Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02326

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02326

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Чийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02867 дугаар шийдвэртэй,

 

 

 

Нэхэмжлэгч Д.Чийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г И ХХК-д холбогдох,

 

 

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 730 194 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч Д.Чийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч Д.Ч миний бие хариуцагч Г И ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр №2013/04/03/02 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохих албан хаагч нарт нь хянуулан, чанарын шаардлага хангасан болохыг баталгаажуулж хүлээлгэж өгсөн. Гэрээний 1.2-т заасны дагуу ажлын хөлс 8 090 000 төгрөг өгсөн. Д.Ч миний зүгээс тухайн ажлыг чанарын доголдолгүй, засваргүй, бүрэн гүйцэд хүлээлгэн өгсөн, мөн хариуцагчийн зүгээс 1 153 463 төгрөгийн өглөгтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа болно. Мөн гэрээний 11.2 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар алданги тооцохоор заасан боловч Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 576 731 төгрөгийн алдангийг тооцон, нийт 1 730 194 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч Г И ХХК-ийн тайлбарт: Г И ХХК нь иргэн Д.Чтой 2013 оны 04 дүгээр сард №2013/04/03/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэвч Д.Ч нь гэрээнд заасан ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд 2018 онд гэрээг эцэслэн дүгнэсэн. Иймд Г И ХХК нь алданги төлөх үндэслэлгүй тул алдангид нэхэмжилсэн 1 770 194 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

 

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г И ХХК-аас 1 730 194 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Чт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г И ХХК-аас 42 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Чт олгож шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр №2013/04/03/02 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлуудыг Д.Ч нь хийж гүйцэтгэх байтал талбайн инженертэй харилцан тохиролцон гэрээнд тусгагдаагүй 4, 5, 6 дугаар давхруудын А, Б, В, Г, Д, Е айлуудын ванны өрлөг плитаны ажил ногдох үнийн дүн 480 000 төгрөг /хх 46/, мөн байрны 7, 5, 1, 9, 10, 14, 11 давхруудын холбогдох айлуудад хийсэн ванны өрлөг, плита, хана, шалны плита, салхивчны өрлөг, салхивчны шавар, тагтны плитаны ажил ногдох үнийн дүн 408 600 төгрөг /хх 48/, 6 дугаар давхрын А, Б, В, Д, Е айлуудын тагтны плитаны ажил ногдох үнийн дүн 480 000 төгрөг /хх 50/ нийт 1 368 600 төгрөгийн ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн нь хэрэгт өгсөн нотлох баримт болох төлбөрийн даалгаврууд болон ажлыг дүгнэсэн гүйцэтгэлийн актууд дээр тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл Д.Ч нь гэрээнээс гадна нэмэлт ажил хийсэн бөгөөд ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй ажлын нийт гүйцэтгэл нь 9 352 910 төгрөг болсноос Г И ХХК нь 7 264 156 төгрөгийг Д.Чт олгож, 935 291 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутган авч, үлдэгдэл 1 153 463 төгрөгийг ажлаа бүрэн хүлээлгэн өгч, гэрээнд тусгагдаагүй ажлыг шинээр гэрээ байгуулж баталгаажуулж өгөхөөр болсон байдаг.

 

Гэтэл шүүх дээрх нотлох баримтууд болон шүүх хуралд өгсөн тайлбарыг судлан үзэлгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргасан. Мөн дээрх үлдэгдэл төлбөр нь гэрээнээс гадуур инженер болон гүйцэтгэгч Д.Ч нарын хооронд амаар хийсэн хэлцэл бөгөөд энэхүү хэлцэл нь албажин баталгаажаагүй тул энэхүү гэрээнд тусгагдаагүй ажилд Г И ХХК нь алданги төлөх нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан алданги 576 731 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

 

 

Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Г И ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 730 194 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

Шүүх 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргахдаа шүүх хуралдааны тэмдэглэл үйлдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

 

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаанд оролцогчдын ирц, тэдгээрийн тайлбар, мэтгэлцээн, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт шинжилсэн байдал зэргийг бичих талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зохицуулсан байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дэмжиж оролцсон, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, талууд маргаан бүхий асуудлаар мэтгэлцсэн эсэх нөхцөл байдал тодорхойгүй байна.

 

 

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчим хангагдсан гэж үзэхгүй тул хариуцагчийн ... нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаагүй гэх гомдол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.

 

 

 

Түүнчлэн, шүүх 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд гэрчээр Д.Доржийг оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, гэрчид эрх, үүрэг сануулсан байх ба шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт гэрч Д.Доржийг шүүх хуралдаанд оролцсон талаар тусгагдаагүй байх тул гэрч оролцуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

 

 

Иймд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан дээрх зөрчлийг арилгахгүйгээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02867 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

А.МӨНХЗУЛ