Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02396

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02396

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/01904 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ ХХК-д холбогдох

 

Орон сууцны талбайн зөрүү 5 543 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...ХХХ "ХХХХ" ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, ХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ХХХХ дүгээр байрны ХХХ тоотод байрлах 78,71 мкв орон сууцыг мкв-ийг нь 2 300 000 төгрөгөөр тооцон нийт 181 033 000 төгрөгөөр орон сууцыг захиалсан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигчдын хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус орон сууц 76,30 мкв болох нь тогтоогдож, анх захиалсан хэмжээнээс 2,41 мкв дутуу гарсан байна. Дутуу гарсан хэсэгт оногдох төлбөр 5 543 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Тус орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэж хүлээж авсан бөгөөд тус байрыг хүлээж авахдаа метр квадратын зөрүүтэй байгаа талаар хариуцагч тай тохиролцон ХХХХ ХХК-иар 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэмжилт хийлгэхэд 2,9 мкв-аар дутуу гарсан. 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр "ХХХХ" ХХК-ийн удирдлагад энэ талаар мэдэгдсэн ба хариуцагч байгууллагын хяналтын инженер ХХХ дүгнэлт гаргаж, мкв-ийн зөрүү байхгүй гэж албан ёсны хариу өгсөн. Нэхэмжлэгч тал 2015 оны 6 дугаар сарын 28-ний өдөр буюу 3 сарын дараа эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн. Хугацааны талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу тайлбарлаж байгаа бөгөөд манай талаас хуулийн хугацаанд эд хөрөнгийн доголдлыг илрүүлж, "ХХХХ" ХХК-д мэдэгдсэн. "ХХХХ" ХХК-иас өгсөн хариуг зөвшөөрөхгүй байсан тул шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1, 254.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслээд дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ болох 5 543 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Нэхэмжлэгч тус байрыг 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр захиалсан гэсэн тайлбар гаргасан. Тус байрыг улсын комисс хэзээ хүлээж авсан талаар шүүхийн журмаар архиваас нотлох баримт гаргуулсан ба байрыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байрыг улсын комисс хүлээж авсан байдаг. ХХХыг гэрээ байгуулсан гээд байгаа тухайн цаг хугацаанд байр ашиглалтанд орсон байсан бөгөөд бэлэн байрыг түүнд худалдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ юм. Нэхэмжлэгч ХХХ нь 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байрыг хүлээж авсан бөгөөд тус байрны мкв-ийн зөрүүтэй байгаа асуудлын талаар 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн гэж нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ тайлбарласан. Тус үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 3 дугаар сарын 4-ний гаргуулан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Худалдах, худалдан авах гэрээ тул Иргэний хуулийн дагуу уг асуудлаао 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Хариуцагч "ХХХХ" ХХК-д доголдын талаар мэдэгдсэн эсэх талаар тодорхой мэдэхгүй байна. "ХХХХ" ХХК-ийн зүгээс хэмжилт хийсэн удаа байхгүй, нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ХХХХ ХХК-иас 5 543 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХ ХХК-иас 103 638 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХад олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан гомдолын шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэгч гомдлоо гаргасан байна гэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, хавтаст хэрэгт байгаа "ХХХХ" ХХК-ийн инженер ХХХ болон ХХХ нарын гарын үсэгтэй бичгийн баримтыг үндэслэсэн нь буруу бөгөөд уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, дээрх хүмүүсийн "хариу" гэх бичгийн баримт нь хариуцагч компанид албан ёсоор хандсан гэх үндэслэл болохгүй. Хариуцагч компани нь байрны мкв-ийн зөрүүтэй байгаа асуудлын талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авснаар албан ёсоор мэдсэн. Анхан шатны шүүх тухайн байрны тагтны талбайг орон сууцны талбай тооцох стандарттай нийцүүлэн тайлбарлуулах гэсэн хариуцагчийн хүсэлтийг үл харгалзан хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуульд заасан эрхийг зөрчиж байна. Иймд тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 5 543 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдан авагчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар гарган маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч буюу ХХХ нь ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дүгээр байрны ХХХ тоот 78,71 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалж төлбөрийг төлөх, хариуцагч буюу ХХХ ХХК нь уг барилгыг 2015 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцсон байна. Талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч байгууллагын барьсан орон сууцнаас сонгож, үнийг нь төлсөн байх тул анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах гэрээгээр тохирсон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч энэ хэмжээний хувьд доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан бол гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэг худалдагчид үүснэ.

 

Хариуцагч байгууллага нь тухайн орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгч ХХХад хүлээлгэн өгсөн эсэх асуудлаар зохигчид маргаагүй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хариуцагч ХХХ ХХК-д талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаар мэдэгдэж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 115-116 тал/ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ХХХ нь гомдлын шаардлага гаргах хугацааны дотор доголдлыг илрүүлж, хариуцагчид мэдэгдсэн байх тул хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлагаа гаргасан гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтийг үндэслэн ХХХХ ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг 76,3 м.кв гэж тогтоосон байна. /хх-ийн 70-76 тал/ Энэ нь талуудын анх тохиролцсон хэмжээнээс 2,41 м.кв-аар дутуу байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг бүрэн хангаж, хариуцагчаас 5 543 000 төгрөг /2,41*2 300 000=5 543 000/ гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч ХХХ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/01904 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО