Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00303

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00303

 

 

П.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02605 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Баттулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох

 

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 3 дугаар баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 3 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Саранцацрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баясгалан

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Буянжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч П.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Баттулга нь Зорчигч тээврийн нэгтгэлийн 3 дугаар баазад 2002 онд автобусын жолоочоор ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй. 2015 онд тэрээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт үүрэг хүлээн 3 дугаар баазынхаа орон тооны бус хорооны даргаар ажиллах болсон. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байхдаа зүрх нь өвдөж 3 дугаар эмнэлэгт 103 дуудлагаар хүргэгдэн очиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Нэхэмжлэгчийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс нийт 49 хоног ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Иймд өмнө нь эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалин буюу ажлаас халсан өдөр болох 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажлын 88 хоногийн цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч П.Баттулга нь 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаар тушаалын дагуу жолоочоор ажилд орж, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1868 дугаар тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/1501 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу жолоочоор ажилд авсан. Тэрээр 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл зүрхний өвчтэй гэсэн оноштойгоор 2 удаа 16 хоногийн акт авч, лист бичүүлсэн. Харин 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 49 хоног хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.17, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасныг тус тус үндэслэн тушаал гаргасан. П.Баттулгыг Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ямар нэгэн байдлаар дарамт үзүүлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй. Түүнийг өөрийн хүсэлтийн дагуу ажилд эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 дугаар хэсэгт автобусны жолоочоор ажиллуулсан. Эхний 2 удаагийн лист хуулийн дагуу байсан учир листийн дагуу цалинг нь олгосон. Нэхэмжлэгч 6 дугаар сарын 3-ны өдрөөс хойш үргэлжлүүлээд акт, листээ өгөөгүй. Түүнийг 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс хойш ирэхгүй байхаар нь ажлаас халахдаа хүний нөөцийн алба болон хэсгийн даргаас ажилдаа яагаад ирэхгүй байгааг тодруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэсэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1 хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч П.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Баттулга улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус нэгтгэлийн 3 дугаар баазын Үйлдвэрчний эвлэлийн холбооны орон тооны даргаар сонгогдон ажилласан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр орон тооны даргын ажлаа болиод орон тооны бус даргын сонгуульт үүрэг хүлээн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Орон тооны бус даргаар ажиллаж байгаа тул Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.3 дахь хэсэгт зааснаар хуучин ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчийг хуучин ажилд нь ажил олгогч 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Б/1501 тоот тушаалаар ажиллуулахаар болсон. Гэтэл шүүгч нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тус хорооны дээд байгууллага болох МТХГТАҮЭХ-ны 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 84 тоот тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлээгүй атлаа хариуцагчийн гаргаж өгсөн 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Б/1501 тоот тушаалыг үнэлсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасан хориглосон хэмжээ зөрчигдсөн гэж үзэж байгаа болно. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалаар батлагдсан эмнэлгийн хуудас олгох заавар нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 299/125 дугаар тушаалаар хүчингүй болсон байхад шүүгч хүчингүй эрх зүйн актыг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон нь хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэнгүй гэж үзэж байна. Монгол улсын хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайдын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журмын 2.16.1-т зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17.1.2-т хэсэгт заасан даатгуулагч нь ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд 91 хоногийн эмнэлгийн хуудас олгоно гэсэн болохоос эмчийн магадалгааг өгнө гээгүй. Эмнэлгийн хуудас олгох журам нь хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авахтай холбоотой харилцааг зохицуулахад шаардагдана. Нэхэмжлэгч эмнэлгийн хуудас заавал авах ёстой үүргийг ямар нэгэн эрх зүйн актаар хүлээгээгүй. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т заасан эмчийн магадлагааг нэхэмжлэгч заавар журмынх нь дагуу авсан нь үнэн болно. Эрүүл мэнд, нийгэм хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт буюу эмнэлгийн магадалгаа гаргах журмын 2.1.1, 4.1-т заасан асуудлаар эмч дангаар магадалгаа гаргаж болох ба энэ тохиолдолд өөрийн албан тушаал, овог нэрийг бичиж, гарын үсгээ зурж, хувийн тэмдгээ дарж баталгаажуулна" гэж заасан байгааг нэхэмжлэгч зөрчөөгүй болно. Гагцхүү Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нар хариуцагч байгууллагын даргын хууль бус үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэлийн бага хурал зарласантай холбоотойгоор түүнийг ажлаас халсан гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т заасан үйл баримт тогтоогдоогүй, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байхад түүнийг ажлаас халсан нь хуульд нийцээгүй байна. Иймд Ханул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02605 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

Нэхэмжлэгч П.Баттулга нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулан тус нэгтгэлийн 3 дугаар баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 3 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...нэхэмжлэгч П.Баттулга 49 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан байна.

 

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/648 дугаар тушаалаар П.Баттулгыг тус нэгтгэлийн тээвэрлэлт, үйлчилгээний албаны 3 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочийн албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ХГ133032 дугаар хөдөлмөрийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хх-ийн 3/

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.5, Хөдөлмөрийн гэрээний 5.1.6-д заасныг үндэслэсэн байна.

 

Хэргийн 23-24 дүгээр талд эмнэлэгийн хуудас нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг баримтаар нэхэмжлэгч П.Баттулга 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл амбулатороор 7 хоног эмчлүүлсэн, мөн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 8 хоног СБНЭ эмнэлэгт эмчлүүлсэн болох нь тогтоогдож байна. Дээрх баримтыг үндэслэн лист олгогдож, нэхэмжлэгч тэтгэмж авсан болох нь тогтоогджээ. Харин ажил олгогч байгууллага нэхэмжлэгчийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдөр, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй байсан гэсэн баримтыг хууль бус гэж үзэж, уг хугацаанд түүнийг ажил тасласан гэж үзсэн байна.

 

Хэрэгт нэхэмжлэгчийг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 6 дугаар сарын 9, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тус тус өвчтэй байсан болохыг нотолсон Санколл өрхийн эрүүл мэндийн төв, БГБХН-ийн эмчлэгч эмч Ц.Даваасүрэн, Б.Булган нарын хувийн тэмдэг дарагдсан баримт авагдсан байх бөгөөд уг эмнэлэгийн баримтад амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмчийн овог, нэр бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй болно.

Дээрх баримт нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлэгийн магадлагааг гаргах нийтлэг журмын 4.5-д эмнэлэгийн магадлагаа засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлэгийн байгууллагын эрх баригч нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Харин анхан шатны шүүх хүчингүй болсон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2013 оны 38/66 дугаар тушаалыг баримталж дүгнэсэн нь зөрчилтэй болжээ. Талууд Хөдөлмөрийн гэрээний 5.1.6, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.5-д тус тус заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлахаар заасан байна.

Иймд ажил олгогч байгууллага нэхэмжлэгч П.Баттулгыг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасласан гэж үзэж түүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалттай нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ нэхэмжлэгч талаас гаргасан Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаар тодорхойлолтыг үнэлээгүй гэсэн байна.

Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.2 дахь хэсэгт Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заажээ. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж заасан байх тул талуудын хүсэл зоригийн илэрхийллээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаанд тохиролцсон тохиролцоог дээрх хуулийн заалтад хамааруулан үзэх боломжгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Баттулга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО