Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 51

 

Г.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 725 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1050 дугаар магадлалтай, Г.От холбогдох 1905027730818 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Намсрай, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Соод овогт Г О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.  

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Намсрай, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Г.Намсрай, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар гаргасан гомдолдоо “... анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд ялангуяа хохирогчийн эрүүл мэнд цаашдын хор уршгийг үнэлээгүй шийтгэх тогтоол болон магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй хохирогчийн эрх ашгийг хэт хохироосон шийдвэр гарсан. Хохирогч Г.Намсрай нь шүүгдэгч Г.Оын хууль бус үйлдлээс болж өөрийн 3 шүдээ хугалуулж энэ шүднүүд нь эмчилгээ хийлгэх ямар ч боломжгүй байсан тул шүдний эмнэлэг нь шүдийг авсан түүний төлбөр нь буюу дахин ашиглах боломжгүй хаягдал тул түүнийг авч хаясны төлбөр хэрэггүй зүйлийг авч хаясны төлбөр. Энэ төлбөрийг төлсөн тийм учраас хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж байгаа хэр зохимжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Хохирогчийн биед дээд зүүн 1, доод үүдэн голын 2 шүдний булгарал, зүүн 1 дүгээр шүдний сулрал гэсэн гэмтэл тогтоогдсон” гэсэн шинжээчийн дүгнэлт. “Индранил” шүдний эмнэлгийн тодорхойлолт. Доод үүдэн 2 шүд хөдөлгөөний зэрэг 4 дүгээр зэргийн хөдөлгөөнтэй шүдний холбоос эд нийлэнхүйдээ өрөвссөн. Чиг тавих эмчилгээ үр дүн өгөхгүй тул шүд авав. Дээд үүдэн шүд шүдний цөгц хугарсан мөн сурвалжин оройн түвшин дахин хугарсан байсан тул тус шүдийг сэргээх боломжгүй болно гэжээ. Эндээс харахад 3 шүд нь эргэж ямар ч сэргэх боломжгүй тул хохирогч 3 шүдээрээ хохирсон бөгөөд түүнийг нөхөн хийлгэх шаардлагатай тул шууд учирсан хохирол болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирлын талаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасныг орхигдуулж хохирогчийг гомдол болон хор уршгийг тооцон дүгнэлт гаргаагүй байна. Имплант эмчилгээ 6.600.000-9.000.000 хүртэл шүд бус бүр 2.200.000-3.000.000 төгрөгийн үнэ тарифтай байна гэжээ энэ нь түүнд учирсан хохирол болон хор уршгийг тодорхойлсон байна. Гэтэл анхан шатны шүүх нь хор уршгийг бүрэн арилгаагүй байхад шүүгдэгч бусад төлөх төлбөргүй. Давж заалдах шатны шүүх хохирогчид гэмт хэргийн улмаас 3 шүдний хугарал, 1 шүдний ганхалт бүхий гэмтлүүд учирсан нь нөхөн сэргээхэд хэдэн төгрөг шаардлагатай болох тодорхойгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Г.Намсрай нь өөрт учирсан хохирол болон хор уршгийг мөнгөөр илэрхийлсэн баримт “Индранил” шүдний эмнэлгийн тодорхойлолтоор 1 шүдний нөхөн сэргээх эмчилгээний үнийг тодорхойлж өгсөн. Энэ нь эмчилгээний зардлыг тодорхойлсон баримт билээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь уг баримтанд ач холбогдол өгөөгүй бөгөөд бодит дүгнэлтийг өгөөгүй гэж үзэж байна. Иймд дээрх нотлох баримт болон хэрэгт цугларсан баримтыг хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.4 дэх  хэсгийг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 заалт, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч Г.О нь эхнэрээ өмөөрч иргэн Г.Намсрайн нүүрэн тус газарт цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдуулж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүд нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан болох нь хохирогч Г.Намсрай, гэрч Н.Жаргалбаяр нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэн, баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй үлдээснийг давж заалдах шатны шүүх буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчийн нэхэмжилсэн төлбөр төлөгдсөн байсан бөгөөд хохирогч хувийн эмнэлэгт үзүүлж, нэг шүдийг 2,200,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийн хооронд хийлгэх боломжтой талаар зөвлөгөө авсан баримтаа хэрэгт өгсөн нь учир дутагдалтай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, оролцогчдын эрхийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:      

Хохирогч Г.Намсрай болон түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.От холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кола Кибаб” хоолны газрын урд эхнэртэй нь зүй бусаар харилцсан Г.Намсрайн нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтад дүн шинжилгээ хийвэл шүүгдэгч Г.О нь 2019 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кола Кибаб” хоолны ойролцоо шүүгдэгчийн эхнэр Н.Оюун-Эрдэнэ, дүү Н.Оюунсүрэн нартай 200 доллар, 500 доллараар авъя гэж зүй бусаар доромж харьцсан хохирогч Г.Намсрай, түүний найз Н.Жаргалбаяр нартай эхнэр болон дүүгээ өмөөрч маргалдсан байна. Энэ үед хохирогч Г.Намсрай, Н.Жаргалбаяр нар нь  Г.Оыг эсэргүүцэх, нэгнээ зөвтгөх байдлаар довтолсны хариуд Г.О нь Н.Жаргалбаярыг өөрөөсөө түлхэн холдуулж Г.Намсрайн нүүрэнд цохисон болох нь хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн гэрч Н.Оюун-Эрдэнэ, Н.Оюунсүрэн, Н.Жаргалбаяр нарын мэдүүлэг, тухайн үед Г.Намсрайн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 8085 дугаар дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон. Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

Шүүгдэгч Г.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх боловч  өөрийн, ойр дотны хүний эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн, нийгмийн хор аюул нь үгүйсгэгдэх үйлдэл байх тул  гэмт хэрэгт тооцохгүй.

Хохирогч Г.Намсрай, иргэн Н.Жаргалбаяр нарын зүгээс эхлүүлсэн хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс хариу үйлдэл хийсэн шүүгдэгч Г.Оын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Г.От 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Оыг цагаатгаж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 725 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1050 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 725 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1050 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.От 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, Г.Оыг цагаатгасугай.

2. Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         Б.БАТЦЭРЭН                                               

                                                                                                         Д.ГАНЗОРИГ           

                                                                                                          Ч.ХОСБАЯР