Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/00343

 

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/00343

 

Б.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03164 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Пүрэвдоржид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Б.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12-р сарын 28-ны өдөр Б.Пүрэвдоржтой зээлийн гэрээ байгуулж, 31 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Хэдийгээр барьцаагүй гэж бичсэн боловч барьцаа болгож амины сууцанд нь гэр бүлийн хамт амьдарсан. Гэтэл тухайн байр нь агааргүй, халуун усгүй байсан учраас амьдрах боломжгүй болсон бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан боловч мөнгөө өгөөгүй. Иймд Б.Пүрэвдоржоос зээл 31 500 000 төгрөг, алданги 15 750 000 төгрөг нийт 47 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 12-р сарын 28-ны өдөр бүтэн сайн өдөр байсан бөгөөд тэрээр манай барилга барьсан инженертэй орж ирээд 38 м.кв талбайтай байр худалдан авах санал тавьж, инженер залуу 1 660 000 төгрөгөөр тооцоод өгчих гэсэн. Тухайн үед м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр зарж байсан боловч 1 660 000 төгрөгөөр тооцож 63 080 000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд байрны 50 хувь 31 500 000 төгрөгийг ХААН банкнаас одоо авч өгөөд үлдэгдлийг нь 3 сарын дотор өгөхөөр тохирсон. Ингээд нотариатад очиход нотариатч мөнгөө бэлэн аваагүй бол батлахгүй гэсэн бөгөөд Б.Дорждэрэм та бэлэн авсан гээд хэлчих, би банкнаас мөнгө аваад өгнө гэхээр нь итгээд гарын үсэг зурсан. Энэ л миний буруу болсон. Маргааш нь ХААН банкнаас мөнгө авах гэж очсон боловч мөнгө нь ороогүй байна гэсэн. Ингээд хэд хоног хүлээчих, Эрдэнэтээс орж ирэх мөнгө жилийн эцэс гээд хойшлоод байна, манай ээж, аавыг байрандаа оруулаач, удахгүй өгнө гээд гуйгаад байхаар нь 2015 оны эхээр оруулсан. Надад мөнгө зээлүүлээгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бадамсүрэнгийн Пүрэвдоржоос 47 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн Баттөрийн Дорждэрэмийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба Б.Пүрэвдоржид бэлнээр мөнгө өгсөн ба тэрээр мөнгө хүлээн авсан тул гэрээнд гарын үсэг зурж энэ тухайгаа өөрөө бичсэн. Хэрэв хариуцагч нь мөнгө аваагүй юм бол огт танихгүй хүнийг гэр бүлийнх нь хамт өөрийн орон сууцанд амьдруулахгүй, энэ тал дээр шүүх дүгнэлт хийгээгүйгээс гадна үгүйсгэсэнгүй. Гэрч Б.Алтансүхийг мэдүүлэг өгөх үед би чамайг дуудаж зурагтыг чинь өгсөн биздээ гэснээс үзэхэд мөнгө авсан тул орон сууцанд амьдарсны төлбөр авах шаадлага байгаагүйг нотолж байхад уг мэдүүлгийг үнэлсэнгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Дорждэрэм нь хариуцагч Б.Пүрэвдоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 31 500 000 төгрөг, алданги 15 750 000 төгрөг, нийт 47 250 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээгээр мөнгө хүлээн аваагүй, харин надаас байр худалдан авахаар тохирсон бөгөөд үүнийгээ баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, гэрээний зүйлийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл авсан, буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа тохиолдолд хариуцагчид зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй.

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Дорждэрэм нь 31 500 000 төгрөгийг мөн өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч Б.Пүрэвдорж нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлөхөөр тус тус тохиролцож, гэрээнд талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-4/

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн гэрээний 11-д 31 500 000 төгрөгийг 2014,12,28-ны өдөр Хаан банкны байранд бэлнээр өгнө... гэж заасан боловч уг зээлийн гэрээний ар талд 12.28-нд 31 500 000 төгрөг бэлнээр хүлээн авлаа Б.Пүрэвдорж гэсэн агуулга бүхий бичвэр /хх-ийн 4/ байх ба түүнд хариуцагч Б.Пүрэвдорж гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй байна.

Дээрх бичгийн нотлох баримтаар зээлийн гэрээний зүйлийг зээлдэгч Б.Пүрэвдоржид шилжүүлэн өгсөн болохыг зээлдүүлэгч Б.Дорждэрэм нотолсон байхад анхан шатны шүүх гэрээгээр тохирсон газарт үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Зээлийн гэрээ 2 ба түүнээс дээш хувь үйлдэгдэж, хэргийн 4, 16 дугаар талд тус тус авагдсан байх бөгөөд 16 дугаар талд авагдсан гэрээний ард талд мөнгө хүлээн авсан тэмдэглэл байхгүй байгаа нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан бөгөөд хэргийн 4 дүгээр талд авагдсан зээлийн гэрээний хувь хуулийн дээрх шаардлагыг хангасан тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч Б.Пүрэвдорж нь дээр дурдсан нотлох баримтуудыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй ба нэхэмжлэгч Б.Дорждэрэмтэй байгуулсан зээлийн гэрээгээр 31 500 000 төгрөгийг зээлж аваагүй гэх тайлбараа нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Дорждэрэм нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 31 500 000 төгрөгийг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар алдангийн хамт хариуцагч Б.Пүрэвдоржоос шаардах эрхтэй.

Хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг тооцоход /2015 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 сарын 28-ны өдрийг хүртэл нийт 900 хоног х 157 500 төгрөг/ 141 750 000 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлах нь зүйтэй.

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03164 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Пүрэвдоржоос 47 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дорждэрэмд олгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, үлдээж гэсний дараа хариуцагч Б.Пүрэвдоржоос 394 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дорждэрэмд олгосугай гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дорждэрэм давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ