Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 404

 

“Н у а х” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны

газрын Кадастрын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Д.Мөнхтуяа

Шүүгчид:             Г.Банзрагч

                             Б.Мөнхтуяа

                             П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:   Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: “С М” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0473 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, П.Шинжээравдан, Г.У, Ш.П, өмгөөлөгч М.Х, Д.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э,

Гуравдагч этгээд “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Д.Б, өмгөөлөгч Д.Б, Б.Өл,

Гуравдагч этгээд “С М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Д болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, өмгөөлөгч Д.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5, 5.1.6, 5.1.8, 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.8, 6.1.11, 6.1.16, 27 дугаар зүйлийн 27.1, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-39.1.3, 39.1.5, 39.1.7, 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасныг тус тус удирдлага болгон “Н у а х” НҮТББ-ын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “С М” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү. гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, “С М” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “С М” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0473 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус баримтлан “С М” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд “С М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна гээд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлж өгсөн байдаг бол 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана” гэж шүүхээс гаргах шийдвэрийг тодорхойлжээ. Гэтэл шүүхээс нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй этгээдийн хувьд 106.3.10-т “захиргааны хууль бус ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 106.3.10 дахь хэсэгт заасны дагуу тайлбарладаг гэж илт хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тайлбарласан.

4. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 1 дүгээр сарын 11-ний Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу “С М” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах болгон өөрчилсөн байна. /Хавтаст хэрэг 8, 3-р тал/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.7, 56.1.9, 56.1.10, 56.1.11 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр цуцлахыг хариуцагчид даалгахыг хүссэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад мөн адил даалгах нэхэмжлэлийн шаардлагаа хамгаалж мэтгэлцдэг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь хэсэгт “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж хуульчилсныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн шийдвэр гаргасан төдийгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө санаачилгаараа өөрчлөн тайлбарлаж шийдвэрлэсэн.

5. Шүүхээс нэхэмжлэгч нь хуучин хуулийн үйлчлэлийн хүрээнд нэхэмжлэл гаргасан ба 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.7 дахь хэсэгт шаардлагыг хангаагүй боловч 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх гаргах эрхтэй гэж дүгнэжээ.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд 18.3-т хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нъ хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна, 18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2.дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэж заасан шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа талаар дүгнэлт хийлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 3 жилийн хугацаанд нэхэмжлэлийг хэлэлцсэн тул нэхэмжлэл гаргах эрх нь нотлогдох мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь энэхүү захиргааны хэрэг үүсэхээс 1 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь дүрмийн зорилгын дагуу явуулах үйл ажиллагааны хүрээтэй нийцэхгүй байна. Мөн, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан зохицуулсан хуулийн заалтыг бус шүүхийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд хамаарах Шүүхийн тухай хуулийн зүйл заалтыг ишлэх замаар хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

7. Нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “5082А, 10810А тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмалын газарт даалгах” тухай шинэ актад холбогдох нэмэгдүүлсэн шаардлагыг гаргахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй байхад шүүх энэ хэргийн хариуцагчаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс оролцож ... тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг эс зөвшөөрч тайлбар ирүүлсэн” гэж зөвтгөжээ.

8. Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлагадаа тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг “даалгах” нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох гэж тодорхойлсон мэтээр дахин гуйвуулан тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “... гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага” хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл тус маргааны хариуцагч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга хянан шийдвэрлэх учиртай. Тиймээс дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын өмнөөс шүүхийн шатанд тайлбар өгөх эрх, хууль зүйн боломж байхгүй.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд дараах 2 урьдчилсан нөхцөл хангагдсан байх бодит шаардлагыг тодорхойлжээ. Үүнд: 1. тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллага санал гаргасан байх, 2. уг саналыг харгалзан Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрлийг цуцлах талаар дүгнэлт гарсан байх өөрөөр хэлбэл, 1-т нутгийн захиргааны байгууллагын санал буюу албан бичиг, 2-т Байгаль орчин аялал жуулчлалын яамны дүгнэлт гэсэн албан тодорхойлолт гарсны дараа тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бий болохоос бус шүүхээс нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэснээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл Ашигт малтмалын тухай хуулийн 56.1 дэх хэсгийн дагуу үүсэхгүй нь тодорхой юм.

11. Шүүх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1-38.1.3, 39.1.5, 39.1.4-д заасан нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй байхад ашигт малтмалын газар хуулийн 11.1.4-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих үүргээ биелүүлээгүй тул шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5, Үндсэн хуулийн 6.1 дэх хэсгүүдийн үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэх зэргээр хууль тогтоомжийн ямар ч үндэслэл, логикгүй заалтуудаар хууль бус шийдвэрээ зөвтгөн тайлбарлаж, 56.1.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хууль, Үндсэн хуулийг гуйвуулан тайлбарласан байна.

12. Давж заалдах шатны шүүхээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй, Гацууртын ордыг ашигласнаар байгаль орчин хор хөнөөл учирсан гэсэн дүгнэлт хийхдээ Гацууртын ордын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн /цаашид “БОНБНҮ” гэх/ 6 дугаар бүлэг буюу байгаль орчны суурь нөхцөл байдал /Нотлох баримт 2-р хавтас БОНБНҮ-ийн 3-4-р хуудас/ бүлгийн хөрс ус, ургамал амьтан, орчны тухайн үеийн нөхцөл байдлуудыг бичсэн хэсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчин бохирдуулсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

13. Уул уурхай, аялал жуулчлал, байшин барилга, зам дэд бүтэц гээд ямар ч төсөл хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл гарцаагүй үүсэх бөгөөд хуулийн дагуу төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулан учруулж болох сөрөг нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга замыг тодорхойлдог болохоос нарийвчилсан үнэлгээ нь байгаль орчинд учирсан хохирлыг нотлох баримт бичиг биш юм. Дээрх үнэлгээг 2010-2016 онуудад хийгдэх олборлолтын үйл ажиллагаанд үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх төлөвлөгөөг гаргах зорилгоор боловсруулсан байна. /Нотлох баримт 2-р хавтас БОНБНҮ-ийн 13-р хуудас/. Өөрөөр хэлбэл 2009 онд батлагдсан БОНБНҮ нь бүхэлдээ тус талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаад дараа нь нөхөн сэргээх арга, аргачлал, төлөвлөгөө, хуваарь зэргийг нарийн тусгаж өгсөн баримт бичиг гэдгийг шүүхээс огтхон ч ойлгохгүй байна. БОНБНҮ-ийн 9-р бүлэгт дэлгэрэнгүй тусгаж өгсөн хуваарийн дагуу олборлолтын ажил 2010-2016 онуудад, нөхөн сэргээлтийн ажил 2014-2021 онуудад хийгдэхээр тусгагдсан /БОНБНҮ 185-187-р тал/ байтал уг үнэлгээг хэрэгжсэн эсхүл хэрэгжүүлэх боломжтой байсан эсэх нөхцөлийг авч үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

14. БОНБНҮ-ийн 227 дугаар хуудсанд заасан хохирлын хэмжээ бол өмнөх шороон ордын олборлолтын хохирлын хэмжээг тодорхойлсон асуудал биш бөгөөд харин үнэлгээнд тодорхойлсон хугацаанд буюу 2010-2016 оны хооронд олборлолт хийгээд нөхөн сэргээлт хийхгүй бол учрах хохирлыг тооцоолсон тооцоолол болох нь ойлгомжтой байхад нотлох баримтыг гуйвуулан тайлбарлаж, шийдвэр гаргасан шүүхийн шийдвэр хууль бус байна.

15. Түүнчлэн, 2009 оны БОНБНҮ нь “С М” ХХК 431А, 372А тоот тусгай зөвшөөрлийн талбайд холбогдуулан гүйцэтгэсэн /БОНБНҮ 14-р тал/ байдаг. Гэтэл, БОНБНҮ-г гол нотлох баримтаа болгон шийдвэрлэхдээ 10810А, 5082А тоот тусгай зөвшөөрлүүдийг хамтад хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний болон нотлох баримтыг үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

16. Түүнчлэн, шүүх нь “тухайн компанийн оноосон нэр өөрчлөгдөх, тусгай зөвшөөрлийг бусдаас шилжүүлэн авах зэрэг” нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх, үгүйсгэх үндэслэл болохгүй, хуулиар хүлээсэн бүхий л эрх үүрэг дагалдаж шилжих тул алтны шороон ордын олборлолт хийсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчээр “С М” ХХК-ийг тооцно” гэж гуравдагч этгээдийн нэр хүнд, эрх ашиг сонирхлыг маш ноцтойгоор хохироосон дүгнэлт хийсэн. “С М” ХХК нь 431А тоот тусгай зөвшөөрлийг анх 2000 онд “Гурван гал” ХХК-иас, 372А тоот тусгай зөвшөөрлийг 2001 онд “Гацуурт” ХХК-иас шилжүүлэн авсан байх ба дээрх тусгай зөвшөөрлүүдийн талбайд 1993 оноос хойш “Гацуурт” ХХК олборлолт явуулж байсан болно. Гуравдагч этгээдийн зүгээс тусгай зөвшөөрлийн шилжүүлэн авснаас хойш ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа ганц ч удаа явуулж байгаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогддог байтал тус компанийг шороон ордын олборлолт хийсэн мэтээр шууд гүтгэн дүгнэлт хийсэнд маш гомдолтой байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх явцад хийгдсэн гэрээ хэлэлцээрээр нөхөн сэргээлтийн үүрэг нь аль талд байгааг тогтоогоогүй, хэргийн материалд холбогдох гэрээ хэлэлцээр байхгүй төдийгүй шүүх хуралдааны явцад ч асууж тодруулсан ганц ч баримт хэргийн материалд байхгүй байхад нөхөн сэргээлтийн үүрэг нь “С М” ХХК-д шилжсэн мэтээр тайлбарлах нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотолгооны зарчмыг ноцтойгоор зөрчсөн байна.

17. Байгаль хамгаалах тухай хуульд заасан хохирол, түүнийг тодорхойлох, тогтоох субъект шүүх биш бөгөөд үнэхээр байгаль орчинд хохирол учирсан, эсхүл учрах өндөр эрсдэл байгаа эсэхийг мэргэжлийн байгууллага тогтоох юм. Тийм ч утгаараа 56.1.5 дахь хэсэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бүрэн эрхийнхээ хүрээнд нөхөн сэргээлтийн үүрэг зөрчигдсөн эсэхийг шалган тогтоож, дүгнэлт гаргасны дараа тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг хуульд тусгайлан заасан болохыг дурдах нь зүйтэй байна. Манай компанийн хувьд 1998 оны Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд тодорхойлсон “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийг буюу өнөөгийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.1, Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.1, 39.1.3, 39.1.4 дэх хэсгүүдэд заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан.

18. “С М” ХХК нь 2009 онд байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулан төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байсан боловч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамрах хүрээнд орсон учраас тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор нарийвчилсан үнэлгээг ч байгаль хамгаалах төлөвлөгөөг ч хэрэгжүүлэх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч хуульд заасан үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Байгаль орчны яаманд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн #10/419 тоот албан бичгээр, 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн #11/283 тоот албан бичгээр Байгаль хамгаалах төлөвлөгөөг /менежментийн төлөвлөгөөг/ хүргүүлж тус яамнаас баталж өгөхийг хүсч байсан боловч урт нэртэй хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас Байгаль орчны яамнаас баталж өгч байгаагүй. Гэтэл шүүхээс манай компанийг Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах үүргээ зөрчсөн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

19. Шүүхээс БОНБҮ-ний 6-р бүлэгт заасан байгаль орчны суурь нөхцөл байдал гэсэн хэсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчин бохирдуулсан мэтээр дүгнэн тайлбарласан атлаа үнэлгээнд авагдсан байгаль хамгаалах төлөвлөгөөг нотлох баримтаар үнэлэхгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж байгаагүй гэж нотлох баримтыг дутуу үнэлэн шийдвэрлэсэн.

20. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө буюу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гуравдагч этгээдээс хуульд заасан эрхийнхээ дагуу “Нотлох баримт гаргуулах”, “Нотлох баримт хасуулах”, “Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах” “Шинжээч томилуулах” хүсэлт гаргасныг хуралдааны явцад шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122.1 дэх хэсэгт заасан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хангахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1, 32.6 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт, гаргуулах хасуулах хүсэлтэд гомдол гаргахаа илэрхийлж, хүсэлт гаргасаар /тэмдэглэлийн 24х/ байтал, үл хэрэгсэн хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн зүгээс дараах ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зөрчсөн боловч дээрх нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн хүчин зүйл биш мэтээр хуулийг гуйвуулан тайлбарласан.

21. Тус хэргийн материал нь нийт 16 хавтас бүхий баримтуудаас бүрдсэн байдгаас 15 хавтас баримтууд нь хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө цугларсан нотлох баримтууд байдаг. Хэргийг давж заалдах шатны магадлал, хяналт шатны хуралдаанаар анхан шатны шүүх рүү буцааснаас хойш зөвхөн 1 хавтас бүхий материал цугласан тэдгээр нь бүгд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу цугларсан нотлох баримтууд байдаг болно.

22. Давж заалдах шатны шүүхээс “хариуцагч нь “С М” ХХК-д олгосон 372А, 431А, 5082А, 10810А тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгасан шийдвэрүүдийг хүчингүй болгосноор энэхүү шийдвэр биелэгдэх боломжтой” гэсэн атлаа магадлалын 10 дугаар талд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг тухайн субъектив эрх нь зөрчигдсөн этгээд гаргах боломжтой бөгөөд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй этгээд энэ шаардлагыг гаргаж, шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэн 106.3.10-т зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүхээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн атлаа тусгай зөвшөөрлийг сунгасан шийдвэрийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

23. Гуравдагч этгээдийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гарч байгаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлүүд 30 жилийн хугацаатай олгогдсон бөгөөд 32.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил тутам төлж тогтмол төлдөг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

24. Гуравдагч этгээд “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, өмгөөлөгч Б.Баатарсайхан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл байхгүй гэх дүгнэлт хийсэн мөртлөө Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан шийдвэрийг гаргасан нь мөн хуулийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дураараа өөрчлөн шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан буруутай шийдвэр болсон.

25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар захиргааны байгууллага болон иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлтэй холбоотой захиргааны маргааныг хянан шийдвэрлэхээр баталсан тухайлсан хуулийг ашиглахгүй, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг хэрэглэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх есгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

26. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтад заасныг буруу хэрэглэснийг зөвтгөн тайлбарлах гэж оролдохдоо хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд “С М” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, мөн хуулийн 38.1.2 дахь заалт буюу “хайгуулын тусгай зөвшөөрөл” эзэмшигчид хамааралтай заалтыг үндэслэн тайлбарлах замаар гуравдагч этгээдэд хамаатуулан “С М” ХХК-ийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

27. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4.4 дэх заалт нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ямар асуудлыг тусгах ёстойг хуульчилсан байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагатай хольсон нь хуулийг буруу тайлбарласан, буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

28. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтад “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах;” гэж хуульчилсан байна. Энэхүү заалтаас үзвэл хэрэв ашигт малтмалыг ашигласан тохиолдолд тухайн газрыг цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээ авахыг үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэсэн байна. Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс ашигт малтмал олборлоогүй, уурхайн ажил эхлүүлээгүй, эрх бүхий байгууллагаас ашигт малтмалын уурхайг ажиллуулж эхлэх эрх буюу зөвшөөрлийг олгоогүй байхад гуравдагч этгээдийн зүгээс үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг үүсэхгүй юм.

29. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэгтэй хамаарал бүхий заалт бөгөөд үүнийг хариуцагчийн үүрэгт хамаатуулан тайлбарлан хариуцагч чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь гуравдагч этгээд “Сөнтеррагоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болж хувирч байгааг шударга ёсны зарчимд үл нийцнэ.

30. Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх заалтад “Энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болох ба энэ тохиолдолд татгалзан гаргагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсож болно.” гэж заасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саранцацаралын зүгээс тус хэргийг хянан шийдвэрлэж байсан шүүх бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзаж байхад анхан шатны шүүх татгалзлыг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Энэ тухай гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь заалтад “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэдэгт хамаарахгүй байх тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй.” гэж дүгнэсэн.

31. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 221/МА2019/0473 дугаар бүхий магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар бүхий шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

32. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Гацуурт” нэртэй газрын 1820 гектар бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын 431А дугаар тусгай зөвшөөрлийг 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 416 гектар бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын 372А дугаар тусгай зөвшөөрлийг 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, мөн сумын нутаг “Билүүт” нэртэй газрын 360 гектар уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын 5082А дугаар тусгай зөвшөөрлийг 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, мөн сумын нутаг “Хараа” нэртэй газрын 343 гектар уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын 10810А дугаар тусгай зөвшөөрлийг 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус “С М” ХХК /анх тусгай зөвшөөрөл эзэмшихдээ “Камеко гоулд Монголия” ХХК нэртэй байсан/-д олгосон, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг “Н у а х” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас гаргажээ.

33. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

34. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь анхнаасаа тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн байхад энэ хүрээнд шийдвэрлэх учиртай, ... зөвтгөх /залруулах/ боломжтой, хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүйн үүднээс...” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, шийдвэр гаргасан нь буруу, энэ талаарх гуравдагч этгээд “С М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасны дагуу тайлбарладаг гэж илт хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар өөрчлөн тайлбарлан шийдвэрлэж, мөн хуулийн 106.5-д заасныг зөрчсөн” гэх гомдлууд үндэслэлтэй байна.

35. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаар тогтоолоор “... нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус ... /тул/ тодруулах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байхад хэргийн оролцогчдод танилцуулж, тайлбар аваагүй” гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, үүний дараа нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ-ын захирал О.Цэрэннадмидаас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/01 дугаартай “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах тухай” албан бичгээр “... тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасан тухайгаа, мөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “... хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, ... /маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг/ цуцлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхой, эргэлзээгүй байдлаар илэрхийлсэн, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох нэхэмжлэгчийн эрхэд хамаарах тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тодорхойлж болохгүй.

36. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нэхэмжлэлийн шаардлагын төрлүүдийг обьектив байдлаар буюу “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэл...”, “хохирол гаргуулах нэхэмжлэл…”, “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл…”, “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл…” гэж ангилсан, харин нэхэмжлэл гаргаж буй субьектээр ангилж нэхэмжлэлийн төрлүүдийг заагаагүй тул “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд” дээрх нэхэмжлэлийн төрлүүдийн аль алийг нь сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй, ингэхдээ уг эрхийг зөвхөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан “...хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар” буюу хязгаарлагдмал агуулгын хүрээнд хэрэгжүүлж, “... маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлохыг хуулиар шаардсан байна.

37. Иймд, давж заалдах шатны шүүхийн “... нийтийн эрх ашгийг төлөөлөх этгээд нь захиргааны актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох /нэхэмжлэлийн төрөл/ нэхэмжлэлийн шаардлага гаргана, харин “... даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй” гэх агуулгаар хийсэн дүгнэлтийг буруу гэж үзнэ.

38. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд захиргааны хэргийн шүүхээс гаргах шийдвэрийн төрлүүдийг заасан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс алийг нь нэхэмжлэгч сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос хамаарч шүүх 106 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргана, уг зүйлийн 106.3.10-т “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох” гэснийг нэхэмжлэл гаргах эрхийн агуулгад хамаатуулж, “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх этгээд нь зөвхөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тайлбарлах үндэслэлгүй юм.

Жишээ нь, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасан “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд, шүүх мөн хуулийн 106.3.8-д зааснаар “....захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” шийдвэр гаргах боломжтой, үүний адил нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх уг хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”-оор заасны дагуу шийдвэрлэх боломжтой, энэ тохиолдолд, хуулийн 106.3.10-т заасныг хэрэглэхгүй.

39. Иймд, “...давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ... /106.3.10-т заасныг/ буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

  • ... нэхэмжлэл гаргах эрхийн талаар:

40. “Н у а х” НҮТББ-ын нэхэмжлэл гаргах эрхийн талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д тус тус зааснаар захиргааны хууль бус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан бол 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу хүн, хуулийн этгээдээс гадна нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон, уг этгээд ямар асуудлаар шүүхэд төлөөлөхийг мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж зааж, нэхэмжлэлд болон нэхэмжлэгчид тавигдах шаардлагыг мөн зүйлийн 18.3.1-т “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тусгайлан тогтоожээ.

41. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “Н у а х” НҮТББ-ыг үүсгэн байгуулах шийдвэр, дүрмийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн газар 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бүртгэж, 0000094632 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон ба тус байгууллага нь “түүх өв соёл, эцэг өвгөдийн онгон шүтээн, байгаль орчныг хамгаалахад олон нийтэд хяналт тавих, сурталчлах, сургалт явуулах” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, үүсгэн байгуулагдсанаас хойш дүрмийн зорилгын хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

42. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ашиглалтын тусгай зөвшөөрлүүдээр алт олборлолтын үйл ажиллагаа явуулж эхлэхэд тухайн орон нутагт амьдарч буй хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө, ... байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдана, ... ан амьтан , өвс ургамал, ус, гол мөрөн устаж үгүй болох, байгалийн унаган төрх алдагдана, нөхөн сэргээгдэх боломжгүй байдал үүснэ, ... эртний хаадын булш бунхан, археологи, палентологийн ховор олдвор, соёлын үнэт зүйл өв сүйтгэгдэнэ, ... түүхийн дурсгал үүрд алга болох зэргээр олон нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулна” гэх зэргээр тодорхойлсноос үзвэл, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөж болзошгүй /хөндөгдсөн тохиолдолд/ нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гаргасан нэхэмжлэл гэж үзэн, шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

43. Нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ нь анх шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан, шүүх уг нэхэмжлэлд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байхад үүний дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн хуулиар шаардсан “3 жил үйл ажиллагаа явуулсан байх” тусгай шаардлага хангаагүй гэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй, энэ талаарх гуравдагч этгээд “С М” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “... нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь захиргааны хэрэг үүсгэхээс нэг жилийн өмнө байгуулагдсан ... /хуульд заасан шаардлага хангаагүй/”, “... нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь уг байгууллагын дүрмийн зорилгод нийцээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй, энэ үндэслэлээр захиргааны хэрэг үүссэний дараа хүчин төгөлдөр болсон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасныг баримталж нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлох, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”-аар заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзлээ.

-  ... урьдчилан шийдвэрлүүлээгүй гэх гомдлын талаар:

44. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ашигт малтмалын ашиглалтын 431А, 372А тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах талаарх нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ-ын гомдлыг шийдвэрлэж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6/8997 дугаартай албан бичгээр “..иргэдийн шаардлага, саналаар тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн үндэслэлгүй” гэсэн хариуг өгсөн, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

45. 431А, 372А тусгай зөвшөөрлүүдэд холбогдох маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэмэгдүүлж, “С М” ХХК-д олгогдсон ашигт малтмалын ашиглалтын 5082А, 10810А тусгай зөвшөөрлүүдийг “цуцлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, уг нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж хариуцагчаас маргаж буй асуудлыг захиргааны байгууллага өөрөө шийдвэрлэх байсан гэж маргаагүй, 5028А,10810А тусгай зөвшөөрлүүдийг “цуцлах” боломжгүй гэдгээ шүүхэд ирүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн тайлбараар тодорхой илэрхийлжээ.

46. Үүнээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн гомдлоор “цуцлах” шийдвэрийг гаргахгүй гэдэг нь тодорхой болсон, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж зааснаас үзвэл, энэ тохиолдлын хувьд шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.

47. Иймд, шүүх урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн гэх гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасныг буруу тайлбарласан гэх гомдлын талаар:

48. “С М” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Гацуурт” нэртэй газрын 1820 гектар уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын 431А тусгай зөвшөөрлийг 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс, “Гацуурт” нэртэй газрын 416 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын 372А тусгай зөвшөөрлийг 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн, мөн “Билүүт” нэртэй газрын 360 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 5082А тусгай зөвшөөрлийг 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, “Хараа” нэртэй газрын 343 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 10810А тусгай зөвшөөрлийг 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс тус тус анхлан “Камеко гоулд монголия” ХХК-ийн нэрээр эзэмшүүлсэн, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар Ашигт малтмалын тухай /1998 оны/ хуулийн 30 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д тус тус заасан үүргийг хүлээнэ.

49. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “С М” ХХК нь 431А, 372А тусгай зөвшөөрлүүдийн дагуу 2010-2016 онд хэрэгжүүлэх “Гацууртын алтны уурхайн төсөл”-д байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2009 онд “Натур фрэндли” ХХК-иар хийлгэсэн, үнэлгээний тайлангийн 6.6.2-т “уурхайн ашиглалтын өмнөх хөрсний бохирдол, эвдрэл”-ийн талаар: “Гацууртын хөндийд олон жил алтны шороон ордын олборлолт хийгдэж, нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас экологид ихээхэн хэмжээний хохирол учирсан, ... Гацууртын хөндийн нийт 146 га газрын хөрсний, Гацуурт голыг дундуур нь хэд хэдэн удаа ухаж, малтсан шороогоор дарж томоохон шороон боомт үүсгэсний улмаас голын голдрил өөрчлөгдсөн, олон тооны эрэг гуу жалга үүсгэсэн, усны эвдрэлд өртсөн газрын хөрсний хэмжээг нарийвчлан тооцож гаргах боломжгүй, уурхайн талбайн хөрсөнд хийсэн шинжилгээгээр хөрс төмрөөр бохирлогдсон, хүнцлийн агууламж нь байж болох зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7-20 дахин их, мөн Гацуурт голын голдрил өөрчлөгдсөнөөс үүссэн цөөрмүүдийн усан дахь хүнцлийн агууламж бараг бүх тохиолдолд 2-9 дахин их байгаа” нөхцөл байдлуудыг тус тус тогтоон, “... голын бохирдлыг хязгаарлах арга хэмжээ авах, үүнд, Гацуурт голд нийлж буй зүүн талын цутгал голууд болох Нарст, Билгүүтийн урсцыг эвдэрсэн голдиролд нийлүүлэхгүйгээр шинээр далан, суваг байгуулж, голын адаг орчмоор эрүүл газраар голд нийлүүлэх; цөөрмийн усыг гадаргын ус нийлүүлэхгүйгээр эргүүлэн ашиглах, цаашлаад цэвэршүүлэх арга хэмжээ авах; бохирдлын хяналт шинжилгээг тогтмол хийлгэж, дүгнэлт гаргаж байх; эрүүл болон эвдэрсэн газрын хөрсөнд нарийвчилсан судалгаа хийж, хүнцлийн тархалтыг тодруулах, саармагжуулах технологийг судлан, гадны болон дотоодын мэргэжилтнүүдийн судалгааны баг бүрдүүлж, ажиллах” зөвлөмж гаргасан, мөн, тайлангийн 6.8.2-т “уурхайд өртөх ойн сан ба нөөц” гэсэн хэсэгт: “... шороон ордын олборлолтын улмаас голын хөндийн сөөг торлог бүрэн сүйдэж, ойн захын зарим модод нэрвэгдэн сүйдсэн” талаар тодорхой тусгажээ.

50. Түүнчлэн, “С М” ХХК-д маргаан бүхий 4 тусгай зөвшөөрлүүдийг олгох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай /1998 оны/ хуулийн 30 дугаар зүйлийн 1-д “ашигт малтмал ашиглах лиценз авахын өмнө эсхүл авсны дараа тухайн лиценз эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг зохих хууль тогтоомжийн дагуу шуурхай боловсруулах”-аар, 2-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уул уурхайн үйл ажиллагааны улмаас газар, ус, агаар, ан амьтан, ургамал болон хүн амд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг тогтоож түүнээс урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлийг тодорхойлох”-оор, 3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчинд аль болох бага хохирол учруулах замаар тухайн уул уурхайн үйл ажиллагааг явуулах арга хэмжээг тусгана. Мөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу агаар мандал болон усны бохирдолт, амьтан, ургамал, хүн амд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлсон байх”-аар, 4-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд дараахь асуудлуудтай холбоотой арга хэмжээг заавал тусгасан байвал зохино: 1/хортой болон хор хөнөөл учруулж болзошгүй бодис, материалыг хадгалах, хянах; 2/газрын гадаргуугийн болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах; 3/шаардлагатай бол уурхайн хаягдлын аж ахуйн даланг барих, ашиглах, аюулгүй байдлыг нь хангах; 4/тухайн төрлийн уул уурхайн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон бусад арга хэмжээ” гэж тус тус заасан, “С М” ХХК нь 431А, 372А тусгай зөвшөөрлүүдийн дагуу 2010-2016 онд хэрэгжүүлэх “Гацууртын алтны уурхайн төсөл”-д байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2009 онд хийлгүүлсэн, 5082А, 10810А тусгай зөвшөөрлүүдийн дагуу ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, бүх 4 тусгай зөвшөөрлүүдээр үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулаагүй ба 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлүүдээр байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг мөн тодорхойлсон байна.

51. “С М” ХХК нь дээр дурдсан үнэлгээний тайлангаар өгсөн зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээнүүдийг аваагүй, Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

52. Гуравдагч этгээдээс “дээрх үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн” гэж маргаж буй “С М” ХХК-ийн захиалгын дагуу Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2016 онд хийсэн “Гацууртын ордын ашиглалтын талбай болон орчны бүсэд хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны тайлан”, Газар зүй-геоэкологийн хүрээлэнгээс 2016 онд хийсэн “Гацууртын орд талбайн цэвдгийн судалгааны ажлын тайлан”, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбараас гүйцэтгэсэн “Хараа голын сав нутгийн хөрсөн дэх хүнцлийн агууламж, орон зайн тархалтын судалгаа” СГМ1180-06-16 зэрэг нь маргааны үйл баримтад хамааралгүй, уг баримтуудаар нөхөн сэргээлтийн ажил хийснийг нотлохгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй гэж үзлээ.

53. Дээр дурдсанаар “С М” ХХК нь 431А, 372А тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчныг нөхөн сэргээгээгүй нөхцөл байдал /факт/-ыг шүүх нотлох баримтад тулгуурлан тогтоосон, үүний зэрэгцээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр 5082А,10810А тусгай зөвшөөрлүүдийн дагуу үйл ажиллагаа явуулсан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажиллаагүйгээс үзвэл шүүх уг үйл баримтуудыг дүгнэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэсэн үндэслэл бүрдсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

54. Иймээс, гуравдагч этгээдийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон тул Гацууртын БҮНБНҮ-г биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй байсан, ... Үнэлгээг 2010-2016 онуудад хийгдэх олборлолтын үйл ажиллагаанд үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх төлөвлөгөөг гаргах зорилгоор боловсруулсан, уг үнэлгээг хэрэгжсэн, эсхүл хэрэгжих боломжтой байсан эсэх нөхцөлийг авч үзээгүй, ... Үнэлгээг гол баримтаа болгон шийдвэрлэхдээ 10810А, 5082А тусгай зөвшөөрлүүдийг хамтад нь хүчингүй болгож, хууль хэрэглээний алдаа болон нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн, ... хуулийн 56.1-ийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэгтэй хамааралтай заалтыг хариуцагчийн үүрэгт хамаатуулан тайлбарлаж ...цуцлах үндэслэл болгосон нь шударга ёсны зарчимд үл нийцнэ” гэх агуулга бүхий гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

  • ... бусад асуудлын талаар:

55. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдээр олгогдсон уурхайн талбайд “... соёлын өв байгаа” гэх үйл баримтад холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

56. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “... “соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг”, 3.1.2-т “... “соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг” тус тус ойлгохоор, 5 дугаар зүйлийн 5.1-д “дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна: ...5.1.5.булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж”, 8 дугаар зүйлийн 8.1-д “түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтын түвшингээр нь улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалттай гэж зэрэглэнэ” гэж тус тус заасан, хэрэгт авагдсан Соёлын өвийн үндэсний төвийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай албан бичгээс үзвэл, 431А, 372А, 5082А, 10810А дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайд улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал соёлын өвийн нэгдсэн, бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон, иймд “соёлын өвийг хадгалах, хамгаалах” зорилгоор тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй байна.

57. Үүний зэрэгцээ, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д “хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэж зааснаас үзвэл, энэ маргааны тухайд “ашиглалтын талбай”-д маргаж байгаа учраас уг хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

58. Анхан шатны шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд “С М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саранцацралаас “... шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт” гаргасан байх ба шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдааны дэгийн дагуу өмнө нь “татгалзах” хүсэлт гаргаагүйг нь тайлбарлаж, уг хүсэлтийг хэлэлцээгүй болох нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно” гэж заасны дагуу хэргийн оролцогчоос уг үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхгүй тул энэ талаарх гуравдагч этгээдийн гомдлыг хүлээж авах боломжгүй,

59. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд “С М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын хяналтын журмаар гаргасан “... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0473 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...Соёлын өвийн хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5, 5.1.6, 5.1.8, 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.8, 6.1.11, 6.1.16, 27 дугаар зүйлийн 27.1” гэснийг хасч, “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд “С М” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                        Ч.ТУНГАЛАГ