| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 106/2019/0099/Э |
| Дугаар | 598 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 598
Ш.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Ш.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 865 дугаар магадлалтай, Ш.М-т холбогдох 1805022260971 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ш-н М-.
Ш.М- нь 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” хүнсний дэлгүүрт нэвтэрч 1,700,000 төгрөг, 10 шил архи, мөнгөн эдлэлүүд болон бусад хүнсний зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос Ш.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хэргийг прокурорт буцааж, Ш.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.М-т холбогдуулан үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай.” гэж,
4 дэх заалтын "... шийтгэх тогтоол нь ...” гэснийг цагаатгах тогтоол нь ...” гэж,
5 дахь заалтын “... шийтгэх тогтоолд ...” гэснийг “... цагаатгах тогтоолд ...” гэж тус тус өөрчилж, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлийн “... цагаатгах тогтоолын удиртгал хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр” гэж, тогтоох хэсгийн 1, 4, 5 дахь заалтуудыг буруу бичсэн...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор С.Батгэрэл бичсэн эсэргүүцэлдээ “...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үйлдэгдсэн ба 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ш.М-ын яллагдагчаас дахин өгсөн /хх-ийн 59/, хохирогч Г.Б-н /хх-ийн 13-14/, гэрч Х.Г-н /хх-ийн 46-47, 59-60/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээр архи, пивоны лангуу нь тус тусдаа байгаа болно.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан 01/250 дугаартай криминалистикийн шинжилгээний гарын мөрний адилтгалын “Үзлэг ба Шинжилгээ”, шинжээчийн дүгнэлтэд “12” гэж дугаарласан “Соёрхол архины шилэн дээрээс бэхжүүлэн авсан” гэх гарын мөр нь санд МN000810006946 гэх дугаараар байрласан Ш.М-ын зүүн гарын эрхий, дунд хурууны дардастай гарын хээний ерөнхий болон папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалт гэх зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Дээрх тохирч байгаа шинж тэмдгүүд нь цогц байдлаараа дахин давтагдашгүй, харьцангуй тогтвортой адилтгалын ач холбогдол өндөр тул доорх дүгнэлтийг өгөх үндэс болж байна “ гэх дүгнэлт /хх-ийн 31,40-41,42/, Шинжээч Г.Эрдэнэцогтын “ гарын мөрний шинэ хуучин эсэхийг, мөн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 192-193/, яллагдагчаас дахин авсан тэмдэглэлд “өмнө нь гарын дардас өгч байгаагүй” гэж мэдүүлдэг /хх-ийн 60/ боловч 2015 онд цэргийн бүртгэлд хамрагдаж хугацаат цэргийн алба хаасан үнэмлэх хэрэгт авагдсан, ял шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаагаар хэрэгт холбогдсон тухай бүртгэл авагдаагүй байхад уг гарын мөр нь чухам хэдийд, хэрхэн дарагдсан нь тодорхойгүйн гадна түүний гарын мөр нь санд хэзээ, ямар хэрэг, зөрчлийн учир бүртгэгдсэн талаар тодорхойгүй хэмээн дүгнэжээ.
Түүнчлэн тус шинжилгээгээр гэмт хэрэг үйлдэгдсэн газраас өмнө нь 2 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Т гэгчийн 2 ширхэг гарын мөр ариун цэврийн өрөөний хаалганы гадна талын хүрээн дээрээс илэрсэн, Цагдаагийн байгууллагын асап сангийн мэдээлэлд энэ төрлийн гэмт хэрэг буюу их хэмжээний согтууруулах ундааны зүйлийг хулгайлж байсан талаар баримт мэдээлэл авагдсан, мөн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр гэрч Б.М- хэргийн газрын үзлэг хийхэд 2 хүний гутлын мөрүүд байсан, гэмт хэргийг 2 хүн үйлдсэн байж болзошгүй талаар мэдүүлдэг.
Хэрэгт авагдсан бичгийн болон бусад баримтуудаас дүгнэхэд яллагдагч Ш.М- нь “**” хүнсний дэлгүүрээс авч байсан бараа тодорхой, түүнийг бусадтай бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдсон эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул цагаатгах тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа гүйцэтгэж Ш.М- нь бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул хэргийг прокурорт буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “Б.Энх-Амгалан хэлсэн саналдаа “Мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн буюу Ш.М- хэргийг үйлдсэн нь нотлогдсон гэж үзээд прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээр эхний удаа хэлэлцэхдээ нэмэлт мөрдөн байцаалт хийгдэх шаардлагатай гээд буцсан бөгөөд хэргийн газраас Ш.М-ын тухайн үед өмсөж явсан гутлын мөртэй харьцуулах зэрэг ажиллагаанууд хийгдээд нотлогдоогүй учраас анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргасан. Хамт үйлдсэн байж болзошгүй н.Т гэх хүний асуудал яригддаг бөгөөд шалгах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа тавьсан. н.Т нь өмнө нь хэд хэдэн удаа төстэй байдлаар хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан учраас шалгахыг хүсэхэд прокуророос татгалзсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хангалттай нотлогдохгүй байгаа тохиолдолд цагаатгахаас өөр аргагүй. Мөн Ш.М- нь энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг дахин нотолж байна гэж ойлгож байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Ш.М-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээс цагаатгаж, давж заалдах шатны шүүхээс түүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бичсэн эсэргүүцлийн үндэслэл бол хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй явагдсан буюу хэргийн газраас гарын мөр нь илэрсэн н.Т гэх хүнийг шалгах шаардлагатай гэдэг. Тийм учраас хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ш.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Ш.М-ыг 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” хүнсний дэлгүүрт нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарч байгаа талаар дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүний цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Ш.М-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, яллах, цагаатгах баримтыг харьцуулан үнэлж үзэн, эдгээрт эрх зүйн дүгнэлт хийж Ш.М-ыг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах, уг шийдвэрийг өөрчлөн дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байна.
Түүнчлэн хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд прокурорын эсэргүүцлийн агуулга болон үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй төдийгүй, хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхээр хэлэлцэгдээгүй баримтыг дурдан, өөр хүнийг хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай байгаа тухай хууль бус үндэслэл дурдаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй юм.
Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн бичсэн “...шүүгдэгч нь бусадтай бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдсон эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул цагаатгах тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа гүйцэтгэж, хэргийг прокурорт буцаалгах” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 865 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН