Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 642

 

Д.Ут холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, Ц.Дэлгэрням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 891 дүгээр магадлалтай, Д.Ут холбогдох 1804001490125 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2009 оны 4 дүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2013 оны 10 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2017 оны 9 дүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хардал овогт Дийн У нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх 7 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 418 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.У нь хохирогч Б.Оын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 10.800.000 төгрөг төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.У гаргасан гомдолдоо: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.У намайг 2018 оны 7 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө өөрийн найз Б.Оыг “өвөө буулгасангүй” гэж уурлан зодолдож, улмаар түүнийг хутгалж, амь насанд нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. Энэ үйлдэлд нь согтуурсан байдал нөлөөлсөн гэж дүгнэсэн. Гэвч уг хэрэг архидан согтуурснаас бус “бөөгийн зан үйл” үйлдэж байх үед уг үйлийг зогсоох гэсэн Б.Оын зүй бус үйлдлээс гарсан гэж үзэж байна. Тухайн үед учирч болох “муу үйлийг” арилгахын тулд өвөө буулгах хүсэл зорилготой байсан. Өөрийн найз Б.Оыг өвтгөх, гэмтээх ямар ч бодол, зорилго байгаагүй. Б.О бөөгийн өрөөнд орж ирэн бөөгийн зан үйлийг зогсоох гэж оролдоогүй бол ийм зүйл болохгүй байсан. Би бөөгийн хувцас, өмсгөлтэй үед нүд, нүүр халхалсан унжлага бүхий малгайтай байсан ба хагас трансляцын /зэргэлдээ ертөнцийн сүнстэй холбогдох үед орчны мэдрэмж бүрэн хагас алдагддаг/ байдалд тахилын өрөөнд өвөг дээдсийн сүнсэн биетэй холбогдож, муу сүнс буюу зэргэлдээ орших сүнсийг хөөж зайлуулдаг бөөгийн хэрэгсэл гартаа барьж суугаад “муу муухай зүйл холуур байг” хэмээн залбиран сууж байтал араас “хөөе” гэж эвгүй чимээ гарч, зүүн мөрнөөс хүчтэй татах үед айх, цочих зэрэгцэн дотор давчдаад хэцүү болсон. Тэгээд эргэж харахдаа ард байсан зүйлийг гарт байсан бөөгийн хэрэгслээр хатгачихсан байсан. Миний бөөгийн өмсгөлөөс татаад зулгаагаад байсан, би болиулах гэж зууралдан түлхэж, барьцалдан газарт унасан. Ингээд хэт төвлөрсөн бодол зан үйлээсээ сэхээ авч, нүүр нүд халхалсан унжлага бүхий малгайгаа аваад хартал “У болио” гээд Б.О миний хувцас, өмсгөлийг тайлах гэж зулгааж байсан. Энэ үед би Б.Оыг хатгаж гэмтээснээ мэдээд түүнийг татаж босгосон боловч унаж өгөөд байсан.

Түүнийг өргөж тэврэн коридор, гал тогооны өрөөний гэрэлд суулгатал манай эхнэр бид хоёрын унаж ойчих чимээнээр сэрж, бид хоёрыг зодолдоод байна гэж ойлгоод “юу болоод байгаа юм бэ. У болиоч ээ” гээд хүрээд ирсэн. Би Оын хувцсыг сөхөж үзтэл түүний гэдсэн дэх шархнаас цус гарч байсан. Н Оын шархыг хараад “У яаж байгаа юм бэ” гэж чангаар хашгиран уйлсан. Би бөөгийн өрөө рүү гүйж өргөлийн архи авч ирээд Оын гэдэсний шархан дээр асгаж, ариулж “амь наснаас холуур байг” гэж залбирч суутал Б ирж нөхрөө өмөөрч байгаа мэт уурлан хашхирч, нүүр рүү алгадаж, маажих зэргээр над руу дайрсан. Б юу болсныг ойлгоогүй, над руу дайраад байсан учир О Бг тэвэрч аваад гарах гэхэд би “Оргио эмнэлэг дуудъя, хүлээж бай” гэхэд “мань нь зүгээрээ” гээд Баярмааг аваад гарч явсан.

Болсон үнэн бодит явдал ийм байхад, О удаа дараа “У надад санаатай гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлсээр байтал болсон явдлыг нүдээр хараагүй, буруу ойлгосон гэрчүүдийн мэдүүлгээр нотлох баримт болгон хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь яллах талыг хэт баримталж, хэргийн үнэ зөвийг олж шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Гэрч Бийн мэдүүлэг нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн мэтгэлцээнд нотлох баримтын ач холбогдлоо алдсан гэж үзсэн, мөн эмнэлэг рүү дуудлагаар очиж шалгасан цагдаагийн тэмдэглэлд “Эмнэлэг дээр согтуу эмэгтэй агсам тавиад байна гэсэн дуудлагаар очиж шалгахад...” гэсэн тэмдэглэлээр гэрч Баярмаа нь хэт сэтгэл хөдлөлд автсан согтуу байсан гэдэг нь нотлогдож байгаа юм. Оыг гэмтээх үедээ миний бие нүд, нүүр халхалсан хар унжлага бүхий малгайтай байсан, мөн араас хэн татаад зулгаагаад байгааг мэдээгүй. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн үнэн бодит байдлыг гүйцэт бүрэн тодруулж чадаагүй гэж үзэж байна. Мөрдөн байцаагч нь Оын цээжин дэх жижиг шархыг өмсгөл дээр унах үедээ үүсгэгдэх боломжтой эсэхийг шалгуулахдаа бөөгийн өмсгөлийн зүүсгэлийг нүхтэй гуулин суурьтай, түүнээсээ төмөр цагиргаар холбогдсон хутга сэлэм гэх мэт хэлбэртэй зүүсгэлийн цагиргаар нь салгаж авч шалгуулсан нь учир дутагдалтай гэж үзэж дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна. Дээрх шалтгаануудыг харгалзан үзэж хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.

Миний бие нь өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс өөрийн найзын биед хүнд гэмтэл учруулсан, найзынхаа болон ар гэр аав, ээж, хань ижил, үр хүүхдүүдээ сэтгэл санааны асар их дарамтанд оруулсан гэм буруугаа бүрэн хүлээж, маш их харамсан гэмшиж байгаа бөгөөд өөрийгөө гэм буруугүй гэж маргаагүй, зөвхөн ялын зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг минь ойлгож хүлээн авна уу” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэргийн холбогдогчийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” болохыг мөрдөгч тогтоож чадаагүй, шүүх хуульд нийцсэн дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Учир нь хохирогч Б.О “бидний хооронд өс хонзон өр авлага үгүй, миний найз санамсар болгоомжгүйгээр хутгалсан” гэж мэдүүлдэг. Хэргийн холбогдогч Д.У “Ууж дуусах үед муу юм болох гээд байгаа юм шиг зөн надад гэнэт төрж өвөөгөө буулгахаар бөөгийн өрөөндөө ороод бөөгийн хувцас өмсөж, шашны зан үйлээ хийхээр сууж байтал Б.О орж ирэн “Боль, чи архи уусан байна” гээд намайг татахад нь би түүнийг гартаа барьж байсан хутгаар хатгачихсан байсан. Бид зодолдоогүй, би цочоод болгоомжгүйгээр гэдэс рүү нь хатгачихсан байсан, цээжинд нь би хатгаагүй. Б.О ойчихдоо миний бөөгийн хувцасны зүүсгэл болох үзүүртэй жад, сэлэм, хас зэрэг төмрүүдэд хатгуулснаас эгэм хэсэгт нь хатгагдсан шарх үүссэн байх, тухайн үед өрөө харанхуй байсан” гэж мэдүүлжээ.

Энэ байдлаас үзэхэд хэргийн холбогдогч Д.У Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Учир нь Д.У хохирогчтой өс хонзонгүй, өр авлагагүй, түүнийг хутгалах, гэмтээх, зодох ямар нэг сэдэл бодол, зорилгогүй байсан нь өөрийнх нь болон хохирогчийн мэдүүлэгт тодорхой байгаа. Харин өөрийнх нь мэдүүлснээр ууж дуусах үед муу юм болох гээд байгаа юм шиг зөн надад гэнэт төрж өвөөг буулгахаар шашны зан үйлээ хийхээр сууж байтал Б.О боль гээд татсан нь Д.Уын сэтгэлзүйд хүндээр тусаж зан үйлээ үргэлжлүүлэн явуулах боломжгүй байдалд хүрч, эрхшээл дарамтад оруулж байгаа хохирогчийн зүй бус үйлдэл гэж ойлгон, сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэж байгаа болно. Энэ үүднээс Д.Уын холбогдсон хэрэгт шүүх сэтгэц эмгэг судлалын мэргэжлийн эмчээр шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан болов уу.

Энэ нөхцөл байдлыг өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсвэл нөлөөлж болохуйц ноцтой байдал тогтоогдсон” гэж үзэж гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ... тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол ... шинжилгээ хийлгэнэ” гэж заасан бөгөөд Д.У өөрийн зорьсон ажил хэргийг хийж бүтээхээр өвөөг буулгах ажлаа яаралтай эхлүүлэн өөрт тохиолдох гээд байгаа муу зүйлийг зайлуулах хүсэлдээ автаж зан үйлээ хийх, үргэлжлүүлэх боломжгүй болмогц, огцом байдлаар сэтгэл санааны цочролд орж гэмт хэрэг үйлдсэн байж болохыг шинжээч томилон шинжээчийн дүгнэлт гаргуулах байсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Д.У, Б.О нар нь дотно найзууд ба тухайн өдөр Б.О нь өөрийн найз Д.Уын бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж буй баярт үйл явдлыг тэмдэглэсэн байдаг. Д.У нь зөвхөн бөөгийн зан үйл гүйцэтгэхдээ ашигладаг хуйтай хутга мэт хурц үзүүртэй зүйлээ гартаа барьж, бөөгийн зан үйлээ үйлдэж байхад нь хохирогч өрөөний гаднаас орж ирэн түүнийг цочооход гартаа байсан зүйлээрээ түлхэхэд дээрх гэмтэл учирсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, холбогдогч нарын "Д.У нь бөөгийн зан үйл хийдэг өрөөндөө байсан, ямар нэг зүйл хийгээд байсан” гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бөөгийн зан үйл хийдэг хурц үзүүртэй эд зүйлсийн зураг зэргээр нотлогддог. Мөн хохирогчид гэмтэл учруулсан гэх эд зүйл нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт "Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно...” гэж тусгасан. Тус зүйл нь зориулалтын хувьд шашны зан үйл үйлдэхэд л хэрэглэх төдий зориулалттай юм.

Мөн Д.Уын үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаагүй. Тухайлбал Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн субъектив талын шинж болох гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулаагүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.О болон шүүгдэгч Д.У нар нь дотно найз нөхдийн харилцаатай, хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ "Д.У надад хоёулаа өвөө буулгая гэхээр нь энэ тухай түүний эхнэрт хэлэхэд цаадхаа болиул гэсэн. Би Уын өрөөнд ороод болио гээд татахад тэр эргэж хараад түлхэх шиг болсон, гартаа үзүүртэй зүйл барьсан байсан ба тэр зүйлээрээ хатгасан юм шиг байна лээ. Д.У нь санаатайгаар намайг хутгалаагүй. Би нэлээд согтсон байсан ба гэнэт татсанаас Д.У цочсон байх, одоо миний бие эрүүл болсон, гомдолгүй" гэх мэдүүлэг, Д.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "би өрөөндөө ороод хувцас өмсөж шашны зан үйлээ хийгээд сууж байхад Б.О орж ирээд намайг цочоож татахад нь би эргэж харахдаа түүнийг хатгачихсан байсан, бид зодолдоогүй, Оын цээжинд би хатгаагүй. О ойчихдоо миний бөөгийн хувцасны зүүсгэл болох үзүүртэй жад сэлэм, хас зэрэг төмрүүдэд хатгуулсан байх" гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Д.У нь дээрх үйлдлийг санаатай үйлдээгүй, хохирогчийн биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолд хохирогч Б.Оын эхнэр гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Д.У нь зүгээр байж байгаад Б.Оыг түлхээд, багалзуурдаад нуруу луу нь нэг зүйлээр цохиод, хутга бариад дайрсан. Тэр үед нь Б.О Д.Уын хутгыг хориглоод ноцолдсон гэсэн" гэх дам яриаг яллах талын гол нотлох баримтаар авч шийтгэх тогтоолд тусгасан ба хэргийн жинхэнэ байдлыг авч үзвэл тухайн асуудал болоход гэрч Б унтаж байсан, сүүлд нь сэрсэн байдаг бөгөөд түүний мэдүүлэг нь дамжмал нотлох баримт гэдгийг шүүх анхаарч үзээгүй, тус гэрчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэх зохицуулалтын дагуу нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл өөрийнхөө үзээгүй, хараагүй зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, нөхөрт нь гэмтэл учруулсанд уурлаж, бухимдан өсөрхөж мэдүүлсэн байдаг. Түүний мэдүүлэг худал гэдгийг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харах боломжтойг дурьдах нь зүйтэй. Мөн түүнчлэн хохирогч 3 өөр төрлийн мэдүүлэг өгсөн ба хохирогч гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа огт хийгээгүйг дурдах нь зүйтэй байна.

Мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолд "шүүгдэгч нь хохирогчийн хэвлийд хутгаар болгоомжгүй хатгасан гэж мэдүүлсэн ба прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хуулийн зүйл хэсгийг зөвшөөрөөгүй тул гэм буруугаа хүлээсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан оногдуулах ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн. Д.У нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ ямар нэгэн маргаангүй, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа талаар удаа дараа илэрхийлж байсан ба зөвхөн гэм буруугийн хэлбэр буюу субъектив талын санаа зорилгогүй байсан гэдгээ мэдүүлсэн. Д.У нь дээрх гэмтлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр учруулсан, маш их гэмшиж байгаа гэдгээ илэрхийлсэн тул түүнийг гэм буруугаа хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү“ гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хуульд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх ... зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж заасан. Гэтэл энэ хэргийн тухайд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан зүйл нь ямар зэвсэг байсан, зэвсгийн чанартай зүйлд хамаарах эсэхийг хөдөлбөргүй шалгаж тогтоож чадаагүй байна. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Ут холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд прокуророос шүүгдэгч Д.Уыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.У нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 18 тоот гэртээ иргэн Б.Оыг бөөгийн зан үйл хийхэд саад болсон гэх шалтгаанаар түүний цээжний зүүн дээд хэсэг буюу эгэмний дунд хэсэг, мөн хэвлийн доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 7 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд хэргийн материалыг судалж үзэхэд шүүгдэгч Д.У нь бөөгийн зан үйл хийж байхдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, эсхүл сэтгэл санаа нь гэнэт хүчтэй цочрон давчдсаны улмаас гартаа барьж байсан бөөгийн хэрэгслээр хохирогч Б.Оыг хатгаж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэж үзэх, түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах, эсхүл анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх, мөн хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Ц.Дэлгэрням нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 891 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Ц.Дэлгэрням нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                                     

                                                  ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН