Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг, хохирогч Г.Сарантуяа, түүний өмгөөлөгч Б.Номуундарь, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 616 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 920 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 180303009230042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг, хохирогч Г.Сарантуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г Авто тээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Сарантуяагийн энэ хэрэгт холбогдуулан нэхэмжилсэн 5.887.861 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Г.Сарантуяа гаргасан гомдолдоо “Эмчилгээнд нийт 6.479.531 төгрөг зарцуулсан. Мөн өмгөөлөгчид 500.000 төгрөг төлсөн. Шүүхээр эмчилгээний зардлыг хохиролд тооцоогүйд гомдолтой байгаа. Энэ зардлыг Буянгаас гаргуулмаар байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас үйлдсэн гэмт хэргийн хувьд болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг гэтэл Буян нь харсаар байж хүнд гэмтэл учруулсан гэм буруугийн санаатай үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгч үзсэн болно. Буян хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч дүгнэлт хийдэггүй мөртлөө хохирогч намайг хэрэг үүсэх үеэс эхлэн хяналтын байгууллагыг хууран мэхлэх, хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай нь хуйвалдсан гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Харин Буян нь мөрдөн байцаалтын шатанд камерын бичлэгийг цахим сүлжээгээр цацаж миний нэр төрд халдсан үйлдэл хийсэн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Ослоос болж бие маань бүрэн эдгээгүй байгаа бөгөөд хор уршиг арилаагүй байна. Буян нь хуулийн байгууллагад удаа дараа гомдол, хүсэлт гаргах эрхээ эдэлж өнөөдрийг хүртэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой болж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж миний эмчилгээний зардлыг Буянгаас гаргуулан түүнийг эрүүгийн хариуцлагад тооцож өгнө үү. Мөн Буянгийн ял хөнгөдсөн гэж үзэж байна” гэжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б- гаргасан гомдолдоо “Г.Сарантуяагийн зам дээр явж байсан үйлдэл болон миний үйлдэл хоёрын шалтгаан нөхцлийг зөв тодорхойлох замаар хэргийг авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтгүйгээр, нотлох баримтыг хавтаст хэрэгт авалгүйгээр, хүний амаар гэм бурууг тогтоож байгаа нь “Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийн зарим заалтыг зөрчсөн болон буруу хэрэглэсэн” гэж үзэхээр байна. Нурууны зурагт үзлэг хийж, эх сурвалжийг зааж өгөлгүйгээр хохирогчоор хэнийх нь мэдэгдэхгүй нурууны зураг хүргүүлсэн бөгөөд түүнд итгэх аргагүй дараах 4 шалтгаанаар эргэлзээ үүсгэж байна. Г.Сарантуяа нь зорчигчийн зогсоол дээр зогсож байхад нь мөргөсөн гэж төрийн цагдаад худал мэдүүлсэн. Хожим осол болсон камерын бичлэгийг хавтаст хэрэгт авснаар Сарантуяа нь тээврийн хэрэгслийн зорчих хэсэг дээр явж байсан буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх заалтыг зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. БНХАУ-ын Бээжин дахь Дундаа эмнэлэгт шулуун гэдсээ үзүүлсэн баримтыг хэрэгт хавсаргахдаа худал орчуулга хийлгэж өгсөн. Уг орчуулгад “Ослын улмаас шулуун гэдэс цуурч, мэс засал хийлгэсэн” гэж худал бичсэн байсан бөгөөд сүүлд миний бие үнэн зөв орчуулгыг хавсаргаж өгсөн. Шүүх эмнэлгээс ослын улмаас шулуун гэдэс цуурах үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан. Г.Сарантуяа      нь мөнгө авахын тулд мэдүүлэгтээ 6-15 сая төгрөгийн хохирол учирсан гэж худал баримт цуглуулж өгсөн нь шинжээчийн дүгнэлт, үнэн зөв орчуулга, болон түүний өгсөн худал мэдүүлгээр тогтоогдсон. Мөн хамт явж шинжилгээ /MRI буюу СТ зураг авахуулах\ хийлгэн оношийг үнэн зөв тогтоолгон шаардлагатай бол эмчлүүлээд өгье гэсэн миний олон удаагийн саналыг хүлээж аваагүй, зөвхөн мөнгө нэхдэг. Иймд Г.Сарантуяагийн сээр нурууны 12 дугаар нугалам хугарсан гэсэн нь үнэн баримтаар нотлогдоогүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хавтаст хэрэгт авагдаагүй гарсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтад тооцохгүй байхыг хүсье. Шаардлагатай гэж үзвэл шинжээч эмч нараас мэдүүлэг авах. Шинжээч эмч MRI зураг авахуулах нь “Өвчнийхөө хувьд шаардлагатай” буюу хугарлын байдал болон хугацааг тогтооход шаардлагатай гэж мэдүүлсэн. Тус гэмтэл нь хүний хөдөлгөөнийг хязгаарлахаар гэмтэл биш байгаа бөгөөд цаг хугацааны хувьд ослоос болсон гэхэд эргэлзээтэй байна. Бороо харагдадгүй хуурамч зургаар дүгнэлт гаргаж шинэ хугарал гэж үзсэн байна. Зөвхөн бороог харж байж цаг хугацааг тодорхойлох боломжтой байсан. Одоо ч боломжтой. Г.Сарантуяагийн сээр нурууны 12 дугаар нугалам хугарсан нь үнэн баримтаар нотлогдоогүй бөгөөд хугарал болсон хугацаа, бороожилтын явцыг нь MRI зураг авахуулж шинжлүүлснээр тодорхойлж болно гэж үзэж байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл нь дуу, дүрсний бичлэгээсээ зөрүүтэйгээр барахгүй ач холбогдол бүхий яриа, зүйлс нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсгийн дагуу “Ноцтойгоор зөрчигдсөнд тооцогдохоор” байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг буцаах тухай яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаах эсэхийг хэлэлцэхгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь дээрх хуулийн 33.3 дахь заалтыг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль хяналтын байгууллагын дүрэм журмын холбогдох заалтуудыг үндэслэн уг хэргийг авч үзэх явцад дээр дурдсан процессийн алдаа гарсан, миний гэм бурууг тогтоогоогүй, хохирогч гэх иргэн Г.Сарантуяа нь худал мэдүүлэг, нотлох баримт, орчуулгыг хавтаст хэрэгт өгч төр, хууль цаазыг уландаа гишгэсэн, хэргийн цорын ганц нотлох баримт болох нурууны зургийг хавтаст хэрэгт өгөөгүй, тус зурагт үзлэг хийлгээгүй, хамт эмнэлэгт явж шинжилгээ хийлгэж оношоо тодруулан эмчлүүлье гэсэн удаа дараагийн миний саналыг хүлээн авдаггүй нь нурууны зургийг эвлүүлэг хийлгэн хуурамчаар үйлдүүлж дүгнэлт гаргуулсан байх магадлал өндөр, шинжээч эмч өмнөх гэмтэл байх магадлалтай гэсэн мэдүүлэг өгсөн зэрэг эргэлзээ байгааг харгалзан намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нилээд олон зөрчил байгаа. Анхан шатны шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, тэмдэглэл нь хоорондоо зөрүүтэй, шүүгдэгчийн хэлсэн үгийн 2/3 байхгүй, өмгөөллийн үг болон шинжээчээс асуусан асуулт, хариулт зэргийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй. Мөн рентген зургийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлэхдээ Шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх тухай журам, зааврыг зөрчсөн. Шинжээч эмч н.Оюунбаясгалан мэдүүлэхдээ “хохирогчийн өгсөн зургаар шинжилгээ хийсэн” гэж мэдүүлсэн бөгөөд н.Сарангэрэл н.Оюунбаясгалан эмчийн тогтоосныг үндэслэн дүгнэлт гаргасан. Тэгэхээр прокурор шинжилгээний объектыг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлэхдээ рентген зурагтай холбоотой материалыг хүргүүлээгүй, хохирогчоос зураг авсан асуудал байгаа. Б.Б- 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогчийн сээр, нурууны имрай, компьютер томографикийн зураг авахуулъя гэхэд авахуулаагүй. Анхан шатны шүүхэд хортой учраас авахуулаагүй гэдэг боловч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авахуулсан гэх хэнийх нь мэдэгдэхгүй зураг өгч дүгнэлт гаргуулсан. Энэ асуудлаар 14 удаа хүсэлт гаргасан боловч хангаагүй. Үүний дараа н.Алтангэрэл прокурор шинжээч эмч нараас тодруулсны үндсэн дээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилох эсэхийг шийдье гэсэн хариу ирүүлсэн байхад тогтоолын биелэлтийг хангаагүй нь процессийн зөрчил юм. Гурван эмчийн хоёр нь компьютер томографикийн зураг авахуулах шаардлагатай гэж хариулсан байхад дахин шинжээч томилоогүй нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлттэй танилцаж дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй буюу шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа “2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 30 минутад хохирогч Г.Сарантуяа нь Гэмтэл согог судлалын үндэсний төв үзүүлэхдээ рентген зураг авахуулсан талаар эмчийн хуудаст тэмдэглэсэн” гэж бичсэн. Гэтэл хавтаст хэргийн хүрээнд рентген зургийг үзсэн гэх баримт байхгүй. Тэгэхээр байхгүй баримтад үнэлэлт өгсөн байна. Мөн хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтыг зөрчсөн, харин Б.Б- хориглосон бус нийтлэг заалтыг зөрчсөн. Гэтэл техникийн шинжээчийн дүгнэлт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1, 16.14 дүгээр зүйлийн 2, 16.15 дугаар зүйлийн 1, 33.1 дүгээр зүйлийн 6.14, 39.8 дугаар зүйлийн 1.9, 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Миний үйлчлүүлэгч хэргийг цагаатгуулах хүсэлт гаргасантай санал нэг байгаа. Гол нотлох баримт рентген зураг, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй буюу гэм бурууг нотолж чадаагүй. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү. Мөн шинжээч эмч н.Сарангэрэл гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаа” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Номуундарь шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хэргийн нөхцөл байдлыг харахад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гомдолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.7 дугаар зүйл, 38.8 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийг огт ярьдаггүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хурал дээр ярьсан, дахин давтагдсан, шийдвэрлэгдсэн асуудлуудыг ярьдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжээч эмч нараас мэдүүлэг авахад өөрсдөө оролцсон бөгөөд бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хууль зөрчсөн мэтээр тайлбарладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар дуу, дүрсний бичлэг хурлын тэмдэглэлтэй зөрсөн гэх боловч давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн санал болон зарим үг дутуу байсан, үндсэн нотлох баримтууд ямар нэгэн зөрүүгүй байгаа учраас дахин шийдвэрлэх шаардлагагүй гэх дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүйг тогтоосон. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлүүд нь нотлох баримтаар нотлогдоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Харин  шүүгдэгчийн эрх ашгийг хангалттай хамгаалсан буюу мөрдөн байцаалтын шатанд 6 сар болсон, шүүгдэгч 4 удаа өмгөөлөгчөө солих зэргээр хурлыг хойшлуулсан. Хохирогчийн зүгээс иргэний журмаар нэхэмжилсэн хохирлоо төлүүлэх саналтай байна. Иймд тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэг, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчиг Г.Сарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны хэргийн үйл баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг хөнгөн байдлаар мөргөхөд үүсэхгүй хэмээн маргаж өдий хүрсэн. Мөн удаа, дараа шинжээчийн дүгнэлт, гомдол хүсэлтүүд гарснаас болж мөрдөн шалгах ажиллагаа удааширсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжээч нар оролцож мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч нараас мэдүүлэг авах ажиллагаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүсэлтээр оролцож байсан болох нь нотлох баримтаар хэрэгт авагдсан. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч Б.Б- учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн газрын камерын бичлэгээр хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд үндэслэн торгох ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Г.Сарантуяа, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Чулуунбатад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б-ыг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хэрлэн плаза” төвийн урд замд “Тоёота ланд крузер” загварын 76-95 УНП дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Г.Сарантуяаг мөргөсөн гэх хэрэгт прокурор буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараахь нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогоогүй, авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүх хэргийн үйл баримтыг нотлох боломжгүй, энэ талаар талууд маргасан байр суурьтай хэвээр байна.

Шинжээчийн дүгнэлт дутуу тул бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг дахин нэмэлт шинжилгээгээр гаргаж хохирогчийн БНХАУ-д хийлгэсэн эмчилгээ энэ хэргийн улмаас учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой эсэхийг шинжээчийг байцааж бус дүгнэлт гаргуулах замаар тогтоох, хохирогчийн нурууны бүтцэд дахин шинжилгээ хийж учирсан гэмтлийн шинж чанар, хэр хэмжээ, цаг хугацаа, хүндрэл, одоогийн нөхцөл байдал, цаашид эмчилгээ, сувилгаа шаардлагатай эсэхийг болон камерын бичлэгт тодорхойлогдсон шүүгдэгчийн үйлчлэлтэй шалтгаант холбоотой байж болох эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Хохирогч өөрийн биед өнөөг хүртэл зовиур шаналал байгаа талаар мэдүүлж байгаа тохиолдолд дээрх шинжилгээ чухал.

Энэ талаар дээд шатны прокуророос гаргасан 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлтийг хангах тухай” тогтоол ач холбогдол бүхий хэвээр байна.

Хохирогчид учирсан гэмтлийг шинжилгээний хамгийн энгийн аргаар буюу рентген зургаар тогтоосон нь шинжээчийн дүгнэлтийн нотлох баримтын ач холбогдлыг буруулж хэргийн оролцогчдын хувьд маргаан дагуулж байгаа тохиолдолд шинжилгээг шинжлэх ухааны илүү нарийвчлалтай арга, хэлбэрээр явуулах боломжийг ашиглахгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны тактикийн алдаанд тооцогдоно. Прокурорын даалгаварт заасны дагуу “МRI” буюу компьютер томографийн нарийвчилсан шинжилгээ хийх нь хохирогч, шүүгдэгчийн аль алины эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцнэ гэж үзнэ.

Мөн Автотехникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах хэрэгтэй байна. Б.Б-ыг буруутгасан Замын хөдөлгөөний дүрмийн зарим заалт хэт ерөнхий нь дээр Б.Б- нь бусдад аюул, хохирол учруулахгүй, осолтой байдал бий болгохгүйн тулд мөн дүрмийн чухам ямар шаардлагыг биелүүлэх ёстой байсан талаар дүгнэх хэрэгтэй. Замын хөдөлгөөний 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан үндэслэл нь Дүрмийн зорилго, зарчмыг тодорхойлсон, жолоочийн өөрийн үйл ажиллагаанд баримтлах хандлагыг бий болгоход чиглэснээс бус тодорхой эрх зүйн зохицуулалт бий болгоогүй, хэм хэмжээний шинж чанаргүй, горим үүсгэж буй заалт биш юм. Гарах дүгнэлтэд тулгуурлан Б.Б-гийн хохирогчийг машины урд гуперээр түлхсэн /камерт бичигдсэн/ үйлдлийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох замаар эрх зүйн дүгнэлт өгч санаатай эсвэл болгоомжгүй ажиллагаа, болгоомжгүй бол яагаад урдаа тулж зогссон хохирогчийг олж хараагүй, ямар нөхцөл байдал энд саад болсныг /хэрвээ тийм нөхцөл бий бол/ шалгаж тогтоох хэрэгтэй.

Хэрэг, учралын газарт байрлуулсан байсан дүрс бичлэгийн камерт хадгалагдсан бичлэгээр тогтоогдож буй үйл баримттай дээрх шинжээчдийн дүгнэлт, тодорхойлолтыг сайтар уялдуулан авч үзсэний эцэст мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж бодит байдлыг тогтоосноор  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг бодитой сэргээх нөхцөл байдал бий болно гэж үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 616 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 920 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаасугай.

            2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН