Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2017/00111

 

  *******гийн нэхэмжлэлтэй

      иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2016/01404/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг, даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 467 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Сутай овогтой *******гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Харгачин овогтой *******од холбогдох,    

          “23.077.127 төгрөгийн үнэ бүхий 25 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд зүйл гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

   Нэхэмжлэгч *******:

   Миний бие 2000 оноос эхлэн бүх нийтийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулж, нийгэмд эрүүл уур амьсгал бүрдүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. *******той 2008 онд танилууд болсон. 2010 оноос ******* бид 2 нэг байранд тус тусдаа өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2015 онд бид хамтран ажиллахаар тохиролцож хөрөнгө мөнгө гаргаж цоо шинэ цогц клуб байгуулахаар шийдэн фитнесийн тоног төхөөрөмж судалсны үндсэн дээр 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр БНХАУ  руу *******ын төрсөн дүү ******* хэлмэрчээр дагуулан гурвуулаа явсан. БНХАУ-ын Шандун хотын Тианжин фитнесийн тоног төхөөрөмжийн компанитай 118.368 юаны 47 нэр  төрлийн  тоног  төхөөрөмж  авахаар  худалдах  худалдан авах гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хийж урьдчилгаа 30 хувь болох 31.060 юань буюу 9.721.780 төгрөгийг ******* миний бие төлж, мөнгө төлсөн баримтад 2 тал гарын үсэг зурсан. Гэрээнд зааснаар 20 хоногийн дараа үлдэгдэл 70 хувь болох 87.308 юаныг буюу 27.497.654,60 төгрөгийг Мөнгөн гүүрээр гуйвуулсаны дагуу Тианжин тоног төхөөрөмжийн компаниас бидний захиалсан төхөөрөмжүүдийг 0000045 дугаартай тээврийн гэрээ байгуулан тээврийн хөлсөнд 6800 юань буюу 2.142.000 төгрөг авч ачуулсан. Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл 70 хувийн төлөлт 27.497.654.60 төгрөг төлөхөөс би 17.803.493 төгрөгийг төлсөн. Мөн замын зардал, хоол буудалд 4.495.943.5 төгрөг, гааль тээвэрт 7.316.460 төгрөгийг төлсөн. Эрээн хотоос камер, микрофон, диско гэрэл, трансформатор, Монголоос гүйлтийн зам, хөгжим, хаяг, толины хүрээ, цагаан хуулга, супер цоож, өдрийн богино лед гэрэл, лед болон бөөрөнхий гэрэл нийт 4.697.990 төгрөгийн эд зүйлийн төлбөрийг төлсөн ба  Сувдан алх компанийн 3 болон 4 давхарыг түрээсэлж түрээсийн урьдчилгаа 1.500.000 төгрөгийг  тус тус төлсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******:

 Хариуцагч *******оос суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг, суугаа хөл сунгалтын төхөөрөмж 1 ширхэг, гарын толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг, суултын төхөөрөмж 1 ширхэг, цээж шахалтын вандан 1 ширхэг, тэмээ төхөөрөмж 5 үйлдэл 1 ширхэг, хэвтээ хөл 2 толгой төхөөрөмж 1 ширхэг, цээж эрвээхэй төхөөрөмж 1 ширхэг, гарын 3 толгойт булчингийн төхөөрөмж 1 ширхэг, гар штанг 5 ширхэг, 6 хавчуургатай 4 өнгийн диск, цээж өргөн шахалтын төхөөрөмж 1 ширхэг, нуруу дээрээс татах төхөөрөмж 1 ширхэг, хяналтын камер, микрофон, диско гэрэл, транформатор, гүйлтийн зам 2 ширхэг, LG брендийн хөгжим, толины хүрээ, цагаан хуулга, супер цоож, лед өдрийн богино гэрэл, лед бөөрөнхий гэрэл, Fitness хаяг, хяналтын камер зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******оос:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хэдэн төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, тоног төхөөрөмжийн үнэлгээг албан ёсоор гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу юм. Энэ эд хөрөнгө, тоног төхөөрөмж миний өмч байхад ******* өөрийн өмч мэтээр бичсэн байна. Түүний өмч гэдгийг тогтоосон ямар ч баримт, шийдвэр байхгүй. Миний бие Хятад улсын Шандуйн хотын Тианжин фитнесийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанитай очиж уулзан тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хийсэн бөгөөд тэр үед өөрийн биеэр тоног төхөөрөмжөө сонгож түүнийг фото зургаар бэхжүүлэн гэрээндээ тусгасан. Энэ үед 31.000 юань буюу 9.672.000 төгрөгийн урьдчилгааг өгсөн. Энэ мөнгийг авч явахын тулд би өөрийн эзэмшлийн 2 өрөө байрыг банкны салбарт хөрөнгө оруулалтын зээлийн барьцаанд тавьж нийт 27 сая төгрөгийн зээл авсан бөгөөд түүнийгээ Хятад улс руу явах гэж байгаа тул 81.000 юань болгон солиулан бэлнээр авч явсан. Гэтэл уг мөнгийг ******* өөрөө гаргасан мэтээр шүүхийн байгууллагыг хуурч мэхлэн нэхэмжлэл гаргасан байна. Миний бие тухайн гэрээнд заагдсан тоног төхөөрөмжийг бүрэн үнийг төлж авах гэтэл загвар бүрээс нэг ширхэг зөвхөн үзэсгэлэнгийн зориулалтаар байсан тул урьдчилгаа 30 хувь буюу 9.672.000 төгрөгийг төлөөд үйлдвэрлэгдсэний дараагаар нь бүтээгдэхүүнийг нийлүүлж, хүлээн авсаны дараагаар үлдэгдэл мөнгийг нь шилжүүлэхээр тохиролцсон юм. Энэ тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээг Макс фитнес нэртэй миний ажиллуулж байсан төрийн бус байгууллагын нэр дээр байгуулсан. Би Хятад улс руу явахдаа солиулсан юанаас үлдсэн 38.700.000 төгрөгийг бэлнээр авч ирсэн. Дараа нь гэрээний нэг тал болох Тианжин компани нь тоног төхөөрөмж бэлэн болсон талаар мэдээ ирүүлсэний дагуу Хятадын Эрээн хот руу явж үлдэгдэл 70 хувь буюу 51.000 юаныг би өөрийн биеэр Мөнгөн гүүр нэртэй гадаад валютын гуйвуулгын газраар тухайн компани руу шилжүүлсэн баримт нь миний гарын үсэгтэй байгаа. Мөн гүйлтийн 2 замыг би Улаанбаатар хотоос өөрийн мөнгөөр бэлнээр Кибер спорт барааны дэлгүүрээс 3.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний өмчлөлийн тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэж надад их хэмжээний хохирол учруулсан гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би өөрийн фитнес клубт ашиглагдаж байсан хуучин тоног төхөөрөмжөө шинэчлэх зорилгоор анх Голомт банкнаас 40 сая төгрөгийн зээл батлуулж авах гэтэл ******* нь хамтран зээлдэгчээс татгалзаж, уг зээлээ авч чадаагүй. Дахин банкинд судлуулж, зээлийн гэрээ байгуулан бодибилдингийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 37 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлээр авахдаа зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг дахь ТЗ-ын 15 дугаар байрны 2 өрөө орон сууц, өөрийн эзэмшлийн хүнд даацын авто кран, бодибилдингийн хуучин тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгөө барьцаалан миний аав Н.Ножоо хамтран зээлдэгчээр гэрээ байгуулж зээл авсан.  Голомт банкнаас 11.250.000 төгрөгийн зээл авч, нэмж тоног төхөөрөмж авах зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл нэмж авсан. Хятадад очоод 46 ширхэг нэр төрлийн бодибилдинг дасгалын тоног төхөөрөмж үзэж өөрт хэрэгтэй гэсэн тоног төхөөрөмжийг авахаар захиалж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа үнэ болох 30 хувь 31.060 юань бэлнээр өгсөн, тоног төхөөрөмжөө үйлдвэрлээд бэлэн болсны дараа үлдэгдэл 70 хувийг төлөхөөр тохиролцон миний ажиллуулдаг байсан Макс фитнес клубын нэр дээр гэрээ хийсэн. 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* нь миний үйл ажиллагаагаа явуулж байсан фитнес төвд ирж 3 ширхэг зам, хянах самбар, зөөлөвчтэй 2 ширхэг буйдан сандал зэргийг хутгаар урж эвдэж цаашид ашиглах боломжгүй болгосон. Фитнесийн үйл ажиллагааг хэрхэн явуулдаг туршлагыг надаас суралцаж цаашид бие дааж үйл ажиллагаа явуулах боломжтой гэж ******* үзсэнээр тусдаа үйл ажиллагаа явуулах болсон. Энэ талаар Цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 16 тоот тогтоолоор хамтран амьдарч байсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. *******  миний 24 сая буюу 80.000 юаньд худалдан авсан тоног төхөөрөмжүүдийг өөрийн мөнгөөр авсан гэж худал бичиж надаас миний өмчийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Харин ч миний хувьд дээрх тоног төхөөрөмжүүдийг өөрийн өмч гэдгийг тогтоолгохоор өмчлөл тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. Тоног төхөөрөмжийн урьдчилгаа 30 хувь буюу 9.721.780 төгрөгийг би төлж үлдэгдэл мөнгөнөөсөө хоол, унаа, замын зардалд зарцуулсан бусад мөнгийг буцааж авч ирээд дээр ньс мөнгө нэмж үлдэгдэл 70 хувь буюу 50.000 юанийг гэрээний дагуу Хятадын компани руу шилжүүлсэн. Миний дүү Н.Түвшинбат хэлмэрчээр явсан. Тухайн үед ******* үйлдвэр дээр нь очсон үедээ ийм сайхан төхөөрөмж захиалгаар хийдэг үйлдвэр байдаг юм уу би нэгэнт ирсэн дээрээ гээд TZ-7009 маркийн спиннинг дугуй 15 ширхэг нийт 6.887.062 төгрөгийн, TZ-8004 маркийн гантель, туухай 72 кг нийт 191.160 төгрөгийн бүгд 7.078.222 төгрөгийн төхөөрөмж захиалсан. Би гүйлтийн зам 2 ширхэгийг Улаанбаатар хот руу Кiber sport shop дэлгүүрээс нэг бүрийг нь 1.600.000 төгрөгөөр улаан бүрээс 50.000 төгрөгөөр, бүгд 3.250.000 төгрөгөөр худалдаж авсан. ******* нь өөрийнхөө шилжүүлсэн болон авч явсан мөнгийг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан эд зүйл худалдан авсан байтлаа миний худалдан авсан дасгалын тоног төхөөрөмжийг өөрийн мөнгөөр авсан мэтээр хүмүүсийг төөрөгдөлд оруулж худал үнэмшилгүй зүйл бичиж байгаад харамсаж байна. Миний бие дараах бодибилдингийн тоног төхөөрөмжүүдийг Н.Буян-оршихын өмч мөн гэдгийг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: TZ-6001 маркийн суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6002 маркийн суугаа гуяны сунгалтын төхөөрөмж 1 ширхэг 1.193.757, TZ-6013 маркийн гарын 2 толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6017 маркийн суултын төхөөрөмж 1 ширхэг 1.696.812 төгрөг, TZ-6023 маркийн цээж шахалтын вандан 1 ширхэг 479.100 төгрөг, TZ-6042 маркийн тэмээ төхөөрөмж 5 үйлдэлтэй 1 ширхэг 4.192.125 төгрөг, TZ-6044 маркийн хэвтээ хөл 2 хөлний болон толгойн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6047 маркийн цээжний эрвээхэй төхөөрөмж 1 ширхэг 1.253.645 төгрөг, TZ-6050 маркийн 3 толгойн гарын булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6063 маркийн дээрээс нуруу татах төхөөрөмж 1 ширхэг 994.132 төгрөг, TZ-8012 маркийн тэгш гар штанг 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг, 40 кг нийт 5 ширхэг 583.903 төгрөг, TZ-6060 маркийн цээж шахах төхөөрөмж 1 ширхэг 994.132 төгрөг, 100569 маркийн өргөлтийн штангийн диск 2,5,10,15,20 кг жинтэй 4 иж бүрдэл төхөөрөмж 1.676.850 төгрөг, гүйлтийн зам 2 ширхэг 3.200.000 төгрөг, хөгжим, микрофон, диско гэрэл нь иж бүрдэл бүгд 1.500.000 төгрөг зэрэг 22.539.484 төгрөгийн нэр бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмж болон зарим эд хөрөнгийг миний өмч гэдгийг тогтоож өгнө үү. Миний өмч болох 4 ширхэг гүйлтийн замын хянах самбар, буйдангийн бүрээс, фитнесийн 3 ширхэг тоног төхөөрөмжийн сандлын бүрээсийг хайчаар урж тасдсан зэргийн хохирол болох 882.680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

******* банкнаас 37 сая төгрөг зээлж, 24 сая төгрөгөөр нь 80.000 юань худалдан авч, маргаж байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан гэсэн  нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. ******* 37 сая төгрөгний зээл авахаасаа өмнө банкинд 10 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд энэ үлдэгдлээ төлж дахин зээл авахын тулд бусдаас 13 сая төгрөг зээлэн авч 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр банкны зээлийн үлдэгдэл 10.713.792 төгрөгийг төлж хааснаар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр банкнаас 37 сая төгрөгийн зээлийг авсан юм. Ингээд зээлж авсан 37 сая төгрөгөөсөө 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бусдаас авсан зээлээ буцаан төлсөн. Энэ нь Н.Буян-оршихын дипозит хуулганаас харагдана. Мөн энэ зээлээсээ 2015 оны 09 дүгээр сард урагшаа Хятад улс руу явах хүртэлх хугацаанд буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 9 сарын хугацаанд зээлийн төлөлт 9.122.400 төгрөгийг төлсөн байна.  Миний бие Дархан хотноо 2000 оноос эхлэн идэвхтэй хөдөлгөөн фитнесс аэробекийн чиглэлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн, олон үйлчлүүлэгч гишүүдтэй учир Улаанбаатар хотод шинээр нээгдэж байгаа клубууд шиг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй тохилог, хүмүүсийн сонирхоод байгаа төрөл, иог, спиннинг гэх мэтчилэн олон дасгал хөдөлгөөний сонголттой цоо шинэ фитнесс клуб Дархан хотдоо байгуулах тухайгаа байнга ярьж судалж тооцоо гаргаж байсан. ******* миний бие 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* болон түүний дүү Н.Түвшинбаттай хамт Хятад улс руу тоног төхөөрөмж судлахаар явахад би тоот данснаас 15 сая төгрөгийг 48000 юань харин ******* дансандаа байсан 12 сая төгрөгийг 38.400 юань болгон солиулж авч явсан. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Тианжин ХХК-тай худалдах, худалдан авах TZWTZYL2015020 тоот гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа 30% болох 31,060 юань буюу 9,721,780 төгрөгийг миний бие ******* төлсөн учир мөнгө төлсөн хүний зүгээс ******* нь гарын үсэг зурж нөгөө тал тамга тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан юм. ******* тайлбартаа Макс фитнес нэртэй миний ажиллуулдаг ТББ-ын нэр дээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж бичжээ. Тианьжин ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Буян-Орших нь ямар ч ТББ байгуулаагүй албан ёсны тамга тэмдэг үгүй байсан. ******* авч явсан мөнгөнөөсөө дүүдээ 600 юань өгч, дүү нь Бээжинд үлдсэн бөгөөд өөрөө үлдэгдэл 37,800 юаньтайгаа буцаж ирсэн. ******* нь намайг дагуулж явж газар үзүүлж, лангуунд бараа авсан гэж бичжээ. Дархан их дэлгүүрийн лангуу нь АНУ-аас ирсэн гутал цүнх зардаг зориулалттай. Тэгээд ч миний орлого олж байгаа үндсэн ажил минь фитнесс аэробик бөгөөд үүнийгээ өргөжүүлэх зорилгоор Хятад улс руу явсан. Энэ том зорилгоосоо ухарч лангуу мэтийн жижиг зүйл рүү мөнгө үрэхгүй нь ойлгомжтой. 2 дахь удаагийн явалт буюу төлөлт хийхэд ******* би 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Мөнгөн гүүрээр 70 хувийн төлөлт болох 87,308 юанийг шилжүүлэхэд ******* өөрт байсан 37,800 юанийг нэмэрлэсэн. Мөнгөн гүүрээр нэг хүн өдөрт 50,000 юаниас дээш мөнгө гуйвуулга хийх боломжгүй гэхэд 3 хэсгээр буюу 50,000 юань, 21,253 юань, 16,253 юань болгож гуйвуулахдаа ******* би бүх баримтыг өөрийн гараар үйлдэж 50,000 юань дээр *******ын гарын үсгийг зуруулсан юм. ******* миний бие тоног төхөөрөмж авахад Хятад улсаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 31,060 юань  9,721,780 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 70 хувь төлөхөд 49,508 юань буюу 15,592,544.6 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Трансматор 150 юань, 47,250 төгрөг, камер 350 юань буюу 119,700 төгрөг, диско гэрэл 450 юань буюу 147,750 төгрөг, микрофон 480 юань буюу 151,200 төгрөг, Монгол улсаас 2015 оны 11 дүгээр сары 04-ний өдөр гүйлтийн зам 3,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр LG брэндийн систем хөгжим 999,990 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хаяг хийлгэсэн үнэ 300,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр толины хүрээ 100,000 төгрөг, цагаан хуулга 48,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр лед гэрэл 100,000 төгрөг, өдрийн гэрэл 120,000 төгрөг, супер цоож 30,000 төгрөг, Гааль тээврийн зардал 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Тээврийн гэрээ /Дэжоу-Эрээн/ 6,800 юань буюу 2,142,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн зардал /Эрээнээс Замын-Үүд/ 3,800 юань буюу 1,193,200 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн хяналтын бүсийн төлбөр 5000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн бүрдүүлэлт 94,000 төгрөг, орчуулга 6,000 төгрөг, Гаалийн татвар 989,430 төгрөг, Гаалийн төлбөр 993,030 төгрөг, Түрээсийн байрны барьцаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 давхарын барьцаа 1,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4 давхарын барьцаа 500,000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3 давхарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, Транскапитал ББСБ-ын зээлийн төлбөрийг тус тус төлсөн болох нь нотлох баримтаар нотлогддог. Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* миний бие 2 ширхэг гүйлийн зам худалдан авахад урамшуулалд нь 2 ширхэг гүйлтийн замны хянах самбар өгсөн. *******ын клубдээ хэрэглэж байсан 2 гүйлтийн замны хянах самбар эвдэрсэн учир  би урамшуулалд нь авсан хянах самбараа өгч солиулсан. Энэ солиулсан самбараа буцаан авсан. *******ын клубдээ хэрэглэж байсан налуу хэвтээ шахалтын бандан сандал, цээж урдаас шахалтын бандан сандал, цээж дээрээс шахалтын бандан сандал, хэвлийн шахалтын бандан сандал, суугаа шахалтын бандан сандлууд нийт 5 ширхэг анх хар өнгийн бүрээстэй байсан. Үүнийг  улаан өнгийн Солонгос ледрин 5 метрийг 30.000 төгрөгөөр худалдан авч шинэчилсэн. *******ын нэхэмжилж байгаа бандан сандлуудад ямар нэгэн эвдрэл гэмтэл хохирол учраагүй хар өнгийн бүрээстэйгээ үлдсэн одоо хэвийн ашиглагдаж байгаа. *******ын клубдээ тавьж байсан буйдангийн бүрээс хуучирч муудсан, сэмэрсэн, цоорсон, хиртсэн, үзэмжгүй байсан тул ******* би бор өнгийн ледрин, парлон, шруп, хадаас, кноп зэргийг 54.000 төгрөгөөр худалдан авч, шинэ буйдан болгон оёулсан. Одоо буйданг ******* хэрэглэж байгаа гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр:

     Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.2.1, 205 дугаар зүйлийн 205.2, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч *******оос 16.153.988 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6.923.138 төгрөгт холбогдох хэсгийг, 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.335 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.090 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 238.719 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ,

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Би Хятад улсын Шандун мужийн Тианжиан фитнессйн тоног төхөөрөмжийн компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 118.368 юань буюу 37.220.384 төгрөгийг төлж 47 төрлийн тоног төхөөрөмж худалдаж авсан. Үүнээс хариуцагч ******* 17.747.500 төгрөгийг төлсөн. Мөн Эрээнээс 450.450, Монголоос 4.697.990 нийт 5.148.440 төгрөгийн эд зүйлийг гэрээнээс хамаарахгүйгээр худалдан авсан. Гэрээний дагуу тоног төхөөрөмж худалдан авахад оруулсан 17.928.687,75 төгрөг бүхий 13 нэр төрлийн тоног төхөөрөмж, Эрээнээс авсан 450.450 төгрөг бүхий 4 төрлийн эд бараа, Монголоос авсан 4.697.890 төгрөг бүхий 8 төрлийн эд бараа нийт 25 нэр төрлийн 23.077.127,75 төгрөгийн тоног төхөөрөмж, эд бараа зүйлийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байхад хувааж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хариуцагчаас 16.153.988 төгрөг гаргуулж, 6.923.138 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч тал төхөөрөмж биш Аэробик Иогийн хувцас худалдан авсан бөгөөд энэ талаар шүүхэд огт тайлбар өгөөгүй, миний өмч хөрөнгийг авах гэж байгаа талаараа бичсэн. *******гийн надтай хамт явахдаа өөрийн лангуундаа авчирсан, гутал, цүнх болон Аэробикийн хувцас зэргийг тогтоолгох үүднээс түүний лангууг ажиллуулж байгаа худалдагчаас тухай үеийн бараа хүлээж авсан тэмдэглэл, камерийн бичлэгийг татаж авч өгөх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлт хангахаас татгалзсан байдал нь хариуцагч талаас нэхэмжлэгч талд маргаан үүсгээд байгаа цаг хугацаанд ямар бараа мөнгөндөө авчирсаныг нотлох чухал нотолгооны зүйл байсан. Анхан шатны шүүх хариуцагчийн эрхийг эдлүүлээгүйгээс хэргийг зөв шийдвэрлэхэд нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргах боломжийг шүүх олгосон байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмчлөл тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

                                                             ХЯНАВАЛ:

    Нэхэмжлэгч ******* хариуцагч *******од холбогдуулж хариуцагчаас 23.077127,75 төгрөгийн үнэ бүхий  25 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд зүйл гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 882.680 төгрөг нэхэмжлэгч ******* гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

   Анхан шатны шүүх зохигчдыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, хамтран ажиллах гэрээг цуцалсан гэж, нэхэмжлэлээр шаардаж буй тоног төхөөрөмж, эд зүйлийг биет байдлаар гаргаж өгөх боломжгүй гэж тус тус дүгнэлт хийж, хамтран оруулсан хөрөнгийн хувь хэмжээг нэхэмжлэгч ******* 70 хувь, хариуцагч ******* 30 хувь гэж тооцон, хариуцагчаас 16.615.369,88 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6.923.138 төгрөгт холбогдох хэсгийг, 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

    Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, дараах дүгнэлтийг хийлээ.

   Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэлт тайлбарууд, шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх бөгөөд энэ талаар шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

   Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлээр шаардаж буй тоног төхөөрөмж, эд зүйлсийг өөрийн өмчлөлийн эд зүйл гэж үзээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байгаа эсэх, эсхүл нэхэмжлэлээр шаардаж буй тоног төхөөрөмж, эд зүйлийг мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар дундаа хэсгээр буюу хамтран өмчилж байгаад Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1-д зааснаар дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардаж буй эсэх, мөн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллаж байгаад 479.1-д зааснаар хамтран ажиллах гэрээнээс гарч өөрт ногдох хувийг шаардаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

   Мөн нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээр хариуцагч *******оос 25 нэр төрлийн тоног төхөөрөмж гаргуулахаар шаардсан атлаа хэргийн 119 дүгээр талд авагдсан түүний нэмэлт тайлбар, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбараар  13 нэр төрлийн тоног төхөөрөмж шаардсан тайлбар гаргаж  байгаа нь ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа эсэх нь тодорхойгүй, хоёрдмол утга агуулгатай байна гэж үзнэ.  

   Болсон үйл баримтаас үзвэл зохигчид нь фитнесийн шинэ клуб байгуулж, хамтран ажиллах зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын 17-нд БНХАУ-руу зорчиж, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Шандун мужын Дэжоу хотын Тианжин Фитнесийн тоног төхөөрөмж компаниас 118.368 юанийн үнэ бүхий 47 нэр төрлийн тоног төхөөрөмж худалдаж авахаар, гэрээний 30 хувийг урьдчилан төлж, үлдэгдэл 70 хувийн төлбөрийг тоног төхөөрөмжийг тээвэрлэлт хийхийн өмнө төлөхөөр харилцан тохиролцож, “Худалдааны гэрээ” байгуулсан болох нь хэргийн 7-15 дугаар талд авагдсан баримтаар нотлогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

   Зохигчдын хэн аль нь тэрхүү 47 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнийг хэрхэн хэн төлсөн талаар маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч ******* тоног төхөөрөмжийн 30 хувь болох 31.060 юань буюу 9.721.780 төгрөг, үлдэгдэл 70 хувийн төлбөр 87.308 юань буюу 27.497.654 төгрөгийн 17.803.493 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг, хариуцагч ******* тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 31.060 юань, үлдэгдэл төлбөр 70 хувь буюу 51.000 юаныг төлсөн гэж маргадаг болно.

   Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл хариуцагч ******* төлбөрийн үлдэгдэл 70 хувь болох 87.308 юаниас 50.000 юань төлсөн, /1 дүгээр хавтасны 47 дугаар хуудас/ 2 ширхэг гүйлтийн зам авахад 3.200.000 төгрөг төлсөн /2 дугаар хавтасны 5 дугаар хуудас/ баримтууд тус тус хэрэгт авагдсан байх бөгөөд бусад тоног төхөөрөмж, эд зүйл, гааль болон тээврийн зардал, БНХАУ руу зорчсон замын зардал, даатгалын төлбөр зэргийг нэхэмжлэгч ******* төлсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

   Шүүх  зохигчдын хамтран худалдаж авсан тоног төхөөрөмж, эд зүйлсийн нийт үнийг 42.272.384 төгрөг байна гэж тооцоод түүнээс нэхэмжлэгч ******* нийт оруулсан хөрөнгийн 70 хувь буюу 26.524.884 төгрөг төлсөн гэж, хариуцагч ******* үдлэх 30 хувь буюу 15.747.500 төгрөг төлсөн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч *******гийн төлсөн 26.524.884 төгрөгийг дахин 70, 30 хувиар тооцож, хариуцагч *******оос 16.153.988 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 6.923.138 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

   Энэ нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

   Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлээр шаардаж буй тоног төхөөрөмж, эд зүйлийг нэг бүрчлэн ялган зааглаж, ямар үнэтэй аль тоног төхөөрөмж, эд зүйлийг хэн нь хэдэн төгрөгөөр худалдаж авсныг тогтоож чадаагүйгээр хэргийг шийдвэрлэжээ гэж үзнэ.

   Түүнээс гадна шүүх тухайн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлээр шаардаагүй зүйлийг шийдвэрлэсэн буюу нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн байна.

   Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, зохигчдын хамтран худалдаж авсан тоног төхөөрөмж, эд зүйлийг хэн нь хэдэн төгрөгөөр худалдан авсан болохыг нэг бүрчлэн ялган зааглаж, салгаж дүгнэсний эцэст нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зөв байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.720 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.       

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЦЭЦЭГ         

                                                                ШҮҮГЧИД                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                          Л.АМАРСАНАА