Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00661

 

 

 

 

 

        2022         04          08                                           210/МА2022/00661

 

 

“Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02437 дугаар шийдвэртэй,

“Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Т.Х-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 274,265,308 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч П.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Э ББСБ” ХХК нь иргэн Т.Х-тай 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, хд-37 байр, ... тоотод байршилтай 80.72 м.кв талбай бүхий орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын .... тоот байршилтай авто зогсоолыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй, харин зээлийн хүүд 21,400,000 төгрөг төлсөн. 2020 оны 9 дүгээр сарын байдлаар үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 165,728,986 төгрөг хуримтлагдсан байна.

Зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 165,728,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,536,322 төгрөг нийт 274,265,308 төгрөг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд 2016 оны 04 сарын 07-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Т.Х- нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Э ББСБ” ХХК-иас 80,000,000 төгрөгийг 4,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дууссан бөгөөд талууд гэрээний хугацааг сунгаагүй учир үүнээс хойш нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Нийт 6 сарын хугацааны зээлийн хүү 21,400,000 төгрөг бодогдсон. “Э ББСБ” ХХК-ийн шаардлага гаргах хугацаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссан байхад 4 жилийн хугацаанд нэг ч удаа мэдэгдэл явуулаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

Т.Х- нь 2016 оны 04 дүгээр сард “Э ББСБ” ХХК-аас хувийн журмаар 400,000,000 төгрөгийн зээл хүсэхэд 320,000,000 төгрөгийг байгууллагын хувь эзэмшигч н.Адъяасүрэн хувиараа зээл гаргаад 80,000,000 төгрөгийг нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр гаргасан. Бичгээр тусдаа боловч нэг шугамаар зээл авсан. 320,000,000 төгрөгийн зээлийн асуудалд 600,000,000 төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулж, төлөгдөж байгаа. “Энх-Өглөө” ХХК-ийн захирал Т.Х- нь “Э ББСБ” ХХК-д хангалттай хэмжээний төлбөр, хүү төлсөн.

Т.Х- мөн өөр асуудлаар буюу эрчим хүчний үйлдвэрээ нэрийг нь шилжүүлээд барьцаалаад өгсөн асуудалтай явж байсан. Энэ асуудлаар шаардлага ирүүлээгүй байж 4 жилийн дараа үндсэн зээл болох 80,000,000 төгрөгөөс гадна 165,000,000 төгрөгийн зээлийн хүү, 28,500,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сард дуусаад шүүхэд хандсан бол зээлийн хүү бага бодогдоод дуусах ёстой байсан зүйл дээр 4 жилийн дараа уг төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад төлбөрийг төлөхгүй гэж бодоход “Э ББСБ ХХК-д хохирох зүйл байхгүй, бид хангалттай төлбөрийг төлсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт 2017-2018 онуудад төлбөр төлөгдөж байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй тасалдаад үргэлжлээд явж байна гэдэг утгаар өмнөх шүүгч дүгнэсэн. Гэхдээ төлж байгаа мөнгө нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 6 сарын хугацааны зээлийн хүү болохоос биш үүргийн хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөр төлөгдсөн нэг ч төгрөг байхгүй. Тэр хугацаанд төлсөн 21,400,000 төгрөг буюу анх зээл авсан 6 сарын хугацааны зээлийн хүү байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Х-аас 245,728,986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,536,322 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Х- нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023780 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байр, ... тоот хаягт байрлах 80.72 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ....дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байр, зоорийн давхрын .... тоот, 16 м.кв дулаан зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,669,677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-аас 1,526,995 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Т.Х- нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг сарын 4.4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дууссан бөгөөд талууд дахин гэрээний хугацааг сунгаагүй.

Миний бие зээлийн гэрээний 6 сарын хугацааны хүүгийн төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг нийт  21,400,000 төгрөгийг төлсөн.

Харин 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойшх үндсэн зээл болон хүүнд ямар нэг төлбөр төлөөгүй. Энэ хугацаанд дээрх банк бус санхүүгийн байгууллагаас ямар нэг шаардлага ирээгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Шүүх 2018 оны 03 дугаар сарын 02, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзсэн. Дээрх төлбөрүүд нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд гэрээний хугацаан дахь хүүг нөхөж төлсөн. Харин гэрээний хугацаа дууссанаас хойш ямар нэг хүү төлж байгаагүй бөгөөд гэрээний талууд гэрээний хугацааг сунгасан асуудал байхгүй.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хариуцагчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг баримталж зээлдэгчийн өөрийнх нь өргөдөл, мөн хүү төлөх, баталгаа гаргах хэлбэрээр шаардлагыг зөвшөөрсөн үйлдлийг нь үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн. “Э ББСБ” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм. Хуульд гэрээний үүрэг дуусах хүртэл шаардах эрх нь үйлчилж байдаг. Тэгэхээр албан ёсоор зээлийн гэрээг сунгаагүй гэж байна. 2018 онд өөрөө хүсэлт өгч, хүсэлтийг эрх бүхий этгээд болох захирлын цохолтоор зөвшөөрч гэрээ сунгагдсан. Иргэний хуульд заасан холбогдох заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүг хасч шийдвэрлэсэнд маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь хариуцагч Т.Х-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 274,265,308 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. “Э ББСБ” ХХК болон Т.Х-ы хооронд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Э ББСБ” ХХК нь 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Т.Х- нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.

 

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зээлдэгч нь Т.Х- нь уг зээлийн төлбөрт 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 21,400,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

3.б. Зээлийн гэрээний 3.1.5-д “зээлийн хүү сарын 4.4 хувь” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд нэхэмжлэгч 6 сарын хугацааны зээлийн хүү 21,120,000 /80,000,000×4.4%×6сар/ төгрөгийг шаардах эрхтэй байна. 

 

Хариуцагч Т.Х-ы тайлбарт зааж буй 400,000,000 төгрөгийн зээл хүссэн, 320,000,000 төгрөгийг байгууллагын хувьцаа эзэмшигч н.Адъяасүрэн хувиараа зээл гаргасан гэх тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар энэ маргаанд хамааралгүй тайлбар гэж үзнэ. 

 

3.в. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож болно. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.6-д “зээлийн нэмэгдүүлсэн хүү 20%” гэсэн тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад нэмэгдүүлсэн хүүгийн дээд хэмжээг тогтоосон хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй болно.

3.г. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүг хэрхэн тооцох талаар тухайлан тохиролцоогүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.

3.д. Т.Х- нь зээлийн гэрээний үүрэгт хамгийн сүүлд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлбөр хийсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэх үндэслэлгүй. Зээлдэгчийн төлбөр төлсөн уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дуусахаар байх тул анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар зөв дүгнэсэн. Энэ талаарх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

4. Иймд зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 21,120,000 /80,000,000×4.4%×6сар/ төгрөг, нийт 101,120,000 төгрөг байх бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 21,400,000 төгрөгийг хасч тооцвол 79,720,000 төгрөг байх тул энэ хэмжээгээр хариуцагч Т.Х-аас гаргуулж нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

5. Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн барьцааны гэрээг байгуулж, Т.Х-ы өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байр, ... тоот хаягт байрлах 80.72 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, мөн тухайн байрны зоорийн давхрын .... тоот хаягт байрлах 16 м.кв талбай бүхий авто зогсоолыг тус тус барьцаалсан, барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр ипотекийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.   

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...245,728,986 төгрөгийг...” гэснийг “...79,720,000 төгрөгийг...” гэж, “...28,536,322 төгрөгийг...” гэснийг “...194,545,308 төгрөгийг...” гэж,

3 дахь заалтын “1,526,995 төгрөгийг” гэснийг “556,550 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,387,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА