Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00967

 

 

                                         “Д к” ХХК, “Т т”

                                          ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                            хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/00723 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2022/00944 дүгээр магадлалтай,

“Д к” ХХК,  “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 “Д х” ХХК-д холбогдох

 “Д к” ХХК-ийн өмчлөлийн барилга оршин байгаа 697 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг “Д х” ХХК-д даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д к” ХХК, “Т т” ХХК нь хариуцагч  “Д х” ХХК-д холбогдуулан  “Д к” ХХК-ийн өмчлөлийн барилга оршин байгаа 697 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг “Д х” ХХК-д даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/00723 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “Д к” ХХК, болон  “Т т” ХХК-ийг Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 тоот хаягт байрлах  “Д к” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-220101266 дугаартай, 000050743 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, барилгын доорх 297 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, түүнтэй холбоотой баримт бичгийг нийслэлийн Газрын албанд гаргаж өгөхийг  “Д х” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 400 м.кв талбайтай газрыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2022/00944 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/00723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “газрыг” гэсний дараа “болон барилгын хойд, урд хэсгийн 256 м.кв газар, нийт 553 м.кв газрыг” гэж нэмж, “400 м.кв” гэснийг “144 м.кв” гэж, 2 дахь заалтын “7.1.1” гэснийг “7.1.2” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч  “Д х” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д к” ХХК, нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр 2022.06.20-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.09.16-ны өдрийн 001/ШХТ2022/00872 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг илтэд буруу хэрэглэж, гэрээ огт байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй хуулийн этгээдийг хариуцагчаар татаж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.1. Анхан шатны шүүхийн “2009.03.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ  “Д к” ХХК-ийн нэрээр бичгээр хийгдсэн боловч худалдагч тал гэдэгт С.Б- үүсгэн байгуулсан  “Д х” ХХК болон “Д к” ХХК, “Д л” ХХК-ийг хамтад нь ойлгох ба эдгээр хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагууд төрсөн эцэг, төрсөн ах, дүү, гэр бүлийн гишүүн, бусад нэгдмэл сонирхолтой хамаарал бүхий этгээдүүд байна. Мөн түүнчлэн худалдан авагчаас хэлэлцэн тохиролцсон 275,000,000 төгрөгийг 2009.03.25-ны өдрөөс 2010.03.02-ны өдөр хүртэлх хугацаанд бэлнээр болон бэлэн бусаар 2009.12.31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2010.01.29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2010.03.21-ний өдөр үлдсэн мөнгийг төлөх зэргээр тооцоог худалдагч  “Д х” ХХК болон нягтлан бодогч Н.А, О.Ц-ид нарт төлсөн байдлаас үзэхэд худалдагч тал  “Д х” ХХК байна.” гэх үндэслэлгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

5.2. Шүүх өөр хоорондоо зөрчил бүхий дүгнэлт хийсэн. Тухайлбал, “Гэрээг байгуулах үед буюу 2009 онд  “Д х” ХХК нь уг газрыг эзэмших эрхтэй байсан гэж шүүх үзлээ” гэсэн, дараагийн дүгнэлтэд “нийслэлийн Засаг даргын 2011.12.07-ны өдрийн 904 дүгээр захирамжийн хавсралтаас үзэхэд  “Д х” ХХК нь “Д л” ХХК-ийн 2008 оноос эзэмшиж байсан 14106 м.кв талбай  бүхий газрыг 2011 оноос эзэмших эрхтэй болсон байна” гэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Зохигчийн хооронд гэрээ хэлцэл шууд байгуулагдаагүй боловч доорх хуульд заасан үндэслэл, баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр  “Д х” ХХК нь хариуцагч буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний худалдагч, газрыг эзэмших эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна...” гэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Үүнийхээ араас иргэн С.Б нь..., Мөн С.Б нь..., Мөн С.Б нь... гэж маргаанд огт хамааралгүй хүн болох нь хэрэгт авагдсан баримтад тодорхой байхад таамгаар дүгнэсэн.

5.3. Нөгөөтэйгүүр, шүүхүүд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасныг зөрчсөн дүгнэлтүүд хийсэн.  “Д к” ХХК-ийн эрх шилжүүлэгч С.Ч, эрх хүлээн авагч Н.Э нар 2009.03.24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээгээр  “Д к” ХХК-ийн эрх, үүргийг шилжүүлэх зорилготой байсныг шүүгч нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн өөр зорилготой байсан мэтээр дүгнэжээ. Шүүхийн дүгнэлтэд, эрх шилжүүлэх гэрээг талууд дүр үзүүлсэн, халхавчилсан байдлаар хийсэн гэх агуулгатай боловч маш ойлгомжгүй байдлаар бичжээ. Тухайлбал, шийдвэрийн 12 дугаар нүүрэнд “...гэрчилгээг шилжүүлэхэд зардал, хугацаа их шаардах учраас  “Д к” ХХК-ийг чиний нэр дээр шилжүүлчихвэл хөрөнгө чинийх болчихно гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл хууль зүйн үндэслэлтэй. Энэ бичээд байгаа зүйлийг хэн хэлсэн гэж шүүх дүгнээд байгаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлд энэ ямар хамааралтай, ингэж хэн нэг нь хэлснийг нотолсон ямар баримт хэрэгт байна вэ, тэгж хэлсэн этгээд нь гэрээний болон энэ хэргийн ямар оролцогч вэ гэх асуултууд гарна.

5.4.  Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Энэ хууль болон бэлэглэлийн гэрээний 6-д заасан эрх ашиг сонирхол нь 2009.03.20-ны өдөр үүссэн, энэ өдөр эрх нь зөрчигдсөөр байтал бэлэглэлийг хүчингүй болгуулах шаардах эрхээ бэлэглэгч “Д л” ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд С.Б хэрэгжүүлээгүйг хүлээн зөвшөөрсөн, барилгыг газрын хамт эзэмшиж, ашиглуулах хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ...” гэж, “нэхэмжлэгч талын “... С.Б нь ... энэ бол миний хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх ба уг үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээ зөвшөөрөл зэргийг гаргаж өгөхөөр тохиролцсон...” гэх тайлбар үндэслэлтэй” гэжээ. Энэ талаарх давж заалдах гомдолд шүүхээс дүгнэлт өгөөгүй.

5.5.  Тус гэрээгээр  “Д к” ХХК-ийн эзэмшиж буй газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай зохицуулалт хийгдээгүйн дээр бодит байдал дээр тус компанид анхнаасаа газар эзэмших, өмчлөх эрх хуулиар олгогдоогүй байсан. С.Ч эсхүл  “Д к” ХХК-д анхнаасаа ямар ч газар эзэмших эрх байгаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба шүүх энэ талаар дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, С.Ч хэрвээ өөрт байхгүй зүйлээ бусдад шилжүүлэхээр гэрээ байгуулсан, эсхүл бусдын эзэмшилд буй эд хөрөнгийн эрх, хөрөнгийг бусдад шилжүүлэхээр гэрээ байгуулсан бол тэр нь төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл болох юм. Харин Н.Э болон С.Ч нар тийнхүү гэрээ хийсэн нь гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй этгээдийн эрх зүйн байдлыг хөндөж, ах дүү, хамаатан садан гэх нэрийдлээр өөр хуулийн этгээдийг хариуцагчаар татах нь үндэслэлгүй юм.

5.6. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 41, 43.2, 198 дугаар зүйлд тус тус заасан “Гэрээг тайлбарлах” аль ч аргыг үл хэрэглэн, өөрийн үзэмж, таамаглалд үндэслэн тухайн гэрээний худалдагч тал нь  “Д х” ХХК байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолоор тайлбарласныг шүүхүүд илтэд буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй хэмээн дүгнэхдээ хэрэгт авагдсан өөр ямар ч баримтыг үндэслээгүй буюу бусад байдлаар үгүйсгэгдэж буй тайлбарыг дангаар нь өөрийн таамаглалд үндэслэн (хамаатан садан гэх) дүгнэсэн нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т тус тус заасныг зөрчиж байна.

5.7. Тухайн барилгын 1-р давхрыг Авто тээврийн үндэсний төв буюу төр өмчлөлдөө авсан газрын доод газрыг тухайн барилгын өөр хэсгийг өмчилж байгаа этгээд шууд эзэмшилдээ авах нь үндэслэлгүй юм.  “Д х” ХХК нь хууль болон гэрээгээр  “Д к” ХХК-д эзэмшүүлэх газраа шилжүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй. Ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхэд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т заасан журмыг баримтлан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу Засаг дарга захирамж гаргадаг. Үүний дагуу эрхийн гэрчилгээ эзэмшигч нь эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэр гаргасан Засаг даргад гаргахаар байна. Гэтэл  “Д х” ХХК болон  “Д к” ХХК-ийн хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрх зүйн харилцаа үүсээгүй тул хүсэлт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй. Нөгөөтэйгүүр, хэрвээ  “Д х” ХХК-ийн тухайн газар эзэмшиж буй асуудал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа бол албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд хандан гаргах боломжтой юм.

5.8. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээнүүд нь 2009 онд байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр  “Д х” ХХК нь үүрэг хүлээгээгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2009.03.20-ны өдрийн гэрээ нь 2015 онд, 2009.03.24-ний өдрийн гэрээ нь 2012 онд тус тус дуусгавар болсон. “Д к” ХХК, 2017 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж дүгнэсэн атлаа гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэтээр дүгнэсэн нь  үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

6. Нэхэмжлэгч тал “гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

8. “Д к” ХХК, “Т т” ХХК-аас хариуцагч  “Д х” ХХК-д холбогдуулан  “Д к” ХХК-ийн өмчлөлийн барилга оршин байгаа 697 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг  “Д х” ХХК-д даалгуулах шаардлага гаргасан байна.

9. Нэхэмжлэгчээс “... 2009 оны 03 сард  “Т т” ХХК-ийн захирал Н.Э нь  “Д х” ХХК-ийн захирал С.Б-тай харилцан тохиролцсны дагуу түүний дүү болох  “Д к” ХХК-ийн захирал С.Ч-тай 2009.03.20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдагч тал нь ... хаягт байршилтай, 780 м.кв талбайтай, 3 давхар, 20 өрөө бүхий буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 275,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, мөн С.Ч-тай 2009.03.24-ний өдөр эрх шилжүүлэх болон компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр  “Т т” ХХК-ийн захирал Н.Э нь  “Д к” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээ байгуулагдах үед уг газрыг эзэмших эрх нь “Д л” ХХК-д байсан ба тус компани нь  “Д х” ХХК-тай нэгдсэнээр нийслэлийн Засаг даргын 2011.12.07-ны өдрийн 904 дүгээр захирамжаар  “Д х” ХХК-ийн эзэмшилд шилжжээ.  “Д х” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй миний худалдан авсан  “Д к” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой баримт бичгийг өгөхгүй байна...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Барилгын 1 дүгээр давхар Авто тээврийн үндэсний төвийн өмчлөлд байгаа бөгөөд Н.Э-тай байгуулсан гэрээгээр тухайн барилга нь  “Д к” ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжээгүй. 2009.03.20-ны өдөр байгуулсан гэрээгээр зөвхөн 780 м.кв, 3 давхар, 20 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ гэж заасан бөгөөд “газрын хамт” гэх агуулга байхгүй. Мөн компани эрхээ зарсан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар шаардаж байгаа бол гэрээний талаас шаардах нь зүйтэй. Гэрээний бус этгээд газрыг шилжүүлэх үүрэг хүлээгээгүй. Худалдаж авсан барилгын доорх газрыг эзэмших, ашиглах эрх нь захиргааны актаар  “Д х” ХХК-д байсаар байтал нэхэмжлэгч компани захиргааны актын талаар Иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа нь ойлгомжгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэхдээ “...”Д к” ХХК, болон  “Т т” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдах авах гэрээг 2009.03.20-ны өдөр байгуулсан байна. Уг гэрээнд зааснаар “Д к” ХХК, нь үл хөдлөх эд хөрөнгө худалдахдаа газар эзэмших эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж үзэхээр байх ба тухайн гэрээг байгуулах үед буюу 2009 онд  “Д х” ХХК нь газар эзэмших эрхтэй байсан. Учир нь,  “Д х” ХХК нь “Д л” ХХК-ийн 2008 оноос эзэмшиж байсан 14106 м.кв талбай бүхий газрыг 2011 оноос эзэмших эрхтэй болсон байна.  “Д х” ХХК, “Д л” ХХК,  “Д к” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь нэг, нэгдмэл сонирхолтой этгээд байх тул 2009.03.20-ны өдөр байгуулагдсан гэрээний худалдагч тал гэж үзэхээр байна... Барилгын доорх газраас бусад барилгын хойд, баруун, урд хэсгийн эргэн тойрон дахь газар эзэмших эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд талуудын хооронд хуулийн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байх тул барилгын доорх буюу 297 м.кв талбай эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан баримт бичгийг нийслэлийн Газрын албанд хүлээлгэн өгөхийг  “Д х” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх барилгын урд, баруун, хойд талын 400 м.кв талбайг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... Авто тээврийн газар болон “Д л” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2002.01.02-ны өдрийн барилга худалдан авах тухай 02/02 тоот гэрээний 2.5 дахь заалтаар барилгын баруун талын 15х18 метрийн хэмжээ бүхий газрыг худалдан авагч Авто тээврийн газар шилжүүлэн авахаар заасан нь барилгын хойд, урд хэсгийн газрын эзэмших эрхтэй холбоогүй байх тул нэхэмжлэгч нь барилгын доорх 297 м.кв болон барилгын хойд, урд хэсгийн 256 м.кв, нийт 553 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, үлдэх 144 м.кв газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж анхан шатны шүүхээс зөрүүтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан байна.

12. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзлээ.

13. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “Д к” ХХК, “Т т” ХХК-ийн хооронд 2009.03.20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч тал болох “Д к” ХХК, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж-139/2 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай, нийт 780 м.кв талбайтай (зоорь 297 м.кв, 2 дугаар давхар 241.5 м.кв, 3 дугаар давхар 241.5 м.кв) барилгыг 275,000,000 төгрөгөөр худалдахаар, мөн гэрээний 7-д “Үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа газрыг эзэмших, ашиглах эрхийн талаар дараах тохиролцоонд хүрэв.” 7.1. “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ”, 7.2. “Газрын гэрчилгээ, зөвшөөрөл, захирамж, холбогдох баримт бичиг”, 7.3. “Барилгын ажлын иж бүрэн зураг”,.. 7.6. “Барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8 м газар эзэмшүүлэн олгох” гэх зэргээр заажээ. Энэхүү гэрээний агуулгаас үзвэл худалдагч тал өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа газар эзэмших эрхийг худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. Хэрэгт авагдсан баримтаар худалдан авагч тал уг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн (гэрээний үнийг бүрэн төлсөн), харин худалдагч тал газар эзэмших эрх, холбогдох баримт бичгийг шилжүүлээгүй болох нь тогтоогдсон тул худалдан авагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.     

14. Дээрх худалдах-худалдан авах гэрээг байгуулсны дараа 2009.03.24-нд  “Т т” ХХК-ийн захирал Н.Э нь  “Д к” ХХК-ийн дүрмийн сангийн 100 хувийг болон компанийн эрх, үүргийг шилжүүлэн авахаар  “Д к” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Ч-тай эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсноор нэхэмжлэгч “Д к” ХХК болон  “Т т” ХХК нь нэг этгээд болсон байна. Иймээс нэхэмжлэгч нь 2009.03.20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг худалдагч тал болох  “Д к” ХХК-аас шаардах боломжгүй нөхцөл байдал үүсжээ.

15. Нэхэмжлэгч нар 2009.03.20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг  “Д х” ХХК-аас шаардсан нь үндэслэлтэй. Учир нь хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хэрэгт авагдсан баримтаар “Д к” ХХК,  “Д х” ХХК, “Д л” ХХК нь нэгдмэл ашиг сонирхолтой этгээд болох нь тогтоогдсон. Тодруулбал, дээрх гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө (барилга болон газар нь) анх “Д л” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байсан ба уг компанийн үүсгэн байгуулагч С.Б нь өөрийн төрсөн дүү С.Ч-гийн үүсгэн байгуулсан  “Д к” ХХК-д тухайн хөрөнгийг шилжүүлсэн, улмаар С.Б нь “Д л” ХХК-ийг мөн өөрийн үүсгэн байгуулсан  “Д х” ХХК-д нэгтгэж, дараа нь тусгаарласан.

16. Өөрөөр хэлбэл, 2009.03.20-ны өдрийн гэрээний зүйл болох барилгын оршин байгаа газар нь анхнаасаа “Д л” ХХК-ийн мэдэлд байсан бөгөөд тухайн компани нь (улсын бүртгэлээр) 2008.08.05-ны өдөр буюу зохигчийн хооронд гэрээ байгуулагдахаас өмнө  “Д х” ХХК-д нэгдсэн, үүний дараа (улсын бүртгэлээр) 2010.07.05-ны өдөр буюу гэрээ байгуулагдсанаас хойш тус компаниас тусгаарласан боловч газар эзэмших эрхээ нийслэлийн Засаг даргын 2011.12.07-ны өдрийн 904 дүгээр захирамжаар  “Д х” ХХК-д шилжүүлсэн байна. Үүнээс үзвэл, талуудын хооронд гэрээ байгуулагдах үед ч, одоо ч маргаан бүхий газрын эрхийг  “Д х” ХХК нь эзэмшиж байна.  

17. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нар нь хариуцагч  “Д х” ХХК-аас 2009.03.20-ны өдрийн гэрээний 7 дугаар зүйл болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн барилгын суурийн хэмжээгээр 297 м.кв газар эзэмших эрхийг тогтоосон нь буруу. Нэгэнт талууд гэрээгээрээ “барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8 м газар эзэмшүүлэх”-ээр тохиролцсон, үүнээс баруун талын газар нь бусдын (Авто тээврийн үндэсний газарт) эзэмшилд шилжсэн, харин бусад хэсэг нь чөлөөтэй байх тул нэхэмжлэгч нар нь худалдан авсан барилгынхаа хойд, урд хэсгийн 256 м.кв, нийт 553 м.кв газар эзэмших эрхтэй гэж үзнэ, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 87 дугаар зүйлийн 87.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

18. Иймд, “... С.Ч эсхүл  “Д к” ХХК-д анхнаасаа ямар ч газар эзэмших эрх байгаагүй, Н.Эрдэнэсайхан болон С.Ч нар гэрээ хийсэн нь гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй этгээдийн эрх зүйн байдлыг хөндөж, ах дүү, хамаатан садан гэх нэрийдлээр өөр хуулийн этгээдийг хариуцагчаар татах үндэслэлгүй, шүүх Иргэний хуульд заасан “Гэрээг тайлбарлах” аль ч аргыг үл хэрэглэн, өөрийн үзэмж, таамаглалд үндэслэн тухайн гэрээний худалдагч тал нь  “Д х” ХХК байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.1-5.6-д заасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Дахин дүгнэхэд,  “Д х” ХХК болон “Д л” ХХК буюу тэдгээрийн үүсгэн байгуулагч С.Б нь өөрийн төрсөн дүүгийн эзэмшлийн  “Д к” ХХК-ийн байгуулсан гэрээг огт мэдээгүй буюу мэдэх боломжгүй хамааралгүй этгээд биш бөгөөд нэхэмжлэгч  “Т т” ХХК-ийн захирал Н.Э-ны “... анхнаасаа  “Д х” ХХК-ийн захирал С.Б-ттай харилцан тохиролцсоны дагуу, түүний дүүтэй гэрээ байгуулсан...” гэсэн тайлбарыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй байна.

19. Түүнчлэн, “... барилгын 1-р давхрыг Авто тээврийн үндэсний төв буюу төр өмчлөлдөө авсан газрын доод газрыг тухайн барилгын өөр хэсгийг өмчилж байгаа этгээд шууд эзэмшилдээ авах үндэслэлгүй... Газрын тухай хуульд заасан тусгай журмыг баримтлан Засаг дарга захирамж гаргадаг... Гэтэл талуудын хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрх зүйн харилцаа үүсээгүй тул хүсэлт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй, уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан байна..” гэсэн (Тодорхойлох хэсгийн 5.7) гомдлын тухайд, Авто тээврийн үндэсний төвөөс газрын талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй бөгөөд гэрээний дагуу өөрийн гэсэн эзэмшил газартай болсон (барилгын баруун талын 15х18 м.кв газар), энэ тохиолдолд тухайн барилгын зоорийг өмчлөгч этгээд (нэхэмжлэгч)-ээс барилгын сууриар болон тус төвийн эзэмшилд хамаарахгүй байгаа эргэн тойрны газрыг гэрээний дагуу шилжүүлэн авах нь холбогдох хууль тогтоомжийг зөрчих үндэслэл болохгүй. Мөн уг маргаан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үүссэн байх тул иргэний маргаан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны байгууллагын “хууль бус” үйл ажиллагааны улмаас хөндөгдөөгүй, түүнтэй маргаагүй тул захиргааны маргаан биш юм.

20. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул энэ талаарх гомдолд (Тодорхойлох хэсгийн 5.8-д) дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

21. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2022/00944 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Д.ЦОЛМОН