Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 658

 

                                                                           

Б.Ц-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар магадлалтай, Б.Ц-д холбогдох 1916000900069 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, И овогт Б Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Б.Ц-д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 1 жилийн хугацаатайгаар хэрэглэхээр тогтоож, Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгончимэгээс 2,414,990 төгрөг гаргуулж хохирогч Н.М-н хууль ёсны төлөөлөгч Г.Саранцэцэгт олгохоор шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгончимэг, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхад хөнгөрүүлээгүй, учирсан хохирлын баримтыг нотлох баримтын шаардлага хангасан эсэх дээр дүгнэлт хийлгүйгээр хохирлыг тооцож гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Ц-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдлыг тогтоосон гэрч нарын мэдүүлгийг харгалзан үзэлгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн. Мөн хохирогч надаас архины мөнгө нэхээд байхаар нь цохиж авсан гэсэн шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг үнэлээгүй. Үүнээс үзэхэд гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна. Гэтэл Б.Ц-ын хувьд гэрч нарын мэдүүлгээр урд нь бусдад болон өөртөө аюул учруулж байгаагүй, ял шийтгүүлж зөрчил гаргаж байгаагүй, эрүүл мэндийн хувьд багаасаа татаж унадаг өвчтэй байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын талаарх нотлох баримтыг нэг бүрчлэн нягталж, шалгаагүйгээс гадна уг баримт хуульд заасан шаардлага хангасан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр 2,414,900 төгрөгийг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Б.Ц-д оногдуулсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг өөрчилж, сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагч нарт нь халамжлуулахаар шийдэх, хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үндэслэн хохирлыг тооцож гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

            Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчид хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 1 жилийн хугацаатайгаар хэрэглэхээр тогтоосон нь үндэслэл бүхий болсон. Б.Ц- нь нийгэмд аюултай байдлыг арилгасан талаарх эмчлүүлж буй эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт болон холбогдох байгууллагаас нотлох баримт ирүүлээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ц- нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай захын баруун урд талд Б.Т-г зодож биед нь үүдэн 1 шүдний хугарал, баруун мөрөнд цус хуралт, дээд уруулд зулгаралт, толгойн оройд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Н.М-г зодож биед нь тархины хүнд зэргийн няцрал, баруун чамархайд цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлөг чамархайд цусан бүлэн, баруун чамархайд шарх гэмтэл үүсгэн амь насанд аюултай эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэмээн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлгүй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Шүүх сэтгэц эмгэг судлалын 598 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Ц-ыг Р07.8 буюу тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн уналт таталтын сэтгэцийн эмгэгтэй болохыг тогтоож, гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дээрх эмгэг өвчтэй байсныг тэмдэглэснээс гадна гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийгөө удирдан жолоодох, хэрэг хариуцах чадваргүй, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар сул, уг сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай болохыг дурдсан байна.

Нэгэнт гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохгүй, ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх бөгөөд энэхүү ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван есдүгээр бүлэгт заасан тусгай журмын дагуу явагдах учиртай.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан яллагдагчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэх прокурорын шийдвэрт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдал ба эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлийг бичих байтал гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдал гэж гэмт хэрэг гарсан болон түүнийг шүүгдэгч үйлдсэн болохыг үйл баримтын хувьд тогтоох бөгөөд хууль зүйн дүгнэлтэд хамаарах гэм буруугийн асуудлыг хуульд заасан тусгай журмаар шийдвэрлэнэ.

Гэтэл шүүх прокуророос шүүгдэгч Б.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөвтгөлгүйгээр хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, улмаар шүүгдэгчийг гэм буруутай болохыг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа, шүүгдэгчийн сэтгэцийн өвчний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг сонсож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад байдлыг хянан үзэхээс гадна мөн зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэнэ.

Үүнээс гадна шүүгдэгч сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үед гэмт хэрэг үйлдэж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, өөрөөр хэлбэл хор уршиг гэм буруугүйгээр учруулсан тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тухайн гэмт этгээдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсхүл Засаг даргын шийдвэрээр хариуцан авсан этгээд хуулиар хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас бусдад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учруулах нөхцөл байдал үүссэн, эсхүл үүргээ зохих ёсоор биелүүлсэн зэрэгт дүгнэлт хийх шаардлагатай байна. Энэ нь шүүгдэгч Б.Ц-ын бусдад учруулсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг тодорхойлоход ач холбогдолтой бөгөөд Б.Ц-ын хувьд хохирол, төлбөр төлөх үндэслэл бий эсэх талаар сайтар тунгаан анхаарах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Ц-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Ц-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН