Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 738

 

 

 

 

 

 

2019           7            18                                              2019/ДШМ738                                    

 

Б.Н-, Б.Х- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Долгион,

шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Онолтуяа,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

                                                                                             

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 673 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Насанбатын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 35 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоор Б.Н-, Б.Х- нарт холбогдох 201601000278 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. .

 

2. ......

 

Б.Н- нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчин, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан тендер сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгаруулж, гэрээ байгуулсан “Мосз” ХХК-ийн захирал Х.Цэндсүрэнг өөрт нь мөнгө өгөх талаар ерөнхий нягтлан бодогч Н.Ариунболдоор дамжуулан хахууль өгөхийг шаардаж, Х.Цэндсүрэнгээс өөрийн ХААН банкны 5084195596 тоот дугаарын дансаар

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 738.000 төгрөг,

2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 1.100.00 төгрөг,

2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 739.000 төгрөг,

2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 402.000 төгрөг, 4 удаагийн үйлдлээр нийт 2.979.000 төгрөгийг авсан,

Б.Х- нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын менежерээр ажиллаж байхдаа Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно" гэж заасныг зөрчин, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан тендер сонгон шалгаруулалтад хүнсний ногоо зарж борлуулдаг “Эрдэнэ Энх трейд” ХХК-ийг хууль бусаар шалгаруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн борлуулагч Ц.Наранчимэгт хахууль өгөхийг шууд шаардаж, өөрийн эзэмшлийн ХААН банкны 5103029085 тоот дансаар

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг,

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.720.000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр 150.000 төгрөг,

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.320.000 төгрөг,

2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.529.000 төгрөг, нийт 5 удаагийн үйлдлээр 5.019.000 төгрөг,

2016 онд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-аас зарласан “Төмс хүнсний ногоо нийлүүлэх” багцад тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан “Эрдэнэ энх трейд” ХХК-ийн борлуулагч Ц.Наранчимэгээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 800.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.563.000 төгрөг буюу 2 удаагийн үйлдлээр 2.363.000 төгрөг, нийт 7 удаагийн үйлдлээр 7.382.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Н-, Б.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Боржигон овогт Батмандахын Н-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н-ы цагдан хоригдсон 65 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н-ы Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Төрийн банкны барьцааны 100900005406 тоот дансанд тушаасан 2.979.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Б.Н-ы өмчлөлийн 66-99 УНЧ улсын дугаартай, “Toyota Harrier” загварын автомашин, Б.Х-гийн өмчлөлийн 26-70 УНЛ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолж, Төрийн сангийн 100900005406 тоот данснаас барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний 1.000.000 төгрөгийг Б.Н- /РД:ТЗ85010911/-д буцаан олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Н-д авсан цагдан хорих, Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг 4.1.2 дахь заалтад “төрийн албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэсэн байх ба 12 дугаар хавтас хэргийн 227 дугаар хуудаст авагдсан 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай “Өсвөр үе хүнс” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлын тушаалаар Б.Х-г менежерийн албан тушаалд томилсон болох нь нотлогдож байх тул дээрх хуулийн заалтад хамаарахгүй гэж үзэн Б.Х-г цагаатгажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх дараах үндэслэл байна. Үүнд: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 1.4 “нийтийн албан тушаалтан” гэж Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно гэж заасан. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” хамаарахаар хуульчилсан байна. Гэтэл Б.Х- нь “Өсвөр үе хүнс” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар менежерийн албан тушаалд томилогдсон бөгөөд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан гэж үзэхээр байна. Энэ агуулгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн субъект болох нь хавтас хэрэгт авагдсан Б.Х-гийн ажлын байрны тодорхойлолт болон тухайн компанийг төлөөлөн байгуулсан гэрээ зэргээр нотлогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 673 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б. Н-ыг энэ хэрэгт гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэсэн заалтыг зөрчиж зөвхөн энэ хэргийн яллагдагч Н.Ариунболд, Х.Цэндсүрэн нарын өгсөн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.Н- нь Н.Ариунболдоор дамжуулан Х.Цэндсүрэнгээс мөнгө өгөхийг шаардаагүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлдэг. Х.Цэндсүрэн, Н.Ариунболд нар нь Б.Н-ыг хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахуул өгсөн байх магадлалтай. Дээрх үйл баримт нь Х.Ариунболд, Х.Цэндсүрэн нар нь Б.Н-д хэлэлгүйгээр түүний дансанд Х.Ариунболдоос, Х.Цэндсүрэнгээс гэсэн гүйлгээний утгатайгаар мөнгө шилжүүлснээр нотлогддог бөгөөд Б.Н-ы банкны дансыг зөвхөн Х.Ариунболд мэдэж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ үйл баримтад таамаглах байдлаар хандаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” тухай заалтыг зөрчиж шийдвэрлэсэн тул миний үйлчлүүлэгч Б.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Онолтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Х-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш гэж үзсэн. Дээрх гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан юм. Нийтийн албан тушаалтанд Авлигын эсрэг тухай хуулийн 4.1-т заасан субъектүүд хамаарна гэж заасан байдаг. Үүнд нь, төрийн болон үйлчилгээний удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч хамаарна. Гэтэл прокурор Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар Б.Х-г компаний удирдах албан тушаалтан гэж  эсэргүүцэлдээ бичсэн. Б.Х- нь Авлигын эсрэг тухай хуульд заасан удирдах албан тушаалд нь хамаарах этгээд биш, тэрээр хувийн ашиг сонирхлын эсрэг анкет болон хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөггүй. Үүнийг компанийн дотоод журамд тодорхой зааж өгсөн байгаа. Мөн авлига авсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, Ц.Наранчимэг гэх хүн 8 удаа мэдүүлэг өгсөн нь бүгд зөрүүтэй. Компаниудаас авсан мөнгийг байгууллагадаа зарцуулдаг. Энэ нь эргээд тайлан тооцоогоороо нотлогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Долгион тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эсэргүүцэлд нэмж хэлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Онолтуяа “дээрх компаниудаас авсан мөнгийг байгууллагадаа зарцуулдаг, энэ нь тайлан тооцоогоороо нотлогддог” гэж тайлбар хэлж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хандив гэх нэрийдлээр мөнгө авсан гэж байгаа боловч худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүний 1 килограмм тутамд нь 50 төгрөг нэмж тооцон мөнгө авч байсан. Өөрөө хэлбэл, хамтарч ажилласныхаа төлөө авч байсан. Сүүлдээ үнийн дүн өссөнөөр 1 килограмм тутамд 100 төгрөг болсон, тогтмол ашгаа алдахгүй байхын тулд хэлсэн мөнгийг нь өгдөг байсан гэж Ц.Наранчимэг мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч Я.Баярсайхан “урьдчилан төлөвлөж Н-ы данс руу Ариунболд, Цэндсүрэн нар мөнгө шилжүүлсэн” гэх асуудал ярьж байна. Хэрэгт авагдсан баримтаар ямар нэгэн өш хонзонгийн сэдэлтэйгээр мөнгө шилжүүлж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт дөрвөн удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн. Эдгээр нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдааныг Б.Н- болон түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарын хүсэлтээр дөрөв хоногийн хугацаагаар хойшлуулж, 2.979.000 төгрөгийг төлсөн. Үүнээс үзэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааныг хойшлуулж, хохирлоо төлсөн гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор тогтоох шаардлагатай дараах байдлууд тогтоогдлоо.

 

1. Прокуророос Б.Х-г Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д "...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно..." гэж заасныг зөрчин, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан тендер сонгон шалгаруулалтад хүнсний ногоо зарж борлуулдаг "Эрдэнэ Энх трейд" ХХК-ийг хууль бусаар шалгаруулан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн борлуулагч Ц.Наранчимэгээс хахууль өгөхийг шаардаж өөрийн эзэмшдэг ХААН банкны 5103029085 тоот дансаар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл  5 удаагийн үйлдлээр 5.019.000 төгрөгийг,

2016 онд "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-аас зарласан "Төмс хүнсний ногоо" нийлүүлэх багцад тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан "Эрдэнэ энх трейд" ХХК-ийн борлуулагч Ц.Наранчимэгээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж өөрийн эзэмшдэг ХААН банкны 5103029085 тоот дансаар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 800.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.563.000 төгрөг буюу 2 удаагийн үйлдлээр 2.363.000 төгрөг, нийт 7.382.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Ц.Наранчимэгийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Б.Х-д 7.382.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /13хх-138/

Дээрх хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацааг заасан бөгөөд Ц.Наранчимэгийн зарим үйлдлүүд /2016 оны 4 дүгээр сарын 18, 6 дугаар сарын 16-ны өдрийн/ цаг хугацааны хувьд 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй байхад 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 276 дугаартай прокурорын тогтоолоор Ц.Наранчимэгт холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь  хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2. Б.Х-г "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэснийг зөрчиж, 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа "Жахо ба Тэмүүлэн" ХХК-ийн захирал У.Жаргалсайхан, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг Ц.Долгормаа нартай урьдчилан үгсэн тохиролцож, У.Жаргалсайханы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг үндэслэлгүйгээр тендерт шалгаруулж, 2015/05, 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зах зээлийн үнэ ханшаар 303.940.091 төгрөгийн үнэ бүхий гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 943.396.210 төгрөгөөр нийлүүлж, улсад 39.456.119 төгрөгийн,

2014 оны хичээлийн жилд "Би Зэт И И И" ХХК-ийн нэрээр "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор Ц.Долгормаатай урьдчилан үгсэн тохиролцож, тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зах зээлийн үнэ ханшаар 213.674.185 төгрөгийн үнэ бүхий гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр нийлүүлж, улсад 5.500.465 төгрөгийн, нийт 44.956.584 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан" гэх үндэслэлээр,

Б.Н-ыг "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэснийг зөрчиж тус газарт мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор "Биофүүдс" ХХК-ийг Б.Буянжаргалын нэр дээр үүсгэн байгуулж, улмаар А.Хонгорзул, өөрийн найз Т.Гантулга нарын нэр дээр дамжуулан шилжүүлж, 2014 онд "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-аас зарласан тендер сонгон шалгаруулалтад "Биофүүдс" ХХК-ийг үндэслэлгүйгээр шалгаруулахад хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зах зээлийн үнэ ханшаар 1.515.136.800 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг 1.772.100.700 төгрөгөөр нийлүүлж, улсад 256.963.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан" гэх үндэслэлээр,

У.Жаргалсайханыг "Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байсан Б.Х-г албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Жахо ба Тэмүүлэл" ХХК-ийг хууль бусаар тендерт шалгаруулан, "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-тай 2015/05, 2016/03 дугаартай гэрээ байгуулан, зах зээлийн үнэ ханшаар 303.940.091 төгрөгийн үнэ бүхий гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр нийлүүлж, улсад 39.456.119 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд "Жахо ба Тэмүүлэл" ХХК-ийн тамга тэмдэг, бичиг баримтыг өгч ашиглуулах замаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн" гэх үндэслэлээр,

Ц.Долгормааг "Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байсан Б.Х-г албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2014 оны хичээлийн жилд "Би Зэт И И И" ХХК-ийг хууль бусаар тендерт шалгаруулан, "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-тай 2014/19 дугаартай гэрээ байгуулан, зах зээлийн үнэ ханшаар 213.1674.185 төгрөгийн үнэ бүхий гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр нийлүүлж, улсад 5.500.465 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд "Би Зэт И И И" ХХК-ийн тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулах замаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн" гэх үндэслэлээр тус тус эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан мөрдөн шалгах явцдаа тэдгээрт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал нь эргэлзээтэй, тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулагдаж байсан үнээс өндөр үнээр зарж борлуулсан гэх нөхцөл байдлыг тогтоох зорилгоор цуглуулж шалгасан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай үндэслэл болж чадахгүй, санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн үндэслэл болгосон бараа бүтээгдэхүүний зах зээлийн ханшийн тоо баримт зөрүүтэй, бараа бүтээгдэхүүний үнийг дүнг бодитой тогтоож чадахгүй гэх үндэслэлээр прокурорын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 60, 61, 64 дугаартай тогтоолуудаар Б.Н-, Б.Х-, Ц.Долгормаа, Ү.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /15хх 87-101/

 

Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүнсний хангамжийн асуудлыг гүйцэтгүүлэхээр Баянзүрх, Хан-Уул дүүргийн дунд "Өсвөр үе хүнс" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж /12хх-242/, шүүгдэгч Б.Н- нь тус газрын захирал /12хх-240/, Б.Х- нь менежерээр /12хх-227/ ажиллаж байхдаа Нийслэлийн төсвийн хөрөнгийн санхүүжилтээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний түүхий эд, бараа, бүтээгдэхүүнийг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу сонгогдсон аж ахуй нэгж байгууллагаар дамжуулан түгээх ёстой ажлыг зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй, албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн болон бусад нэгдмэл ашиг сонирхол бүхий хүмүүсийн компаниудыг шалгаруулж, тэдгээр компаниудаар дамжуулан хүнсний түүхий эд, бараа, бүтээгдэхүүн тараасан гэх үйлдэл холбогдлыг шалгах явцдаа үнийн дүнгийн зөрүүг бодитой тогтоож чадаагүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тендер хууль бус болохыг тогтоосон бол тендерийн үнийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоох нь хуульд нийцнэ.

 

Тендерийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй нөхцөлд бусад аж ахуй, нэгж байгууллагын холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөх, түүнчлэн төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хамгаалах, нийтийн ашиг сонирхлын хамгаалж ажиллах зарчим хөндөгдөхөд хүргэх юм.   

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдэл холбогдлыг шалгахдаа ямар хууль, дүрэм, журмыг зөрчсөн, албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан байдлыг тогтоох шаардлагатай бөгөөд Б.Н-, Б.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг нэг бүрчлэн хянах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй /тухайн гэмт хэргийн субьект биш/ гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;”, 4.1.3 дахь хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт  компанийн эрх бүхий албан тушаалтан гэж “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж тус тус заажээ.

 

Б.Х-г "Өсвөр үе хүнс" /НӨҮГ/ компанийн захирлын 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар тушаалаар эрүүл ахуйч, шинжээчээр, "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар менежерийн үүрэгт ажилд томилжээ. /12хх 226-227/.

Тэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний түүхий эд, бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд /гишүүнээр/ орж ажиллан, тендер сонгон шалгаруулалтад тэнцэн, гэрээ байгуулах эрх авсан компаниудтай "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ыг төлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан албан тушаалтан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 35 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 673 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Н-, Б.Х- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан давж заалдах шатны шүүхээс Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-д хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 673 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Н-, Б.Х- нарт холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-д хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх хэмжээ арга хэмжээ авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН