Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00437

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00437

 

                

“Д.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/04047 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Д.А” ХХК-ийн хариуцагч “К.А” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жүгдэрдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч “Д.А” ХХК нь хариуцагч “К.А” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр KFC 574 дугаар 24,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хариуцагчаар KFC брэндийн 3D animation рекламыг HD форматаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хийлгэхээр тохиролцон нэхэмжлэгч буюу захиалагч тал урьдчилгаа төлбөрт 9,600,000 төгрөгийг хариуцагч талын дансанд шилжүүлсэн. Талууд мөн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр KFC 662 дугаар 4,400,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хариуцагчаар KFC брэндийн 3D jingle рекламыг HD форматаар 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийлгэхээр тохиролцон нэхэмжлэгч буюу захиалагч тал урьдчилгаа төлбөрт 2,200,000 төгрөгийг хариуцагч талын дансанд шилжүүлсэн. Гэвч хариуцагч “К.А” ХХК нь дээрх 2 гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээгүй. Талуудын байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1-д “гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхгүй, эсхүл нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэхгүй нь тодорхой болсон бол захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлах”-аар, 6 дугаар зүйлийн 6.3.2-т “гүйцэтгэгч нь ажлыг хүлээлгэж өгөх хугацааг 5-10 хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.2.1-д тус тус заасны дагуу талуудын байгуулсан KFC 574 дугаар гэрээний дагуу урьдчилгаанд шилжүүлсэн 9,600,000 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгууль 12,000,000 төгрөг, талуудын байгуулсан KFC 662 дугаар гэрээний дагуу урьдчилгаанд шилжүүлсэн 2,200,000 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгууль 2,200,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг хариуцагч “К.А” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “Д.А” ХХК-ийн Хаан банкны 5173080709 тоот дансанд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Манай компанийн зүгээс нэхэмжлэгч талтай реклам, видео, шторк хийц хийх ажил гүйцэтгэх 2 гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, шүүхээр гэрээг цуцлуулах агуулга бүхий шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлгүйгээр гэрээний урьдчилгаа төлбөр болон торгууль шаардсан гэж үзэж байна. Учир нь манай компанийн зүгээс гэрээт ажлыг нэхэмжлэгч талд хийж гүйцэтгэсэн ба ажлын явцад бидний хийсэн ажил таалагдахгүй гэж хэд хэдэн удаа өөрчлөлт оруулж харилцан ярилцаж байсан ба сүүлдээ манай хийсэн ажил таалагдахгүй байна гэх үндэслэлээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй. Хэдий бидний зүгээс зардал, хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн ч нэхэмжлэгч компанид таалагдаагүй үндэслэлээр ажлыг маань аваагүй ч манай компанийн зүгээс нэхэмжлэгч компанийн шаардсаны дагуу урьдчилгаа хөлсийг буцаан өгөх тухай асуудал дээр харилцан тохиролцоо хийхээр ярилцаж байсан ба дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын улмаас хугацаа хойшилж, хөл хорио тогтоосны улмаас ажил зогссон зэргээс уулзалт хийж чадаагүй байх хугацаанд ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцлаа. Бидний зүгээс гэрээний дагуу юу ч хийгээгүй, бидэнд нэмэлт хугацаа тогтоосон мэт агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг хараад гайхаж байна. Учир нь гэрээний дагуу бидний зүгээс хүч хөдөлмөр, цаг хугацаа, зардал хөрөнгө гаргаж ажлыг хийсэн ба нэхэмжлэгч тал хүлээн авахаас л татгалзсан зүйл болсон. Харин ч бидний зүгээс үлдэгдэл хөлсөө шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Гэтэл гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа хөлснөөс ч илүү торгуулийг гаргуулахаар шаардсаныг үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өнөөдөр эдийн засаг, ажлын байрны нөхцөл хэр байгаа, мөн бидний зүгээс ажил үйлчилгээгээ үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Мөн одоо ч гэсэн энэхүү гэрээний дагуу хийсэн ажлаа нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөд бэлэн ба бидний хийсэн ажлыг ашиглах бүрэн боломжтой. Энэхүү ажлын ноу хау дээр үндэслэж илүү хямд үнээр бусад байгууллагаас үйлчилгээ нэмж авах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч “К.А” ХХК-д холбогдох гэрээнээс татгалзаж, урьдчилгаа хөлсөнд төлсөн 11,800,000 төгрөг, гэрээний торгуульд 14,200,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Д.А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Д.А” ХХК нь хариуцагч “К.А” ХХК-тай нийт 2 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зрүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэсэн. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй буюу Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж тайлбарласан нь өөрөө хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тодруулбал, “К.А” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд өөрийн хийсэн гэх ажлаа манайд бүрэн гүйцэд хийж дуусгаад хүлээлгэж өгөх бүрэн боломжтой байсан. Энэхүү хугацаанд ямар нэгэн байдлаар өгөөгүй. Мөн хүлээлгэж өгсөн гэдэг ажилтай холбоотойгоор үлдэгдэл төлбөрөө манайхаас нэг ч удаа нэхэмжилж байгаагүй. Энэхүү үлдэгдэл төлбөр нэхэмжлээгүй нь тухайн ажлыг хариуцагч тал бүрэн гүйцэд хугацаандаа хийж гүйцэтгээгүй гэдгийг нотолсон гэж үзэж байгаа. Түүнчлэн, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан KFC 574 дугаар гэрээний хүрээнд гүйцэтгэх ёстой ажлын хугацаа нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд хариуцагч талаас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Энэ нь хариуцагч тал тухайн ажлыг хугацаа хэтрүүлсэн буюу талуудын байгуулсан гэрээний 6.6.3-т зааснаар гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг төлөх хариуцлага хүлээхээр байгаа. Ийм учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч талаас нийт 23,000,800 төгрөгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ажлыг хүлээж авсан гэж дүгнэсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Хавтаст хэргийн 77 дугаар талын 22 дугаар мөрөн дээр зохиолын дагуу реклам, шторк хийж өгсөн. Харин шаардлага хангаагүй байсан гэж нэхэмжлэгч хэлсэн. Мөн хавтаст хэргийн 81 дүгээр талд хүлээлгэж өгсөн флаш нь танайд байгаа юу гэхэд буцааж өгсөн санагдаж байна гэсэн. Тэгэхээр анхан шатны шүүх өөрсдийнх нь хүлээлгэж өгсөн, авсантай холбоотой тайлбарыг үндэслэн ажил хүлээлгэж өгсөн байна гэдгийг дүгнэсэн. Харин захиалагч нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 болон гэрээний 6.5-д хүлээж аваад 1-100 хүртэлх оноог үнэлгээ өгнө гэж заасан. Тэр үнэлгээ өгөх буюу хүлээж авах ажиллагааг хариуцагчийн зүгээс хийгээгүй. Мөн манай ажлыг хүлээж авсан атлаа ямар нэгэн байдлаар дараачийн гүйцэтгэгч нь тодорхой болсон болохоор бид нар танайхтай хамтран ажиллахгүй гэсэн татгалзлыг өгсөн. Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хавтаст хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Гол нь захиалагч өөрөө гэрээг хүлээж авах, дүгнэх ажлыг хийгээгүй байж гэрээний үүрэг биелэгдсэн, зөрчигдсөн гэдэг талаар үндэслэлээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Мөн нэгд нэг гэрээнд татгалзсантай холбоотойгоор урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөө шаардаж авах шаардлагыг гаргасан. Хоёрт нь гэрээ цуцалсантай холбоотой торгууль шаардсан буюу өмнөх шаардлага нь нэг нэгнийгээ үгүйсгэсэн шаардлага гаргасан. Гэрээнээс татгалзаж байгаа юу, цуцалж байгаа юм уу, ямар үр дагавар хүссэн нь тодорхойгүй. Татгалзсан, цуцалсантай холбоотой хоёр үр дагаврыг зэрэг шаардсан үндэслэл гаргасан. Үүнийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Мөн торгууль шаардсан нь торгууль юм уу гэдэг үндэслэлийг гэрээнээс уншихаар гүйцэтгээгүй үнийн дүнгээс тодорхой хувиар шаардсаныг торгууль гэдэг бол гэрээний үнийн дүнгээр торгууль шаардсан нь үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэсэн. Энэ хэрэг нь 2 удаа анхан шатны шүүх болон давж заалдах журмаар хэлэлцэгдэж байгаа. Тийм учраас хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. “К.А” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,000,000 төгрөг гаргуулах “Д.А” ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

2. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

3. Зохигчдын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 17, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрүүдэд ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан тухай зохигч маргаагүй байна. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээгээр хариуцагч “К.А” ХХК нэхэмжлэгч “Д.А” ХХК-ийн захиалгаар KFC брэндийн 3D Animation’ рекламын ажлыг HD форматаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр, ажлыг 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүртэл гүйцэтгэх, ажлын нийт хөлс 24,000,000 төгрөг, захиалагч гэрээ батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор 9,600,000 төгрөг, ажлын гүйцэтгэлээс шалтгаалан үлдэгдэл 14,400,000 төгрөгийг төлөхөөр, 2020 оны 04 сарын 16-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан ажил гүйцэтгэх хугацааг 2020 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл сунгасан, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр KFC брэндийн ‘3D Jingle’ рекламын ажлыг HD форматаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр, ажлыг 2020 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл гүйцэтгэх, ажлын нийт хөлс 4,400,000 төгрөг, захиалагч гэрээ батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор 2,200,000 төгрөг, ажлын гүйцэтгэлээс шалтгаалан үлдэгдэл 2,200,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцжээ.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн ба ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг. Хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж нэхэмжлэгч маргасан, хариуцагч ажлыг хүлээлгэн өгснөө нотлоогүй байхад шүүх “нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авсан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь буруу байна.

 

5. Талуудын хүлээх хариуцлагыг зохицуулсан гэрээний 6.5-д “Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч гэрээнд заасан шаардлагад үндэслэн ажил хүлээлцэх актаар 1-100 хүртэл хувиар үнэлэх бөгөөд гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь 100 хувиас багаар үнэлэгдсэн тохиолдолд хувьчилж үнийг тооцох бөгөөд гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс хасаж тооцно” гэж заажээ. Нэхэмжлэгч “хариуцагч ... гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээгүй” гэж, хариуцагч “гэрээний дагуу ... ажлыг хийсэн ба нэхэмжлэгч тал хүлээн авахаас татгалзсан” гэж тус тус тайлбарлаж байх ба гэрээний дээрх заалтын дагуу талууд ажил хүлээлцэх акт үйлдсэн эсэх нь тодорхой бус байна.

6. Захиалагч, ажил гүйцэтгэгч хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн нь хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй, эдгээр үйл баримт маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн эсэх, өгсөн бол доголдол байсан эсэх, тэр талаар нөгөө талд мэдэгдсэн эсэх зэрэг нь тодорхой бус байна.

 

Маргаанд хамааралтай үйл баримт тогтоогдоогүй байхад хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/04047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д.А” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 276,950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                           Д.НЯМБАЗАР

  

Д.БЯМБАСҮРЭН