Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 649

 

         

Б.Н-, Б.Х-нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Баярсайхан, Б.Онолтуяа, Д.Тунгалаг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 738 дугаар магадлалтай, Б.Н-, Б.Х-нарт холбогдох 201601000278 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Хулангийн өмгөөлөгч Б.Онолтуяа, Д.Тунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б.Н,

2.Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б.Х нар нь “Хахууль авах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Б.Н-ы нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-ы нийтийн албан албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Х-н өмгөөлөгч Б.Онолтуяа, Д.Тунгалаг нар хамтран гаргасан гомдолдоо “Б.Х-г “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын менежерээр ажиллах хугацаандаа Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1.5-д “... албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно...” гэж заасныг зөрчиж, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан тендер сонгон шалгаруулалтад хүнсний ногоо зарж борлуулдаг “Эрдэнэ энх трейд” ХХК-г хууль бусаар сонгон шалгаруулан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албан үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компаний борлуулагч Ц.Наранчимэгээс албаны үүргээ хэрэгжүүлсэнийх нь хариуд хахууль өгөхийг шаардаж нийт 7 удаагийн үйлдлээр мөнгө авсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Ц.Наранчимэг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... Хулан ирж хандив тусламж гуйдаг байсныг нь өгсөн...” гэх мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр хахууль өгөхийг шаардсан нь үгүйсгэгддэг. Нөгөө талаар хахууль өгөгч гэх компаний хүнсний ногоо борлуулагч хийдэг Ц.Наранчимэг нь өөртөө ямар ашигтай байдал бий болгож, яг ямар эрх мэдлээрээ үйлдэл хийгээд байгаа нь ойлгомжгүй, тогтоогддоггүй. Б.Х-нь 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар захирлын тушаалаар эрүүл ахуйч, шинжээчээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар захирлын тушаалаар менежерээр томилогдож ажилласан. “Өсвөр үе хүнс” ХХК нь ОНӨААТҮГазар бөгөөд Б.Х-нь ажил орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон байдаг. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь “нийтийн албан тушаалтан” гэж хуульчилсан ба нийтийн албан тушаалтан гэж Авилгын эсрэг тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Компаний тухай хуульд ямар албан тушаалтан байх, мөн эрх, үүргийг нь тус тус тодорхой зааж өгсөн байдаг. Дээрх хуульд заасныг харахад Б.Х-нь нийтийн албан тушаалтан биш мөн субъект биш байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Б.Хуланг тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оролцож, гэрээ байгуулах эрх авсан компаниудтай “Өсвөр үе хүнс” ХХК нь ОНӨААТҮГ-н төлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан тул “Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьект биш гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй байна” гэж хуулийг гуйвуулан, буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянахдаа тус хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчиж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 738 дугаар магадлалын тогтоох хэсэгт “... Б.Н-, Б.Х-нарт холбогдох хэргийг прокурорт буцаасугай” гэж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 39.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн тус магадлал нь Б.Х-д хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах таслан сэргийлэх аргах хэмжээ авахаар шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх хэрэгжүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж улмаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаар дүгнэлтийг зөрчиж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хүндрүүлсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Х-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.                    

Мөн хуралдаанд шүүгдэгч Б.Х-н өмгөөлөгч Д.Тунгалаг хэлсэн саналдаа “Өмгөөлөгч нарын зүгээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 738 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Учир нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ бол Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийн хүнсийг бэлтгэдэг байгууллага юм. Тус байгууллагад Б.Х-анх эрүүл ахуйчаар ажилд ороод, жирэмсний амралттай байж байгаад 2015 онд менежерээр орсон байдаг. Ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулж орсон бөгөөд Авилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан субъектэд хамаарна. Мөн Компанийн тухай хуульд зааснаар удирдах албан тушаалтанд хамаарахгүй. Анхан шатны шүүх субъект биш гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх Ц.Наранчимэгээс хахууль авсан гэх боловч нотлогдоогүй, субъект биш үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байдаг. Ц.Наранчимэг нь “Эрдэнэ энх трейд” ХХК-ийн борлуулагч буюу Барс зах дээр хүнсний ногоо борлуулдаг хүн. Гэтэл Ц.Наранчимэг нь 7 удаа зөрүүтэй мэдүүлэг өгөх бөгөөд эхний гурван мэдүүлэгт “хандив гэж гуйж авсан” гэдэг. Хандивын асуудал нь захирал н.Чинбаярын хандив гуйж байсан цаг хугацаатай таарна. Хандив гуйгаад Б.Хулангийн хувийн дансаар авч, баяр ёслолоор хэрэглэж байсан болох нь байгууллагын хурлын тэмдэглэл, гар бичмэл зэргээр нотлогддог. Тэгэхээр Ц.Наранчимэг ямар эрх ашгийн үүднээс Б.Хуланд хахууль өгсөн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийгээгүй бөгөөд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, эрх зүйн байдлыг нь дордуулсан. Энэ нөхцөл байдлуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х-н өмгөөлөгч Б.Онолтуяа хэлсэн саналдаа “Д.Тунгалаг өмгөөлөгчтэй санал нэг байна. Давж заалдах шатны шүүх хэргийг дүгнэхдээ Компанийн тухай хуулийг баримталсан. Гэтэл Б.Х-гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан зүйл байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд гэрээнд заагдаагүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж байгаа боловч өөрсдийнх нь өдийг хүртэл хэрэгжүүлж байгаа тогтолцоо юм. Б.Х-г ажилд орохоос өмнө тэдгээр байгууллагууд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байсан бөгөөд одоо ч нийлүүлж байгаа. Захирал нь “хандивын мөнгө цуглуулж, байгууллагууд руу ярь” гэснийг л гүйцэтгэсэн. Захирлын туслах н.Гэрэлтуяа мэдүүлэхдээ “байгууллагын дансаар авч болдоггүй учраас менежерийн дансаар авсан” гэдэг. Эдгээр мөнгөнүүдийг Авилгатай тэмцэх газраас шалгахад бүгд зарцуулагдсан байдаг. Прокурор 3.000.000 төгрөгийг хандив гэж үзсэн. Тэгэхээр ямар мөнгө нь хандив, ямар нь хахууль болж байгаа гэх ойлгомжгүй байдал үүсч байна. Мөн тус байгууллага нь тендер явуулах боломжгүй талаар Сангийн яам зөвлөмж гаргасан байдаг. Б.Х-нь нийтийн албан тушаалтан биш бөгөөд дээрх байдлаар зүйлчилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч Я.Баярсайхан хэлсэн саналдаа “Хэрвээ шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан заалтыг хэвээр үлдээснийг өөрчилж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “.Наранчулуун нь “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Х.Цэндсүрэнгээс өөрийн эзэмшдэг Хаан банкны дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр 2,979,000 төгрөгийн хахууль авсан. Б.Х-нь тус компанийн менежерээр ажиллаж байхдаа “Эрдэнэ Энх трейд” ХХК-ийн борлуулагч ажилтай байсан Ц.Наранчимэг гэгчээс хахууль өгөхийг шууд шаардаж, өөрийн эзэмшдэг Хаан банкны дансаар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр 5,019,000 төгрөгийг, мөн 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ний өдрийг хүртэлх хугацаанд 2 удаагийн үйлдлээр 2,363,000 төгрөг, нийт 7 удаагийн үйлдлээр 7,382,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос 3 дахь удаагаа яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх Б.Н-ыг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон атлаа Б.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болох нь хэрэгт цугларсан баримт, түүний ажлын байрны тодорхойлолт, компанийг төлөөлөн байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна. Б.Х-н хахууль авсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд давж заалдах шатны шүүх Б.Х-, Ц.Наранчимэг нарын үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Ц.Наранчимэгийг хахууль өгсөн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэргийг тусгаарлан прокурорт буцааж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Б.Н-д холбогдох хэргийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хэрэг үүссэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар шалгавал зохих асуудлуудыг шалгасан. Иймд магадлалын прокурорт гэснийг анхан шатны шүүхэд гэсэн өөрчлөлт оруулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х-н өмгөөлөгч Б.Онолтуяа, Д.Тунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Н-, Б.Х-нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Н-, Б.Х-нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

Прокуророос шүүгдэгч Б.Х-д хахууль өгсөн гэх үндэслэлээр “Эрдэнэ энх трейд” ХХК-ийн борлуулагч Ц.Наранчимэгт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Б.Х-д 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 800,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1,563,000 төгрөгийн хахууль тус тус өгсөн үйлдлүүдийг нотлогдон тогтоогдсон талаар дүгнэсэн атлаа 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 276 дугаартай прокурорын тогтоолоор Ц.Наранчимэгт холбогдох хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

Аливаа хууль зүйн хариуцлагаас өршөөн чөлөөлөх хууль тогтоомж нь түүнд заасан тодорхой нөхцлийг хангаж буй бүлэг этгээдийг мөн тодорхой шалгуураар ангилан эрх зүйн хариуцлагаас янз бүрийн түвшинд чөлөөлж буй эрх бүхий этгээдээс батлан гаргасан зөвхөн буцаж үйлчилдэг эрх зүйн акт юм.  2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацааг заасан байтал прокуророос Ц.Наранчимэгийн дээрх хоёр үйлдлийг уг хуулийн үйлчлэлд хамааруулж, улмаар хэрэгсэхгүй болгосон алдаа гаргасныг анхан шатны шүүх зөвтгөлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу болно.

Мөн Ц.Наранчимэгийн Б.Х-д хахууль өгсөн гэх дээрх үйлдлийг прокурор нотлогдсон гэж дүгнэж өршөөлийн хуульд хамааруулан шийдвэрлэснийг шүүх хүлээн зөвшөөрсөн атлаа Б.Х-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, түүнийг энэхүү гэмт хэргийн субъектэд хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгүүлэх, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нэмэлтээр тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж дүгнэв.    

Иймд шүүгдэгч Б.Х-н өмгөөлөгч Б.Онолтуяа, Д.Тунгалаг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 738 дугаар магадлаыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-н өмгөөлөгч Б.Онолтуяа, Д.Тунгалаг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                       

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН