| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 139/2014/00213/И |
| Дугаар | 210/МА2022/00124 |
| Огноо | 2022-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2022/00124
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2021/00222 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан 205,627,375 төгрөг гаргуулах, Х ХХК-ийн захирал Ц.С, Б ХХК-ийн захирал С.Д нарын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцийн огноог 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болохыг тогтоолгох, “Хөрх булаг ХХК-ийн захирал Ц.С Б ХХК-аас ямар нэр төрлийн ямар эд хөрөнгийг хичнээн төгрөгөөр худалдаж авсан болохыг тогтоолгох, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт Х ХХК-ийн захирал Н.Бирүүлсэн 29 ширхэг фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюумаа, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, Ч.Сайнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага: 205,627,375 төгрөг гаргуулах, Х ХХК-ийн захирал Ц.С, Б ХХК-ийн захирал С.Д нарын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцийн огноог 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болохыг тогтоолгох, “ХБ” ХХК-ийн захирал Ц.С Б ХХК-аас ямар нэр төрлийн ямар эд хөрөнгийг хичнээн төгрөгөөр худалдаж авсан болохыг тогтоолгох, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт Х ХХК-ийн захирал Н.Бирүүлсэн 29 ширхэг фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно.
1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Х ХХК-ийн захирал Н.Б тус компанийг иргэн Ц.Сээс эрх шилжүүлэх болон хувьцаа худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан. Уг гэрээнд Д холбогдох тооцоо маргааныг шийдвэрлэнэ гэж заасан тул хөрөнгийн үнэ, олох байсан орлогыг нэхэмжилнэ. Х ХХК-ийн үүдэнд байрлах /хуучнаар/ гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38,000,000 төгрөг бөгөөд уг хөрөнгө 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд заагдаагүй, үнийг нь төлөөгүй. Гэтэл худалдах худалдан авах гэрээнд тусгагдаагүй үнийг нь төлөөгүй хашаанд байсан төмөр хайс хашаа 43.5м үнэ 6,525,000 төгрөг, тоосгон жижиг склад үнэ 1,500,000 төгрөг, халаалтын жижиг нам даралтын зуух тоноглолын хамт үнэ 1,200,000 төгрөгийн хөрөнгийг дур мэдэн эзэмшиж ашигласан. Гурилын бөөний дэлгүүрийн ашигтай цэвэр талбайн урт 7.6 м, өргөн 2.9 м 22.04 м.кв талбайтай бөгөөд Х ХХК 14 м.кв талбайг 200,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг 1 м.кв талбайг 14,285.71 мөнгөөр түрээслэдэг. Зөвхөн гурилын бөөний дэлгүүрийн олох ёстой байсан орлого сард 314,857 төгрөг бөгөөд үйлчлүүлэгч шууд орох ашигтай байрлалтай, орлого олох сонгомол боломжтой тул нэмэгдэл түрээсийн орлого 50,000 төгрөг нэмж бодож зах зээлийн бичигдээгүй хууль үйлчилнэ гэж үзвэл нэг сард 364,857 төгрөг болно. 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллуулсан гэж үзвэл 71 сар ашигласан. Б ХХК-ийн олох байсан орлого 25,904,847 төгрөг байна. Ингээд дээрхи барааны үнэ болон олох байсан орлого нийт 73,279,847 төгрөгийн хохирол учирсан.
Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд, Х ХХК-ийн барилгын үүдэнд байрлах 38,000,000 төгрөгийн үнэтэй хуучнаар гурилын бөөний дэлгүүрийн үнийг төлөөгүй, бусдад дамжуулан худалдсан. 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 92 дугаар шийдвэрт газар нь шилжсэн учир барилгыг шилжүүлэх боломжгүй, үнийг шаардсан нэхэмжлэл гаргаагүй гэж тодорхой дурдсан. Иймд НӨАТ 3,800,000 төгрөгийг нэмж нийт 41,800,000 төгрөгийн гаргуулна. Худалдах худалдан авах гэрээнд тусгаагүй, үнийг нь төлөөгүй хашаанд байсан хөрөнгийг дур мэдэн эзэмшиж ашиглаж байгаа тул төмөр хайс хашаа 43.5 м нийт 6,525,000 төгрөг, тоосгон жижиг склад 1,500,000 төгрөг, халаалтын нам даралтын зуух тоноглол болон төмөр замын рес төмөрийн 1,200,000 төгрөг, НӨАТ 922,500, нийт 10,147,500 төгрөг нэхэмжилнэ. Гурилын бөөний дэлгүүр нь хамгийн багаар тооцоход сар бүр 940,000 төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан. Х ХХК 2008 оны 7 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал түрээслүүлэн ашиглаж орлого олж 2014 онд сар бүр 440,000 төгрөгөөр түрээсэлж байгаа нь тогтоогдсон. Түрээсийн тооцоог 2008 онд олж байсан цэвэр ашгийг тооцохгүйгээр бодит орлого сар бүр 400,000 төгрөгөөр тооцоход Х ХХК нь уг ашгийг хууль бусаар олсон.
Хаан банк, Хас банкны албан ёсны тодорхойлолтыг үндэслэн түрээсийн бодит орлого 68,640,000 төгрөгийг банканд хугацаатай хадгалуулсан гэж үзвэл хадгаламжийн хүүгээр тооцоход олох байсан орлого 66,859,320 төгрөг болно. Мөн гаднах төмөр хайс хашааны үнэ 2014 онд 6,525,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан байхад өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй учир 2015-2021 онд олох байсан орлого банкны хадгаламжийн хүүгээр тооцож үзэхэд 6,630,555 төгрөг, нийт 142,129,875 төгрөг болно. 1995-2008 оны хооронд маш их хүч хөдөлмөр гаргаж байгуулсан ногоон байгууламжийн үнэ 21 ширхэг шар хуайс, улиасны үнэ 10,500,000 төгрөг, НӨАТ тооцсон үнэ 1,050,000 төгрөг, нийт 11,550,000 төгрөг, хөрөнгийн болон бодитоор олсон орлого мөн орлогоос олох байсан орлогын үнийн дүн нийт 205,627,375 төгрөг болно. Ц.С, С.Д нар 2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан тохиролцож Монгол даатгал компанид гэрээ байгуулахаас өмнө даатгуулсан. Х ХХК-ийн захирал Ц.С, Б ХХК-ийн захирал С.Д нар 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орой гэрээг байгуулсан бөгөөд гэрээний хавсралт гэх хэлцлийг 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн хооронд бараа материалыг тоолж фото зургийг нь авсан ба үүнийг тухайн үед үйл ажиллагаанд оролцож байсан гэрчүүд маш тодорхой гэрчилдэг.
Х ХХК-ийн захирал Ц.С Б ХХК-д 215,000,000 төгрөг өгсөн нь 044 тоот гэрчилгээтэй 1968 онд ашиглалтанд орсон барилгын үнэ байсан болох нь шат шатны шүүх, татварын улсын байцаагч, татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр, тушаалаар баталгаажсан. Иймд Х ХХК-ийн захирал Ц.С Б ХХК-аас ямар нэр төрлийн хөрөнгийг хичнээн төгрөгөөр худалдаж авсныг тогтоолгоно.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Гурилын бөөний төв болон төмөр хайсан хашааг 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан болох нь нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Мөн Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр гурилын бөөний төв Х ХХК-ийн өмч болохыг тогтоож, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар гурилын бөөний төв болон түүнээс олох байсан орлого гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Мөн төмөр хайс хашаа, түүнээс олох байсан орлого нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр Х ХХК-ийн хөрөнгө болсон тул хашааны үнэ 6,525,000 төгрөг, түүнээс олох байсан орлогыг төлөх үндэслэлгүй. Худалдах, худалдан авах гэрээнд огт тусгаагүй тоосгон жижиг склад, халаалтын нам даралтын зуух, тоноглол, төмөр замын рейс төмрийн үнэ, НӨАТ-ыг гаргуулна гэж байна. Эдгээр хөрөнгөнүүдээс халаалтын нам даралтын зуух, төмөр замын төмөр огт байгаагүй. Тоосгон жижиг складны үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Х ХХК-ийн өмч болсон байхад гэрээнд тусгагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ногоон байгууламж болон хашаа хайс нь эд хөрөнгийн бүрдэл хэсэг мөн. Гурилын бөөний дэлгүүрт тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй. ... бүртгэлийн дугаартай гэрчилгээнд талбайн хэмжээгээрээ багтдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Шүүх: Хариуцагч Х ХХК-нд холбогдох нийт 205,627,375 төгрөг /гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38,000,000 төгрөг, НӨАТ 3,800,000 төгрөг; төмөр хашаа хайсны үнэ 6,525,000 төгрөг, тоосгон жижиг склад 1,500,000 төгрөг, халаалтын нам даралтын зуух тоноглол болон төмөр замын рейс төмөр 1,200,000 төгрөг, НӨАТ 922,500, гурилын бөөний дэлгүүрээс түрээсээр олох байсан орлого 68,640,000 төгрөг, бөөний дэлгүүрийн түрээсийн орлогыг бакны хугацаатай хадгаламжинд хадгалуулвал олох байсан хүүгийн орлого 66,859,320 төгрөг, төмөр хашааны үнэ 6,525,000 төгрөгийг банкны хугацаатай хадгаламжинд хадгалуулвал олох байсан хүүгийн орлого 6,630,555 төгрөг, ногоон байгууламжийн үнэ 10,500,000 төгрөг, НӨАТ 1,050,000 төгрөг/ гаргуулах, Х ХХК-ийн захирал Ц.С, Б ХХК-н захирал С.Д нарын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008 оны 03 дугаар сарын 22 өдөр болохыг тогтоолгох, Х ХХК-ийн захирал Ц.С нь Б ХХК-аас ямар нэр төрлийн ямар эд хөрөнгийг хичнээн төгрөгөөр худалдаж авсан болохыг тогтоолгох, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт Х ХХК-ийн захирал Б ирүүлсэн 29 ширхэг фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,396,687 /нэг сая гурван зуун ерэн зургаан мянга зургаан зуун наян долоон/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Дундговь аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
4.а ХХХК-ийн Ц.С, Б ХХК-ийн С.Д нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа 1968 онд ашиглалтанд орсон улсын бүртгэлийн 0081600304 дугаартай 44 тоот гэрчилгээг үндэслэн гэрээ байгуулсан. Гурилын бөөний дэлгүүр Х ХХК-нд шилжсэн аливаа нэгэн гэрээ, бусад баримт байхгүй байхад Б ХХК-ийн хөрөнгө биш гэж үзсэн. ХХХК-ийн дураараа эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн үнийг шаардсан, харин эзэмших, өмчлөх шаардлага гаргаагүй. Хариуцагч тал маргаж буй хөрөнгүүдийг хүлээж авсан талаар нотлох баримт өгөөгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Гэрч ...нарын ажилд орсон хугацаа нь хашаанд хөрөнгө байсаныг мэдэх боломжгүй. Х ХХК-ийн арын хашаанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоогүй гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн. Уг үзлэгээр хашаанд байсан тал тоосго ямар хэмжээтэй талаар үзлэг явуулсан болохоос өөр хөрөнгөнд үзлэг хийгээгүй, энэ талаар тэмдэглэл байхгүй.
4.б Сайнцагаан сумын үнэлгээ тогтоох комиссыг эд зүйлийн үнэлгээ тогтоох эрхгүй гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн. Уг комисс нь одоо хүртэл ажиллаж байгаа, цаашдаа ч ажиллана. Үнэлгээ тогтоох комисс нь харьцуулалтын аргаар үнэлгээ тогтоодог бөгөөд Дундговь аймгийн зах зээлийн ханшийг судлан үнэлгээ тогтоосныг комиссын гишүүд нотолдог. Харин талууд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох эрх нь байхад хариуцагч тал дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаагүй тул үнэлгээг хүлээн зөвшөөрсөн.
4.в Гурилын бөөний дэлгүүрийг 2002 онд барьж ашиглалтанд оруулсан болох нь ...нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад 1968 онд ашиглалтанд орсон барилгатай хамааралгүй гэж дүгнэснийг ойлгоогүй. Аймгийн татварын хэлтэст холбогдох 2015 онд шийдвэрлэсэн хэрэгт эвлэрэлийн гэрээ байгуулж, гурилын бөөний дэлгүүр Б ХХК-ийн тайланд бүртгэлтэй болохыг нотолдог. Шүүх ямар нотлох баримтыг үндэслэж гурилын бөөний төвийг хариуцагчийн өмчлөлийнх гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Зөвхөн газар нь шилжсэн тохиолдолд газар дээрх хөрөнгө үнэгүй шилжих ёстой гэж ямар хуулийн зохицуулалтаар хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олгож байгааг ойлгохгүй байна. Талууд бэлэглэлийн гэрээ байгуулаагүй. Шүүгчийн дотоод итгэл үнэмшил нь хариуцагч талыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих үйлдэлтэй нийцжээ.
4.г 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 тоот шүүхийн шийдвэрт гурилын бөөний дэлгүүрийн үнийг нэхэмжлээгүй, эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл тул шийдвэрлэх боломжгүй талаар тайлбарласан. Харин эзэмшигч нь ХХХК болохыг тогтоогоогүй байхад шүүгч ХХХК-ийн өмч гэж мушгин гуйвуулж зөвхөн нэг талд үйлчлэх зорилгоор шийдвэр гаргасанд гомдолтой байна.
4.д 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний 8.7-д гурилын бөөний дэлгүүр, газар зэрэгт С.Дтэй холбоотой маргаан байгаа гэж тэмдэглэсэн нь анх гэрээ байгуулсан үл хөдлөх хөрөнгөнд гурилын бөөний дэлгүүр хамааралгүй болох нь харагддаг.
4.е Нэхэмжлэгч тал фото зургийн ар талд зурагдсан гарын үсэг С.Дийнх биш, дарсан тамга нь Б ХХК-ийнх биш тул уг зургийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй гэж тайлбарлаж байна гэх утга санааны хувьд алдаатай бичигдсэн байна. Фото зургийн ард тамга дарагдаагүй байхад Б ХХК-ийн тамга биш гэж бичсэн нь шүүхийн шийдвэрт зориудаар тусгасан гүтгэлэг байна.
4.ё Шүүх С.Дийн аливаа маргааныг Ц.С хариуцахгүй бөгөөд төлбөр, зардал төлөхгүй болно гэж гэрээгээр тохирсон байх боловч С.Дийн үүсгэх аливаа маргааныг Н.Б хариуцах талаар гэрээнд мөн тохиролцоогүй байна гэж зориудаар алдаатай дүгнэлт гаргасан. 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний 8.7-д С.Дийн үүсгэх аливаа маргааныг Ц.С хариуцахгүй бөгөөд төлбөр зардал төлөхгүй болно. С.Д нь аливаа маргаан үүсгэж магадгүй гэж тодорхой зааж өгсөн байгааг шүүгч бүрэн гүйцэд анхаарч үзээгүй.
Эрх шилжүүлэх гэрээний нэмэлт хавсралтын 6.4-т нэмэлтээр Н.Б нь С.Дтэй холбогдох маргааныг хариуцахаар өөрийн гараар баталгаа бичсэнийг шүүгч унших сонирхол байгаагүй тул С.Дийн үүсэх аливаа маргааныг Н.Б хариуцах талаар гэрээнд мөн тохиролцоогүй гэж нотлох баримтыг уншиж танилцахгүйгээр дүгнэлт гаргасан.
4.ж Гэрчүүд гэрээний хавсралт хэлцлийн талаар мэдүүлэг өгөөгүй гэж зориуд алдаатай дүгнэсэн. Гэрээний хасвралтад бичигдсэн бараа нэг бүрийг тоолсон фото зургийг баримтжуулж авсан уг өдрийг 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байсан болохыг тухайн үед манаачаар ажиллаж байсан н.М шууд, фото зургийг авсан н.Золбоо бодож, сантехникч н.Ч эргэлзэж хэлсэн. Мөн н.М, н.Ч нар фото зургийн ард Б ХХК-ийн тамга дарж байсан, н.З сүүлд дахин уг зургийг олшруулахад тамга дарагдсан гарын үсэг зурагдсан байсныг эргэлзээгүй мэдүүлсэн талаар дүгнэлт хийгээгүй.
4.з Шүүгч н.Уранчимэг гэрчүүдээс хууль сануулж мэдүүлэг авсан тул эргэлзээтэй зүйлд шүүгч өөрөө нэмэлт асуулт асууж эргэлзээгүй болгож мэдүүлэг авсан нь хариуцагч талд ашигтай шийдвэр гаргахын тулд буруу дүгнэлт хийсэн. Хэлцлийг гэрчилсэн нотариатч Н.Мшүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө нутаг нэгт Ц.Сийг хамгаалахын тулд хэлцлийг гэрчилснээс өөр мэдүүлэг өгсөн. Н.М шалгуулахаар улсын прокурорт гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан гэрээнд хавсралтын талаар дурдаагүй нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр биш 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан болохыг гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Мөн фото зургийн ар талд Б ХХК-ийн тамга байхгүй байгааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохоос татгалзаж С.Дийн гарын үсэг мөн гэж өрөөсгөл дүгнэсэн.
4.и Шинжээч нар эргэлзээ бүхий дүгнэлт гаргаж байсан нь анхаарал татдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Гурилын бөөний төв нь 2008 онд худалдсан 2300 м.кв талбай бүхий байшингийн залгаа 30 м.кв талбайтай, тухайн газар, байшингийн салшгүй хэсэг мөн. Том байшин худалдсан атлаа үүдний хэсгийг нь буцааж авна гэж байгаа нь үндэслэлгүй. Үүдний өргөтгөл болон байшин, хашааг зургаар хүлээлцсэн бөгөөд зургийн ард тамга дарагдаж, гарын үсэг зурсан. Олон шинжээч оролцсон дүгнэлтээр С.Д, Ц.С нарын гарын үсгийг мөн гэж дүгнэсэн. Үүнээс хойш шинжилгээний байгууллагад хандсан боловч үүнээс олон шинжээч оролцуулж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Одоо байгаа гэрчилгээнд 2300 м.кв талбайтай гэж тусгасан, өмнөх гэрчилгээнд 500 гаруй м.кв талбайтай гэж алдаатай бичсэн байсан. Улсын бүртгэлийн байгууллагаас хэмжилт хийж гэрчилгээг шинэчилж өгсөн. Гурилын бөөний төвийн эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт талуудын хэн аль нь гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Зөвхөн татвар төлснөөр, хувийн компаниар аудитын дүгнэлт гаргуулснаар хөрөнгийг С.Дийн өмч гэж үзэх боломжгүй. 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 2010 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шиг хариуцагч дур мэдэн ажиллуулсан байдал тогтоогдоогүй. Мөн Иргэний хуулийн 85 зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг мөн. н.Чимэддорж, н.Мэндбаяр, н.Золбоо нар нь хэлцлийн огнооны талаар мэдүүлэг өгөөгүй. Нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Сайнцагаан сумын үнэлгээ тогтоох комиссын гишүүд “...тусгай зөвшөөрөл байхгүй, сонгон шалгаруулалтад ороогүй, үнэлгээнүүдийг нүдээр үзээгүй хийсэн...” гэж тодорхой мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд талуудыг мэтгэлцэх боломжоор бүрэн хангасан, хэн алиных нь эрхийг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Б ХХК хариуцагч Х ХХК-д холбогдуулан 205,627,375 төгрөг гаргуулах, Х ХХК-ийн захирал Ц.С, Б ХХК-ийн захирал С.Д нарын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан болохыг тогтоолгох, Х ХХК-ийн захирал Ц.С Б ХХК-аас ямар нэр төрлийн эд хөрөнгө, хичнээн төгрөгөөр худалдаж авсан болохыг тогтоолгох, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт Х ХХК-ийн захирал Н.Бирүүлсэн 29 ширхэг фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч Б ХХК 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Х ХХК-ийн захирал Ц.Стэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах 819 м.кв 3 давхар 74 өрөөтэй дэлгүүр, граж, уурын зуух, гэрээний хавсралтанд нэрлэн заасан 33 нэр төрлийн эд зүйлс, 7,949 м.кв талбайтай газрыг тус тус шилжүүлэх, худалдан авагч нь 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон байна. Улмаар Х ХХК 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 585 м.кв талбайтай дэлгүүр, 144 м.кв талбайтай граж, 90 м.кв талбайтай уурын зуухын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжаар Б ХХК-ийн эзэмшилд байсан үйлчилгээний зориулалттай худалдааны төвийн 4180,0 м.кв /0,418 га/, автомашины зогсоолын 1780,0 м.кв /0,178 га/ 2 нэгж талбар газрыг Х ХХК-д шилжүүлсэн байна. Ц.С гэрээний төлбөрт нийт 210,000,000 төгрөг Б ХХК-д төлж, тэрээр 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээгээр Х ХХК-ийг Н.Бт худалджээ.
/Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэргийн 1 дүгээр хавтасны 5-7, 66-69 тал, 2 дугаар хавтасны 318 тал Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаарсарын 07-ны өдрийн 00222 дугаар шийдвэртэй хэргийн 1 дүгээр хавтасны 25, 84-87 тал/
1. Төмөр хайс хашааны үнэ 6,525,000 төгрөг, тоосгон жижиг склад 1,500,000 төгрөг, халаалтын нам даралтын зуух тоноглол болон төмөр замын рейс төмрийн үнэ 1,200,000 төгрөг, НӨАТ 922,500 төгрөг, ногоон байгууламжийн үнэ, 21 ширхэг хуайс, улиасны үнэ 10,500,000 төгрөг, НӨАТ тооцсон үнэ 1,050,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Тоосгон жижиг склад, төмөр хашаа хайс, нам даралтын зуух, тоноглолын үлдэгдэл, 21 ширхэг шар хуайс улиас, ногоон байгууламж нь хариуцагчийн эзэмшилд байгаа болох нь Дундговь аймгийн сум дундын 11-р шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Х ХХК-ийн гадна хашаанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, 29 ширхэг фото зургаар нотлогдсон. Эдгээр хөрөнгө нь газартай салшгүй бэхлэгдсэн, түүний бүрдэл хэсэг болсон талаар Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. /Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаарсарын 07-ны өдрийн 00222 дугаар шийдвэртэй хэргийн 1 дүгээр хавтасны 99-104, 176-178 тал, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэргийн 2 дугаар хавтасны 248-254 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэгийн тэмдэглэл нь тухайн цаг хугацааны талаарх мэдээлэл агуулсан баримт бөгөөд шүүх хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэлт хийсэн нь буруу биш.
2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагчид шилжүүлсэн 7,929 м.кв газар дээр байсан тоосгон жижиг склад, төмөр хашаа хайс, нам даралтын зуух, тоноглолын үлдэгдэл, 21 ширхэг шар хуайс, улиас ногоон байгууламж газраас тусдаа бие даасан хөрөнгө биш байна. Гэрээний зүйлийн бүрдэл хэсэгт хамаарч байна. Иймд дээрх эд зүйлсийг хариуцагч тал үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэхгүй.
Харин төмөр замын рейс төмөр хариуцагчийн эзэмшилд байгаа гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлд заасан уг хөрөнгөтэй холбоотой нөхөн төлбөр гаргах боломжгүй.
2. Х ХХК-ийн захирал Ц.С, Б ХХК-ийн захирал С.Д нарын байгуулсан гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан болох, Х ХХК-ийн захирал Ц.С нь Б ХХК-аас ямар нэр төрлийн ямар эд хөрөнгийг хичнээн төгрөгөөр худалдаж авсан болох, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт Х ХХК-аас хэргийн материалд өгсөн фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Учир нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын тохиролцоогоор ямар эд зүйлийг, хичнээн төгрөгөөр худалдахаа өөрсдөө шийдвэрлэн тогтоох бөгөөд шүүхээс уг үйл баримтыг тогтоох эрхийг хуулиар олгоогүй, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн бие даасан байдал, хувийн хэрэгт үл оролцох зарчимд нийцэхгүй.
3. Х ХХК-ийн захирал Н.Б, Ц.Сээс тус компанийг худалдан авахдаа С.Дтэй холбогдох тооцоо маргааныг шийдвэрлэхээр тохиролцсон, мөн эрх шилжүүлэх гэрээний нэмэлт хавсралтын 6.4-т “Н.Б нь С.Дтэй холбогдох маргааныг хариуцах” баталгаа гаргасан тул хөрөнгийн үнэ, бодит орлого, олох байсан орлогыг төлөх ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбарын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Ц.С, Н.Б нарын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Х ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 8.6, 8.7-д “худалдан авагчид шилжүүлж буй компани нь энэхүү гэрээг байгуулах өдрийн байдлаар иргэн С.Дэд зээлийн гэрээний дагуу 38,684,456 төгрөг төлөх өртэй. Үүнийг компани төлнө, өөр гэрээний болон гэрээний бус өр төлбөргүй болно. Компанийн хөрөнгө болох гурилын бөөний дэлгүүр, газар зэрэгт С.Дтэй холбоотой маргаан байгаа. Мөн С.Дийн нэхэмжлэлтэй ХХХК-д холбогдох НӨАТ-ын маргаан шүүхийн шатанд байгаа .., С.Дийн үүсгэх аливаа маргааныг Ц.С хариуцахгүй бөгөөд төлбөр, зардал төлөхгүй болно” гэжээ. Н.Б 2010 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус гэрээний 8-р зүйлд өөрчлөлт оруулж “гэрээний 8.6-д заасан иргэн С.Дэд зээлийн гэрээний дагуу төлөх өртэй, үүнийг Х ХХК төлнө, өөр өр төлбөр байхгүй болно” гэх баталгааг гаргасан байна. /Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаарсарын 07-ны өдрийн 00222 дугаар шийдвэртэй хэргийн 3 дугаар хавтасны 190-191 тал/
Дээрхээс үзэхэд Н.Б нь зөвхөн С.Дэд зээлийн гэрээний дагуу төлөх 38,684,456 төгрөгийг хариуцах баталгаа гаргасан, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр уг зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
4. Хэрэгт нэхэмжлэгч Б ХХК-ийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Х ХХК-ийн захирал Ц.Стэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хавсралт 29 ширхэг фото зургийн ард зурагдсан худалдагч талын гарын үсэгтэй холбоотой хэд хэдэн шинжээчийн дүгнэлт байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 679 дугаар 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн дүгнэлтээр “ ... 92-II дугаартай иргэний хэргийн хавтаст хэргийн материалын 246-254 гэж дугаарласан хуудсуудын арын нүүрэнд Худалдагч Б ХХК-ийн захирал гэсний ард зурагдсан гарын үсгүүд нь С.Дийн гарын үсгүүд мөн байна” гэж дүгнэсэн байна. Талууд уг дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэнийг буруутгах үндэслэлгүй байна. /Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэргийн 2 дугаар хавтасны 382-384, 426, 453-456 тал, 3 дугаар хавтасны 481-483 тал, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 00222 дугаар шийдвэртэй хэргийн 3 дугаар хавтасны 206-220 тал/
Нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч .... нар “анх гэрээ байгуулах үед авсан фото зургийн ард С.Дийн гарын үсэг зурагдаж Б ХХК-ийн тамга дарагдсан байсан” гэж мэдүүлсэн боловч Б ХХК-ийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ц.Стэй байгуулсан гэрээний хавсралт хэлцлийг хэзээ байгуулсан огнооны талаар тодорхой мэдүүлээгүй байна. Гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотолгооны хэрэгсэл болохгүй бөгөөд шүүх гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримт, маргааны үйл баримттай харьцуулан үзэх журамтай. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлсэн байна. /Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 00222 дугаар шийдвэртэй хэргийн 2 дугаар хавтасны 470-475 тал/
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт Х ХХК-аас хэргийн материалд өгсөн 29 ширхэг фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар дээр дурдсан тул энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй болно.
5. Харин нэхэмжлэлийн шаардлагаас Х ХХК-ийн үүдэнд байрлах гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.
Хэрэгт нэхэмжлэгч Б ХХК, Ц.С нарын 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний зүйлтэй хамааралтай шүүхийн шийдвэрүүд авагдсан байна. Тухайлбал, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох гурилын бөөний худалдааны төвийн барилга, зам талбай байгууламжийн эзэмшил тогтоолгох, зээл, зээлийн хүүд 84,951,065 төгрөг гаргуулах үндсэн, 15,100,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар иргэний хэргийн шийдвэр, Б ХХК-ийн захирал С.Дэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 318 дугаар тогтоол, Дундговь аймаг дахь Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 279 дугаар тогтоол, мөн дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн тогтоолууд байх ба уг шүүхийн шийдвэрүүд хүулийн хүчин төгөлдөр болжээ. /Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 00222 дугаар шийдвэртэй хэргийн 1 дүгээр хавтасны 228-245 тал, 3 дугаар хавтасны 29-36, 38-39, 40-47 тал, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэргийн 3 дугаар хавтасны 730-738 тал/
2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд гэрээний зүйлийг тодорхой бичсэн байх бөгөөд “1968 онд ашиглалтад орсон 819 м.кв 3 давхар дэлгүүр”, “граж”, “уурын зуух”, гэрээний хавсралтад заасан 33 нэр төрлийн эд зүйлийг өгөх үүргийг худалдагч тал хүлээсэн байна. Харин тус гэрээнд маргаан бүхий гурилын бөөний дэлгүүрийн талаар заагаагүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд дээрх гэрээнд гэрээний зүйлийн шинж чанар, хэмжээ, нэр төрлийг тодорхойлж үнэлгээ өгсөн байна.
Хэргийн 2 дугаар хавтасны 248-254 дүгээр тал дах 29 ширхэг фото зураг, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үзэхэд маргаан бүхий гурилын бөөний дэлгүүр нь 2002 онд дээрх 3 давхар худалдааны төвийн залгаа нэмж баригдсан байх бөгөөд 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн худалдах худалдан авах гэрээ байгуулах үед уг хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан байна.
Нэхэмжлэгч Б ХХК-ийн эзэмшилд байсан үйлчилгээний зориулалттай худалдааны төв болон автомашины зогсоолын талбайн газар эзэмших эрх Х ХХК-д шилжсэнээр Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэгт заасны дагуу тухайн газар дээрх маргаан бүхий гурилын бөөний дэлгүүр уг газрын үндсэн бүрдэл хэсэг болно. Иймд мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дах хэсэгт зааснаар газар эзэмших эрх, тухайн газар дээрх гурилын бөөний дэлгүүрийн эзэмших эрхийг салгаж тогтоох үндэслэлгүй. Энэ талаар Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
6. Хэдийгээр гурилын бөөний дэлгүүр тухайн газрын бүрдэл хэсэгт хамаарч, хариуцагч өмчлөгч болсон боловч нэхэмжлэгч тухайн эд зүйлийн үнийг шаардах эрхтэй. Учир нь талуудын хоорондын 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний зүйлд багтаагүй байна. Иймд гэрээний үндэслэл байхгүйгээр нөгөө талд шилжсэн, улмаар уг зүйлийн өмчлөгч болсон этгээдээс хөрөнгийн үнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дах хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Хэргийн 1 дүгээр хавтасны 13 дугаар тал дахь 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хийсэн үнэлгээний хуудсанд маргаан бүхий гурилын бөөний дэлгүүрийг 38,000,000 төгрөгөөр үнэлжээ. Гэвч үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний ямар арга, аргачлалд нийцүүлсэн, тухайн хөрөнгийг үнэлсэн этгээд нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн үнэлгээ гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үнэлгээг хийсэн гэх Б.Г “... тухайн үед би Сайнцагаан суманд олон нийтийн байцаагчийн ажлыг хийж байсан, үнэлгээ хийх зөвшөөрөл байхгүй, засаг даргын захирамжаар үнэлгээ хийх ажлын хэсэгт ажилласан .., үнэлгээний зүйлийг би өөрөө очиж үзэж байгаагүй, бусад гишүүд очиж үзсэн байж болно. Үнэлгээ гаргахдаа ямар нэгэн баримт үзэж байгаагүй юм байна .., ” гэж, М.О “ ... тухайн үед Сайнцагаан сумын тамгын газарт МЭҮТ-д ажиллаж байсан .., үнэлгээний зөвшөөрөл байсан эсэхийг мэдэхгүй, малын үнэлгээг би хийдэг байсан, хөрөнгийг бол сайн мэдэхгүй байна. Гурилын бөөний дэлгүүрийг очиж үзээгүй, нүдээр үзээгүй, ямар аргачлалаар гаргасныг мэдэхгүй ... ” гэж, С.Т “ ... албан ёсны үнэлгээний эрх байхгүй, тухайн үед засаг даргын захирамжаар орон тооны бус үнэлгээний комисс байгуулагдаж үнэлгээ хийж байсан .., үнэлгээг дандаа дундажлаж гаргадаг байсан, балансын үнэлгээ үздэггүй, ашиглалт, чанарын талаар судалгаа гаргаагүй .., хүсэлт гаргагчийн хэмжээг үнэлгээний хуудсанд бичсэн ...” гэж тус тус мэдүүлсэн байна. /Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 00222 дугаар шийдвэртэй хэргийн 3 дугаар хавтасны 222-234 тал/
Дээрхийг нэгтгэн дүгнэхэд үнэлгээ хийсэн этгээдүүд нь өөр өөр мэргэжлийн хүмүүс байхын зэрэгцээ хуульд заасан үнэлгээ хийх эрхтэй этгээд биш байна. Мөн үнэлгээг тогтоохдоо үнэлгээний зүйлтэй газар дээр нь очиж танилцаагүй, ямар арга, аргачлалд нийцүүлэн үнэлгээг тогтоосон нь тодорхойгүй байна. Иймд Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын үнэлгээнд үндэслэн гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38,000,000 төгрөг гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.
Харин хэрэгт авагдсан С.Дийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Татварын хэлтсийн дарга М.Т холбогдох иргэний хэрэгт талуудын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд гурилын бөөний дэлгүүрийн үнийг 20,000,000 төгрөг гэж тодорхойлсон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмын дагуу гурилын бөөний дэлгүүрийн үнийг 20,000,000 төгрөгөөр тогтоов. /Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 00222 дугаар шийдвэртэй хэргийн 3 дугаар хавтасны 23-24 тал/
7. Нэхэмжлэлийн шаардлагаас гурилын бөөний дэлгүүрийн үнээс НӨАТ-д төлөх дүн, уг дэлгүүрийг бусдад түрээсэлж олсон орлого, цаашид олох байсан орлого гаргуулах нэхэмжлэлийг хангах боломжгүй. Талуудын хооронд үндэслэлгүйгээр хөрөнгийн шилжилт явагдсан байгаа тохиолдолд эд хөрөнгийг шударга бусаар олж авч байгаа этгээд олох байсан орлого, эсхүл олсон орлогыг төлнө. Гурилын бөөний төв нь 3 давхар барилга, уурын зуух, гражийг дагалдаж хариуцагч талд шилжсэн газар дээр байрлаж байсан, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч биш болох нь тогтоогдсон байгаа тохиолдолд хариуцагчийг шударга бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2021/00222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас гурилын бөөний дэлгүүрийн үнэ 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185,627,375 төгрөг /гурилын бөөний дэлгүүрийн үнэ 38,000,000-20,000,000=18,000,000 төгрөг, НӨАТ 3,800,000 төгрөг, төмөр хашаа хайсны үнэ 6,525,000 төгрөг, тоосгон жижиг склад 1,500,000 төгрөг, халаалтын нам даралтын зуух тоноглол болон төмөр замын рейс төмөр 1,200,000 төгрөг, НӨАТ 922,500 төгрөг, гурилын бөөний дэлгүүрээс түрээсээр олох байсан орлого 68,640,000 төгрөг, бөөний дэлгүүрийн түрээсийн орлогыг банкны хугацаатай хадгаламжинд хадгалуулвал олох байсан хүүгийн орлого 66,859,320 төгрөг, төмөр хашааны үнэ 6,525,000 төгрөгийг банкны хугацаатай хадгаламжинд хадгалуулвал олох байсан хүүгийн орлого 6,630,555 төгрөг, ногоон байгууламжийн үнэ 10,500,000 төгрөг, НӨАТ 1,050,000 төгрөг/ гаргуулах, Х ХХК-ийн захирал Ц.С, Б ХХК-ийн захирал С.Д нарын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт хэлцлийн огноог 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдөр болохыг тогтоолгох, Х ХХК-ийн захирал Ц.С нь Б ХХК-аас ямар нэр төрлийн ямар эд хөрөнгийг хичнээн төгрөгөөр худалдаж авсан болохыг тогтоолгох, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэртэй хэрэгт Х ХХК-ийн захирал Н.Бирүүлсэн 29 ширхэг фото зургийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,396,687 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,396,687 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
А.МӨНХЗУЛ