Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/ма2022/00397

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00397

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/03204 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Л-д холбогдох төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 75,675,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, хариуцагч Д.Л-, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Д.Ган-Очиртой 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 04/05 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд баригдаж буй 92Б байрны 7 давхрын 703 тоот орон сууцыг барьж гүйцэтгэх, Д.Б- нь төлбөр төлөх үүргийг хүлээж, талууд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Харин 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Д.Б- нь Д.Л-тэй 04/05 тоот Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр би Д.Ган-Очиртой байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагч талын эрх, үүргийг Д.Л-д шилжүүлэхээр тохиролцсон. Хэдий тус гэрээгээр Д.Л- нь гэрээний төлбөр 90,450,000 төгрөгийг 100 хувь төлсөн гэж бичигдсэн боловч 40,000,000 төгрөг төлсөн. Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан өдөр зохигчдын хооронд Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан бөгөөд эрх шилжүүлэх гэрээний төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тохиролцож, Д.Л- нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 45,000,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 35,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 10,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч 50,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Төлбөр барагдуулах гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50,450,000 төгрөгийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сар хүртэл 1093 хоногт тооцвол нийт алданги 163,458,000 төгрөг болсон тул Иргэний хуульд алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 50,450,000 төгрөгийн 50 хувь 22,225,000 төгрөгийг алдангид, нийт 75,675,000 төгрөг нэхэмжилж байна. Төлбөрийг 80,000,000 төгрөг байхаар тохирсон, нэмж 40,000,000 төгрөг төлсөн зэрэг хариуцагчийн хэлж буй тайлбар баримтаар нотлогдохгүй байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Д.Л- нь Д.Б- ахтай 2014 оноос хойш мөнгө санхүүгээр холбогдож байсан. Хамтарч байх хугацаанд олон хүний нэхэж ирсэн өр төлбөрийг зээл авах болон орон сууц зарж тухай бүр асуудлыг шийдэж байсан. Уг байрны төлбөрийг бид 2 яриад 80,000,000 төгрөгөөр зарахад болно гэж хэлээд би зарж өгсөн. Тухайн үед тэр байрыг зараад 40,000,000 төгрөгийг Д.Б- авсан. Дараа нь 7 хоногийн дараа 40,000,000 төгрөгийг Д.Б- ах надаас Гэгээнтэн төвийн гадаа зогсоол дээрээс аваад, шууд тэр мөнгөө н.Олдох ахад өгөөд явуулж байсан. Иймд бид хоёрын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо огт байхгүй. 3 жил гаруй хугацаанд тэр их мөнгийг надаас яагаад нэхэхгүй яваад байсныг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч 2014 оноос хойш миний нэр дээр зээл авдаг байсан. Би бүх мөнгийг нь цаг тухайд нь өгдөг байсан. Д.Б- нь мөнгөө дандаа бэлнээр авдаг байсан. Нэг л удаа хүүгийнх нь эхнэрийн дансаар мөнгө өгч байсан. Одоо надад нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Л-эс 75,675,000 /далан таван сая зургаан зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 536,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 536,325 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хурал дээр нэгэнт байрны төлбөрийг гүйцэт төлж барагдуулсан тул үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэж үзээд өмгөөлөгчөөс хуулийн туслалцаа авалгүй, нотлох баримт ч бүрдүүлээгүй. Миний бие гэрээний үүргээ тогтоосон хугацаандаа шударгаар гүйцэтгэсэн тул энэ мэт луйврын шинжтэй үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би бүх зүйлээ үнэн зөвөөр хэлээд байхад нотлох баримтын үнэн, зөвийг үнэлээгүй шийдсэнд гомдолтой байна. Иймд нотлох баримтаа цуглуулж оролцох эрхийг минь хангаж хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч нь нотлох баримтаа гаргах үүрэгтэй гэдгээ мэдэж байсан, мөн хууль мэдэхгүй нь үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан гэж ойлгож байгаа бөгөөд энэ нь үндэслэлгүй. Иймд шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар дүгнэлт өгөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Д.Л-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 50,450,000 төгрөг, алданги 22,225,000 төгрөг, нийт 75,675,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Д.Ган-Очиртой байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр хүлээсэн захиалагчийн эрх, үүргээ Д.Л-д шилжүүлж, төлбөр барагдуулах гэрээгээр төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар тохиролцсон, гэрээнд Д.Лхагва-Эрдэнийг 90,450,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн гэж бичсэн боловч 40,000,000 төгрөг төлж, үлдэх хэсгийг төлөөгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ миний нэр дээр зээл авдаг байсан, тухайн байрыг зараад 40,000,000 төгрөг өгсөн, 14 хоногийн дараа би банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад мөн 40,000,000 төгрөг өгсөн, надад төлөх төлбөр байхгүй гэж тус тус тайлбарласан байна. /хх19-20/

4. Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 04/05/-н дугаартай Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, эрх шилжүүлэгч буюу нэхэмжлэгч Д.Б-оос Д.Ган-Очиртой байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04/05 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагч талын эдлэх эрх, үүргээ шилжүүлэх, эрх хүлээн авагч буюу хариуцагч Д.Л- нь орон сууцны төлбөрт 90,45,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6/

Түүнчлэн зохигчид мөн өдөр 04/05/-н1 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөр авагч буюу Д.Б-оос үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах тодорхойлолтыг гаргаж өгөх, төлбөр төлөгч буюу Д.Л- нь эрх шилжүүлэх гэрээний дагуу 90,450,000 төгрөгийг заасан хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байна. /хх 4/

5. Эрх шилжүүлэх гэрээ-ний 1.2 дахь хэсэгт гэрээний эхлэх хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, дуусах хугацааг 04/05 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний хугацаагаар тодорхойлогдоно, 3.2.3-т төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд эрх хүлээн авагч алданги төлнө гэж тус тус зааснаас гадна мөн гэрээний 2.1 дэх хэсэгт гэрээний 1.3-д заасан үнийн дүнг эрх шилжүүлэгчид бүрэн төлсөн гэж бичигдсэн байх боловч талууд энэ талаар хангалттай мэтгэлцээгүй, түүнчлэн Орон сууц захиалгаар бариулах гэрээ хэрэгт авагдаагүй байна.

Орон сууц захиалгаар бариулах гэрээ хэрэгт авагдаагүйгээс зохигчдын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээ дуусгавар болох хугацаа, талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл зэрэг хэрэгт ач холбогдолтой байж болох үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

6. Харин анхан шатны шүүх хариуцагч Д.Л-д 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарласан /хх10/ байх тул өмгөөлөгч авах, нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/03204 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН