Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01545

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01545

 

 

Д ХХК, Т ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/01759 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д ХХК, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д ХХК-д холбогдох

 

Гуравдагч этгээд: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Газрын алба

Д ХХК-ийн худалдаж авсан барилгын доорх 297 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтангэрэл

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д ХХК, Т ХХК-ууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н. Эрдэнэсайхан / Т ХХК-ийн захирал/ би иргэн С.Баярт / Д ХХК-ийн захирал/-тай 2009 оны 3 дугаар сард харилцан тохиролцож, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 хаягт байрлах, 780 м.кв талбайтай, 3 давхар, 20 өрөө бүхий буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 275 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болоход С.Баярт нөгөө 3 давхар объект үл хөдлөхийн гэрчилгээ нь манай төрсөн дүү С.Чимэдгаадангийн Драгон констракшн гэдэг компанид бүртгэлтэй миний хөрөнгө байгаа юм. Тэгэхээр Д ХХК, С.Чимэдгаадантай худалдах, худалдан авах гэрээг хийчих, тэгээд үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлэхэд зардал, хугацаа их шаардах учраас Д ХХК-ийг чиний нэр дээр шилжүүлчихвэл хөрөнгө чинийх болно" гэсэн. Үүний дараа Т ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан, Д ХХК-ийн захирал С.Чимэдгаадан нарын хооронд 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар гэрээг байгуулснаас хойш 4 хоногийн дараа буюу 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр С.Чимэдгаадантай эрх шилжүүлэх, компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг байгуулж, Д ХХК-ийн хувьцааг хувь болон бусад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бүх эрхийг шилжүүлэн, 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Н.Эрдэнэсайхан миний бие "Драгон констракшн" ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд С.Баяртай тохиролцсон үндсэн тохиролцооны дагуу миний бие 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдөр түүний төрсөн дүү С.Чимэдгааданд 260 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Мөн Д ХХК-ийн буудал худалдан авсны үлдэгдэл тооцоог 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2010 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үлдсэн мөнгийг Д ХХК-ийн нягтлан бодогч болон холбогдох санхүүгийн ажилтанд бэлнээр хүлээлгэн өгч үнийг бүрэн төлсөн.

 

Гэрээний 7 дэх хэсэгт заасан газрын гэрчилгээ, зөвшөөрөл, захирамжийг гаргаж өгнө гэсэн нь өдий хүртэл биелэгдээгүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 2009 онд уг газар эзэмших эрх нь Дөрвөн луу ХХК-д Нийслэлийн Засаг даргын захирамжаар 5 жилээр олгогдсон байсан, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжаар Д ХХК нь газар эзэмших эрхтэй болсон 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дөрвөн луу ХХК-ийг Д ХХК-д нэгтгэсэн байдаг. Одоо бодит байдал дээр Д ХХК-ийн зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барилга нь Д ХХК-ийн эзэмшдэг газар дээр байгаа тул "Драгон констракшн" ХХК нь газар эзэмших, ашиглах эрхтэй болохыг шүүхээр тогтоолгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д "эрхийг хүлээн зөвшөөрөх" гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээж өгөхийг шүүхээс хүсэж байна. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг болно гэж заасны дагуу Д ХХК-ийн худалдаж авсан барилгын доорх 297 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан нь 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тухайн үеийн Д ХХК-ийн захирал байсан С.Чимэдгаадантай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Одоогоор тухайн байгууламжийн 1 дүгээр давхар Авто тээврийн Үндэсний төвийн нэр дээр хэвээр хадгалагдаж байгаа буюу 1 давхрыг И.Эрдэнэсайхантай байгуулсан гэрээгээр худалдаагүй. Тухайн байгууламж нь Драгон констракшн" ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжээгүй юм. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1 дэх хэсэгт ...780 м,кв , 3 давхар 20 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ гэж заасан ба газрын хамт гэсэн бичиг агуулга байхгүй. Мөн 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээгээр Д ХХК-ийн дүрмийн сангийн 100 хувийн болон компанийн эрх, үүргийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тухайн барилга байгаа газрыг Д ХХК эзэмших эрхтэй болох нь Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0232180 дугаар гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, ийнхүү газар эзэмших эрх нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамж, газар эзэмшүүлэх 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээнд үндэслэгдсэн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар захирамжаар тус нэгж талбарыг 2400 м.кв, 11703 м.кв хэмжээ бүхий 2 нэгж талбар болгон хувааж, "Драгон холдинг" ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжаар "Драгон холдинг" ХХК-ийн 2400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар болон гуравдагч этгээд Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02-04/5967 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Ийнхүү худалдаж авсан барилгын доорх газар эзэмших, ашиглах эрх нь захиргааны актаар "Драгон холдинг" ХХК-д байсаар байтал нэхэмжлэгч компани захиргааны актын талаар Иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Газрын тухай хуулийн 21.2.3-т зааснаар иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх, үүргийг Нийслэлийн Засаг даргад олгосон байгаа ба нэгэнт хүчин төгөлдөр захиргааны акт байсаар байтал Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймээс "Драгон констракшн" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд нийтийн тээвэр, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1.4 га газрыг ашиглах эрхийг 4 жилийн хугацаатай олгож, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 179 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2011 оны 904 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг "Драгон холдинг" ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны А.417 дугаар захирамжаар "Драгон холдинг" ХХК-ийн эзэмшил газрыг 2400 м.кв болон 11 703 м.кв хэмжээ бүхий 2 нэгж талбар болгон хувааж иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Иргэний хуулийн 84.3, 85.2, мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д тус тус зааснаар шүүхээс "Драгон констракшн" ХХК, "Тэнгэрийн тэмдэг" ХХК болон хариуцагч "Драгон холдинг" ХХК-ийн хооронд байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд газартай холбоотой үүрэг хүлээсэн эсэхийг тодруулж, өмчлөгчийг тогтоосны үндсэн дээр тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, эсхүл хамтран өмчлөгчөөр бүртгэх боломжтой. Иймд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гуравдагч этгээдийн эзгүйд буюу байлцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Тэнгэрийн тэмдэг-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн нь хариуцагч Д ХХК-д холбогдох Д ХХК-ийн худалдаж авсан барилгын доорх 297 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Д ХХК-д холбогдох "Драгон констракшн" ХХК-ийн худалдаж авсан барилгын доорх 297 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 05, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот дансанд төлсөн нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: С.Чимэдгаадан захиралтай Д ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 780 м.кв талбай бүхий 3 давхар барилгыг газрын хамт 275 000 000 төгрөгөөр худалдах хүсэлтийг Т ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан тавьж амаар хэлцэл хийн тохирсны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх, хувьцааг худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулж, Д ХХК-ийн хувьцааг 100 хувь, үл хөдлөх хөрөнгө болох 3 давхар барилгын зоорийн хэсгийг, 2 3 дугаар давхрыг хууль, дүрмийн дагуу худалдаж авсан. Д ХХК-ийн захирал С.Баярт нь амаар хийсэн хэлцэл хийж худалдагдсан 3 давхар барилгын газар эзэмших эрхийн бичгийг шилжүүлэхгүй байсан тул Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргаж байсан бөгөөд 2016 онд тус газраас Драгон холдинг" ХХК-аас ирүүлэх баримт материал дутуу байх тул асуудлыг шийдвэрлэх бололцоогүй байна. Иймд шүүхэд хандаж асуудлаа шийдүүлнэ үү" гэсэн хариу өгсөн. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь:

1. Д ХХК-ийн захирал С.Баярт, Д ХХК-ийн захирал С.Чимэдгаадан нар төрсөн ах дүү худалдсан З давхар барилгын газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа нь анхнаасаа хууран мэхлэх, залилах санаатай байсан нь иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх маргаан мөн гэж үзэж байна.

2. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.7, 102 дугаар зүйлийн 102.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан заалт байхад анхан шатны шүүх шийдвэрээрээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх гэсэн хуулийн дагуу өөрийн үл хөдлөх хөрөнгө болох барилгын доорх 297 м.кв талбайг ашиглах, эзэмших эрхтэй болохыг тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг нягтлан шалгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Бид одоо зөвхөн өөрийн өмчийн барилгын доорх газрыг эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл хуулийн тодорхой заалтууд байсаар байтал хэрэглэсэнгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Д ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан миний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 184/ШШ2019/01759 дугаар шийдвэрийг хянан хэлэлцэж эзэмшиж байгаа хөрөнгө болох барилгын доорх газар эзэмших эрхийн асуудлыг зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан худалдан авсан барилгын доорх 297 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ... хариуцагч биш, ... төрийн өмчийн газар учир зохих байгууллагад нь газар эзэмших хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой ... гэх үндэслэл заан маргажээ.

Т ХХК, Д ХХК-ийн хооронд 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, мөн сарын 24-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан, гэрээний дагуу Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 780 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зоорийн давхрын болон 2, 3 давхрын талбайг, Д ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон эрх, үүргийг Т ХХК-ийн захирал С.Чимэдгааданд шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх худалдах-худалдан авах гэрээ, гэрээний талуудын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон байна. /1хх 5-6/ Зохигчид дээрх үйл баримтад маргаангүй, харин худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө бэхлэгдсэн газрыг эзэмших, ашиглах эрхийн талаар маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд Т ХХК, Д ХХК-иас үл хөдлөх хөрөнгө худалдаж авах үед буюу 2009 онд маргааны зүйл болох газрын эзэмших эрхийг Дөрвөн луу ХХК эзэмшиж байгаад /2хх-183/ тэрээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжаар Д ХХК-д эзэмших эрхээ шилжүүлжээ. /1хх-242-244, 229-237/ Хариуцагч компани нь үйлчилгээ, нийтийн тээврийн зориулалтаар эзэмшиж буй 14106 м.кв талбай бүхий газраа 2400 м.кв, 11 703 м.кв хэмжээгээр 2 хуваан эзэмшиж буй газрын хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасныг Нийслэлийн газрын алба хүлээн аваад Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар захирамжаар дээрх газрыг 2 нэгж талбар болгон, тус бүрийг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, гэрээ байгуулсан болох нь 1 дэх хавтаст хэргийн 210-213, 245-247 дахь талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Зохигчид 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 11703 м.кв талбай бүхий газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулахдаа гэрээний 5.5-д газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ гэж тохиролцжээ. /1хх-211/ Хэрэгт гэрээг цуцлах санал тавьсан талаар баримт авагдаагүй учир хариуцагч компанийн газар эзэмших хугацааг 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дууссан гэж үзнэ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжаар хариуцагч компанийн 2400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан, харин 11703 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сунгах асуудлыг шийдвэрлээгүй болох нь 3 дугаар хавтас хэргийн 116, 217 дахь талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон байна. Нэхэмжлэгч Д ХХК-ийн эзэмших, ашиглах эрхтэй болохоо тогтоолгохыг хүсч буй 297 м.кв газар нь уг 11703 м.кв талбай бүхий газарт багтаж байгаа гэдэгт зохигчид маргаангүй. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн худалдаж авсан барилга нь тухайн газартай салшгүй бэхлэгдсэн түүний бүрдэл хэсэг мөн хэдий ч уг газрын эзэмшлийн талаар хариуцагч маргаагүй, мөн хариуцагчийн 11703 м.кв газрыг эзэмших эрх дуусгавар болсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/01759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД