2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 192/шш2025/06591

 

 

 

 

 

 

 

 

   2025             08              29                                            192/ШШ2025/06591

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, шүүгч Т.Батсүх, шүүгч Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, 00 тоотод байрлах “Жаргалан хотхон” СӨХ /РД: 9922547/, 

 

Хариуцагч: *******,*******,, өөрийн байрлах “Жаргалан сервис” ХХК /РД: 2817292/-д холбогдох,

 

2,434,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Д.Түмэнжаргал, хариуцагч******* СӨХ-ийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , хариуцагчийн Жаргалан сервис ХХК-ийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь хариуцагч “Жаргалан хотхон” СӨХ-д холбогдуулан 2,434,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хотхон орчмын ногоон байгууламжийг СӨХ-ноос засаж янзлах ёстой, ч ажлаа хийлгүй зунжин болж маш замбараагүй ургаж, хүүхдүүд тоглоход нүүр амыг нь урах, харшил өгөх, хажуугаар нь явган хүн, автомашин явахад саад болж байсан учир СӨХ-нд мэдэгдэж засаж янзалж, ажилчдын хөлсөнд 300,000 төгрөг төлсөн. 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хотхоны В1 давхар болон үүдэн хэсэгт бохирын шугам хальж маш их хэмжээний бохир алдагдсан. Ус зайлуулах шугамаас бохир хальсан явдал нь анх барилгыг барихдаа ус зайлуулах шугамыг төвийн бохирын шугам руу шууд холбосноос болсон бөгөөд төвийн бохирын шугам ачааллаа дийлэхгүй болоход ус зайлуулах шугамаар дамжин бохир хайлж гарч ирсэн. Миний бие өөрийн хөрөнгөөр орчныг цэвэрлүүлж, 2018.09.15-ний өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор 180,000 төгрөгийн ариутгал, 2018.09.17-ний өдөр Баяндэмбэрэл ХХК-аар 200,000 төгрөгөөр халдваргүйжүүлэлт, шавж устгалт, 2019.08.10-ний өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор хоёр дахь удаагийн 220,000 төгрөгийн ариутгал халдваргүйжүүлэлт, нийт 600,000 төгрөгийн цэвэрлэгээ, ариутгал хийлгэсэн. Бохир хальж орж ирснээс болж гражид хадгалагдаж байсан, бохирт өртсөн хувцсаа хими цэвэрлэгээнд 192,832 төгрөг цэвэрлүүлж, IКЕА Мюке загварын 800,000 мянган төгрөгөөр авсан бичиг хэргийн ширээ ямар ч ашиглах боломжгүй болж, хог дээр хаясан. Нийт эд хөрөнгийн хохиролд 992,832 төгрөгийн хохирол учирсан. Орчны бохирдлоос болж бага насны хоёр хүүхэд минь гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж,  эрүүл мэндийн хувьд маш их хохирол амссан. Эмчилгээний зардал их гарсан ба эмийн баримтаа өгөхөд нийт 18 баримт, 541,250 төгрөг болж байна. Иймд нийт “Жаргалан хотхон” СӨХ-ноос 2,434,000 төгрөгийг оршин суугч Д.Түмэнжаргал надад учирсан хохиролд нөхөн гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Жаргалан хотхон” СӨХ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “...Жаргалан хотхон СӨХ гэдэг байгууллага нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Жаргалант сервис ХХК-ийн үйл ажиллагааг хүлээж авсан. Гэм хорын хохирол учирсан гэх үйл явдал болсон цаг хугацааны хувьд Жаргалант сервис ХХК орон сууцны конторын болон СӨХ-ны үүргийг хавсран гүйцэтгэж байсан хугацаанд болсон. Манайд хамааралгүй. Бид хариуцагч биш тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Жаргалан сервис” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “... 2018 оны 09 дүгээр сард бохир хаясан асуудал манайхаас ч болсон асуудал биш. Улсын хэмжээний мянгийн зайлуулах хоолой цэвэрлэх байгууламж ачаалал даахгүйн улмаас буцаж хаяад, тэр хавийнхан байтугай Баянзүрх дүүрэг тэр чигтээ нойлдоо живсэн. Нэхэмжлэгч надад хүүхдийн эрүүл мэнд хохирсон гээд хохирлын хэмжээгээ гаргаж өгсөн. Ингээд би нэхэмжлэгчээс тухайн үед 2,000,000 гаруй төгрөгийн хохирол учирсан гэх бүх баримтуудыг нь авч байгаад “За, хоёулаа тооцоогүй болъё. Би чамаас СӨХ-ний мөнгө авахгүй. Чи ч бас надаас хүүхдийн өвчин гэж мөнгө нэхэхгүй шүү. Чи бид хоёрын хооронд тооцоогүй боллоо” гэж хэлээд, үүний улмаас******* СӨХ-д өгсөн өр, авлага дээр Д.Түмэнжаргалынхыг огт дурдаагүй өнгөрсөн тухай би өөрт нь хэлсэн. Гэтэл яагаад дахиад энэ асуудлыг гаргаж ирээд, шүүхэд хандсаныг би үнэхээр ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, шилжүүлгийн баримт, Жаргалан сервис ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 24 дугаартай албан бичгийн хуулбар, ******* дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02-16/330 тоот албан бичгийн хуулбар, ******* дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02-16/395 тоот албан бичгийн хуулбар, ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт, явуулсан бичгийн хяналтын карт, фото зураг, кассын орлогын ордер, бэлэн мөнгөний орлогын баримт, Баяндэмбэрэл ХХК-ийн шавьжгүйтэл, мэрэгчгүйтгэл, халдваргүйжүүлэлтийн нэгдсэн акт, фото зураг, халдваргүйжүүлэх бодис хэрэглэх заавар, гадаад паспортын хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөрийн баримт, кассын орлогын ордер, эмнэлгийн магадлагаа, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн шинжилгээний хариу, бичил амь судлалын шинжилгээний хариу, төлбөрийн баримт, зарлагын падаан, фото зураг, гадна цэцэрлэгийн тохижилт хийх үеийн фото зураг, Улаанбаатар  хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-н 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3/918 тоот албан бичиг, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2020.04.29-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн.

 

            Хариуцагч Жаргалан  хотхон СӨХ-аас СӨХ-ийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дэх мэргэжилийн хяналтын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02-16/333 тоот албан бичиг, Жаргалан сервис ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 тоот албан бичиг, фото зураг, итгэмжлэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 09/600 дугаартай хяналт шалгалтын тухай албан бичгийн хуулбар, Жаргалан СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл хуулбар, Жаргалан СӨХ-ны дүрмийн хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний хуулбар, Жаргалант хотхонд үйлчилгээ үзүүлэх гэрээт харуул хамгаалалтын гэрээний хуулбар, Хамгаалагч нарын хийж гүйцэтгэх ажлын чиглэл хуулбар, Цахилгаан дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар  хангах, бохир ус татан зайлуулах гэрээний хуулбар, Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээний хуулбар,******* СӨХ-ны төлбөр хураамж төлөлтийн 2019 оны тайлан,******* СӨХ-ны 2021 оны гэрчилгээ, Жаргалан сервис ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 26 тоот албан бичгийн хуулбар,*******ы оршин суугчдын СӨХ-ны төлбөрөө төлөөгүй болон дутуу төлсөн айлуудын тооцоог******* СӨХ-д хүлээлгэн өгсөн баримт хуулбар, Түмэнжаргалын өмчлөлийн орон сууцны СӨХ-ийн баримт,******* СӨХ-ны 2023 оны гэрчилгээ хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, орон сууцны гэрээ, орлогын ордер тасалбар, Мандах итгэл барилга ХХК-ийн 40 айлын орон сууцны ажлын зураг хуулбар,******* СӨХ-ны 2022, 2024 оны гэрчилгээ хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн.

 

Хариуцагч Жаргалан  сервис ХХК-аас Орон сууцны гэрээ, орлогын ордер тасалбарыг ирүүлсэн.

 

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/20839 дугаартай захирамжаар Жаргалант сервис ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/03 тоот албан бичгийг гаргуулан авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь их хэмжээний бохир алдагдсаны улмаас хүүхдүүдийн эрүүл мэндэд учирсан хохиролд 541,250 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 992,832 төгрөг, цэвэрлэгээ, ариутгал хийлгэсэн зардал 600,000 төгрөг, ногоон байгууламж засаж янзалсан ажилчдын хөлсөнд төлсөн 300,000 төгрөг, нийт 2,434,000 төгрөгийг хариуцагч******* СӨХ-өөс гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь  хариуцагч Жаргалан сервис ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзжээ.  

 

Хариуцагч******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, манай СӨХ-г байгуулагдахаас өмнө болсон үйл явдал тул манайх хариуцахгүй гэж татгалзжээ.

 

Хариуцагч Жаргалан сервис ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2018 оны 09 дүгээр сард бохир хаясан асуудал манайхаас ч болсон асуудал биш. Манайх буруугүй гэж татгалзжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,******* 1 дүгээр байрны 4 тоот хаягт байрлах 18 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн.(хавтаст хэргийн 89 дэх тал)

 

3.2. Хариуцагч******* сууц өмчлөгчдийн холбоо нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар байгуулагдаж, Хан-Уул дүүргийн засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 21-нд холбогдох бүртгэлд бүртгэгдэж, 19/02 дугаартай гэрчилгээ олгосон.(хавтаст хэргийн 67, 95 дахь тал)

 

3.3. Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь 2018 оны 08 дугаар сарын 04-ны өдөр гадна тохижилтын төлбөрт 300,000 төгрөг төлсөн.(хавтаст хэргийн 60 дахь тал)

 

3.4. 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн*******,*******ы нэгдсэн байруудын зоорийн давхар болох гараашийн хэсэгт их хэмжээний бохир ус алдагдсан. (хавтаст хэргийн 8, 88 дахь тал)

 

3.5. Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь 2018 оны 09 дугаар сарын 15-ны өдөр ариутгал, халдваргүйжүүлэлтийн төлбөрт 180,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр халдваргүйжүүлэлтийн төлбөрт 200,000 төгрөг тус тус төлсөн.(хавтаст хэргийн 16 - 18 дахь тал)

 

3.6. Нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын хүү Мэттью Мөнхлөн нь 2018 оны 09 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 27-ныг хүртэл хугацаанд өвчтэй байсан.(хавтаст хэргийн 48 дахь тал)

 

3.7. 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр бохирын худгууд бохир усаар дүүрч, нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,******* 1 дүгээр байрны 4 тоот хаягт байрлах 18 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө усанд автсан тухайд, бохир хальсны улмаас нэхэмжлэгч Д.Түмэнжаргалд 2,134,000 төгрөгийг хохирол учирсан тухайд, хотхоны ногоон байгууламжийг тайруулж, засаж янзлуулахад нэхэмжлэгч Д.Түмэнжаргалаас 300 000 төгрөгийн зардал гарсан тухайд зохигчид маргаангүй.

 

Бохир ус хальсаны улмаас учирсан хохирлыг******* СӨХ хариуцах эсэхэд маргаантай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, эдгээрийн хоорондын шалтгаант холбоо болон гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаарддаг.

 

2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр бохирын худгууд бохир усаар дүүрч, нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,******* 1 дүгээр байрны 4 тоот хаягт байрлах 18 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө усанд автаж, улмаар Д.Түмэнжаргалд 2,134,000 төгрөгийг хохирол учирсан байх боловч тэрхүү гэм хорыг хариуцагч******* СӨХ нь хариуцан арилгах үүрэгтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ******* дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 02-16/330 дугаартай албан бичигт “...бохир хальсан шалтгаан нь УСУГ-ын төв шугаманд ачаалал үүссэний улмаас...” гэж Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3/918 дугаартай албан бичгээр “...Жаргалан хотхон СӨХ гадна зам талбайн хурын усыг зайлуулах шугамыг, гараашын үүдэнд байрлах трампыг тус төвий шугаманд зөвшөөрөлгүй холбосон байсан нь 09 дүгээр сарын 04-ны өдөр зоорийн давхарт бохих ус халих шалтгаан болсон” гэж тодорхойлсон тул хариуцагч******* СӨХ буруугүй.

 

Мөн хариуцагч******* СӨХ нь тухайн үйл явдал болсноос хойш 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын хариуцагч******* СӨХ-д  холбогдох гэм хорын хохиролд  2,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2. “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь “Хотхон орчмын ногоон байгууламжийг СӨХ-ноос засаж янзлах ёстой, ч ажлаа хийлгүй зунжин болж маш замбараагүй ургаж, хүүхдүүд тоглоход нүүр амыг нь урах, харшил өгөх, хажуугаар нь явган хүн, автомашин явахад саад болж байсан учир СӨХ-нд мэдэгдэж өөрийн хөрөнгөөр тайруулж засаж янзалж, ажилчдын хөлсөнд 300,000 төгрөг төлсөн” гэж тайлбарлаж, 300,000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн байх боловч уг төлбөрийг хариуцагч******* СӨХ нь төлөх үүрэгтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

Учир нь хариуцагч******* СӨХ нь тухайн үйл явдал болсноос хойш 4 сар гаруйн дараа 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан бөгөөд тухайн үед орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ хариуцаж байсан Жаргалан сервис ХХК нь уг төлбөрийг төлөх үүрэгтэй эсэх, уг үүргээ******* СӨХ-д шилжүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын хариуцагч******* СӨХ-д  холбогдуулан гаргасан 2,434,000, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Жаргалан сервис ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан тул хариуцагч Жаргалан сервис ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,894  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

9. Шүүх иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Б.Батчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй байх ба талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.Түмэнжаргалын хариуцагч******* СӨХ-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2,434,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь хариуцагч Жаргалан сервис ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаас татгалзсныг баталж, хариуцагч Жаргалан сервис ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,894  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ОТГОНБАЯР

 

             ШҮҮГЧ                                       Т.БАТСҮХ

 

                    ШҮҮГЧ                                       Г.НЯМСҮРЭН