Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01923

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01923

 

 

 

О.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/02068 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.О-т холбогдох

 

29 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.М-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Ж.Отгонбаяр нь Бүгд Найрамдах Солонгос Улсад 2006-2015 он хүртэл 9 жил ажиллаж амьдарч байхдаа цуглуулсан мөнгөөрөө хариуцагч Б.О-ээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн 5-185 тоотод байрлах хашаа байшинг худалдаж авахаар Б.Оюунцэцэгээр дамжуулж тохиролцсон. Хариуцагчид 29 000 000 төгрөг цувуулж өгсөн боловч мөнгөгүй, хашаа байшин ч үгүй болсон. Гэтэл аав маань Б.Оюунцэцэгтэй цаашдын үлдсэн амьдралаа хамт өнгөрөөхөөр төлөвлөж байсан нь худал болсонд сэтгэл санаагаар шаналж өөрийн ах дүүсдээ болон надад гэрээслэл үлдээн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр амь насаа хохироосон. Аавын төрсөн эгч Ж.Наранцэцэг нь Б.О-т холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гарган эрүүгийн 201625022817 тоот хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж шалгуулсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцад Б.О- нь Ж.Отгонбаяраас нийт 29 000 000 төгрөгийг авсан тухайгаа мэдүүлсэн байсан учраас 29 000 000 төгрөг нэхэмжилж байна.

Иймд аавын минь гэрээслэлдээ бичиж үлдээсэн хариуцагч Б.О-ээс хашаа байшин худалдаж авахаар өгсөн 29 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн аав болох Ж.Отгонбаярт хашаа байшин худалдахаар харилцан тохиролцож ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд Ж.Отгонбаяраас 29 000 000 төгрөгийг аваагүй. Талийгаач Ж.Отгонбаярын үлдээсэн гэрээслэл нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч Ж.Отгонбаяраас мөнгө авсан талаарх баримт бүрдээгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О-ээс 14 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 14 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.М- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 230 450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг давж заалдах гомдолдоо: Б.О- нь Ж.Отгонбаяраас мөнгө авч байгаагүй харин өөрийн эгч Б.Оюунцэцэгийн данснаас 12 000 000 төгрөгийг итгэмжлэлийн үндсэн дээр авсан. Б.Оюунцэцэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирж Ж.Отгонбаярт данснаасаа мөнгө авч өгсөн үйл явдлыг цаг хугацаагаар нь тооцвол Ж.Отгонбаяр БНХАУлсын Эрээн хот руу бараанд явсан, Нарантуул зах дээр лангуу худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан, суудлын автомашин худалдан авсантай давхцаж байдаг. Мөн Ж.Отгонбаяр нь ХААН банк ХХК-ийн данс эзэмшдэг байсан болох нь тогтоогдсон ба уг дансанд хэзээ ч олон сая төгрөг байгаагүй.

Мөн Ж.Отгонбаяр нь Монгол Улс руу мөнгө шилжүүлж байсан болон Монгол Улсын хилээр мөнгөтэй орж ирсэн, каргогоос мөнгө авч байсан ямар ч баримт байхгүй буюу хэрэгт авагдсан ямар ч баримтаар тогтоогдоогүй, Б.Оюунцэцэгээс Б.О- болон Ж.Отгонбаярт өгсөн бүх мөнгийг нийлүүлээд Ж.Отгонбаярын өвлөгчид олгож болох ямар хууль байгаа нь ойлгомжгүй байна.

Б.Оюунцэцэгийг хамтран хариуцагчаар оролцуулах гэхэд шүүх нэхэмжлэгч хариуцагчаа сонгодог гээд оруулаагүй, мөн гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзсан. Цагдаа нь Б.Оюунцэцэгийг мөнгө авсан гэж мэдүүлэхгүй бол одоо чамайг хорино гэж хэлж сэжигтэний худал мэдүүлэг авсан байхад шүүх үүнийг үндэслэж шийдвэрээ гаргасан. Шүүгч Б.Оюунцэцэгийн эрхэд халдах гэж байгаагаа шүүх хуралдаан эхлэхэд мэдэж байсан боловч Б.Оюунцэцэгийн итгэмжлэлийг гаргаж өгөөгүй учраас таамгаар шийдвэрээ гаргасан.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч О.М- хариуцагч Б.О-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хэлцэл байгуулаагүй, мөнгө аваагүй гэж маргажээ.

О.М- нь эцэг Ж.Отгонбаярыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байсан үйл баримтыг шүүх зөв тогтоож, түүнийг өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгчийн хувьд өв хүлээн авахаас татгалзаагүй, эд хөрөнгө, эрхийг өвлөсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна.

Нэхэмжлэгч О.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эцэг Ж.Отгонбаяр нь хашаа, байшин худалдан авах зорилгоор 29 000 000 төгрөгийг Б.О-т өгсөн, уг мөнгийг гаргуулна гэж тайлбарлан, эцэг Ж.Отгонбаярын үлдээсэн бичиг тэмдэглэл, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өгч байсан хариуцагч Б.О-, түүний хадам эх О.Рина, хохирогч Ж.Наранцэцэг нарын мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 323 дугаартай тогтоол зэрэг бичгийн баримтуудыг нотолгооны эх сурвалжаа болгон шүүхэд гарган өгчээ. /1хх- 5-7, 27-28, 31-36, 57-59/

Хариуцагч нь Ж.Отгонбаярыг эгч Б.Оюунцэцэгтэй хамтран амьдарч байсан, улмаар тэдгээрээс хашаа, байшингийн үнэ гэж 29 000 000 төгрөг авсан талаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мэдүүлж байжээ. /1хх-57-59/

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь 29 000 000 төгрөг авсан үйл баримтыг тодорхойлсон бичгийн баримт болох 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн сэжигтнээр байцаагдах үедээ өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээд Б.О-, Ж.Отгонбаяр, Б.Оюунцэцэг нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсээгүйн улмаас хариуцагч Б.О- нь 29 000 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцжээ.

Мөн нэхэмжлэгчийн шаардах эрхийн хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь Ж.Отгонбаяр, Б.Оюунцэцэг нар хамтран амьдрагч, тэрээр Солонгос Улсад хамт ажиллаж, амьдарч байсан нь нотлогдсон тул хариуцагчид шилжүүлсэн 29 000 000 төгрөгийг тэдгээрийн дундын өмч гэж үзнэ. Харин өмчлөгч нарын мөнгөн хөрөнгийн хэмжээ тодорхойгүй учир өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 14 500 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль бусаар өөрөөр хэлбэл айлган сүрдүүлж, дарамталж авсан Б.О-ийн мэдүүлгийг шүүх үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Оюунцэцэгийг хариуцагч болон гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч Б.О- нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа Ж.Отгонбаяр, Б.Оюунцэцэг нараас 29 000 000 төгрөгийг авч байсан гэсэн мэдүүлгийг дарамтын улмаас өгсөн гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна. Түүнчлэн прокурорын байгууллагаас Б.О-т холбогдох эрүүгийн хэргээс түүний мэдүүлгийг хуулбарлан ирүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байх тул анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

 

Шүүх Б.Оюунцэцэгийг гуравдагч этгээдээр оролцуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг Монгол Улсад байхгүй, дуудан ирүүлэх боломжгүй, эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзвэл өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Түүнчлэн Б.Оюунцэцэг нь гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Б.Оюунцэцэгээс олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/02068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 230 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД