...У.Отгонбат гэх залуу гараараа нүүрэн тус газар нэг удаа цохих үед би газар унаагүй зүгээр доошоо хамраа дараад явган суусан. Намайг У.Отгонбат нүүрэн тус газар нэг удаа цохисноос болж миний хүүхэд зулбасан гэж бодохгүй байна. Би У.Отгонбатад цохиулахаас өмнө л доошоо юм гараад зулбах гээд байсан юм, тэрнээс У.Отгонбатад цохиулснаас болж хүүхэд зулбаагүй гэж үзэж байна. Би тухайн үед 2 сартай жирэмсэн байсан нь үнэн гэхдээ зодуулснаас болж хүүхэд зулбасан зүйл байхгүй…” /хх-ийн 85-86/, анхан шатны шүүх хуралдаанд “...Тэгээд явах гэж байсан чинь надаас 400.000 төгрөг нэхсэн. Би “чи юу яриад байгаа юм” гээд эргээд харсан чинь намайг цохиод унагасан. Газар унаад би ухаан алдсан гэдгээ мэдээгүй. Босоод ирсэн чинь дахиад цохисон. ...Урьд өмнө тонус өгөөд ураг зулбах гээд байсан. Харин У.Отгонбатын үйлдлээс болж ураг зулбаагүй гэсэн мэдүүлэг өгөөгүй…” /хх-ийн 131/ гэрч Б.Цэрэндэжидийн “…Отгонбат гэх залуу Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйн нүүрэн тус газар луу нь нэг удаа гараараа цохиод газар унгаасан…” /хх-ийн 9/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагджээ.
Дээрх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж үзвэл хохирогч А.Мөнх-Эрдэнэ У.Отгонбатыг хэд хэдэн удаа цохисон, ухаан алдсан, газар унасан, цохиулсны улмаас ураг зулбасан гэж үзэхгүй байна гэсэн атлаа уг мэдүүлгийг өгөөгүй, газар унаагүй, нэг удаа цохисон гэх мэт харилцан зөрүүтэй мэдүүлгийн аль мэдүүлэг үнэн зөв болохыг мөрдөн байцаалтын шатанд тодруулж, тэдгээрийн зөрүүг арилгах.
2. Анхан шатны шүүх “…2016 оны 4 дүгээр сарын 6-наас 2016 оны 4 дүгээр сарын 7-нд шилжих шөнө болсон байх ба хэрэгт авагдсан өвчний түүхийн хуулбарт 2016 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн үзлэгээр умайн тонустой гэж тэмдэглэгдсэн, яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд “...яаралтай тусламжийн тасагт ирсэн огноо 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 20 цаг гэж тэмдэглэгдсэн, мөн 19 цагаас хойш доош цус ихээр гарсан гэж тэмдэглэгдсэн, байх ба эдгээр нь хэрэг үйл явдал болсноос хойш нилээдгүй хугацааны дараа болжээ. Мөн хохирогч А.Мөнх-Эрдэнэ нь Шүүх эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр үзүүлэхдээ жирэмсэн байсан талаараа хэлээгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Дээрх нөхцөл байдлаас үзвэл хохирогч А.Мөнх-Эрдэнийн ураг шүүгдэгч У.Отгонбатын үйлдлийн улмаас зулбасан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар нотолсон баримтгүй, энэ талаар тогтоогдох нөхцөл хязгаарлагдмал байна. Иймд хохирогч А.Мөнх-Эрдэнийн шүүгдэгч У.Отгонбатын үйлдлийн улмаас “миний ураг зулбасан” гэдэг нь үндэслэлгүй гэж үзнэ…” хэмээн хууль зүйн дүгнэлт хийсэн ойлгомжгүй болжээ.
Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам, арга хэрэгслийн дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлаж тусгай мэдлэг шаардахгүй зарим асуудалд шүүх өөрийн эрх хэмжээ, мэдлэгийнхээ хүрээнд хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай. Харин тухайн хэрэгт ач холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд өөр шинжлэх ухааны мэдлэг шаардлагатай тохиолдолд тусгай мэдлэг бүхий шинжээчийн томилж, дүгнэлт гаргуулах замаар тогтоодог.
Хавтаст хэрэгт авагдсан Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, яаралтай тусламж үйлчилгээний хуудас, ЭХО-д үзүүлсэн зураг /хх-ийн 49-58/, мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч А.Мөнх-Эрдэнэ хэрэг гарах үед жирэмсэн байсан болох нь нотлогдож байх бөгөөд хэрэг гарсанаас хойш 10 хоногийн дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ураг зулбасан нөхцөл байдал харагдаж байхад ураг зулбасан асуудал У.Отгонбатын үйлдэлтэй холбоотой эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд ямар нэг ажиллагаа хийгээгүй байна. Уг байдлыг тогтооход тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай тул ураг зулбасан нөхцөл байдал У.Отгонбатын үйлдэлтэй холбоотой эсэх талаар нарийн мэргэжлийн шинжээч томилж нэг мөр шалгаж, байцаан шийтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл уг нөхцөл байдлыг тодруулснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуульд заасан гэм буруу, хариуцлагын төрөл хэмжээг сонгож хэрэглэхэд онцгой ач холбогдолтойгоос гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтооход чухал юм.
3. Прокурорын яллах дүгнэлтэд У.Отгонбат нь 2016 оны 4 дүгээр сарын 6-ны шөнө гэмт хэрэг үйлдсэн хэмээн дурдсан байхад хохирогч А.Мөнх-Эрдэнэ 2016 оны 4 дүгээр сарын 6-наас 2016 оны 4 дүгээр сарын 7-нд шилжих шөнө, гэрч Б.Цэрэндэжид 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр, ялтан У.Отгонбат 2016 оны 4 дүгээр сарын 6-наас 2016 оны 4 дүгээр сарын 7-нд шилжих шөнө гэж харилцан зөрүүтэй мэдүүлсэн, анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан цаг, хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө гэж шийтгэх тогтоолдоо тодруулсан байх бөгөөд уг гэмт хэрэг 2016 оны 4 дүгээр сарын хэдний өдөр, хэдэн цагт гарсан болохыг цаг хугацааны хувьд мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоох нь зүйтэй.
Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал” гэсэн хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзнэ.
4. Ялтан У.Отгонбат “…Би баарны гадна талд зогсож байсан чинь Ганбаярын найзууд гэх 3 хүн гараад ирсэн. Би тэд нараас гар утсаа авмаар байна гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй “Бид нар чиний гар утсаар яах юм бид нар хулгайч биш шүү, чи өөрөө надад гар утсаа хаячих байх авч бай гээд өгөө биз дээ чи маргааш эрүүл болхоороо аваарай” гээд байсан. Би тухайн үед их согтсон байсан болхоор Мөнх-Эрдэнэтэй маргалдаад эхэлсэн. Би тухайн үед их согтуу байсан болохоор жоохон агсам тавьсан чинь намайг Мөнх-Эрдэнэ алгадаад авсан. Тэгэхлээр нь би зөрүүлээд гараараа хамар хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон юм..” гэх мэдүүлгийг өгчээ. /хх-ийн 25/ Гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд Ганбаярын найз гэх 3 хүн байсан эсэх, хэрэв байсан тохиолдолд тэдний гэрчээр асуух шаардлагатай.
Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа У.Отгонбатын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан У.Отгонбатын гаргасан гомдлыг энэ удаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: