Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 102/2015/09460/И |
Дугаар | 210/МА2018/00385 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2018/00385
2018 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 210/МА2018/00385 |
Централ эйшиан цемент ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/03322 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Централ эйшиан цемент ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нью констракшн ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135 908 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Нью констракшн ХХК-тай байгуулсан Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 489.76 тонн цементийг бэлтгэн нийлүүлсэн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт худалдан авагчид нийлүүлэх цементийг зээлээр худалдан авч байгаа бөгөөд ямар ч тохиолдолд худалдсан цементийн төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлсөн байна, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт худалдан авагч нь энэхүү гэрээний 5 дугаар бүлэгт заасны дагуу цемент худалдан авсан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар алданги төлөх үүрэгтэй гэж харилцан тохирсон. Гэтэл тус компани өнөөдрийг хүртэл 2 жил гаруй хугацаанд төлбөрөө төлөхгүй хэтрүүлсэн тул гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, нийт 135 908 400 төгрөгийн хуримтлал үүссэн. Иймд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 90 605 600 төгрөг, алданги 45 302 800 төгрөг, нийт 135 908 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нью констракшн ХХК 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цемент худалдах, худалдан авах гэрээг Централ эйшиан цемент ХХК-тай байгуулаагүй. Централ эйшиан цемент ХХК нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож шүүхэд өгсөн гэрээнд Нью констракшн ХХК-ийг төлөөлж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Лхагваням гэх хүн гарын үсэг зурсан бөгөөд манай компани нэг хувьцаа эзэмшигчтэй, компанид төлөөлөн удирдах зөвлөл байхгүйгээс гадна Г.Лхагваням манай байгууллагад ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, Нью констракшн ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхийг Г.Лхагванямд олгоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар Централ эйшиан цемент ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нью констракшн ХХК-д холбогдох цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 135.908.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837.492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т заасныг илтэд зөрчсөн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т заасан гэрчийн мэдүүлэг авч болохгүй этгээд гэдэгт "зохигчийн төлөөлөгч" хамаардаг бөгөөд уг заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн дэлгэрэнгүй тайлбарт "иргэний хэрэгт зохигчийг төлөөлөн шүүхэд төлөөлөгчөөр оролцсоны улмаас хэргийн байдлыг мэдэх болсон хүнийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй гэсэн байдаг. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-02-17-ны өдрийн 102/ШШ2016/1381 шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс харахад тус шүүх хуралдаанд хариуцагч "Нью констракшн" ХХК-ийн төлөөлөгчөөр Э.Даваасамбуу оролцсон болох нь тодорхой нотлогдож байгаа. Гэтэл зохигчийн төлөөлөгчөөр оролцож байсан этгээдийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж буй шүүгчийн энэхүү үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илтэд зөрчсөн төдийгүй мэргэжил ур чадварын хувьд эргэлзээ төрүүлэхүйц үйлдэл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт "...татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол ...шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг зохигчийн өмгөөлөгч гаргаж болно" гэж хуульчилсан. Тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн захирамж гаргах, хэт нэг талыг баримталсан хандлага илт гаргах, нэхэмжлэгч рүү үндэслэлгүйгээр дайрч давшлах, хэргийн шийдлээ урьдчилан илэрхийлэх зэргээр "уг хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзэх" үндэслэл бий болсон. Энэ үндэслэлээр шүүгчийн татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч шүүгч татгалзлыг "өөрөө шийдвэрлэн" шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Улмаар энэ хүсэлтийг ийнхүү шийдвэрлэсэн талаараа ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй, шийдвэртээ ч энэ талаар дурьдаагүй.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой үнэлж дүгнэж чадаагүй бөгөөд хэрэг авагдсан "Суурь" ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн "Нью констракшн ХХК-д зуурмаг шилжүүлсэн" гэсэн баримт, 2017 оны 12 сарын 6-ны өдрийн "Централ Эйшиан Цемент" ХХК-аас хулээн авсан 489.76 тонн цементийг бетон зуурмаг болгон "Нью Констракшн" ХХК-д хүлээлгэн өгсөн" гэсэн тайлбар зэргээр "Централ эйшиан цемент" ХХК-иас хүлээн авсан цементийг бүхэлд нь зуурмаг болгон "Нью констракшн" ХХК-д хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байгаа. Мөн гэрч Г.Лхагваням, хариуцагч компанийн захирал Э.Даваасамбуу нарын мэдүүлгээр хариуцагч компани манай компаниас авсан цементийг өөрийн барьсан автогражийн барилгадаа ашигласан болох нь тогтоогддог. Харин тэд уг цементийг хоорондын тооцоондоо бодож авсан, аваагүй хэмээн маргадаг. Тухайлбал "Нью констракшн" ХХК-ийн захирал Э.Даваасамбуу "Суурь" ХХК-иас зуурмаг хүлээн авч барилгадаа ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин тухайн зуурмагыг Г.Лхагванямд зээлдүүлсэн мөнгөнийхөө өрөнд авсан мэтээр тайлбарладаг. Гэрч Г.Лхагваням нь Э.Даваасамбуугийн гуйлтаар "Нью констракшн" ХХК-д цемент худалдан авч өгч барилгад нь ашигласан гэж мэдүүлдэг. Дээрх нотлох баримтуудаар тодорхой тогтоогдож байгаа гол үйл баримт нь нэхэмжлэгч "Централ эйшиан цемент" ХХК-ийн 489.76 тн цемент хариуцагч "Нью констракшн" ХХК-ийн барьсан барилгад ашигласан байдал юм.
Мөн шүүх "талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нотлогдсон, гэрээний дагуу шаардах эрхтэй байна" гэсэн зөв дүгнэлт хийсэн хэрнээ 489.76 тн буюу ойролцоогоор 8 вагон буюу хүнд даацын 25 автомашин цементийг "Нью консракшн" ХХК-ийн барилгын хашаанд шууд буулган хүлээлгэж өгөх ёстой байсан мэтээр сэтгэсэн нь алдаа болсон. Монгол Улсад барилгын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд маш эрчимтэй хөгжсөн бөгөөд бодит байдал барилгын талбай дээрээ шууд хуурай цемент хүлээн авч бетон зуурмагаа зууран барилгаа барьдаг нэг ч барилгын компани байхгүй бөгөөд барилгын компаниуд бүгд аль бетон зуурмагын үйлдвэр, компаниас бетон зуурмаг авч барилгаа барьдаг болсон. Эцэст нь дүгнэхэд худалдагч "Централ эйшиан цемент" ХХК нь 2012 оны 09 сарын 19-ний өдөр байгуулсан "Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 489.76 тн цементийг худалдан авагч "Нью констракшн" ХХК-ийн төлөөлөгч Г.Лхагванямын заасан этгээд болох бетон зуурмагын үйлдвэртэй "Суурь ХХК-д хүлээлгэн өгснөөр худалдан авагчид "цемент" нийлүүлэх үүрэг бүрэн биелэгдсэн гэж үзнэ. Уг барааг тоо ёсоор нь хүлээн авсан "Суурь" ХХК цементийг бетон зуурмаг болгон худалдан авагч "Нью констракшн" ХХК-д хүлээлгэн өгсөн талаар тодорхой хэлдэг, "Нью констракшн" ХХК ч зуурмаг хүлээн авч барилгадаа ашигласан болохоо хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл энэхүү худалдах худалдан авах гэрээг байгуулсан, гэрээний эцсийн үр дүнг хүртэж цементийг барилгадаа ашигласан этгээд нь гагцхүү "Нью констракшн" ХХК болох нь тодорхой нотлогдож байгаа учраас цементийн үнэ төлөх үүргийг тус компани зайлшгүй хариуцах ёстой. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Централ эйшиан цемент ХХК нь хариуцагч Нью констракшн ХХК-д нийлүүлсэн цементийн үнэ 90 605 600 төгрөг, алданги 45 302 800 төгрөг, нийт 135 908 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд бичгээр хийгдсэн гэх 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Цемент худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлээс татгалзжээ /хх-ийн 221/.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Манай компани 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Нью констракшн ХХК-тай байгуулсан Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 489.76 тонн цементийг бэлтгэн нийлүүлсэн гэж дурдаж \хх-ийн 1\, шаардлагынхаа үндэслэлд 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Цемент худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар хавсаргажээ \хх-ийн 5-7\.
Дээрх гэрээнд Нью констракшн ХХК-ийн компанийн тамга дарагдсан, харин тус компанид ажилладаггүй, компанийг төлөөлөх эрхгүй Г.Лхагваням гарын үсэг зурсан байдал тогтоогдсон нь тухайн гэрээг Централ эйшиан цемент ХХК болон Нью констракшн ХХК-ийн хооронд байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дах хэсэгт төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж зааснаас үзвэл Г.Лхагванямтай худалдан авагч компанийн төлөөлөгчийн хувьд харьцаж, гэрээний харилцаанд орсон Централ эйшиан цемент ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх этгээд нь барилгын ажил гүйцэтгэгч Нью констракшн ХХК байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг зөв дүгнэсэн боловч гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогдохоор заасан байх ба шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Лхагванямын ...Централ эйшиан цемент ХХК-иас авсан цементийг Суурь ХХК-д өгч боловсруулаад манайх барилгадаа ашигласан..., ...МCS пропертистэй байгуулсан гэрээ нь Вива сити төслийн хүрээнд хийгдсэн талбай дээр 500 автомашины граж барина... гэсэн гэрээ байсан... гэрээнд ТУЗ-ийн дарга гэж гарын үсэг зураад тамга дарснаа санаж байна..., гэх мэдүүлэг /2 дах хх-ийн 65, 68/ Э.Даваасамбуугийн ...бетоноор яармагт автограж барьсан... бид 2 хамт байж байгаад гарын үсэг зурсан ...миний гарын үсэг ч байдаг... гэх мэдүүлэг /2 дах хх-ийн 66, 68/ болон Централ эйшиан цемент ХХК-ийн зарлагын баримтууд, нэхэмжлэхүүд /хх-ийн 52-86/, Суурь ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 204-205, 2 дах хх-ийн 57/ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 489.76 тн цементийг хариуцагч Нью констракшн ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Хариуцагч Нью констракшн ХХК-ийн захирал Э.Даваасамбуу, гэрч Г.Лхагваням нар нь яармагт байрлах Вива сити хорооллын төсөл дээр автограж барьж хамтран ажиллаж байхдаа бусдаас буюу нэхэмжлэгч Централ эйшиан цемент ХХК-иас гэрээний үндсэн дээр 489.76 тн цементийг авч өөрсдийн барилгад ашигласан үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Гэрч Г.Лхагванямаас хариуцагч Нью констракшн ХХК нь авлагатай байсан гэх асуудал энэ хэргийн маргааны зүйл биш бөгөөд Централ эйшиан цемент ХХК-ийн өмнө дээрх гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн Г.Лхагванямаас авах авлагад цемент авсан гэх тайлбар, татгалзал хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд хариуцагч Нью констракшн ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт цементийн үнэ 90 605 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Централ эйшиан цемент ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй Г.Лхагваням гарын үсэг зурсан, гэрээний 3.2-т заасан талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан агуулгад нийцээгүй зэрэг үндэслэлээр алданги 45 302 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авсан анхан шатны шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн хэдий ч анхан шатны шүүхэд буцааснаар уг алдааг залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн өмнө хүсэлт гаргаагүй, харин нотлох баримт гаргасан байх ба харин шүүхийн хэлэлцүүлэг явагдсаны дараа нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан /2 дах хх-ийн 74/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дах хэсэгт Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэснийг зөрчөөгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй атлаа нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүгч хангахаас татгалзсантай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй. Харин энэ талаар шүүгч захирамж гаргаагүй нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт нийцээгүй боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.
Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/03322 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Нью констракшн ХХК-иас 90 605 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Централ эйшиан цемент ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын алданги 45 302 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дах заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж гэж өөрчилж, хариуцагч Нью констракшн ХХК-иас 610 978 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Централ эйшиан цемент ХХК-д олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Централ эйшиан цемент ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837 492 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Н.БАТЗОРИГ