Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 53

 

Г.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б, хохирогч Ж.Батхүү, түүний өмгөөлөгч Б.Ганболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 528 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 976 дугаар магадлалтай, Г.Бөд холбогдох 1711014990526 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Архангай аймгийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 07 дугаар сарын 08-ны эдлээгүй үлдсэн 2 жил 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Баяжих овогт Г Б нь

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, 31.764.340 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Бөөс гаргаж хохирогч Ж.Батхүүд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “шүүгдэгч Г.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бөд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээ гаргасан эсэргүүцэлдээ “давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилтэй, Г.Бийн эхнэрийн хамаатан Туваанжав гэж хүн огт байдаггүй, хэнд ч Америкийн нэгдсэн улсын виз гаргуулах гээгүй, маргааш мөнгийг чинь буцаагаад өгнө гээд маргааш нь буцааж өгөөгүй нь тогтоогдсон байхад нэг аргаар, нэг үйлдлээр залилан авсан 22.000 ам.доллар буюу 54.064.340 төгрөгөөс 7 хоногийн дараа буцаан өгсөн 20.300.000 төгрөгийг авахдаа залилан мэхэлж авах санаа зорилго агуулаагүй гэж, харин буцааж өгөөгүй 33.764.340 төгрөгийг авахдаа хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж төөрөгдөлд оруулах аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө авч ашигласан байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдлын талаар бодитой, хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ гэхэд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл Г.Б нь Ж.Батхүүгээс 22.000 ам.доллар зээлж аваад тохирсон хугацаандаа зарим хэсгийг нь буцаан өгсөн бол үлдэгдэл 33.764.340 төгрөгийг өгөөгүй асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг үнэлж, дүгнэж болох ч энэ хэргийн хувьд анхнаасаа л огт байхгүй эхнэрийн хамаатан гэх хүний нэр хэлж, түүнд виз гаргуулахын тулд ганц хоногийн хугацаатай банкны баталгаа болгож хэрэглээд маргааш нь буцаагаад өгнө гэж 22.000 ам.долларыг нэг мөсөн авсан байхад үүний заримыг нь гэмт хэрэг үйлдэж аваад, заримыг нь гэмт хэрэг үйлдээгүй авсан гэх нь үнэхээр өрөөсгөл дүгнэлт гэж үзэхээр байна. Г.Бийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь Ж.Батхүүг төөрөгдүүлэхээр бодит байдалтай огт нийцэхгүй, биелэгдэх боломжгүй өөрийн сэдэж бий болгосон шалтаг шалтгаан гаргаж ирэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласнаар түүний мөнгийг өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулах эрх үүссэнээр дууссан байхад давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэсгүйгээр багасган зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 976 дугаартай магадлалыг хянуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан  хэлсэн саналдаа “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Залилах гэмт хэргийн онцлог нь өөрийн үйлдлийг хууль ёсны гэх хуурамч сэтгэгдлийг төрүүлж, эд хөрөнгийг сайн дурын өөрт шилжүүлэн авахдаа буцааж өгөхгүй байх зорилготой байх ёстой. Гэтэл Г.Б 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 22.000 ам.доллар авсан асуудал яригдах бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 7 хоногийн дараа 20.000.000 төгрөг өгсөн. Ингээд үл ойлголцох асуудал гарч, хохирогч үлдэгдэл 34.000.000 төгрөгт гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг учирсан байдлыг анхаарч үзэх ёстой. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд хэлсэн саналдаа “өнөөдрийн шүүх хуралдаанаар хохиролтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна гэж ойлголоо. Хохирогчийн хувьд 120.000.000 төгрөгийг шүүгдэгчид алдсан. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн өвсний асуудал шийдэгдээгүй буюу 66.000.000 төгрөгийн хохиролтой байдаг. Шүүгдэгч болохоор өвсний үнэ 12.000 хүрэхээр нь зарж, таны мөнгө өгөх байсан гэдэг. Тэгэхээр хохирол барагдаагүй байгаа” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед гэм бурууд маргаагүй. Харин хохирлыг барагдуулсан талаар давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учруулсан хохирлоос нөхөн төлсөн хохирлыг хасах ёстой байтал гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 20.300.000 төгрөгийг хасаж, зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:        

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Г.Бөд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Б нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” валют арилжааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг Ж.Батхүүд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “эхнэрийн хамаатан Туваанжав АНУ-ын виз гаргуулах гэсэн юм, та банкны баталгаа гаргаж өгөөч, маргааш мөнгийг чинь буцааж өгнө гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж 22.000 ам доллар буюу 54.064.340 төгрөгийг авч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20.000.000 төгрөгийг буцаан өгч, нийт 33.764.340 төгрөг залилан, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Бийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 33.764.340 төгрөг залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Залилан мэхлэж авах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлдог ба шүүгдэгч Г.Б нь хохирогч Ж.Батхүүгээс 22.000 ам доллар буюу 54.064.340 төгрөгийг авсан боловч хохирогч хуулийн байгууллагад хандаж гомдол гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаа эхлээгүй байхад мөнгийг авснаас 7 хоногийн дотор 20.300.000 төгрөгийг өөрийн хүсэл зоригийн дагуу буцаан өгсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг 54.064.340 төгрөгийг бүгдийг залилан шамшигдуулах зорилготой байсан гэж үзэх бус харин зарим хэсгийг буюу 33.764.340 төгрөгийг буцааж төлөхгүй байхаар сэдэж энэ хэргийг үйлдсэн гэж дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцэж байна.  

Давж заалдах шатны шүүх хохирогч Ж.Батхүүд 33.764.340 төгрөгийн бодит хохирол учирсан гэж дүгнэж прокуророос Г.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн прокурор Б.Чимгээгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 976 дугаар магадлалыг хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн прокурор Б.Чимгээгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР