Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01921

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01921

 

 

 

 

Ц.Бумцэндийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01491 дүгээр шийдвэртэй, Ц.Бумцэндийн нэхэмжлэлтэй Шинжлэх ухаан тенологийн их сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Бумцэнд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаалаар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Санхүү, эдийн засгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Энэхүү тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 46 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.12.6, 4.12.8, 9.2 сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт, Ректорын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, Авилгатай тэмцэх газрын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 05/1067 тоот албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтуудыг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Ректорын тушаалд тусгасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.3 дахь хэсэгт заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үйлдлийг нэхэмжлэгч гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байхад ажил олгогч энэ хуулийн 131.1.3-т заасан заалтыг үндэс болгож урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас шууд чөлөөлсөн нь хууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дотоод дүрэм журмыг зөрчсөн. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректор Б.Очирбат, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв нар ажлаас халагдах ямар ноцтой зөрчил гаргасан талаар тодорхой тайлбар мэдээллийг бичгээр болон амаар танилцуулаагүй. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректор, удирдлагын зүгээс Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргааны бүх газар алба, нэгжүүдийн 2016 оны албан тайланг хэлэлцүүлэх, ажлын үр дүнг үнэлэх дүгнэх ажлыг зохион байгуулаагүй. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.12.8 дахь заалтад проректорууд болон санхүүгийн албаны даргыг томилох, чөлөөлөхөд Удирдах зөвлөлтэй, ... зөвшилцөн шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн баталсан. Уг төсвийн төслийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректор, Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан проректорт удаа дараа танилцуулж санал зөвлөмжийг авч тусгасан бөгөөд Ректорын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлэн сайжруулж Удирдах зөвлөлийн хуралд оруулахаар тогтсон. Удирдах зөвлөлийн хурлаар төсвийн төсөлтэй холбоотойгоор гишүүд санал, шүүмж, дүгнэлтийг гаргаж байсан бөгөөд эдгээрийг тусган төсвийн төслийг баталсан. Тус хурлаар манай Санхүү, эдийн засгийн албаны ажлын тайлан, үр дүнг дүгнэх, ажлын байр, орон тооны асуудал хурлын төлөвлөгөөнд тусгагдаагүй болон хэлэлцэгдээгүй. Удирдах зөвлөлийн хурлаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2016 оны сургалт, эрдэм шинжилгээ, санхүү, захиргааны ажлын тайланг авч хэлэлцсэн бөгөөд Хангалттай сайн гэж үнэлсэн. Ректорын тайланд тусгагдсан санхүү, эдийн засгийн тайлангийн төслийг манай албанаас боловсруулан хүргүүлсэн бөгөөд энэ нь бидний үйл ажиллагааг давхар үнэлсэн. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүү, эдийн засгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны талаарх мэдээллийг Авилгатай тэмцэх газраас авсан бөгөөд үүнд Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректорт томилох чөлөөлөх асуудлын талаар танилцуулаагүй, зөвшилцөн шийдвэрлээгүй байна. Иймд ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр ажлаас халсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймээс Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Б.Очирбатын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 тушаалыг хүчингүй болгох, Санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Бумцэнд нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2, хөдөлмөрийн гэрээний 8.2.4-д заасан их сургуулийн санхүү эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан төдийгүй сургуульд их хэмжээний хохирол учруулж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон учир Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректорын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаар Ц.Бумцэндийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгож зөрчил тус бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй, 15.4.1-т Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондын хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж заасан. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа хариуцлагагүй хандаж, дотоод аудитор Г.Бэлэгтэд тэтгэмж давхардуулан 21 551 400 төгрөг олгож, Ректорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл, Захиргаа, бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, зөрчил дутагдал гарсан тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээг тодорхойлох, хариуцлага тооцох талаар хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Рөкторын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/134 тооот тушаалаар 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээж байсан. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректороор ажиллаж байсан Д.Батчулуунтай тохиролцож, өөрийгөө тэргүүний нягтлан бодогч болох боломжтой гэсэн ойлголтыг төрүүлж мэргэшсэн нягтлан бодогчдын институт төрийн бус олон нийтийн байгууллагын шинэ жилийн баярын цэнгүүнийг төсвийн хөрөнгө болох 1 900 000 төгрөгөөр ивээн тэтгэсэн үйлдэл нь илт эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлсэн. Ц.Бумцэнд гэмт үйл ажиллагаагаа нуух зорилгоор урилгын үнэ гэж зориулалтыг өөрчлөн мэргэшсэн нягтлан бодогчийн институтэд мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон. Ц.Бумцэндийн ашигласан 1 900 000 төгрөг санхүүгийн баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон, ажлаас халах сахилгын шийтгэлтэй үр дагавар, шалтгаант холбоогоор холбогдож байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Тэрээр Хэрэглээний стандарт гэх чөлөөт сэтгүүлийн нүүрэнд өөрийнхөө зургийг нийтлүүлж, сурталчилгааны үнэд тус сэтгүүлийн Хаан банк ХХК-ийн 5020649320 тоот дансанд 3 000 000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн санхүүгийн ажилтнуудын санхүүгийн боловсрол сэдэвт семинарын 50 хүний төсөв 3 300 000 төгрөгөөс бэлнээр 1 908 500 төгрөгийг авсан. Монголын үндэсний аудитын газраас Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн ажлын тайланд захиргааны нэгжүүд болон бүрэлдэхүүн сургуулиудын хооронд уялдаа муутай, зарим статистик тоо мэдээг зөрүүтэй нэгтгэсэн. Санхүү хөрөнгийн нөөцөөр бүрэн хангагдсан ч санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм журмыг шинэчлээгүй, Улсын төсвөөс авах санхүүжилтийг багасгах тооцоо гаргаагүй. Сургалтын төлбөрийг хэрхэн тооцох талаар журам аргачлал баталж мөрдөөгүй нь түүний ажил хариуцах сахилга, хариуцлагатай холбоотой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчин тендер зарлаагүй, үнэлгээний хороо байгуулаагүй оролцогчдод мэдэгдээгүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зөрчлийн талаар 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 83 тоот албан бичиг, 2007 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 144 дугаартай албан бичигт тодорхой бичсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бумцэндийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45 660 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бумцэндэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.Бумцэндийн болон хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд даалгаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 386 253.25 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо: Ц.Бумцэндийн ажлын байранд хийгдэх, ажлын гол зорилго нь ШУТИС-ийн төсвийг зориулалтын дагуу хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавих, санхүүгийн сахилгад хяналт тавих, захиргаа, бүрэлдэхүүн сургуулиудын санхүүгийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, санхүүгийн зөрчил дутагдал гаргуулахгүй байх талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, ... зөрчил дутагдал гаргасан тохиолдолд түүнийг арилгах арга замыг тодорхойлох, хариуцлага тооцох талаар боловсруулж удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх болон бусад ажлыг хийж хүлээсэн. Ц.Бумцэнд дээрх ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлснээс дотоод аудитор ПБилэггэд тэтгэмж давхардуулан олгож сургуульд 21 551 400 төгрөгийн хохирол учруулсан зөрчлийг гаргасан учир түүнд 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг, Үндэсний аудитын газраас ШУТИС-ийн 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг хугацаа хожимдуулж сургуулийн удирдлагад танилцуулсан үйлдэлд нь тус тус ногдуулсан. Ц.Бумцэндийн гаргасан зөрчлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, зөрчлийг үргэлжилсэн үйлдлээр гаргаж байсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй тул түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч тайлбарлаж, нотолсоор байхад шүүх ажилтан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан гэх хоёр үндэслэлийн алинаар Ц.Бумцэндтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгааг тодорхой заагаагүй гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийснээр шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх зарчимтай нийцээгүй болно.

Ц.Бумцэндийг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б-273 тоот тушаалаар Санхүү эдийн засгийн албаны даргаар жинхэлнэ ажиллуулах болсноор түүнтэй 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн бүтцийн өөрчлөлтөөр СЭЗА нь, СЭЗГазар болсноор нэрний хувьд өөрчлөгдөж тус албаны болон даргын хийж гүйцэтгэх ажлын чиг үүрэг хэвээр үлдсэн, мөн өмнөх хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан учир дахин шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй байсан. Гэтэл шүүх Санхүү эдийн засгийн албаны даргын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж буруу дүгнэлтийг хийсэн.Түүнчлэн Ц.Бумцэнд нь Хэрэглээний стандарт нэртэй сэтгүүлийн нүүрэнд өөрийн зургийг нийтлүүлж, сурталчилгааны үнэнд гэж тус сэтгүүлийн Хаан банк ХХК-ийн 5020649320 дугаартай дансанд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөгийг шилжүүлж төсвийн мөнгийг өөрийн эрх ашгийн тулд зарцуулсан, ШУТИС-ийн санхүүгийн ажилтнуудын санхүүгийн боловсрол сэдэвт семинарын төсвөөс 1 908 500 төгрөгийг бэлнээр авсан, өөрөө мэргэшсэн нягтлан бодогч болохын тулд Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн шинэ жилийн цэнгүүнийг төсвийн мөнгөөр ивээн тэтгэх зэргээр албан тушаалын байдлаа ашиглан төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхгүй, хууль болон гэрээ бусад дүрэм журмаар хүлээсэн албан тушаалын үүргээ зөрчих байдлыг удаа дараа гаргаж байсан талаарх нотлох баримтанд шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй юм. Иймд анхан шатны шүүхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж хуулийг зөв тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлээгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хуулиар олгосон эрхийг зөрчсөн, мөн нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх оролцогчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож хэрэг, маргааныг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Бумцэнд нь хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ц.Бумцэнд нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын тушаалаар 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс Санхүү, эдийн засгийн газрын албаны даргын албан тушаалд томилогдож, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримт нь ажилд томилсон тушаал, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 55-56, 177-179 дүгээр тал/

Ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.12.6, 4.12.8, 9.2, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт, Ректорын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, Авилгатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05/1067 тоот албан бичгийг тус тус баримталсан байна. /хх-ийн 175-176 дугаар тал/

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ тайлбарлахдаа Ц.Бумцэнд нь удаа дараа сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдаж байсны зэрэгцээ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2, хөдөлмөрийн гэрээний 8.2.4-д заасан их сургуулийн санхүү эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан төдийгүй сургуульд их хэмжээний хохирол учруулж, сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдсон гэжээ.

Тэрээр Ц.Бумцэнд нь ... төсвийн хөрөнгө болох 1 900 000 төгрөгөөр мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн шинэ жилийн баярын цэнгүүнийг ивээн тэтгэсэн, Хэрэглээний стандарт гэх чөлөөт сэтгүүлд өөрийнхөө зургийг нийтлүүлж, сурталчилгааны үнэд төсвийн хөрөнгөөс 3 000 000 төгрөг шилжүүлсэн, семинарын төсөв болох 3 000 000 төгрөгийн 1 908 500 төгрөгийг хувьдаа авсан нь Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж маргаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Г.Бэлэгтэд тэтгэмжийг давхардуулан олгож байгууллагад 21 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь ректорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2013-2015 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг хугацаа хожимдуулж сургуулийн удирдлагад танилцуулсан, ажлын байрны тодорхойлолтод заасан хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/134 дугаар тушаалаар тус тус сануулах арга хэмжээ авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй, сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй учир уг шийтгэл ногдуулсан тушаал хүчин төгөлдөр болсон.

Харин нэхэмжлэгчийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын зөвлөлийн хуралд Санхүү, эдийн засгийн албаны даргын хувьд сургуулийн санхүүгийн үйл ажиллагааны болон өөрийн ажлын тайланг тавих, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй тус хурлыг тасалсан зөрчил гаргасан гэж тайлбарлах боловч 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын зөвлөлийн хурлын 2-р тэмдэглэлээс үзвэл тухайн хурлын хэлэлцэх асуудалд санхүүгийн албаны болон Ц.Бумцэндийн тайланг хэлэлцэх асуудал, энэ талаар түүнд үүрэг өгөгдсөн зэрэг байдал нь тогтоогдоогүй, мөн энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул ажилтныг хариуцагчийн тайлбарт дурдсан зөрчлийг гаргасан, тухайн зөрчлийг ажил олгогчийн зүгээс шалгаж тогтоосон болох нь нотлогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцэхгүй хууль бус болжээ.

Хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Бумцэндэд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хүлээж авах боломжгүй.

Ц.Бумцэнд нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатад 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон, тухайн итгэмжлэлийн хугацаа дууссанаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг шүүхэд хожим ирүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 254 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ