Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 224/МА2022/00007

 

“Т б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэртэй,

“Тб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Ч.Д нарт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээлийн хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Б.Б, Ч.Д нар 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 162200095971 тоот данстай 11.975.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч Б.Б, Ч.Д нар зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй. Зээлийн гэрээний 6-т заасан үүргээ байнга зөрчиж 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1235 хоног хугацаа хэтэрсэн байна.

Иймээс Б.Б, Ч.Д нартай байгуулсан цалингийн зээлийн гэрээний 6.3 дугаар зүйлийн заалтыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээл хүүгийн төлбөр 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 703.015 төгрөг, нийт зээл, хүүний төлбөр 19.057,103 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Б.Б, Ч.Д нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 19.057.103 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Б.Б хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлөлт хийсэн. Ямар данснаас төлсөн болох нь тодорхойгүй..” гэжээ.

Хариуцагч Ч.Д анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Б-тай гэр бүл болж амьдарч байгаад 2018 онд албан ёсоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Б.Б бид хоёр бичиг үсэг мэддэггүй бөгөөд би банкнаас зээл авч байгааг мэдээгүй. Б.Б надад зээл авч байгаа талаараа хэлээгүй ба намайг нэг удаа банкин дээр авч очиж гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Тухайн үед би гэр бүлийн дарамтад байсан учир айгаад гарын үсэг зурсан. Банкны хүн ч гэсэн надад хэлээгүй бөгөөд одоо би ганц бие өрх толгойлсон эх. Би 4-7 насны 2 хүүхэдтэй, Б.Баас хүүхдийн тэтгэмж авдаггүй гэр орон, үр хүүхдээ авч явах чадваргүй. Иймд уг зээлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлж чадахгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Хариуцагч Б.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:” Миний бие 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 162200095971 тоот данстай 11.975.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан нь үнэн болно. Би 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан үндэслэлээр 15 жил хорих ялаар шийтгэгдэж одоогоор 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа тул зээлийн төлбөр төлөх боломжгүй байна.

Иймд миний аргагүй байдлыг харгалзан үзэж суллагдаж гарсны дараа төлөх боломж олгож өгнө үү. Ч.Д тайлбартаа банкнаас зээл авч байгааг мэдээгүй гэсэн байна. Ч.Д бид 2 хамт банкин дээр очиж зээл аваад, уг зээлийг өрхийн хэрэгцээнд зарцуулсан. Би 2017 оны 5 дугаар сард ажлаас халагдсан. Ажлаас халагдсаны дараахан л нэг удаа төлөлт хийсэн. Үүнээс хойш зээл төлж чадаагүй, би 2017 оны 9 дүгээр сард цагдан хоригдсон. Намайг хоригдож байхад 2017 оны 12 дугаар сард надад зээл олгосон эдийн засагч залуу ирж уулзаж байсан” гэжээ.

Хариуцагч Ч.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн банк ХХК-ийн үндсэн зээлдэгч Д.Болдсайхан ажлаасаа гарч, шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа учир цалингийн зээлээ төлөх боломжгүй. Харин хариуцагч Ч.Д тус зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Ер нь банк гэдэг байгууллага ард түмнийхээ эрх ашгийг огт боддоггүй, дан ганц ашгийн төлөө ажилладаг байгууллага юм байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаар Д.Болдсайхан, Ч.Д нарын зээлийн хүүгийн төлбөр 7.517.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 703.015 төгрөг гэж байгаа боловч энэ дүнг яг ямар аргачлалаар бодож гаргасан нь тодорхойгүй. Хариуцагч Д.Болдсайхан, Ч.Д нар 2018 оны 5 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. Ч.О-ийн хувьд тогтсон цалин орлогогүй, хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулж байгаа өрх толгойлсон эмэгтэй. Б.Б-ы хувьд 2017 оны 5 дугаар сард ажлаасаа халагдаж, 2017 оны 9 сараас онц хүнд гэмт хэрэгт холбогдож цагдан хоригдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 245.000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс цааш зээлээсээ огт төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлөлт хийсэн гэж байгаа боловч энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй, энэ үед Б.Б хоригдож байсан тул зээл төлөх боломжгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан. Шүүх өмнө нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзээгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн хариуцагч Б.Б, Ч.Д нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэр нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй шийдвэрийг гаргасан тул тус шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... гэвч хариуцагч Б.Б, Ч.Д нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Тб” ХХК-ийн ХХК нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал “Тб” ХХК, Б.Б, Ч.Днарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дууссан байх боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд хариуцагч Б.Б зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 440.100 төгрөг, сүүлд 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 245.000 төгрөг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар, Бямбаагийн Болдсайханы харилцах дансны харилцагчийн хуулга зэргээр тогтоогдож байна.

“... Дээрх үүргийн гүйцэтгэлээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйчийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацааг тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дууссан байна “ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Бодит байдал дээр: Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 162200095971 дугаартай Барьцаат зээлийн гэрээг, улмаар 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 162200095971 дугаартай Барьцаат зээлийн /нэмэлт/ гэрээг тус тус байгуулж 11,975,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай зээлэн авсан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасны дагуу дээрх зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болох байтал хариуцагч зээлийн төлбөрийг сүүлийн удаа төлсөн өдрөөс тооцон хөөн хэлэлцэх хугацааг тоолж тайлбарласан нь Иргэний хуулийн 76.1, 76.2 дахь хэсгүүд болон 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан гэрээний хөөн хэлэлцэх тусгай хугацааг үндэслэлгүйгээр тоолж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал:

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нь зээлийн гэрээний хавсралтаар батлагдсан эргэн төлөх хуваарийн сүүлийн өдрөөр дуусгавар болох бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт "Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан нөхцөл, хугацааны дагуу төлж барагдуулах үүргийг хүлээж, гэрээний хугацаа дуусмагц төлөгдөөгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс гэрээний үүрэг бүхэлдээ зөрчигдсөн гэж үзэж шаардах эрх үүсэх бөгөөд улмаар зээлийн гэрээ дууссан өдрөөс шаардах эрх үүсч, уг хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцох байтал хариуцагч зээлийн гэрээний дагуу төлөлт хийсэн өдрөөс шаардах эрх үүссэн гэж дүгнэж хөөн хэлэлцэх хугацааг богиносгон тайлбарлаж шийдвэрлэсэн нь хуулийг илтэд буруу тайлбарлаж шийдвэрлэсэн хууль хэрэглээний зөрчил болжээ.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйл, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлийг удирдлага болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан байдаг. Зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацаанаас буюу эрх нь зөрчигдсөнөөс хойш 3 жилийн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байдаг. Анхан шатны шүүхийн зүгээс зээлдэгчийг хамгийн сүүлд зээлийн төлбөр төлснөөс хойш шаардах эрх үүссэн гэдэг байдлаар тайлбарласан байсан. Гэтэл анх зээлийн гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдаж, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулагдаж зээл авсан байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусаж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрээр энэ хэрэг цаашаа явбал хамгийн сүүлд зээлийн төлөлт хийгдсэнээс хойших төлөлтийг хариуцах эзэнгүй болно. Энэ асуудалд анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байтлаа шаардах эрх дууссан байна гэж үзэж байгаа нь хууль зөрчиж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч зээлийн гэрээний хүү үндсэн төлбөр, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасан байдаг. Уг хуулийн хэрэглээнээс харвал 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир гэрээний хугацаа дуусгавар болж зөрчил үүсэж байгаа учир гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жилийн хугацаа тоологдох ёстой байсан боловч хугацааг буруу тоолсноос болж хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал харагдаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтын талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шууд хөөн хэлэлцэх хугацаанд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журамд нийцэхгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 440.100 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 17-нд 245.000 төгрөгийг зээлийн төлбөрт тус тус төлж барагдуулсан байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход гэж бичигдсэн байсан. Хэрэв 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2020 оны 6 дугаар сарын 17-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүхээс дүгнэлт өгсөн байна.

Гэтэл 2019 онд “Тб” ХХК зүгээс Ч.О, Б.Б нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ хугацаанд 1 удаа анхан шатны шүүхээс, 1 удаа давж заалдах шатны шүүхээс буцаж, дахин анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж байна. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ёстой байсан. Анхан шатны шүүхийн үзэж байгаа хөөн хэлэлцэх хугацаанаас өмнө “Тб” ХХК буюу нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргаж шаардлагаа гаргасан. Хэрэв шаардлага гаргасан бол Иргэний хуульд зааснаар шаардлага гаргасан өдрөөс хойш тухайн хэргийг хянан шийдвэрлэгдэх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, уг хэрэг шийдвэрлэгдсэн өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр тоологдох ёстой байсан боловч анхан шатны шүүхээс энэ асуудалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагчдын аль аль нь тайлбар гаргасан байдаг. Б.Б зээл авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Ч.Одгэрэлийн хувьд зээл авснаа хүлээн зөвшөөрөөгүй боловч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн.

Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1.1-д “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ зээлийн үйл ажиллагааг тус тус зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, бичгээр байгуулсан гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан байгаа. Зээл олгосон үндсэн шаардлага нь хангагдсан. Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа “ Ч.Дбид хоёр уг зээлийг өрхийн хэрэглээндээ хэрэглэсэн” гэж дурдсан. Төрийн банк ХХК-аас авсан зээлийг Ч.Одгэрэл, Б.Б нар хэрэглэсэн болох нь хэрэгт цугларсан үйл баримтаас харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх уг үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг үнэн зөв бодит байдалд үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхий л талаас нь үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлээгүй. Иймд нөхцөл үүссэн учир анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Ч.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой байтал зээлийн гэрээ дуусаагүй байхад сүүлийн өдөр зээлийн төлөлт хийгдсэн өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлсэн нь буруу болсон” гэх тайлбар гаргаж байна. Илтгэгч шүүгч хэргийн материал танилцуулахдаа Б.Б-ы мэдүүлгийг шинжлэн судалсан, үүнд “намайг цагдан хоригдож байх үед надад зээл олгосон зээлийн эдийн засагч цагдан хорих байранд ирсэн” талаар мэдүүлсэн байсан.

Анхан шатны шүүх яагаад гэрээний хугацаа дуусахаас өмнө хөөн хэлэлцэх хугацааг тоолсон бэ гэхээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д “шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг мэдсэн эсвэл мэдэх ёстой байсан” гэж тодорхойлсон байгаа. Б.Бы зүгээс цалингийн зээлийн эргэн төлөлт тасалдсан гэдгийг хэлж байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зээлийн гэрээний эргэн төлөлт тасалдсан талаар тайлбарласан.

“Тб” ХХК зүгээс шаардах эрх зөрчигдөж байгаа талаар мэдэж байсан байтлаа хамгийн сүүлд Б.Б-ы данс руу цалингийн бус орлого орох үед зээлийн эргэн төлөлтөд суутгаж авч байгаа нь шаардах эрх зөрчигдөж буйг мэдэж байсан нь нотлогдон тогтоогдож байна.

Хөөн хэлэлцэх хугацаа тавьж байгаа нь төлбөр төлөгчийг тодорхой хэмжээгээр хамгаалж байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг 3 жилийн хугацаа дууссаны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолбол иргэний эрх зүйн шаардах эрх болон мөнгөн хөрөнгийн хувьд төлбөр төлөгчид хохиролтой гардаг. Тодорхой хэмжээгээр төлбөр төлөгчийг хамгаалсан заалт байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж тайлбарлаж байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар магадлал гарсан бөгөөд уг магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрт маш тодорхой дүгнэлт хийсэн байдаг. Уг дүгнэлтийн хариуд хэрэг анхан шатны шүүхэд очих үед Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэгч тал өөрийн нотлох баримтуудыг бүрдүүлж шүүхэд өгөх ёстой байсан. Магадлалд дурдагдсан нөхцөл байдлуудыг дүгнэсэн дүгнэлтүүдийг анхаарч үзээгүй, мөн хэрэгт анхан шатны шүүхэд буцаж ирэх үед нэмэлтээр нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Хэрэгт нотлох баримт нэмж өгөөгүй учир давж заалдах шатны шүүхийн магадлалаас давуулж, анхан шатны шүүх үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэх ёсгүй юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа учир үйл баримтад дүгнэлт өгөх нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ “Б.Б, Ч.Д нар 1300 гаруй хоног зээлийн эргэн төлөлт төлөх үүргээ биелүүлээгүй” гэж дурдсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн зарчмын шаардлагыг хангасан байх тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч “Тб” ХХК нь хариуцагч Б.Б, Ч.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээлийн хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын төлбөр 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, харин хариуцагч Ч.Д“  уг зээлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д : “хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч “Тб” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохтой холбоотой зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт:“ Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.2 дахь хэсэгт: “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заажээ.

Хууль болон гэрээнд зааснаар зээлдэгч нар нь зээлийг зээлийн гэрээнд заасан нөхцөл, хугацааны дагуу төлж барагдуулах үүргийг хүлээх ба гэрээний хугацаа дуусаж, зээл төлөгдөөгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс гэрээний үүрэг бүхэлдээ зөрчигдсөн гэж үзэж, шаардах эрх үүсэх бөгөөд уг хугацаанаас эхлэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

Нэхэмжлэгч тал хариуцагч Б.Б, Ч.Д нартай 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан нэмэлт зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 36 сар буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар гэрээнд заасан байна. Нэхэмжлэгч тал хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардаж, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан гурван жилийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байхад зээлдэгчийн хамгийн сүүлд эргэн төлөлт хийсэн гэх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлдүүлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзэж, уг хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, шаардлага гаргах хуульд заасан гурван жилийн хугацаа дууссан гэж дүгнэсэн нь Иргэний хуульд нийцээгүй байна.

 Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх ба энэ талаар гаргасан  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр,”Тб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Ч.Д нарт холбогдох уг иргэний хэргийг  Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 340 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн ба  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ч.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг буцаахдаа: “Нэхэмжлэгч “Тб” ХХК- нь хариуцагч Б.Б, Ч.Д нарт холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний  үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээлийн хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нийт 19.057.103 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн  шаардлага гаргасан байх  боловч уг үүрэг нь зээлдэгч нарын 2017 онд авсан цалингийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг  мөн эсэх нь  бүрэн тогтоогдоогүй, тухайн зээлийг хариуцагч нар хамтран хариуцах үндэслэлтэй эсэх, мөн түүнчлэн зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт хэзээ, хэдэн төгрөг төлсөн талаарх баримт тус тус хэрэгт авагдаагүй буюу хэргийн үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдоогүйгээс хэрэгт цугларсан баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх дүгнэлт хийсэн, өөрөөр хэлбэл, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй тул шаардлагатай ажиллагааг хийлгүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байх ба магадлал хүчинтэй байна.

Гэтэл дээрх шүүхийн магадлалд заасан ажиллагаа хийгдээгүй буюу магадлалын заалт биелэгдээгүй байгааг анхан шатны шүүх анхаарах нь зүйтэй .

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 253.271 /хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун далан нэг/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т б ХХК-ийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.271 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                 Н.МӨНХЖАРГАЛ