| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 168/2018/0192/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 67
Г.Б, Ж.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар магадлалтай, Г.Б, Ж.Г нарт холбогдох 1721000000057 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х, Д.Гэрэлтуяа, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Г.Б, Ж.Г тэдгээрийн өмгөөлөгч Д.Галтогтох нарын хяналтын журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Г-н Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан “Бусадтай бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Ж-н Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж “Хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Г.Б-ийг “Бусадтай бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Ж.Г-ыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Г.Б-ийн цагдан хоригдсон 684 /зургаан зуун наян дөрөв/ хоног, Ж.Г-ын цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Ж.Г, Г.Б нарт оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Ж.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт, шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэх үйлдэлд өдөөн турхирч хүний халдашгүй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг бусдын амь нас хохирох байдалд хүргэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шүүгдэгч Ж.Г-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 684 /зургаан зуун наян дөрөв/ хоног, Ж.Г-ын цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр миний дүү Г овогтой О-г Г.Б, Ж.Г нар бүлэглэн онц харгис хэрцгийгээр алсан. Энэ хэрэг шийдэгдэхгүй удсан шалтгаан Цагдаагийн мөрдөн байцаагч Н.У нь хавтаст хэрэгт авагдсан анхны мэдүүлгийг урж хаясан, гэрчүүдийн мэдүүлгийг санаатайгаар бичээгүй орхигдуулсан учир хоног хугацаа алдсаар 2019.07.19-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж шүүгчид Батхүрэлийг 15 жил, Ж.Г-т 15 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн. Гэвч 2019.10.08-ны өдөр Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шүүгдэгч Г.Б-д 15 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Г-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн явдал нь илт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Яагаад гэвэл Ж.Г миний дүү талийгаач Т.О-г шүүгдэгч Г.Б болиулах байтал талийгаач дүүгийн минь толгой, ар дагз руу 2 удаа төмөр сандлаар цохисон байдаг. Мөн шүүгдэгч Г.Б-ийг хутаг аваад гарч байхад мэдсээр байж боль гэхийн оронд турхирч хатгаж “ал ал алаад өг” гэж бахирч байсан байдаг. Турхирч хатгаж байж дүүгийн амь насыг хөнөөлгөсөн хүн бол шүүгдэгч Ж.Г мөн. Ж.Г нь турхирч хатгаж байж хүнийг хэрэг хийлгэсэн хүн мөн”. Шүүгдэгч Ж.Г нь миний талийгаач дүү Г.О-г төмөр сандлаар цохиогүй бол хазгар доголон хүнд гүйцэгдэхгүй, зугтаагаад явчих байсан. Гол буруутай хүн шүүгдэгч Ж.Г учир Дорнод аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлтуяа гаргасан гомдолдоо “... миний бие Дорнод аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 23 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие хэдэн хүүхдийнхээ сор нь болох сайхан хүүгээ, эцэг хүү 2 алуурчны гарт зэрлэгээр хөнөөгдсөнд туйлын гомдолтой байдаг. Анхан шатны шүүх удаа дараа хэлэлцэн байж хэргийг дутуу шалгасан зүйлийг бүрэн хийлгэж эцэст нь миний хүүгийн амь насыг хохирооход эцэг хүү хоёрын бүлэглэн оролцсон байдлыг тогтоож хоёуланд нь шударга шийтгэл оногдуулсан байтал Давж заалдах шатны шүүх утгагүйгээр өөрчлөн хэргийг нь хөнгөрүүлж, алуурчин Г-т ял завшуулж байгаад гомдолтой байна. Энэ эцэг хүү хоёр бол арчаагүй, бие биенээсээ ичиж зовох юмгүй нийлж архидсан, ялангуяа Г бол байнга архичид цуглуулан архидаж байдаг хүн. Хүүхдээ боль байг гэхийн оронд нийлж зодож байгаа нь7 арай гэж зайлж гарахад нь хүү нь хутга аваад гарахыг нь харсаар байгаад алаад өг гэсээр байгаад л миний хүүгийн алтан амыг бүрэлгэсэн юм. Хэрэг дотор Батхүрэлийг хүмүүжилтэй сайн хүн мэтээр магтсан байдаг. Өөрийнхөө ээж шиг хөгшин намайг гичий янхан гэж байгаа, ийм үг амнаасаа унагаж байгаа хүн хүмүүжилтэй хүн мөн үү? Ач дүү нь болох Тэнгис эхлээд хутга авах гэхэд нь болиулсан байдаг. Тэгээд аавыгаа аваад гарахад араас нь хутга авч гараад араас нь хатгаад эргээд барьцалдаж авахад нь хутгалж газар унагаагаад дээр нь мордож суугаад гэдсэнд хутгалж амь насанд хүргэсэн хутгалалтыг хийхэд алаад өг алаад өг гэж дэмжин гүйцэтгүүлсэн эцэг Г-н удирдлагаар л алсан нь тодорхой байгаа энэ бүлэглэж алсан хэргийг бүлэглэн алаагүй болгож анхнаасаа прокурор мөрдөгч нар их ээлтэй хандаж хуйвалдсан. Манай хүүхдүүдийг хөнөөсөн шөнө асуугаад хүүхдийн хэлсэн үгийг бичээгүй байсан, мөрдөгч заавал өөрийн бичсэнээрээ хэлүүлэх гэж байцаалт авч асууж байсан би өглөө нь 09 цагт мөрдөгч дээр Г-н хэлсэн үгийг хэлж эцэг нь турхирч бүлэглэж хүү минь алсан байна гэхэд тоогоогүй, тэмдэглэл ч үйлдэж аваагүй.тэгээд хүүхдүүдэд мэдүүлгийг нь уншиж өгөөгүй, би ч, багш нь ч уншихгүй итгээд гарын үсэг зурсан. Байцаагч нь хүүхдүүдийн өмнөх мэдүүлгийг урж хаяж өөрчилсөн.бодит үнэнийг хуулийнхны ингэж гуйвуулдгийг би мэдэхгүй, итгээд зур гэсэн газар нь гарын үсгээ зурж байсан.
Ер нь анхнаасаа шүүх эцэг хүү хоёрт ял оногдуулахгүй гэсэн зорилготой байсан. Г-н ахынх нь охин шүүхэд туслах шүүгч, шүүх хурлын нарийн бичиг, хадам ах болох хүн орон нутгаас нөлөөтэй хүн байсан тэр бүхний нөлөө орсон. Одоо ч шүүхийн давах шатнаас өөрчилсөн явдал нөлөөлөлтэй л холбоотой гэж сэжиглэх гарцаагүй үндэслэлтэй болоод гомдолтой байна. Хүний сайхан үрийг эхийгээ өмөөрч үг хэлсний төлөө зэрлэгээр хөнөөсөн алуурчдыг хаацайлж хамгаалаад байдаг ямар хуульчид шүүхчид вэ? Давж заалдах шатны шүүхээс зүйл ангийг өөрчилж ялыг нь хөнгөрүүлснийг зөвшөөрөхгүй байна. Өөрөө биеэр үйлдээгүй ч хүн алах гэж хутга аваад гарсан хүүдээ, хүнийг ал ал, наад муугаа алаад өг гэдэг эцэг байдаг уу, Хэрвээ боль хүү минь гэсэн бол, хүрч ирээд зуураад болиулсан бол хутгалсан ч аминд нь хүрэхгүй авчих байсан байх. Гэдсэн дээр нь суугаад хутгалсны улмаас үхсэн шүү дээ. Гэтэл шүүхийнхэн хэргийг будлиулсанд нь илэрхий тодорхой хэргийг өөрчилсөнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хуучин шийтгэх тогтоолоор нь шийтгүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямдэлэг бичсэн эсэргүүцэлдээ “... Яллагдагч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот хашаанд Г.О-тэй маргалдаж улмаар хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бусадтай бүлэглэж үйлдсэн.
Яллагдагч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот өөрийн гэртээ Г.О-тэй маргалдаж улмаар Г.Б-ийг гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг хийж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч Г.Б-ийг бусадтай бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар, яллагдагч Ж.Г-ын гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 07 сарын 19-ний өдөр хэлэлцээд шүүгдэгч Г.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот хашаанд Г.О-тэй маргалдаж улмаар хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бусадтай бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Ж.Г-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот өөрийн гэртээ Г.О-тэй маргалдаж улмаар Г.Б-ийг гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг хийж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 15 жилийн хугацаагаар ял оногдуулж, шүүгдэгч Ж.Г Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 15 жилийн хугацаагаар ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ийн цагдан хоригдсон 685 хоног, Ж.Г-ын цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн Г.Б-ийн эзэмшлээс Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Баянтүмэнгийн 16-15 тоотын Г-0614016436 дугаартай гэрчилгээтэй 0.7 га газар, яллагдагч Ж.Г-ын эзэмшлээс Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэнгийн 2-11 тоотын Г-0614005973 дугаартай гэрчилгээтэй 630 метр квадрат газрыг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн модон иштэй хутга 1 ширхэг, 3 хөлтэй төмөр сандал 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн фудволк, хар хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотоож зэргийг устгахаар шийдвэрлэсэн.
Дорнод аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г.Б нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хүлээн авч хэлэлцээд 2019/ДШМ/23 дугаартай магадлалаар “шүүгдэгч Г.Б-ийг согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот хашаанд хохирогч Г.О-г хутгалж, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна...Шүүгдэгч Г.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул ял хөнгөрүүлэх асуудлаар гаргасан шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гомдлыг хангах боломжгүй ... харин шүүгдэгч Ж.Г-ыг хүн алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Үйл баримтын хувьд, “Г.Бийг гэрээс гарахдаа хутга авсныг Ж.Г мэдсэн үү? Гадаа харанхуй байсныг тооцон үзвэл, амь хохирогчийг хутгалж байх явцыг Ж.Г тодорхой харж байсан атлаа “алаад өг” гэх үгээр дэмжиж байсан уу?” эсхүл “Г.Б хутгатай байгаа, улмаар амь хохирогчийг хутгалж болзошгүй буюу хутгалж байгаа тухайд ямар нэг ойлголтгүйгээр, зөвхөн зодоонд хүүхдийнхээ талд зогсох эсхүл хүчирхийллийг дэвэргэх сэдэлтээр “алаад өг” гэх үгийг хэлж байсан уу?” гэдэг нь хэргийг зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байна.
Эхний тохиолдол нь “Ж.Г-ыг хүн алах гэмт хэрэгт санаатай нэгдсэн гэж үзэхэд шаардлагатай элементүүд байна” гэж дүгнэхэд хүргэж болох бол, харин хоёр дахь тохиолдол нь түүнийг хүн алах хэрэгт санаатай нэгдээгүй гэж үзэх шалтгаан болно.
Хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь дээрх ялгаа заагийг тооцон үзэж хийгдээгүйн улмаас учир дутагдалтай болсон байна. Тухайлбал, гэрч О.Т, М.Х нарын “...Г.Б амь хохирогчийг хутгалах үед Ж.Г довжоон дээрээ зогсож байсан. Алаад өг гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг нь “амь хохирогчийг хутгалах үед Ж.Г гадаа байсан эсэх, тэрээр, алаад өг гэж хэлсэн эсэх” үйл баримтыг дүгнэхэд хангалттай гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл байхгүй. Эдгээр мэдүүлэг нь тэдний өмнө өгсөн мэдүүлгүүдийг тодруулах эсхүл бүрмөсөн үгүйсгэхүйц хэмжээнд хангалттай гэж ч шүүх үзэх эрхтэй. Гэвч энэ нь цаашлаад “Г.Б амь хохирогчийг хутгалах талаар буюу хутгалж байгаа талаар Ж.Г ухамсарласан байсан” гэдгийг нотлоход хангалттай бус байгааг анхан шатны шүүх анзаараагүй...Харин “бусдын үүсгэсэн зодоонд татагдан оролцсон, үг хэл үйл хөдлөлөөрөө зодооныг дэвэргэсэн шинжтэй үйлдэл” гэж дүгнэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн...бусдын үүсгэсэн зодоонд оролцож хохирогчийг сандлаар цохиж хүч хэрэглэсэн, “алаад өг” хэмээн зодооныг дэвэргэж, бусдыг хүчирхийлэлд өдөөн турхирсан шинжтэй шүүгдэгч Ж.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-ийн “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, ...эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй байх эрхийг зөрчиж, ...олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон” гэх гэмт хэргийн шинжтэй тохирч байна...гэж дүгнэн шүүгдэгч Ж.Г-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулан шүүгдэгч Г.Б-ийн үйлдлийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжийг хүчингүй болгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж...” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж дараах үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч байна. Үүнд:
Яллагдагч Г.Б-ийг бусадтай бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар, яллагдагч Ж.Г-ын гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Г-н өгсөн мэдүүлэг, өсвөр насны гэрч М.М-н өгсөн мэдүүлгүүд, өсвөр насны гэрч О.Т-н “...Г өвөө гэрийн гадаа довжоон дээр зогсож байгаад алаад өг, алаад өг гэж хэлж байсан юм. ...Манай аав О-г гэрт байхад Б эхлээд цохисон. ...Өвөө Г, Б ахыг хутга аваад гарахыг харсан. Хажууд нь зогсож байсан. ...Өвөө Г, Б ахыг болиулах арга хэмжээ огт аваагүй. Гэрт дотор манай аав Б-г түлхээд босох гэтэл Г өвөө төмөр сандлаар толгойны ар дагз хэсэгт 2-3 удаа цохисон юм. ...3-4 удаа алаад өг, алаад өг гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /4 хав хх-ний 12-13 дугаар хуудас/, өсвөр насны гэрч М.Х-н “...Тэр үед Г довжоон дээрээ зогсоод “Наад муугаа алаад өг, алаад өг” гэж бахирсан. ...М эгч, Т нартай ахыгаа түшээд хашаанаас гаргахад Б хашааны хаалга дээр ирээд “Ахиад хутгалуулмаар байна уу” гэж хэлж байсан. гэх мэдүүлэг /2 хав хх-ний 139-140 дугаар хуудас/, Би хашааны хаалганы хойд талд зогсож байсан. О ахыг гадаа газар уначихсан байхад нь Б ах дээрээс нь сууж байгаад гэдэс рүү нь хутгалж байсан. ...Г гэрийнхээ довжоон дээр зогсоод алаад өг, алаад өг гэж хэлж байсан. ...Г болиулах арга хэмжээ аваагүй. гэсэн мэдүүлэг /4 хав хх-ний 14-15 дугаар хуудас/, гэрч Г.О-н өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Н-н Би М.Х-н мэдүүлэг авахад сурган хүмүүжүүлэгчээр оролцсон. Мэдүүлэг авсан өдрийг тодорхой сайн санахгүй байна. 2017 оны 09-р сард мэдүүлэг авсан юм. Тухайн үед М.Х мэдүүлэг өгч байхдаа “Гэрийн гадна байхад талийгаачийн хадам аав нь талийгаачийг “..алаад өг гэж бахирч байсан” гэж хэлж байсан. гэх мэдүүлэг / 2 хх-ний 135-136 дугаар хуудас/, шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 43 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дахин шинжилгээ хийсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 493 дугаартай дүгнэлт, өсвөр насны гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2. Давж заалдах шатны шүүхээс Ж.Г-ын үйлдлийг “...бусдын үүсгэсэн зодоонд оролцож хохирогчийг сандпаар цохиж хүч хэрэглэсэн, “алаад өг” хэмээн зодооныг дэвэргэж, бусдыг хүчирхийлэлд өдөөн турхирсан шинжтэй шүүгдэгч Ж.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-ийн “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, ...эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй байх эрхийг зөрчиж, ...олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон” гэх гэмт хэргийн шинжтэй тохирч байна...гэж дүгнэн шүүгдэгч Ж.Г-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулан шүүгдэгч Г.Б-ийн үйлдлийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжийг хүчингүй болгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл “…Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байхаар заасан байхад дээрх хэрэгт зөвхөн Ж.Г-ыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэж зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн шинжийг бүлэглэн үйлдсэн үйлдлээр хуульд заасан байхад зөвхөн Ж.Г нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна.
Мөн тухайн үйл явдал болсон процессийн хувьд гэрчүүдийн мэдүүлгээр гэрт талийгаачийг Ж.Г нь сандлаар цохисон, Г.Б гэрээс гарахад Ж.Г нь араас нь гарч довжоон дээр зогсож алаад өг гэж орилж байсан талаар насанд хүрээгүй гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Ж.Г нь О-г сандлаар цохисон, гэрээс гарахад нь араас нь наадахаа алаад өг гэж орилсон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Г-ын алаад өг гээд орилоод байсан талаар насанд хүрээгүй гэрч О.Т, Х, М нар мэдүүлэг өгсөн бөгөөд дээрх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд талийгаач болон Г.Б, Ж.Г нар нь хаана, хаана зогсож байсан, хэн ямар үйлдэл хийж байсан талаар тодорхой тусгагдсан.
Шүүгдэгч Ж.Г-ын Г.О-г сандлаар цохисон, араас нь гарч алаад өг гэж орилж байгаа үйлдэл нь бусдыг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн, гэмт хэрэг үйлдэхэд шийдмэг бодол санааг төрүүлэх шинжтэй байгаа нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэж дүгнэж байна. Энэ нь мөн сурган хүмүүжүүлэгч н.Н-н мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Иймд давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Ж.Г-ын зүйлчлэлийг өөрчилсөн байх тул Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийг удирдлага болгон Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б гаргасан гомдолдоо “... Миний бие Б нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 23 тоот магадлалыг эс зөвшөөрч ЭХХШТХ-ийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Би өнөөдөр маш олон зүйлд хамарсаж, гэмшиж байна. Талийгаач н.О-н амь насыг хохироосондоо сэтгэлээсээ харамсаж байна. Бидний дунд өс хонзонгийн асуудал огт байхгүй. Хохирогч талд хандаж хэлэхэд дээрх гэмт хэргийг хүсэж хийгээгүй. Мөн энэ хэрэгт огт хамааралгүй өөрийн аав Ж.Г-ыг олон сар өдрөөр хориулж, анхан шатны шүүхээс 15 жилийн хугацаагаар хорих ял, давж заалдах шатны шүүхээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд харамсаж байна. Талийгаачийн амь насыг хохирооход миний аавын зүгээс ятгасан үг хэллэгийг би сонсоогүй буюу тийм үг хэллэг хэлээгүй гэдгийг мэдэж байна. Би талийгаачийг хутгалчихаад гэр рүү гүйгээр ороход миний аав Ж.Г юу болсныг мэдээгүй байж байсан. Хохирогч талын зүгээс манай зээ дүү О.Т, насанд хүрээгүй гэрч М.Х нараар “Ж.Г нь гадаа гарч ирээд ал ал, алаад өг гэж хэлсэн” гэдгийг зориуд хэлүүлсэн гэж үзэж байна. Сүүлд насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг өөрчлөгдөхөд нэг их юм бодоогүй. Тийм зүйл болоогүй учир шүүх ялгаж, салгаж ойлгоно гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл хоёр шатны шүүх миний аавыг гэрийн гадаа гарч ирээд алаад өг, алаад өг гэж хэлсэн байна гэж дүгнэсэнд харамсаж байна. Миний аав номхон, дөлгөөхөн, хорхойд хоргүй хүн шүү дээ.Тийм аймшигтай зүйлийг төрсөн хүүдээ хэлж зөвлөөд байх хүн биш. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний аавыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шударга бус гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх миний аавыг хүн амины хэрэгт хамааралгүй гэдгийг зөв дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэх үйлдэлд өдөөн турхирч хүний халдашгүй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг бусдын амь нас хохирох байдалд хүргэж үйлдсэн гэм буруутайд тооцсон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний аав бие тэнхээ муутай таяг тулж явдаг, группд байдаг хүн. Энэ хэрэгт аавын минь нэг ч үг, үйлдэл ороогүй. Өөрийн уур бухимдлыг барьж дийлэхгүй хүний алтан амийг хохироосондоо маш их харамсаж байна. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж, харамсаж буйгаа илэрхийлэн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Би 2008 оноос хойш одоог хүртэл цахилгаан мененгет өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60% алдаж өрөөл татанхай болсон. Миний аав Ж.Г-ыг энэ хэрэгт хамааралгүй гэдгийг тогтоож, надад оногдуулсан хорих ялыг хэмжээг багасгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Г гаргасан гомдолдоо “... Миний бие Ж овогтой Г нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 23 тоот магадлалыг эс зөвшөөрч ЭХХШТХ-ийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх намайг талийгаач н.О-г алахад хүү Г.Б-ийг өдөөн хатгасан, бүлэглэсэн гэж үзэж 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир давж заалдах гомдол гаргасан. Үүний дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хүний амь нас хохироох гэмт хэрэгт оролцоогүй гэж дүгнэсэн. Гэвч Г.Б-тэй нийлж хүмүүсийн амар тайван байдлыг алдагдуулсан, зодооныг салгаагүй, н.О-г алахад хүргэсэн гэж 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Би Г.Б-ийг ятгасан үг хэллэг хэлээгүй. Тэр өдөр н.О хоёр дүүгээ дагуулж манайд ирсэн. Би цай хийж өгөөд зурагт үзээд сууж байсан. Г.Б, н.О нар хэрэлдээд сүүлдээ манай гэрт зодолдсон бөгөөд би болиулах гээд чадаагүй. Нэг харахад н.О манай хүү Г.Б-ийн дээр сандайлаад байсан. Манай хүү тархины өвчний улмаас баруун хөл нь шагайгаараа дээшээ эргээд хоёр хөл нь урт богино болж хөлийнхөө улан дээр гишгэхээ больсон, хүч тамир муутай тийм л хүн. Манай хүүхэд н.О-н доор орчихоод босч чадахгүй байсан. н.О миний үгийг авахгүй байсан учир би сандал аваад цохих гэсэн боловч гараараа хаагаад цохиулахгүй байсан. Миний хувьд хоёр хөл өвдгөөрөө нугарахгүй болсон группд ороод удаж байна.
Гэтэл н.О-г зодсон, гадаа гараад алаад өг, алаад өг гэж хэлээд байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Жаахан хүүхдүүд аливаа зүйлийн учир ойлгохгүй хүний хэл гэснийг хэлсэн байх. н.О-н ээж Д.Г-д гомдож явдаг. Олон хүүхэд, ач, зээтэй хүн байж хүний хэлээгүй үгийг хэлсэн болгож яриад байгаад харамсаж байна. Тэр өдөр н.О манайд согтуу, их ууртай ирсэн. Орж ирээд сандал өшиглөөд хүндэтгэлгүй хандсан. Г.Б-ийг гараад явахад ийм зүйл болно гэж бодоогүй. Тэд гадаа шуугилдаад байхаар нь гарах гэсээр байтал Г.Б хутга барьчихсан орж ирээд уйлаад байхаар нь нэг юм болж дээ гэж бодсон. Хамгийн гол нь жаахан хүүхдээр худал зүйл яриулаад байгаад харамсаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, намайг энэ хэрэгт хамааралгүй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгч Д.Галтогтох би Г-н Б, Ж-н Г нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.08-ны өдрийн дугаар 2019/ДШМ/23 тоот Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.
Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлалуудыг “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг 2019.07.19-ний өдөр хянан хэлэлцээд Ж.Г-ыг насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Б-ийн хохирогчийг хутгалах явцыг гэрийнхээ довжоон дээрээс гараад харж байсан, “алаад өг, алаад өг” гэж хашгирч байсан зэрэг нь хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бусадтай бүлэглэж үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан гэж дүгнэн түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, гэм буруутайд тооцож, 15 жилийн ял оноосон.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон өмгөөлөгч миний бие давж заалдах журмаар гомдол гаргасан. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.10.08-ны өдөр хуралдаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.Г-ын зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж түүнд 5 жилийн хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх Ж.Г-ыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж зөв дүгнэсэн атлаа “...бусдын үүсгэсэн зодоонд оролцож, хохирогчийг сандлаар цохиж хүч хэрэглэсэн, “алаад өг” хэмээн зодооныг дэвэргэж, бусдыг хүчирхийлэлд өдөөн турхирсан шинжтэй шүүгдэгч Ж.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-ийн “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон” гэх гэмт хэргийн шинжтэй тохирч байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад тухайн хэрэг гардаг өдөр Ж.Б нь талийгаач Г.О-н эх Д.Г-тай дүү О.Т-г хүргэж өгөх эсэх талаар гар утсаар маргалдсан. Үүний дараа талийгаач Г.О нь М, Х нарын хамт Ж.Г, Г.Б нарын гэрт О.Т-г авахаар очсон.
Г.О нь Ж.Г-ын гэрт орж ирэхдээ сандал өшиглөж, дээрэлхсэн байдал үзүүлэхэд Ж.Г нь “чи яах гэж дандаа согтуу ирж дээрэлхэж байдаг юм бэ?” гээд О-д цай аягалж өгсөн. Ж.Г-ын хувьд Г.О-тэй муудаж, маргалдаагүй. Тухайн үед Г.Б, талийгаач Г.О нар хоёул согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хоорондоо маргалдаж элдэв үгээр хэлэлцсэн. Маргааны явц даамжирч хоорондоо гэр дотор зодолдсон. Ж.Г-ын хувьд зодооныг салгах гэсэн боловч өндөр настай, 2 хөл нь нугалардаггүй, хөдөлмөрийн чадвараа 60%-иар алдсан, хүч чадалгүй хүний хувьд Б, О нарыг салгаж чадаагүй бөгөөд хажуудаа байсан сандал авч цохих гэж оролдсон гэдэг.
Гэр доторх зодоон насанд хүрээгүй гэрч О.Т-н /1-р х.х-ийн 69-р талд/ "... Б ах чи муу намайг алдаг болоо юу гээд хэвтэж байснаа босоод аав руу дайрахад аав хацар дээр нь нэг удаа алгадсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад...” гэсэн мэдүүлэгт хэлснээр эхэлж, талийгаач О нь Б-д ам, хамраа цуслуулснаар дууссан. Талийгаач О-г гэрээс гарсан хойно шүүгдэгч Б талийгаач О-д доромжлуулсандаа уурлаж араас нь гарч хутгалсан байдаг.
Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгарах шинж нь тухайн гэмт хэргийг үйлдэх сэдэлт нь бусдыг үл тоомсорлох, дээрэлхэх, доромжлох, өөрийгөө дөвийлгөж, бусдыг доорд үзэх, айлган сүрдүүлэх, бусдаас илүү гэдгээ харуулах гэсэн байдгаараа ялгагддаг. Хэргийн бодит байдлыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад талийгаач Г.О нь Ж.Г-ынд согтуугаар ирж, гэр дотрох сандлыг нь өшиглөн таарамжгүй харилцаа үүсгэж, хүү Б нь маргаан үүсгэж, хоорондоо зодолдсон.
Гэтэл О, Б нарыг нэг нэгэндээ гэмтэл учруулахаас сэргийлэх гэсэн, хамгаалах гэсэн, гэр орноо сандаалгахгүй гэсэндээ тэднийг салгах гээд дийлэхгүй болохоор сандал авч цохисон Ж.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж” гэснээр зүйлчлэхдээ гэмт этгээдийн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад хүргэж буй үйлдлийн үр дүнд дээрх хор уршиг гарцаагүй учирсан байх ёстой.
Гэтэл гэр дотор талийгаач Одхүүгийн амь нас хохироогүй. Шүүгдэгч Г.Б нь гэр доторх маргаан, зодоон дууссаны дараа талийгаачийн араас хутга авч гаран түүнийг хутгалсан. Хутгалуулсны улмаас талийгаач Одхүү нас барсан.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.08-ны өдрийн шийдвэрээр Ж.Г-ыг ЭХТА-ийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгээр зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна. Анхан болон Давж заалдах шатны шүүхүүд тус тусдаа Ж.Г-ыг холбогдох гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн гол үндэслэл нь насанд хүрээгүй гэрч О.Т, М.Х нарын мэдүүлгүүд юм. Хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Т, Г нар хаана байсан бэ? гэсэн асуултыг асуусан. Гэрээс гараад хашаан дотор Б ах аавыг хутгалахад Х ах хашаан дотор байгаагүй. Мөн өвөө ч гэсэн гэрээсээ гарч ирээгүй, гэртээ байсан. М эгч бид 2 л тэдний дэргэд байсан...” 1-р хавтаст хэргийн 81-р тал/ гэж мэдүүлсэн нотлох баримтууд байгаа болно. Дээрх мэдүүлгүүдэд “Ж.Г нь гэрээс гараад, довжоон дээрээ зогсоод Б-д хандаж алаад өг, алаад өг” гэж өдөөн түлхсэн, ятгасан талаар огт яриагүй. Тухайн мэдүүлгүүдийг авч байсан мөрдөгчийн зүгээс Б нь О-г хутгалж байх үед Ж.Г хажууд нь байсан уу, хаана байсан бэ? гэж тодруулж асуухад насанд хүрээгүй гэрчүүд Г-ыг “хажууд нь байгаагүй, гэрээс гарч ирээгүй, гэртээ байсан” гэж тодорхой мэдүүлсэн байна. Үүний дараа насанд хүрээгүй гэрч М.Х 2017.12.18-ны өдрийн мэдүүлэгт өмнө өгсөн мэдүүлгээс тэс өөрөөр, зөрүүтэйгээр “...Г нь довжоон дээрээ зогсож байгаад алаад өг, зодоод өг...” гэж хэлсэн хэмээн мэдүүлэг өгсөн.
Мөн 2017.12.18-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаан дээр О.Т мөн өмнөх мэдүүлгээ өөрчилж Ж.Г-ыг довжоон дээрээ зогсоод алаад өг, алаад өг гэсэн мэдүүлгийг мөн өгсөн. Насанд хүрээгүй гэрчүүд ийнхүү зөрүүтэй мэдүүлэг өгсөн учир Өмгөөлөгчийн зүгээс 2019.06.18-ны өдөр болох шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байхад Ж.Г-ыг ялласан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл тогтоогдож байна.
Г.Б-ийн хувьд Г.О-ийн амь насыг хохироосон гэм буруугаа анхны мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшдэг. Хохирогч талаас нэхэмжилсэн 11.300.000 төгрөгийн хохиролыг бүрэн төлж барагдуулсан нь ял оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх шалтгаан байсаар байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд 15 жилийн хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ж-н Г-ыг цагаатгаж, шүүгдэгч Г-ын Б-д оногдуулсан эрүүгийн ял, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүх Ж.Г-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасныг үндэслэлгүйгээр өөрчилсөн. Хэргийн бодит байдлыг тогтоохыг хүсэж байгаа бөгөөд энэ хэрэг бол салсан гэр бүлийн өс санасан харилцаанаас гарсан. Шүүгдэгч нар нь хэрүүл маргаан үүсгэж, хамтарч зодоод амь насыг хохироох үйлдэл хүртэл Ж.Г хүүдээ “наад муугаа алаад өг” гэж хашгирсан үйл баримт нь Г.Б-ийг зоригжуулсан, чиглүүлсэн, дэмжсэн үйлдэл байсан. Тийм учраас анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж бусдын амь насыг хохироосон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүх Ж.Г-т холбогдох хэргийн зүйл ангийг үндэслэлгүйгээр өөрчилсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтуяа хэргийг шударгаар шийдвэрлүүлэх, хуулийн байгууллагад итгэл үнэмшилтэй үлдэхийн тулд гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Г.Б, Ж.Г нарт холбогдох хэрэгт 3 насанд хүрээгүй гэрч мэдүүлэг өгсөн. Гэрч М.М-н ээж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-тай төрсөн эгч дүүс бөгөөд эдгээр гэрч нараас мэдүүлэг авахад Д.Г оролцсон байдаг. Мөн гэрч О.Т-с мэдүүлэг авахад эмээ Д.Г оролцсон байгаа. Хэрэгт хоёр удаа яллах дүгнэлт үйлдэгдэж, шүүхээр нилээд хэдэн удаа хэлэлцэгдсэн бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151 тоот шүүгчийн захирамжийн 4 дүгээр заалтад “насанд хүрээгүй гэрч нарын бүх байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-г оролцуулсан нь буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад насанд хүрээгүй гэрч нарын эрх ашиг зөрчигдөх үндэслэл байгаа эсэхийг анхаарч шалгах нь зүйтэй” гэсэн боловч энэ байдлыг анхаарахгүй үргэлжилсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйл, мөн хуулийн 25.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд зөрчигдсөн. О.Т-н хувьд түүний эмээг байлцуулж, өвөөг нь хүн алсан хэрэгт гэрчлүүлсэн байна. “Ална” гэх үгийг амь хохирогч Г.О бас хэлсэн бөгөөд үүнээс болж зодоон эхэлсэн. Энэ хэрэгт 3 хууль ёсны төлөөлөгч тогтоогдсон бөгөөд н.О, Г.Огнар нэг хүн эсэх нь тодорхойгүй буюу биеийн байцаалт нь байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. Тэгэхээр зарим хууль ёсны төлөөлөгчийн асуудал эргэлзээтэй. Хэргийг хэт нэг талыг барьж шалгасан, бодит байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд Г.Б, Ж.Г нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Б, Ж.Г, тэдгээрийн өмгөөлөгч Д.Галтогтох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х нарын гомдлууд болон Дорнод аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Нямдэлэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Б, Ж.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Г.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, Хэрлэн гудамжны 2-11 тоот хашаанд Г.О-тэй маргалдаж улмаар хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бусадтай бүлэглэж үйлдсэн,
Ж.Г-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, Хэрлэн гудамжны 2-11 тоот өөрийн гэртээ Г.О-тэй маргалдаж, улмаар Г.Б-ийг гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалган тогтоогоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчиж олон нийтийн амгалан тайван алдагдуулсан байхыг шаарддаг.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд гэмт хэрэг нь гэрт эхлээд гадаа хашаанд төгссөн үйл баримт тогтоогдож байх ба Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар, Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т зааснаар тус тус ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй буюу хэрэгт цугларсан баримт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.
Тодруулбал, шүүгдэгч Г.Б, Ж.Г нарын үйлдлийн шинж чанар, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоон дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийн шинжид хамаарч болох өөр хууль зүйн үр дагавар бүхий хэм хэмжээ байгаа эсэхийг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зайлшгүй дүгнэгдэх нөхцлүүдийн талаар хуулийн шаардлагад нийцүүлэн дүгнэж чадаагүй шүүхийн шийдвэрүүдийг хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзлээ.
Аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа хийснээр хэргийн бодит үнэний талаарх үйл баримтыг тогтоохоос гадна хууль зүйн дүгнэлт буюу хэргийн зүйлчлэлд нөлөөлхүйц байж болдог.
Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжих учиртай.
Нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6 дахь заалт буюу гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгч Г.Б-ийн “...Миний аав Ж.Г-ыг энэ хэрэгт хамааралгүй гэдгийг тогтоож, надад оногдуулсан хорих ялыг хэмжээг багасгаж өгнө үү”, шүүгдэгч Ж.Г-ын “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, намайг энэ хэрэгт хамааралгүй болохыг тогтоож өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын “...шүүгдэгч Ж.Г-ыг цагаатгаж, шүүгдэгч Г. Б-д оногдуулсан эрүүгийн ял, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлууд болон прокурор Д.Нямдэлэгийн бичсэн эсэргүүцэлд эцэслэн хариу өгөөгүй болохыг дурдаж байна.
Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн прокурорын хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Б, Ж.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН