Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 52

 

Б.У, Э.Тнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.У өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Э.Т өмгөөлөгч Г.Сүхээ, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 955 дугаар магадлалтай, Б.У, Э.Тнарт холбогдох 1902001130055 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.У гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэгт, 

 2. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Баянцогт овогт Э Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт,

Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  2 /хоёр/ жил 8 /найм/ сар хорих ял,

шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Б.Улсболдын баривчлагдсан 48 цагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У-с 200.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.У гаргасан гомдолдоо “2017 оноос хойш найз бүсгүй Отгонтуяатай гэрлэлтээ батлуулж амжаагүй ч хамт амьдарч байна. Эхнэр Отгонтуяа маань 4 сартай жирэмсэн. 2017 оноос хойш эхнэр бид хоёр Сэлэнгэ аймгийн О.Х.У.Т-ийн 1-11 тоот лангуу түрээсэлж хүүхдийн тоглоом, унадаг дугуй зардаг. Ам бүл 5 ээж, аав, 2 дүүгийн хамт, аав, ээж хоёр маань хувиараа жаазны үйлдвэр ажиллуулдаг. Хоёр дүү маань том нь 5 дугаар анги бага нь цэцэрлэгт. Иймд анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа мөн анх удаа гэр бүл зохиож гэнэн залуу насандаа амьдралаа хар толботой эхлүүлж байгаадаа чин санаанаасаа харамсаж байна. Цаашид хүний хань хүүхдийн аав болох гэж байгаа хүн гэрэл гэгээтэй амьдралд гэр бүлтэйгээ аз жаргалтай сайхан амьдрах хүсэлтэй байна. Иймд миний бие шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн хүсэж байна. Би нийгэмд аюултай ийм гэмт хэргийн холбогдогч шүүгдэгч болсондоо харамсаж байгаа хэдий ч ял шийтгэл эдэлж хүмүүжих ёстойгоо чин сэтгэлээсээ ойлгож мэдэж байгаа билээ. Иймд хийсэн хэрэгтээ ял шийтгэл эдлэх ёстой гэдгээ ч ойлгож байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхэд мэдүүлж шүүх хөнгөрүүлж үзэх хууль зүйн зохицуулалт байдаг болохыг ойлгож мэдсэн болохоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. Учир нь би өөрийн хайртай гэр бүл болох эхнэр шинээр мэндлэх бяцхан үр, аав, ээж, 2 дүү нартаа нэг цаг нэг минутын өмнө ч гэсэн гэртээ очих хүсэлтэй байгаа тул шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан саналдаа “шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 955 дугаар магадлалд гомдол гаргаагүй. Шүүгдэгчийн өөрийн болон түүний ар гэрийнхний хүсэлтийн дагуу хяналтын шатны шүүх хуралд орж байна. Давж заалдах шатны шүүх хуралд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчигдсөн асуудлуудын талаар яригдсан. Хэргийн үйл баримт, хорих байгууллагын нөхцөл байдалтай нь танилцаад гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглэх үндэслэлтэй гэж гомдол гаргуулсан. Б.Улсболд хорих байгууллагын нөхцөл байдал, түүнд тавигдах шаардлага зэргүүдэд маш их гэмшсэн байсан. Иймд түүний ар гэрийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялаас тодорхой хэмжээгээр хасаж өгнө үү” гэв.

 Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Т-н өмгөөлөгч Г.Сүхээ гаргасан саналдаа “миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан хэмжээнд хариуцлага оногдуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:        

Шүүгдэгч Б.У-ын гаргасан гомдлыг үндэслэн Б.У, Э.Тнарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2019 оны 02 дугаар сарын 22-25-ны өдрийн хооронд  Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 75 дугаар байрны 307 тоот байранд 6.6 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгооор хууль бусаар хадгалсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 75 дугаар байрны орцонд “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

шүүгдэгч Э.Т-н нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23в байрны орцонд биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 1 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Улсболдыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан, Э.Т-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдалд бүрэн нийцсэн байна.

Шүүгдэгч Б.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.У-д оногдуулсан хорих ял түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.У-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 955 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР