Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02285

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02285

 

 

Эм Эй Эф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27ы өдрийн 182/ШШ2017/01810 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Эм Эй Эф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Анд интернэшнл ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 2 707 337 920 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амартүвшин, Н.Баатарцогт

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Данзандорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анд интернэшнл ХХК нь 2016 оны 02 сарын 02-ны өдөр 0016020215 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1 800 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд үндсэн зээл 1 798 200 000 төгрөг, зээлийн хүү 682 902 360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117 242 640 төгрөг, нотариатын төлбөр 22 000 төгрөг нийт 2 598 367 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2017 оны 06 сарын 06-ны өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүү 89 910 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 060 920 төгрөг, нийт 108 970 920 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд Анд Интернэшнл ХХК-аас 2 707 337 920 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203032689 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7 хороолол 301 байр А хэсэг тоотод байрлалтай 26,500 м.кв талбайтай, Үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203032690 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7 хороолол 301 байр Б хэсэг тоотод байрлалтай 26,500 м.кв талбайтай, Орон сууц, үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эм Эй Эф ББСБ-тай байгуулсан 16020215 тоот зээлийн гэрээний дагуу 1 800 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд 2 707 337 920 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын эдийн засгийн хямралт байдал барилгын салбарт нөлөөлж орон сууцны борлуулалт зогссон, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон зэрэг шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлт удааширч энэ тухай Эм Эй Эф ББСБ-д олон удаа бичгээр хандаж, зөвшилцөх санал тавьсан. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Анд интернэшнл ХХК-иас 2,525,072,800 /хоёр тэрбум таван зуун хорин таван сая далан хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эм Эй Эф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 182,265,120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Улсын бүртгэлийн Ү-2203032689 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000465016 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7 хороолол 301 байр, А хэсэг тоот хаягт байрлах, 26500 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2203032690 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000465015 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7 хороолол 301 байр, Б хэсэг тоот хаягт байрлах, 26500 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 149 785 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Анд интернэшнл ХХК-иас 12 783 314 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эм Эй Эф ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүй хасч шийдвэрлэсэн тул өөрчлөлт оруулж, нэхэмжилсэн 2 707 337 920 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн төлбөрийг буруу тодорхойлсон байхаас гадна гүйцэтгэх хугацаа нь болсон үүрэгт хамааралтай Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй, хууль болон гэрээнд заагаагүй үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосныг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Эм Эй Эф ББСБ ХХК нь хариуцагч Анд-Интернэшнл ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 2 707 337 920 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 0016020215 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Эм Эй Эф ББСБ ХХК нь 1 800 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэгч Анд-Интернэшнл ХХК-д зээлдүүлэх, зээлийг хугацаандаа төлөөгүй хэтрүүлсэн тохиолдолд сарын үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байхаас гадна энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор улсын бүртгэлийн Ү-2203032689 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000465016 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7 хороолол 301 байр, А хэсэг тоот хаягт байрлах, 26500 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2203032690 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000465015 тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7 хороолол 301 байр, Б хэсэг тоот хаягт байрлах, 26500 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангажээ.

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид 1 800 000 000 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй ба гэрээний 1.2-т заасан тохиролцооны дагуу 0.5 хувийн шимтгэл тооцож, нийт 1 791 000 000 төгрөгийг зээлдэгчийн Төрийн банкин дах дансанд шилжүүлсэн /хх-ийн 21-25/ нь тогтоогдож байгаа боловч хариуцагч нь 0.5 хувийн шимтгэл тооцсон гэрээний 1.2 дах заалтын талаар болон зээлийн гэрээний зүйлийг дутуу шилжүүлсэн эсэх асуудлаар маргаагүй тул үндсэн зээлийг 1 800 000 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

Зээлийн гэрээний 3.1.4-т Зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүүг энэ гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн хугацаанд, эсхүл гэрээний 1.1 дүгээр зүйлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд оногдох гэрээний 1.1-д заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

Зээлдэгч нь гэрээний хугацаанд эргэн төлөх хуваарийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 54 000 000 төгрөгийн зээлийн хүү, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 57 600 000 төгрөгийн зээлийн хүү тус тус төлж, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт нийт 1 852 200 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлж дуусгахаар тохиролцсон боловч эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2016 оны 04 дүгээр сарын 13-нд 126 000 000 төгрөг төлсөн ба зээлдүүлэгч нь үүнээс зээлийн хүүд 111 600 000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 14 400 000 төгрөг тус тус тооцсон нь гэрээ болон хууль зөрчөөгүй, энэ талаар хариуцагч маргаагүй байна.

Мөн хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 52 200 000 төгрөг төлсөн ба үүнээс зээлдүүлэгч нь үндсэн зээлд 1 800 000 төгрөг, зээлийн хүүд 50 400 000 төгрөг тус тус тооцсон бичилтийг зээлдэгчийн зээлийн дансны хуулганд хийснийг хариуцагч мөн зөвшөөрч маргаагүй байна.

Ийнхүү хариуцагч нийт 178 200 000 төгрөгийг төлсөн байхад шүүх 232 200 000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. /хх 41-44/

Дээрх байдлаар зээлдэгч нь үндсэн зээлээс 1 800 000 төгрөг, үндсэн зээлийн хүүд 162 000 000 төгрөг, эргэн төлөх хуваарийг зөрчиж гүйцэтгэсэнд тооцсон нэмэгдүүлсэн хүү 14 400 000 төгрөгийг тус тус төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 1 798 200 000 төгрөг үлдсэн байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Эм Эй Эф ББСБ ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 2 сар, 4 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 115 084 800 төгрөг болох бөгөөд хариуцагчийн хугацаа хэтрүүлж 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 54 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэх тул үндсэн зээлийн үлдэгдэл 1 744 200 000 төгрөг болох ба үүнээс хойш шаардлагаа нэмэгдүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 12 сар, 19 хоног хэтэрсэн хугацааны хүү 661 051 800 төгрөг болно.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд 1 744 200 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 776 136 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 227 320 төгрөг, нийт 2 675 563 920 төгрөгийг хариуцагч Анд-Интернэшнл ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Эм Эй Эф ББСБ ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос ...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүй хасч тооцсон... гэх үндэслэлийг хүлээн авч, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2 525 072 800 гэснийг 2 675 563 920 гэж, 182 265 120 гэснийг 31 774 000 гэж 3 дах заалтын 12 783 314 гэснийг 13 535 769 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Эм Эй Эф ББСБ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 069 280 төгрөгийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ