Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00554

 

“Д” ХХК, “Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02330 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2581 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Д” ХХК, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Др” ХХК, Нийслэлийн газрын алба, С.Ч- нарт холбогдох,

“Д” ХХК-ийн өмчлөлийн барилга оршин байгаа газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг “Др” ХХК-д даалгах, газар эзэмших эрхийг “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгаланзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Т” ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан, “Д” ХХК-ийн захирал С.Ч- нарын хооронд 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 хаягт байрлах 780 м.кв талбайтай, зоорь болон 2, 3 давхарын 20 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх ба уг үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээ, зөвшөөрөл зэргийг гаргаж өгөхөөр, худалдан авагч нь худалдагч талд 275 000 000 төгрөгийг төлөхөөр болсон. Улмаар гэрээ байгуулснаас хойш 4 хоногийн дараа буюу 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С.Ч-тай эрх шилжүүлэх, компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, “Д” ХХК-ийн хувьцааг 100 хувь, болон бусад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бүх эрхийг шилжүүлэн 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Т” ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан “Д” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч болж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Ингээд С.Баярттай тохиролцсон үндсэн тохиролцооны дагуу Н.Эрдэнэсайхан 2009 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түүний төрсөн дүү С.Ч-д 260 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Мөн “Др” ХХК-ийн буудал худалдан авсны үлдэгдэл тооцоог 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2010 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үлдсэн мөнгийг “Др” ХХК-ийн нягтлан бодогч болон холбогдох санхүүгийн ажилтанд бэлнээр хүлээлгэн өгч тооцоо дууссан. Н.Эрдэнэсайханы зүгээс ийнхүү зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдан авах гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан ба С.Баяртын зүгээс буудлыг шилжүүлэн өгсөн ба газрын гэрчилгээ, эрхийг шилжүүлэх асуудлыг ярихад янз бүрийн шалтаг, шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрсэн байна. Бид Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газарт газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэхээр удаа дараа хандсан ч С.Баярт болон “Др” ХХК-ийн холбогдох баримтыг гаргаж өгөхгүй байгаа тул өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн нэрийг солиулж чадахгүй байна. Энэ талаар ч Нийслэлийн Өмчийн харилцааны газраас өгсөн албан бичигт дурдсан байгаа.

Иймд “Д” ХХК-ийн өмчлөлийн барилга байрлаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэх холбогдох бичиг баримтыг Нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг “Др” ХХК-д даалгаж, газрын эзэмших эрхийг “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Др” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан нь 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тухайн үеийн “Д” ХХК-ийн захирал байсан С.Ч-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулах үед тухайн байгууламжийн 1-р давхарт Олон улсын авто тээврийн үндэсний төв үйл ажиллагаагаа явуулж байсан тул талууд гэрээний зүйлийг зочид буудлын 2,3-р давхар, зоорийн давхрын барилга байгууламж байхаар тохиролцсон байдаг. Мөн “Д” ХХК-ийн эрх шилжүүлэгч С.Ч-, эрх хүлээн авагч Н.Эрдэнэсайхан нар 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд тухайн гэрээг “Драгон констракш” ХХК-ийн эрх, үүргийг шилжүүлэх зорилгоор байгуулсан байдаг. Тус гэрээгээр “Д” ХХК-ийн эзэмшиж буй газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай зохицуулалт хийгдээгүйн дээр бодит байдал дээр тус компанид анхнаасаа газар эзэмших, өмчлөх эрх хуулиар олгогдоогүй байсан. Маргаан бүхий газрын тухайд “Др” ХХК-ийн салбар компани болох “Дөрвөн луу” ХХК-ийн эзэмшил газар байсныг 2011 оны Нийслэлийн Засаг даргын 904 дүгээр захирамжаар “Др” ХХК-д шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар шийдвэрийг үндэслэн 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 0293264 дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар “Др” ХХК-д олгосон. Газрын эзэмшигч нь “Др” ХХК байх бөгөөд тус компанийн тухайд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах зэрэг гэрээний алинд нь ч гэрээний тал болоогүй байхын зэрэгцээ эдгээр гэрээнүүдийн тухайд үүрэг хүлээх этгээд биш юм.

Нэхэмжлэгчийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, Эрх шилжүүлэх, Компанийн хувьцааг худалдах, худалдан авах зэрэг гэрээнүүд нь 2009 онд байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр “Др” ХХК нь үүрэг хүлээхгүйн зэрэгцээ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэж болно гэж заасан бөгөөд Нийслэлийн газрын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллагад хамаарах буюу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байх тул захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн газрын алба шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компаниас ирүүлсэн газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дугаар тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ шилжүүлэх ажлын хэсгийн хурлаар хоёр удаа хэлэлцүүлсэн боловч “Др” ХХК-ийн ирүүлсэн материал дутуу байсан тул шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлыг иргэний хэрэг үүсгэх үндэслэлгүй ба “Д” ХХК, “Т” ХХК-ийн нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан юм гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02330 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК, “Т” ХХК-иудын хариуцагч “Др” ХХК, Нийслэлийн Газрын алба, С.Ч- нарт холбогдуулан гаргасан “Д” ХХК-ийн өмчлөлийн барилга байрлаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг “Др” ХХК-д даалгах, газрын эзэмших эрхийг “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2581 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. “Др” ХХК-ийн захирал С.Баярт, “Д” ХХК-ийн захирал байсан С.Ч- нар төрсөн ах дүү бөгөөд “Д” ХХК нь “Др” ХХК-ийн охин компани байсан юм. “Драгон конспракшн” ХХК-ийн худалдсан 3 давхар барилга нь “Др” ХХК-ийн эзэмшдэг газарт байрлаж байгаа. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 85 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, 35 дугаар зүйлийн 35.35-д заасны дагуу “Д” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа бодит нөхцөлд, “Др” ХХК нь манай компанийн газар эзэмших эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй тухай заажээ.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалттай газаргүй бол байшин нь агаарт тогтохгүй гэсэн энгийн ойлголттой бүрнээ нийцэж байгаагийн зэрэгцээ газар, байшин хоёрын өмчлөх, эзэмших эрх нь салгаж үл болох ойлголт юм. Хуулийн дээрх заалтыг барилга газраа дагана, газар барилгатай нягт салшгүй холбоотой, газар дээр баригдсан барилгын доорх газар нь барилга эзэмшигчийн өмч байна гэдгийг хуульчилж өгсөн, энэ нь зөвшөөрлийг нь авч барьсан барилгыг худалдаж авсан тохиолдолд барилгын доорх газар нь барилгаа дагана гэж ойлгож байна. Тухайн тохиолдолд худалдаж авсан барилга нь “Др” ХХК-ийн эзэмшлийн газар дээр өмнө нь баригдсан барилга байсан учир “Др” ХХК-ийн 14 106 мкв талбайд байрлах, худалдагдсан 3 давхар барилгын 297 мкв талбай нь /суурийн хэмжээгээр/ худалдсан барилгаа дагаад газар эзэмших эрхийг шилжүүлэх нь зүйтэй болохыг шүүх тогтоож өгөөгүйг буруу гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх төрсөн ах, дүү хоёр, аж ахуйн нэгжийн нэршил нь “Драгон” гэсэн адилхан, гэрээний дагуу мөнгийг нь ах, дүү хоёрт хоёуланд нь хуваагаад төлчихсөн гэдгийг анхаарсангүй. Хэрэв шүүх Н.Эрдэнэсайхан нь “Др” ХХК-тай гэрээ байгуулаагүй, С.Баярт нь “Др” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа бол нэхэмжпэлийг агуулгаар нь авч үзэж Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-ийг хэрэглээгүй нь буруу гэж үзэж байна.

Н.Эрдэнэсайхан нь С.Ч-гаас үл хөдлөх хөрөнгө болох 3 давхар барилгыг худалдаж авсан, Н.Эрдэнэсайханы нэр дээр “Д” ХХК-ийн эрх, хувьцаа, 3 давхар барилга шилжиж Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн. Барилга байшин газрын салшгүй хэсэг гэсэн хуулийн дээрх заалтыг үндэслэн “Др” ХХК-ийн эзэмшиж буй 14 мянган мкв талбай бүхий том газраас “Д” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө, барилга байршиж байгаа ердөө 297 мкв талбай бүхий газрыг шилжүүлж бүртгэхийг шүүхээр даалгах хүсэлттэй байна.

Иймд барилгын доорх газар эзэмших эрхийн асуудлыг зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Нэхэмжлэгч “Д” ХХК, “Т” ХХК нь хариуцагч “Др” ХХК, Нийслэлийн газрын алба, С.Ч- нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139\2 хаягт байрлалтай 780 мкв талбай бүхий барилгын доорх газрын эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгож, уг газрын эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч С.Ч-гаас татгалзаж, нэхэмжлэлээ өөрчилж, хариуцагч “Др” ХХК-д холбогдуулан “Д” ХХК-ийн өмчлөлийн барилга доорх газар эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг Нийслэлийн газрын албанд хүргүүлэхийг даалгах, Нийслэлийн газрын албанд холбогдуулан газар эзэмших эрхийг “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгэхийг даалгах шаардлага гаргажээ.

Хариуцагч “Др” ХХК нь нэхэмжлэгчийн өмнө газар эзэмших эрх шилжүүлэх үүрэг хүлээгээгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан бол Нийслэлийн газрын алба нь газар эзэмшигч эрх шилжүүлэх хүсэлт гаргаагүй тохиолдолд эрх шилжүүлэх боломжгүй гэж тайлбарласан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.- заасныг баримталж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хууль буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах  эрхтэй” гэж заажээ. Газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэгчийн шаардлага өмчлөх эрхтэй холбоогүйгээс гадна өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоох тухай биш харин эрх шилжүүлэх тухай байхад шүүх шаардлагын эрх зүйн үндэслэлд хамааралгүй зохицуулалтыг баримталсан байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлд 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах, 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гурван гэрээг заажээ.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр “Д” ХХК нь “Т” ХХК-д “Драгон” төвийн зоорийн болон 2, 3 дугаар давхрыг худалдаж, эрх шилжүүлэх гэрээгээр С.Ч- “Д” ХХК-ийн дүрмийн сангийн 100 %-ийг болон компанийн эрх, үүргийг Н.Эрдэнэсайханд шилжүүлж, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр С.Ч- “Д” ХХК-ийн 100 %-ийн хувьцааг Н.Эрдэнэсайханд худалдсан байна. Тухайн үед С.Ч- нь “Д” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал, Н.Эрдэнэсайхан нь “Т” ХХК-ийн захирал байжээ \хх-ийн 5, 6, 7 дугаар тал\.

Компанийн эрх, хувьцаа шилжсэн талаар талууд маргаагүй ба эдгээр гэрээ нь маргааны зүйл болоогүй, гагцхүү хэргийн оролцогчийн эрх зүйн байдал, хэргийн нөхцлийг тогтооход ач холбогдолтой байна.

Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний нөхцөл бүрэн хэрэгжээгүй гэж нэхэмжлэгч үзэж, худалдан авсан барилгын доорх газрыг эзэмших эрхийн талаар шаардлага гаргажээ.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нэг талаас “Д” ХХК-ийн захирал С.Ч-, нөгөө талаас “Т” ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан байгуулжээ. Гэрээгээр худалдагч тал нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж 139\2 хаягт байрлах 780 мкв талбай бүхий 3 давхар 20 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байна. Худалдан авагч тал нь 275 000 000 төгрөгийг хоёр хувааж төлөх үүрэг хүлээжээ \хх-ийн 5 дугаар тал\.

Төлбөр төлөгдсөн талаар талууд маргаагүй байна \хх-ийн 15,16 дугаар тал\.

Харин уг гэрээний зүйл тодорхой бус байгаа болохыг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Тухайлбал, “Драгон төв” нэртэй үл хөдлөх эд хөрөнгө нь 3 давхар барилга бөгөөд тодорхой талбай бүхий газар дээр баригдсанаас гадна орчны газар мөн төвд хамаардаг байна. Гэтэл гэрээний зүйлийг талууд “3 давхар үл хөдлөх эд хөрөнгө”, “зочид буудал 2, 3 давхар, зоорийн давхар” гэж өөр өөрөөр гэрээнд тодорхойлсноор уг барилгын 1 давхар хэний өмчлөл, эзэмшил, ашиглалтад байх нь тодорхой бус үлджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Д” ХХК нь уг барилгын нийт 780 мкв талбайг өмчилдөг ба үүнд зоорийн 297 мкв, 2 дугаар давхрын 241,5 мкв, 3 дугаар давхрын 241,5 мкв талбай орж байна \хх-ийн 13 дугаар тал\.

Түүнчлэн, уг гэрээний 7-д “үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа газрыг эзэмших, ашиглах эрхийн талаар дараахь тохиролцоонд хүрэв” гэж заагаад “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, зөвшөөрөл, захирамж, холбогдох баримт бичиг, барилгын ажлын иж бүрэн зураг, барилгын улсын комиссын акт, техникийн нөхцлүүд, барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8 м газар эзэмшүүлэн олгох, уг барилгын эд хөрөнгийг 2 тал комисс гарган протоколоор хүлээлцэнэ, дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан, газрын татвар, үл хөдлөх эд хөрөнгийн татвар зэрэг бусад холбогдох төлбөрийг 2 тал харилцан тохиролцох” гэж заажээ.

Газар эзэмших эрхийг худалдагч тал худалдан авагч талд шилжүүлэх үүрэг хүлээсэн эсэх талаар буюу гэрээний гол нөхцлийг тодорхойлсон дээрх заалтын талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Ийнхүү дүгнэлт хийхийн тулд гэрээ байгуулагдах үед буюу 2009 онд тухайн газрыг хэн эзэмших эрхтэй байсан нь тодорхой байх ёстой боловч хэрэгт энэ талаар хангалттай баримт авагдаагүй байна.

Тухайлбал, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0232180 дугаар гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээ, нийтийн тээврийн зориулалтаар 14106 мкв газрыг 5 жилийн хугацаатай “Др” ХХК-д эзэмшүүлсэн байна. Ийнхүү газар эзэмших эрх нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамж, газар эзэмшүүлэх 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээнд үндэслэгджээ \хх-ийн 148-151, 164, 167-168 дугаар тал\. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжийн хавсралтаас үзэхэд “Др” ХХК нь “Дөрвөн луу” ХХК-ийн 2008 оноос эзэмшиж байсан 14106 мкв талбай бүхий газрыг 2011 оноос эзэмших эрхтэй болсон байна.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах 2009 онд “Др” ХХК газар эзэмших эрхгүй байсан боловч “Др” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар “Дөрвөн луу” ХХК нь “Др” ХХК-д 2008 онд нэгдсэнээр бүртгэгджээ \хх-ийн 237 дугаар тал\. Ийнхүү нэгдсэнээр газар эзэмших эрх “Др” ХХК-ийн мэдэлд очсон эсэх нь тодорхой бус байна. “Д” болон “Дөрвөн луу” ХХК-иуд нь барилга болон газрыг бодитоор эзэмшиж байсан эсэх, дээрх компаниудын аль нь тэдгээрийг ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч талтай ямар компани байгуулж, гэрээний агуулгыг тодорхойлсон нь ойлгомжгүй байна.

“Др” ХХК нь 2012 онд эзэмшлийн газрын хэмжээг багасгаж, өөр этгээдэд зарим хэсгийг шилжүүлснээр нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэх эсэх нь тодорхой бус байна \хх-ийн 155, 156, 165 дугаар тал\.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний зүйл нь чухамхүү юу болох, худалдах-худалдан авах гэрээний оролцогч талын бүрэн эрх, эрх зүйн байдал, гэрээний үүргээ худалдагч тал бүрэн гүйцэтгэсэн эсэх асуудлаар шүүх эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Дээрх байдлыг тодорхойлж буй нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал нь хэн болох, чухам ямар эд хөрөнгө гэрээний зүйл болсон, гэрээний төлбөр ямар эд хөрөнгийн үнэд хамаарч байгаа, худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх нь тодорхой бус байна.

Мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1.-д зааснаар худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үздэг.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний зүйл эрхийн доголдолтой байсан эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.-т зааснаар түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг болдог. Худалдан авагч тал эд хөрөнгө худалдан авснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч болох ёстой бол барилга баригдсан газрыг эзэмших эрхгүй үлдэж буй худалдан авагчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүрэн хэмжээгээр шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй юм.

Маргааны зүйл нь газар эзэмших эрх байх ба эрх зүйн энэхүү маргаан нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн болохыг харгалзан шүүх 2009 оны гэрээний үүргийн биелэлтийн талаарх шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны талаар зохих дүгнэлт хийх шаардлагатай болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, зарим зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж,  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02330 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2581 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН