| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1239/э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 49
Б.Лд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 685 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 972 дугаар магадлалтай, Б.Лд холбогдох 1809054870354 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Сартаули овогт Б Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Лыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл “Хэргийн бодит байдлыг тогтоох”, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн нь дараах байдлаар хэргийн үйл баримтыг эргэлзээтэйгээр тогтоогдсон гэж дүгнэсэн. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Хохирогч О.Мөнгөншагайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл “Намайг цохих гэж дайрч босож ирэхээр нь цохиж магадгүй гээд шууд хоёр суган доогуур нь гараа хийж тэвэрч аваад хөгшөөн одоо хэрэггүй” гэхэд “чамайг ална” гэж амандаа үглээд, намайг өөрөөсөө холдуулж түлхтэл би хойшоо савж хаалга мөргөж газар унасан” гэх мэдүүлэг. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч О.Мөнгөншагайгаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “Ширээний ард юм яриад байж байтал Б.Л эсэргүүцэж босож ирээд чи муу ер нь юу гээд байгаа юм гээд гараа атгаад ирэхээр нь цохиж магадгүй гэж доод хоёр суган доогуур нь гараа хийж тэвэрч авсан. Тэрнээс бол Б.Лыг заамдаж барьсан зүйл байхгүй. Тэгээд хамт байсан Уранбат салгах гээд Б.Лын гарнаас татахад дийлэхгүй байсан. Тэгтэл Б.Л намайг түлхтэл арагшаа хаалга савж унасан. Унах үедээ хөлөө дарж унаад гэмтсэн гэх мэдүүлэг. Гэрч Б.Уранбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл “О.Мөнгөншагай мөн адил сууж байсан сандал дээрээсээ босож тэр хоёр хоёр биенийхээ өөдөөс тулж цээжээрээ тулцгаасан. Ингээд хоёр биенийхээ өөдөөс хэрэлдэж байгаад хоёр биенээ заналхийж хэрэлдэж байгаад Б.Л нь О.Мөнгөншагайн захаас нь зуурч хоолойг нь бооход О.Мөнгөншагай, Б.Лыг тэвэрч авсан тэгэхээр нь би Б.Лын гарыг тавиулах санаатай зүүн гарнаас нь татахад зүүн гараа тавиад баруун гараараа О.Мөнгөншагайг шууд түлхчихсэн, тэгтэл О.Мөнгөншагай хойшоогоо хаалга савж унаад унасныхаа дараа хөл эвгүй болчихлоо шагай мултарчихлаа гэж хэлсэн тэгэхээр нь Б.Лт уурлаж чи ер нь яагаад юу болоод байгаа юм. Гэрч Б.Уранбатаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл “Тэгтэл О.Мөнгөншагай мөн адил сандал дээрээсээ босоод хоёулаа хоёр биенээ заамдаж авсан. Тэгээд би тэр хоёр дээр очоод Б.Лыг чи болиоч гээд О.Мөнгөншагайг заамдсан нэг гарыг нь тавиулах санаатай зүүн гарнаас нь татсан. Тэгтэл Б.Л баруун гараараа О.Мөнгөншагайг цааш түлхсэн. О.Мөнгөншагай түлхэлтэнд арагш савж нуруугаа хаалга мөргөж доош суусан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон гэж дүгнэсэн нь хохирогч О.Мөнгөншагайг санаатай түлхсэнээс үүдэлтэй биш өөрөө унсан нь шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг болон хохирогчоор болон гэрчиийн өгсөн мэдүүлэг зэргээр хаалганы байрлалаас харахад тус эрүүгийн хэрэгт шүүгдэгч Б.Лт холбогдолгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь эрүүгийн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дээрх нөхцөл байдлаар тус тус зөрчсөн байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, мөн хуулийн 16.15 дугаар зүйлд заасан үндэслэлээр гомдол гаргасан. Үйл баримтаас харахад 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр маргаан болсон танхим дотор Б.Уранбат гэх ганц гэрч байсан бөгөөд анхан шатны шүүхэд гэрчийг биечлэн оролцуулахад би Б.Лын ар талд зүүн гарыг нь тэврээд байж байсан. О.Мөнгөншагайг түлхэж байсныг надаас өндөр байсан болохоор хараагүй” гэж мэдүүлсэн. Өмнө нь түлхсэн гэж мэдүүлсэн байна гэхэд үүнийг мөрдөгч бичсэн байна, би анзаараагүй гэдэг. Мөн хохирогч мэдүүлэхдээ Б.Л намайг түлхсэнийг анзаараагүй. Гэхдээ Б.Л намайг түлхсэн бол хойшоо унах байтал ар талд нь унасан гэсэн. Гэтэл түлхсэний улмаас гэмтэл учирсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хуралд өгсөн мэдүүлгээр түлхсэн баримт тогтоогдоогүй учраас Б.Лд холболдолгүй гэх үндэслэлээр гомдол гаргасан” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Л нь хохирогч О.Мөнгөншагайг ажил хэргийн маргаанаас үүдэж, түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. О.Мөнгөншагайгийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг Б.Л учруулсан болох нь гэрч Б.Уранбат, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хохирогч анхан шатны шүүх хурал дээр гомдолгүй гэж мэдүүлэх болсон нь хохирол төлбөрөө авсан байдалтай холбоотой. Шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан хуульд заасан шийтгэл оногдуулсан, Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Л болон түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Лт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Л нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны байранд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажил хэргийн маргаанаас үүдэн хоёр биенээ заамдах үед О.Мөнгөншагайг түлхсэний улмаас хохирогч унаж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримтыг хоёр шатны шүүх тогтоосон нь хоорондоо зөрүүгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд болсон үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн хэдий ч түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Б.Лыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.
Тогтоогдсон үйл баримтад дүн шинжилгээ хийхэд Б.Л нь намын сонгуультай холбоотой ажил хэргийн асуудлаар хохирогч О.Мөнгөншагайтай маргах явцад хохирогчоос зуурахад гэрч Б.Уранбат зүүн гарыг нь ард нь мушгиж салгах оролдого хийсэн ба хохирогч мөн хариу зууралдахад өөрөөсөө холдуулан түлхэж унагаасан байна.
Дээрх байдлаар Б.Л нь О.Мөнгөншагайг түлхэхдээ гэмтэл учруулах зорилго агуулан хор уршгийг урьдчилан тооцож хүссэн гэж үзэх баримт тогтоогдоогүй, хүчний үйлчлэлийн хэмжээ, чиглэлээс харахад хохирогчийг бэртээж гэмтээх бус маргаан, тэмцлээс зайлсхийх санаатай хийгдсэн гэж үзэхээр байна.
Б.Лыг бусдын биед хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд зөвхөн үүрэг хүлээсэн этгээд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээхээр эрүүжүүлэн тогтоосон байна.
Хэдийгээр Б.Л нь энэ үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй, цагаатгагдах боловч учруулсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар тогтоолгож хариуцуулах боломжтой учир хохирогчоос гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих тухай өөрчлөлтийг тогтоолд оруулах нь зүйтэй байна.
Иймд Б.Лт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очирын “анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
2. Б.Лд холбогдуулан хохирогч О.Мөнгөншагайгаас гаргасан нэхэмжлэлийг хэрэлэлцэхгүй орхисугай.
3. Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР